Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 124/ШШ2025/0013

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Т овогт Б-ийн Б,

            Хариуцагч: Увс аймгийн Боловсролын газрын хооронд үүссэн мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Г.А, хариуцагч А.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөнгөн тэтгэмж олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Нэхэмжлэгч Б.Б нь Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг ба Боловсролын ерөнхий хуульд зааснаар гурван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авахаар хүсэлт, холбогдох баримтаа Увс аймгийн Боловсролын газарт гаргаж өгөхөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” журамд зааснаар тасралтгүй 36 сар ажиллаагүй тул олгох боломжгүй тухай хариуг өгсөн байна.

            2.2. Улмаар, нэхэмжлэгч нь Боловсролын ерөнхий газарт хандан гомдол гаргаж, хариуг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 07-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. (Хавтаст хэргийн 5 дугаар хуудас)

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд биеийн тамирын багшаар 14 дэх жилдээ ажиллаж байна. Миний хувьд 2021 онд буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Боловсролын тухай хууль болон холбогдох журмын дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авсан. Улмаар 2023 оны 7 дугаар сараас Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээр 2024 онд дараагийн мөнгөн тэтгэмжээ авах хугацаа (3 жил) болсон ба 2023 оны сүүлийн хагас жилд мөнгөн тэтгэмж авах хүсэлт болон нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Гэтэл 2023 онд байгууллагын дотоод журамд заасны дагуу цалингүй чөлөө авч, БНСУ руу аяллаар яваад ирсэнтэй холбогдуулан 2 сар хүрэхгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан. Үүнтэй холбогдуулан миний авах ёстой мөнгөн тэтгэмжийн санхүүжилт ирсэн байхад аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн З.Шинэбаяр нь “...2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоол батлагдаж тэтгэмж олгох журамд заасан тасралтгүй ажилласан гэх шаардлагыг хангаагүй учраас танд мөнгөн тэтгэмж олгох боломжгүй” гэж хэлсэн. Миний хувьд 2018 онд мөн БНСУ руу явж байсан бөгөөд тухайн үед ч гэсэн цалингүй чөлөө авч 3 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тасарсан. Гэсэн хэдий ч тухайн үед 2021 онд мөнгөн тэтгэмжээ авч байсан. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус оныг дуустал хугацаанд “чөлөөтэй” байсан ба 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эргэж ажилдаа орсон ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл 2021 онд сүүлийн тэтгэмж авснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч байгууллагын холбогдох мэргэжилтний зүгээс 2 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан гэх үндэслэлээр мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа нь Боловсролын ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа багш ажилтныг дэмжиж, урамшуулах, мэргэшсэн туршлагатай багш, ажилтныг цаашид олон жил тогтвортой ажиллуулах зорилго, холбогдох хууль тогтоомжийн үзэл баримтлалд нийцэхгүй гэж үзэж байна. Тухайлбал, мөнгөн тэтгэмж олгох журмын 1.2-т “Энэ журмаар тэтгэмж авах багш, ажилтан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн, эсхүл өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол энэ журамд заасан тэтгэмж олгохгүй” гэж заажээ. Үүнээс харахад дээрх хоёр үндэслэлээс бусдаар хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа боловсролын байгууллагын багш, ажилтан нь дээрх тэтгэмжийг авах эрхтэй байна. Миний хувьд хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны эрхийнхээ дагуу цалингүй чөлөө авсан (ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй, сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж эргэж ороогүй, тэтгэвэрт гарах насанд хүрээгүй) нь миний цалингаас бусад тэтгэмж, урамшуулал авахад нөлөөлөх ёсгүй. Засгийн газрын 104 дугаар тогтоолоор батлагдсан дээрх журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байна” гэж заасан. “Тасралтгүй ажилласан” гэх шинжийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тодорхойлохгүй гэж бодож байна. Мөн дээрх журмын 2.3-т “доор дурдсан хугацааг энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан жилд хамааруулан тооцно” гэж заасан ба тасралтгүй ажилласнаар тооцогдох шалтгаан нөхцөлүүдэд миний 2 сарын хугацааны цалингүй чөлөө авсан нь хамаарахгүй байгаа боловч тус журамд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, тасралтгүй гэх шинжийг 1-2 сарын хугацаанд алдсан тохиолдолд тухайн хугацааг 3 жилээс хасаж түүнээс хойших хугацаагаар 3 жил хүртэл тооцож мөнгөн урамшууллыг олгож болохгүй гэх үндэслэл шалтгаан ч мөн байхгүй байна. Дээрх мөнгөн урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүй нь төрийн үйлчилгээний албан хаагч, боловсролын байгууллагын багш ажилтан миний нийгмийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж байгаа тул энэ эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тэтгэмжийг олгох шийдвэр гаргахыг аймгийн Боловсролын газарт даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.

            3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр сургуульд 14 дэх жилдээ ажиллаж байгаа. 2002 оны Боловсролын тухай хуульд тухайн мөнгөн тэтгэмжийг 5 жил нэг удаа авдаг байсан. Миний үйлчлүүлэгч хамгийн сүүлийн нэмэгдлийг 2021 онд авсан. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий хуулийн хууль батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор багш ажилтнуудад тэтгэмж олгох журам шинэчлэн батлагдсан. Б.Б нь 2021 онд тухайн тэтгэмжийг авахдаа Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу 5 жил ажилласнаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан. Боловсролын ерөнхий хууль 2024 оны оноос хэрэгжиж эхлэхдээ тухайн тэтгэмжийг 3 жилээр авах болж өөрчлөгдсөн. Б.Бын хувьд 2024 оны 5 дугаар сард 3 жил ажилласнаар олгогдох тэтгэмж буюу багш ажилтны 6 сартай тэнцэх цалинтай дүйцэхүйц мөнгөн урамшууллыг авах хугацаа нь болсон. Гэтэл 2022, 2023 онуудад чөлөө авч, нийгмийн даатгалын шимтгэл тасарсан гэх үндэслэлээр тэтгэмжийг олгохгүй байгаа. Боловсролын тухай хуульд багш ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгох журмыг нарийвчлан зохицуулаагүй, дагаж гарсан журам байхгүй байсан. Боловсролын тухай хуулийн ерөнхий зохицуулалтаар багш, ажилтнууд ажилд томилогдсон өдрөөсөө хойш 5 жил тутамд тэтгэмжээ авна гэх агуулгаараа багш ажилтнууд тухайн үедээ 5 жил болоод тэтгэмжээ авдаг байсан. Тухайн хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй, жирэмсний болон амаржсаны амралттай байсан багш, ажилтан 5 жилийн хугацаа болоод тэтгэмжээ авч байсан. Нэхэмжлэгчийн  2023 оны нийгмийн даатгалын шимтгэл тасарсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. 2024 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор багш ажилтнуудад 6 сарын мөнгөн тэтгэмж олгох зохицуулалттай холбоотой нарийвчилсан журам батлагдсан. Гэтэл Б.Б 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй ажиллаж байгаа. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд Б.Бын нийгмийн даатгалын шимтгэл тасраагүй түүнээс хойш 3 жилийнх хугацаа өнгөрөөд 4 дэх жилдээ орсон. Өнгөрсөн жил авах ёстой байсан урамшууллаа авч чадаагүй 1 хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч талаас хуучин хуулийн үйлчлэлийн цаг хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан. Тухайн үед багшийн цалин бага байсан учраас нэхэмжлэгч цалингүй чөлөө авч Бүгд Найрамдах Солонгос Улс руу аяллын визээр амьдралын түвшин болон цалингийн зээлээ багасгах зорилгоор явж ажил хийсэн. Б.Быг чөлөөтэй байх хугацаанд түр ажилтан авч ажиллуулсан. Хүүхдийн сурах боловсрох эрх хязгаарлагдаагүй. Б.Быг эргэн ирэхэд ажилд нь эгүүлэн томилж ажиллуулсан. Нэхэмжлэгч 2 удаагийн хувийн чөлөө авсантай холбоотой захирлын тушаал хэрэгт авагдсан. Тиймээс түүний хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн хэвээр байсан учраас хуучин хуулийн хүрээнд Б.Бын ажилласан жил тасраагүй. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд зааснаар багш, ажилтнууд нийгмийн баталгаагаар хангагдах, урамшууллаа авах эрх нь зөрчигдсөний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байна.

      3.3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б овогтой Б нь 2021 оны 05 сарын 27-ны өдрийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын А/17 тушаалын дагуу хөдөө орон нутгийн тэтгэмж 4,533,600 төгрөг авсан. Мөн 2023 оны 7 сард шинэчлэн батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3 дахь заалтын дагуу 2024 онд хөдөө орон нутгийн тэтгэмж авахаар төсвийн төсөлд ажиллаж байгаа байгууллагаас нь санал өгсөн. 2024 оны төсөв батлагдаж ирсний дараа Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоол батлагдаж, тогтоолын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.3-т заасан багш, ажилтан төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж (цаашид “сургалтын байгууллага” гэх)-д томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байна”, 2.3-т “Доор дурдсан хугацааг энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан жилд хамааруулан тооцно” гэсэн шалгуур батлагдсан байна. Гэтэл багш Б нь 2021 оны 05 сарын 27-ны өдөр хөдөө орон нутгийн тэтгэмж авснаас хойш 36 сар тасралтгүй ажиллаж байж дараагийн тэтгэмжээ авах ёстой байтал 2023 оны 1, 2 сар, 2023 оны 11 сард 2 удаа тасалдсан нь төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, тодорхойлолтоор баталгаажиж байгаа нь дээрх тогтоолын 2.2, 2.3 дахь заалтыг хангахгүй учир хөдөө орон нутгийн тэтгэмжийг олгох эрх үүсэхгүй байна” гэж тайлбарлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч талаас “...хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа боловсролын байгууллагын багш, ажилтан нь дээрх тэтгэмжийг авах эрхтэй, ...тасралтгүй ажилласан гэх шинжийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тодорхойлохгүй, ...журамд зааснаар тасралтгүй ажилласнаар тооцогдох шалтгаан нөхцөлүүдэд миний 2 удаагийн цалингүй чөлөө авсан үндэслэл хамаарахгүй боловч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй тул багш, ажилтны нийгмийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж байна” гэж маргаж байна.

            3. Хариуцагч талаас “...Багш Б.Б нь 2021 оны 05 сарын 27-ны өдрийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын А/17 тушаалын дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авсан. ...Боловсролын ерөнхий хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам” батлагдсан. ...багш Б нь 2021 оны 05 сарын 27-ны өдөр тэтгэмж авснаас хойш 36 сар тасралтгүй ажиллаж байж дараагийн тэтгэмжээ авах ёстой, гэвч 2023 оны 1, 2 сар, 2023 оны 11 сард 2 удаа өөрийн хүсэлтээр чөлөө авч ажилласан хугацаа тасалдсан ба тогтоолын 2.2, 2.3 дахь заалтыг хангаагүй учир тэтгэмж олгох эрх үүсээгүй” гэж тайлбарласан.

            4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Б-д Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 43 дугаар зүйлд зааснаар Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/17 дугаар тушаалаар 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгожээ.

            4.1. Үүнээс хойш 2023 оны 01-02 дугаар сар, 2023 оны 11, 12 дугаар саруудад тус тус өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авсан ба чөлөөний хугацаа дууссанаар үргэлжлүүлэн багшаар ажиллаж байна.

            5. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно”, 100.2-т “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус хувийн шалтгаанаар чөлөө авах хүсэлт гаргаснаар Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын шийдвэрээр цалингүй чөлөө олгосон буюу тухайн хугацаанд олговор олгогдоогүй үйл баримт тогтоогдож байгаа. (Хавтаст хэргийн 23-29, 32-34 дүгээр хуудас)

            6. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 24.1.2-т “энэ хуулийн 13.3.2, 13.3.3, 13.3.4-т заасан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг, мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах” гэж тус тус хуульчилсан.

            7. Ийнхүү хуулиар багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журмыг батлах эрхийг Засгийн газарт олгосны дагуу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам” батлагдсан бөгөөд 2.2 дахь хэсэгт “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтан томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байх”-аар, 2.3-т “Доор дурдсан хугацааг энэ журмын 2.2-т заасан тасралтгүй ажилласан жилд хамааруулан тооцно” гээд 2.3.1-д “ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа”, 2.3.2-т “хууль, тогтоомжийн хүрээнд гэр бүлийн гишүүнийг 3 хүртэл сараар сахиж, асарсан хугацаа”, 2.3.3-т “эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 хүртэл сараар эмчлүүлсэн хугацаа”, 2.3.4-т “гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан ажилласан хугацаа” 2.3.5-д “тухайн албан тушаалд туршилтын хугацаагаар ажилласан хугацаа”, 2.3.6-д “байгууллагын захиалгаар, төрийн зардлаар 6 хүртэлх сарын хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа”, 2.3.7-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асрах чөлөөтэй байсан эхний нэг жил (12 сар) хүртэлх хугацаа” гэж тус тус зохицуулагджээ.

            8. Хэдийгээр, нэхэмжлэгчийн зүгээс “...тасралтгүй ажилласан гэх шинжийг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр тодорхойлохгүй, ...хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй учир тасралтгүй ажилласан” гэж маргаж байх боловч тэрээр өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө авч, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан гэх үйл баримт тогтоогдож байгаа энэ тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд түүний цалингүй чөлөөтэй байсан хугацааг “тасралтгүй ажилласан жил”-д хамааруулан үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            8.1. Тодруулбал, хуулиар олгосон эрхийн хүрээнд Засгийн газрын 2024 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг баталсан ба багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохдоо энэхүү журмын 2.2-т “Боловсролын ерөнхий хуулийн 13.3.3-т заасан багш, ажилтан томилогдсон өдрөөс хойш тасралтгүй таван жил (60 сар) болон дараагийн гурав дахь жил (36 сар) ажилласан байх” шаардлагыг хангасан байхыг шаардахаас гадна “тасралтгүй ажилласан жил”-д ямар хугацааг хамааруулан тооцох талаар тодорхой зохицуулалтыг хийсэн бөгөөд журмын 2.3.1-2.3.7-д нэрлэн зааснаас өөрөөр ажлаас чөлөө авсан, түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн тохиолдолд тасралтгүй ажилласан хугацаанд тооцохгүй талаар нарийвчлан зохицуулсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчид уг мөнгөн урамшууллыг авах эрх үүсэхгүй гэж үзнэ.

            8.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш гурав жил буюу (36 сар) ажилласан боловч 2023 оны 01-02 дугаар сар, 2023 оны 11, 12 дугаар саруудад тус тус өөрийн хүсэлтээр хувийн чөлөө авч, улмаар нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан энэхүү үндэслэл нь “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 2.3-т заасан тасралтгүй ажилласан тооцох нөхцөлд хамаарахгүй байх тул тэрбээр өмнөх мөнгөн тэтгэмж авсан хугацаанаас хойш тус журмын 2.2-т заасан тасралтгүй 36 сар ажилласан байх нөхцөлийг хангаагүй байна.

            9. Нэхэмжлэгч “...миний чөлөө авсан нь хугацаа журам батлагдахаас өмнө авсан” гэж маргаж байх боловч Боловсролын ерөнхий тухай хуульд “...эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох”-оор заасан боловч хуулиар энэхүү харилцааг нарийвчлан зохицуулж, холбогдох журмыг батлах эрхийг Засгийн газарт олгосноор энэхүү журам баталсан, нэгэнт журмаар мөнгөн тэтгэмж олгохдоо тасралтгүй ажилласан байх нөхцөл шаардлагыг ямар байдлаар тооцох талаар тусгайлан зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

            10. Иймд хариуцагчийн “...багш Б нь Засгийн газрын 2024 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 2.2-т заасан 36 сар тасралтгүй ажилласан гэх нөхцөлийг хангаагүй учир тэтгэмж авах эрх үүсээгүй” гэх татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын Увс аймгийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан “Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөнгөн тэтгэмж олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ