Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1160

 

 

 

 

         2023           12            05                                    2023/ДШМ/1160

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б-н  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бт холбогдох эрүүгийн 2010009620897 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  Д.Б, 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .......... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 254 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, /РД: ................../;

Д.Б нь үргэлжилсан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1-5 тоотод оршин суух иргэн Ц.Лгийн эзэмшлийн байшинг цэвэрлэж өгөхөөр гэрт нь үлдсэн байхдаа 3 ширхэг бага оврын мөнгөн аяга,1 ширхэг сөнгийн аяга зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 20-251 тоот иргэийн байшинг түлхүүрээр нь онгойлгож хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж электрод, дрилл, булан шугам, таслагч, таслагчны ир, айфон таб зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 189.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Бийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Бийг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Бийн эдлэх 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 430.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Л-д, 189.600 төгрөг гаргуулж хохирогч Б.Цд тус тус олгох, шүүгдэгч Д.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөх тал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, үйл баримтын талаар маргаж байгаагүй, прокурор, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1.1-д заасан хугацаанд үйлдэгдсэн бөгөөд тус хуулийн 7.2-т зааснаар шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан. Мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна. Гэтэл анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор хохиролд нийцээгүй буюу 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй хэмээн үзэж байна. Үргэлжилсэн 2 удаагийн үйлдэлтэй, хохирогч Б.Лхагвадоржид 430.000 төгрөг, хохирогч Б.Цт 189.600 төгрөг төлөх төлбөртэй ба хохирогч Б.Цт зарим эд зүйлсийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн байна. Мөн шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа 5 жил 1 сарын хорих ял оноож байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 2-8 жил хорих ялын интервалтай харьцуулан дүгнэвэл ялыг хүндрүүлэн өгсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг хэдэн зуун удаагийн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэрэгт оноодог ялыг оногдуулсанд өмгөөлөх тал гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялын хугацааг багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хохирогч Ц.Лхагвадоржид 430.000 төгрөг, хохирогч Б.Цт 189.600 төгрөг, нийт 619.600 төгрөгийн хохирлыг учруулсан байдаг. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Мөн прокурорын зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзсэн. Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт хохирол учруулсан, хохирлыг төлөөгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх түүнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1-5 тоотод оршин суух иргэн Ц.Лгийн эзэмшлийн байшинг цэвэрлэж өгөхөөр гэрт нь үлдсэн байхдаа 3 ширхэг бага оврын мөнгөн аяга, 1 ширхэг сөнгийн аяга зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 430.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 20-251 тоот иргэн Б.Цийн байшинг түлхүүрээр нь онгойлгож хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж электрод, дрилл, булан шугам, таслагч, таслагчны ир, айфон таб зэрэг эд зүйлийг хулгайлан авч, бусдад 189.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Л-ийн “... Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн найз н.Чинзоригийн дүү н.Зоригоо гэх залууг гэртээ авч ирж байлгасан. Өнөөдөр манай эхнэр ажилдаа яваад би 100 айлд орж ирнэ, Зоригоо миний дүү амбаар дээвэрлэж байгаарай гэж хэлээд яваад өгсөн. Би 14 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 1-5 тоот гэртээ очиход гэрийн шалавчин дор байсан түлхүүр байхгүй, гэрийн хаалга үүд нь онгорхой байхаар нь би ороод том өрөөнд ороход байшинд байсан 3 ширхэг мөнгөн аяга болон 1 ширхэг жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх 17/,

хохирогч Б.Цийн “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 20-251 тоот манай хашаа байшингаас миний дүү н.Зууннасттай ирээд, энэ өдрөө бороо ороод гагнаагүй. Маргааш нь гагнахаар болсон. Тэгээд н.Д.Б нь удалгүй би ойрхон арын гудамжинд таньдаг хүнийхээ юмыг гагначихаад ирье. 30 минутын дараа буцаад багажаа аваад ирье гэж хэлээд миний гагнуурын аппарат багтай нь авч явсан. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө н.Д.Б манай түлхүүр нуудаг газрыг мэддэг болсон болохоор, түлхүүр нуудаг газраас түлхүүр аваад байшингийн хаалга түлхүүрдэж онгойлгоод манай байшингаас айфон маркийн таб, кен маркийн тасдагч, булан шугамж, БНХАУ-ын маркийг нь мэдэхгүй 2 хурдаар ажилладаг 220 вольтийн дрилл, толгойд зүүдэг лед гэрэл, 1 боодол электрод, 10 ширхэг таслагчны ир зэргийг хулгайлсан... Хамгийн анх н.Д.Б гагнуурын аппарат, хамгаалалтын баг авах талаар байшин онгойлгоод ав гэсэн. Дараа нь би бусад багажийг ав гэж хэлээгүй. Бусад багажийг ав гэсэн зөвшөөрөл өгөөгүй. Н.З миний эзэмшлийн багаж хэрэгслийг хүнд өгч түр хэрэглүүлээд буцаагаад авах эрхтэй. Хамгаалалтын баг, гагнуурын аппаратыг эхлээд н.Д.Бт өгөх үедээ би өөрөө биечлэн байгаагүй. Түлхүүр хаана нуусан байсныг хэлж өгсөн.” /хх 82-84/,

гэрч Б.Л-ийн “...Тухайн өдөр над руу н.Д.Б утсаар ярьж манай гараж дээр ирэхдээ шуудайд гагнуурын аппарат, цахилгаан дрилл зэргийг хийчихсэн багажнуудаа зарна, эхнэрээсээ салчихлаа гээд ирэхээр нь би шуудайтай багажийг нь бүгдийг нь худалдаж авсан. 100,000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Надад н.Д.Б нь хулгайн эд зүйлс гэж хэлээгүй. Би н.Д.Боос мөнгө нэхэмжлэхгүй, надад санал гомдол байхгүй.” /хх 90-91/,

гэрч А.Э-ийн “... Өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр санагдаж байна. Манай танил болох н.Д.Б нөхөртэй гагнуур хийнэ гэж байсан. Тэрнээс гадна сараалжин хашааны төмөр гагнах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өгчихсөн. Тэр хугацаанд Д.Б нь манай нөхөр лүү залгаад багажнуудыг чинь аваад явчих уу гэж асуусан байсан.” /хх 69,71/,

шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би архи уумаар санагдаад байсан тул том өрөөний шүүгээн дотор байсан бага гарын 3 ширхэг мөнгөн аяга, сөнгийн аяга 1 ширхэг зэргийг гэрээс нь авч гараад, ломбарданд 100,000 төгрөгөөр тавьсан... Б.Цаас багажнуудаа н.Лхамсүрэнд 100,000 төгрөгөөр зарсан. Н.Лхамсүрэнд хулгайн багаж гэж хэлээгүй. ...” /хх 44/ гэсэн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ХУ2-20-308 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25/, хэргийн газарт  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-14, 120-125/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 126-128/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Бийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Бийг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б “... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялын хугацааг багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөл, хугацаатай ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон байна гэж үзэв.

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авах идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдлээр бусдын өмчлөлд халдаж байгаа нийгмийн хор аюулын хувьд өндөрт тооцогдох гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Д.Бийн хувьд хохирлын хэмжээ бага хэдий ч хохирол төлбөрөө төлөөгүй, төлөх талаар санал санаачилга гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж, саад учруулж байсан, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгүүлж байсан атлаа засарч хүмүүжихгүй дахин уг гэмт хэргийг үйлдсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хугацааг багасгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Бийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/646 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ 

                                    ШҮҮГЧ                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ   

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ