| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00219/И |
| Дугаар | 308/ШШ2025/00219 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 308/ШШ2025/00219
| 2025 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 308/ШШ2025/00219 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, С дүүрэг, 2 дугаар хороо, усны гудамж, өөрийн байранд байрлах К ХК-ийн хүсэлттэй
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М, М.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч К ХК-нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М, М.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Л.М /РД:*************/, М.Б /РД:*************/ нар нь Ктай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ******/2022/16* тоот зээлийн гэрээ болон ******/2022/16*-1 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 30,000,000 төгрөгийн малчны зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл болон зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсэн. Зээлдэгч нартай утсаар холбогдож зээлийн зөрчлөө төлж барагдуулахыг шаардаж албан мэдэгдэл хүргүүлэх гэсэн боловч иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн ****/ШЗ2025/00**** дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдоод байна. Иймд зээлдэгч Л.М, М.Б нарын бүртгэлтэй оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас тус банк Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Л.М, М.Б нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ***/ШЗ2024/0***** дугаартай захирамжийн хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн ***/ШЗ2025/00**** дугаартай шүүгчийн захирамж, Дорноговь аймгийн Ө сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, урьд Дорноговь аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт гэх улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл, зээлийн хүүний тооцоолол, мэдэгдэл, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч К ХК зээлийн гэрээний үүргийг хангуулахаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М, М.Б нарын оршин суух хаягийг тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Л.М, М.Б нар нь зээлийн гэрээнд зээлдэгч, гэрээний үүрэг гүйцэтгэгч гэж нэхэмжлэгч тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт Л.М, М.Б нар нь оршин суудаггүй болох нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ***/ШЗ2024/0***** дугаартай захирамж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн З-Ү сум дахь сум дундын шүүхийн ***/ШЗ2025/00**** дугаартай шүүгчийн захирамжуудаар нотлогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ 133.1.9 нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах 155 дугаар зүйлийн 155.3 хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж хуульчилсан.
Иймд нэхэмжлэгч К ХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.М, М.Б нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Л.М, М.Б нарыг эрэн сурвалжилж, оршин суух газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Х М овогт Мын Б, Лгийн М нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Л.М, М.Б нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ