| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0011/Э |
| Дугаар | 000011 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 000011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Н.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тд холбогдох эрүүгийн 1725000000240 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээлд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овгийн Н-ийн Т
Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд караоке бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Ө.ГанТ-ын Iphone-6 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би холбогдсон хэргийнхээ талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн байгаа. Хохирогчид утсыг нь эргүүлж өгсөн. Хэргийн хувьд маргах зүйлгүй. Би одоо уурхай явж ажиллах гэж байгаа. Цаашдаа ажиллаж ээж аавдаа тус болж явна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.Ган Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Намайг найз охинтойгоо уулзаад байж байхад тухайн бааранд үйлчлүүлж байсан үл таних залуу миний гар утсыг 2 удаа гуйж аваад хүнтэй ярьсан. 20 цаг 40 минутын орчим гурав дахь удаагаа миний утсыг гуйж аваад хүнтэй яриад өгье гарсан. Би түүнийг утсаар яриад эргүүлэн өгөх юм байх гэж бодоод гар утсаа өгсөн. Тэгтэл миний гар утсыг авч гараад тэр чигтээ алга болсон гэсэн мэдүүлэг /хх 4 ху/,
-Гэрч Ц.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн машинаар таксинд явдаг юм. 2017 оны 12 сарын 10 ны өдрийн орой 20 цагийн орчим таксинд яваад Хүрэнбулаг баг 4 дүгээр хорооллын 5 дугаар байрын зүүн талд байдаг автобусны буудал дээр хүн буулгаад байж байхад үл таних 170-180 орчим см өндөр нуруутай, дээгүүрээ цэнхэр өнгийн куртик, хар өнгийг гутал, цэнхэр өнгийн өмдтэй 20-25 орчим насны махлаг залуу ганцаараа суусан. Тэр залуу машинд суугаад хоёулаа жоохон юм яръя гээд халааснаасаа Iphоnе 6s голд маркийн гар утас гаргаж ирээд энэ утсыг чамд 50.000 төгрөгийн барьцаанд тавиад маргааш 100.000 төгрөг өгөөд авъя гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу тэгвэл чи энэ утсыг 10.000 төгрөгөөр авчих, маргааш өдөр чиньТеди дээр очоод дэлгэцийг нь 100.000 төгрөг хүрнэ шүү дээ. Сэлбэгээр зарчих гэж хэлсэн. Тэгээд тэр залуу нөгөө гар утсаа надад зарах гээд шахаад байсан. Тэгэхээр нь би өөрийн танил цагдаа ах Энхбат руу залгаад ахаа энд нэг хүн Iphоnе 6s маркийн гар утас хүн зарна гээд байна. Та авах уу гэсэн чинь дагуулаад ирээч би гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залууг суулгаад Энхбатын гэрийн гадна очсон. Энхбат ах тэр залуутай уулзаж байгаад цагдаа руу яриад дараа нь нөгөө залууг дагуулаад цагдаагийн газар дээр ирсэн гэсэн мэдүүллэг /хх 8 ху/,
-Гэрч Г.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: ...Би 2017 оны 12 сарын 10-ны өдөр цагдаагийн ахлах ахлагч Д.Энхболдын хамт хотын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад миний зүс таних таксины жолооч А гэдэг залуу над руу утсаар яриад энд Iphоnе 6s маркийн гар утас зарна гээд нэг залуу явж байна. Та худалдаж авах уу гэж ярьсан. Тэгэхээр нь би А-ын ярианаас сэжигтэй байгаа юм байна гэж бодоод би тэгвэл утсыг нь авъя гэж хэлээд өөрийнхөө байсан газарт хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд удаагүй А гэж залуу үл таних 25 орчим насны залуугийн хамт ирсэн. Би тэр залуутай уулзаад гар утас зарах гэж байгаа юм уу гэсэн тийм гээд Iphоnе 6s маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгэхээр нь түүнээс id кодыг нь асуусан чинь мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би түүнийг би сэжигтэй хүн байна. Таны зарах гэж байгаа гар утсыг шалгуулна гээд цагдаагийн газар дээр дагуулж ирэхэд нөгөө залуугийн зарах гээд авч явсан гар утсаны эзэн гэх хүн цагдаагийн газар дээр гомдол гаргаад явж байхаар нь жижүүрийн мөрдөгч ахлах дэслэгч А.Оюунболдод хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /хх 9 ху/,
-Эд зүйлийн үнэлгээ /хх 13 ху/
-Н.Т-ыг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-26 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21 ху/
-Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх 29 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд караоке бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Ө.ГанТ-ын Iphone-6 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хууран авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ө.ГанТ-ын “...20 цаг 40 минутын орчим гурав дахь удаагаа миний утсыг гуйж аваад хүнтэй яриад өгье гарсан. Би түүнийг утсаар яриад эргүүлэн өгөх юм байх гэж бодоод гар утсаа өгсөн. Тэгтэл миний гар утсыг авч гараад тэр чигтээ алга болсон” гэсэн /хх 4 ху/, гэрч Ц.А-ын “...Тэр залуу машинд уугаад хоёулаа жоохон юм яръя гээд халааснаасаа Iphоnе 6s голд маркийн гар утас гаргаж ирээд энэ утсыг чамд 50.000 төгрөгийн барьцаанд тавиад маргааш 100.000 төгрөг өгөөд авъя” гэсэн /хх 8 ху/, гэрч Г.Э-ын “...тэгээд удаагүй А гэж залуу үл таних 25 орчим насны залуугийн хамт ирсэн. Би тэр залуутай уулзаад гар утас зарах гэж байгаа юм уу гэсэн тийм гээд Iphоnе 6s маркийн гар утас гаргаж ирсэн” гэсэн /хх 9 ху/ мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас хохирогч Ө.ГанТд 650.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн Н-ийн Т бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА