Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1159

 

 

 

 

         2023           12            05                                    2023/ДШМ/1159

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Бт холбогдох эрүүгийн 2308006020532 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Б.Б, 1983 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, дүүгийн хамт ................. тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 121  дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 571 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, үлдэх 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 812 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, /РД: ..................../.

Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 00 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан Х.Оыг унтаж байхад ширээн дээр нь ил байсан Самсунг-А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийнг 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 500.000 төгрөг гаргуулж, хохирогч Х.От олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос алдабан гаргуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...  Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан, ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж шийдвэр гаргасан байна. Тухайлбал:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бичилтийн хувьд алдаагүй, дүгнэлт, бүтцэд тавих шаардлагыг бүрэн хангасан, хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Гэвч шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч Х.От 500.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг-А52” загварын гар утасны хохирол учирсан бөгөөд дээрх утасны үнэлгээгээр тогтоогдсон 500.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дагуур зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогч Х.От олгохоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад дурдаж шийдвэрлэсэн.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж 180.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Бийн хувьд 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авсан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ. Мөн тогтоох хэсгийн 7 дахь заалтад “... 180.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулсугай” гэсэн ойлгомжгүй буюу гаргуулсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх, эсхүл улсын орлого болгох, хохирогчид олгох эсэх нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар
нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 “Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарч байх тул
шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1
дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн
2023/ШТ/1158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг
хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн
. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 00 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” түргэн хоолны газарт үйлчлүүлж байсан Х.Оыг унтаж байхад ширээн дээр нь ил байсан Самсунг-А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Х.Оын “... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө түргэн хоолны газарт ороод хоол идэх гээд ширээн дээр суух байх үедээ гар утсаа ширээн дээр тавиад зүүрмэглэсэн байсан. Удалгүй сэрээд харахад миний гар утас байхгүй болчихсон байсан. Ингээд гар утсаа хулгайд алдчихлаа гэж хэлэхэд нэг залуу камер шүүхэд ногоон өнгийн куртик, цэнхэр жинсэн өмд, хар цагаан алаг пүүзтэй залуу миний хажууд хүмүүс харж байгаад ирээд гар утас аваад явж байгаа бичлэг байсан. ...” /хх 19/,

гэрч А.Ө-ын “...2023 оны 01 дүгээр сарын 18-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө түргэн хоолны газарт ажлаа хийгээд байж байтал зааланд нэг эмэгтэй гар утсаа хулгайд алдчихлаа, энэ хоолны газраа хаа гээд орилоод байсан. Би тэр эмэгтэй дээр очоод юу болсон талаар асуухад утсаа алдсан гэж хэлсэн. Ингээд камерын бичлэг шүүж үзэхэд ногоон өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар, цагаан алаг өнгийн пүүзтэй эрэгтэй тухайн эмэгтэйгийн сууж байсан ширээн дээр очоод гар утсыг нь авч байгаа бичлэг байсан. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 30-31/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-35/, зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх 38-41/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийнг 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 180.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан ба хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэж, ойлгох талаар зохицуулсан.   

 

Шүүгдэгч Б.Бийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүхээс хохирлыг гаргуулж, хохирогч Х.От олгохоор шийдвэрлэсэн.  

 

Харин шүүгдэгч Б.Бийн хулгайлсан эд зүйлээ зарж борлуулсан 180.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарахгүй ба түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1158 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Бийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1158 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

                                         ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ   

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ