Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 675

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Н, хариуцагч Б.Т, Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Н нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай компани 2012 онд Хан-Уул дүүргийн халамж үйлчилгээний төвийн барилгын ажлыг гүйцэтгэсэн ба тухайн барилгын бараа, ажил үйлчилгээнд авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаас 2 ширхэг падаан хуурамч болох нь 2015 онд тогтоогдож Нийслэлийн татварын газраас 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 220017222 дугаар актаар 21.195.245,4 төгрөгийн төлбөр тавигдсан. 

Энэхүү актыг хүлээн зөвшөөрөлгүй 2 шатны маргаан таслах зөвлөлд хандаж хурлаар орсон боловч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар тогтоол, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоол тус тус гарсан. 

Нийслэлийн татварын газраас тавьсан акт болон маргаан таслах зөвлөлийн шийдвэрүүдийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй болно. 

Манай компани ямар ч худалдан авалт хийхгүйгээр санаатайгаар төлөх татвараа бууруулаагүй. 

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.8-д заасныг бий болгох эх үүсвэр нь татварын албанаас олгогдсон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гадны нөлөөтэйгөөр хуурамчаар хийгдсэн падаан байгаагүй бөгөөд тухайн үед падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. 

110.000.000 төгрөгийн борлуулалт хийж байгаа иргэн, аж ахуй нэгж нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар заавал нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх ёстой. Мөн 9.500.000 төгрөгийн борлуулалт хийсэн газар нь тухайн бойлерыг гаалиар оруулж ирэхдээ Гаалийн татварын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн байгаа. 

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн бойлерыг бид худалдан авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татварын алба болон тухайн аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. 

Манай компани худалдан авалтаар дамжуулан улсад төлөх ёстой татвараа төлсөн хэмжээн үзэж байна. 

Иймд Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Татварын хяналт шалгалт хийх 2215010002 дугаар томилолтын дагуу Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.А, Б.Т нар “*******” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр хэсэгчилсэн татварын ногдуулалт төлөлтөнд хяналт шалгалт хийж 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 220017222 дугаар акт үйлдсэн болно. 

Тус хяналт шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 10а/2-1765, 10а/2-1762 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлага, арга зүйн газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 дугаар албан бичгийн дагуу “Х*******” ХХК, “А*******” ХХК-тай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын хуурамч падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил үйлчилгээ” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд татварын улсын байцаагчийн акт үйлдсэн. 

Иймд хуурамч падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн төсөвт төлөх татварыг бууруулсан 117.751.363.00 төгрөгийн зөрчил илэрсэн нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Санхүүгийн тайлан үнэн зөв материал, бодит тоо, мэдээнд үндэслэх” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дугаар зүйлд тус тус заасныг үндэслэн нийт 11.775.136,30 төгрөгийн нөхөн татвар, 3.532.540,90 төгрөгийн торгууль, 5.887.568,20 төгрөгийн алданги, нийт 21.195.245,40 төгрөгийн төлбөр ногдуулсан болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн “...Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх байцаах газар 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10д/2-1762, 10д/2-1765 дугаар албан бичгүүдээр “Тус хэлтэст шалгагдаж буй Ц.Чинбат нь 55******* регистртэй “Х*******” ХХК, 55******* регистртэй “А*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг 2012-2013 оны хооронд бусдад зарж борлуулан татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй 201******* дугаар хэрэгт хавсралтад дурдагдсан регистрийн дугаар, нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь дээрх компаниас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж холбогдох акт дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах...” талаар Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлага арга зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д*******д мэдэгдсэн байна.

Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Б.Т нар нь “*******” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 7/3353 дугаар албан бичгийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актаар 55******* регистрийн дугаартай “А*******” ХХК-тай бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0012295375 дугаар падаанаар 8.636.363,00 төгрөг, мөн 55******* регистрийн дугаартай “Х*******” ХХК-тай бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012670149 дүгээр падаанаар 109.115.000,00 төгрөг нийт 117.751.363,00 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг үндэслэн 11.775.136,30 төгрөгийн нөхөн татвар, 3.532.540,90 төгрөгийн торгууль, 5.887.568,20 төгрөгийн алданги ногдуулан, нийт 21.195.245,40 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ. 

Уг актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг тус газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 220017222 дугаар актаар 117.751.400 төгрөгийн зөрчилд 11.775.100 төгрөгийн нөхөн татвар, 3.532.500 төгрөгийн торгууль, 5.887.600 төгрөгийн алданги, нийт 21.195.200 төгрөгийн төлбөр тогтоосноос 3.532.500 төгрөгийн торгууль, 5.887.600 төгрөгийн алданги, нийт 9.420.100 төгрөгийн төлбөрийг хасч 117.751.400 төгрөгийн зөрчилд холбогдох 11.775.100 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тогтоосон байна. 

Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоолоор “*******” ХХК нь 0012295375, 0012670749 дугаар падаануудад бичигдсэн үнийн дүн бүхий бараа, ажил үйлчилгээг “А*******”, “Х*******” ХХК-иас аваагүй, харин хууль бусаар нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэн, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актыг хэвээр баталжээ. 

Аж, ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Үнэн зөв байх” гэж заасны дагуу “С*******” ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотлох ёстой. 

Гэтэл “*******” ХХК нь “А*******” ХХК, “Х*******” ХХК-иудаас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнийг төлж, барилгын материалыг худалдан авсан гэж тайлбарлах ба “Барилгын материалын баримт” гэсэн хавтастай баримтууд дотор “Ажил гүйцэтгэх гэрээ”, аж ахуй нэгжүүдийн тэмдэг бүхий кассын орлого, зарлагын баримт, шаардах хуудас зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч “Х*******” ХХК, “А*******” ХХК-иудын баримт биш, өөр бусад аж ахуйн нэгжүүдээс бараа, материал авсан баримт байх тул бодит худалдан авалт хийсэн гэдгийг нотолж чадахгүй байна. 

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Манай компанид бойлер тавьсан н.Мөнхсайхан гэдэг залуутай уулзаад чи яагаад ийм падаан өгсөн юм бэ гэхэд би найзаасаа аваад өгсөн юм, одоо би танд жинхэнээсээ бичээд өгөх үү” гэх зэрэг тайлбараас “С*******” ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргасан гэж үзэх боломжгүй хэмээн шүүх үзлээ.  

“А*******” ХХК, “Х*******” ХХК-иуд нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч буюу хий бичилттэй падааныг “*******” ХХК-нд худалдсан гэдэг нь “А*******” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/0000226 дугаартай дүгнэлт, “Х*******” ХХК-ийн 175 саяаас доош нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падааны жагсаалт, “А*******” ХХК, “Х*******” ХХК-иудын захирал Ц.Чинбатын сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Э.Эрхэмхүүгийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж заасны дагуу уг хуурамч буюу хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм. 

Иймд “*******” ХХК-ийн Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарт холбогдуулан гаргасан “...Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ; Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. 

Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны татварын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актаар 117.751.400 төгрөгийн зөрчилд 11.775.100 төгрөгийн нөхөн татвар, 3.532.500 төгрөгийн торгууль, 5.887.600 төгрөгийн алданги, нийт 21.195.200 төгрөгийн төлбөр тогтоосноос 3.532.500 төгрөгийн торгууль, 5.887.600 төгрөгийн алданги, нийт 9.420.100 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус заасныг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан “...Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Т, Г.А нарын 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 220017222 дугаар актаар тогтоосон 3.532.500 төгрөгийн торгууль, 5.887.600 төгрөгийн алданги, нийт 9.420.100 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.САЙХАНТУЯА