| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0010/Э |
| Дугаар | 000010 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 000010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч М.Д
Шүүгдэгч С.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 1725000000222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багт оршин суудаг, урьд Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын А.
Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 сарын 29-ний орой Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг М.Д-гийн байшинд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 10 ширхэг цагаан зэс аяга, 2 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багт П.Д-ийн байшинд нэвтрэн орж унадаг дугуй хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 сарын 29-ний өдөр эхний айлаас унадаг дугай хулгайлж авсан. Дараа нь Рашаант багт айлд орж 2 ширхэг мөнгөн аяга, 10 ширхэг зэс аяга, мөнгө бүс зэргийг хөр өнгийн цүнхэнд хийгээд авч гарсан. Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өөр хийсэн хулгайн хэрэг байхгүй. Тухайн үед би архи уучихсан байсан. Тэгээд энэ хэрэгт холбогдсон. Өөрийн ухаангүй бодлоосоо болж амар хялбар аргаар мөнгө олох гэж л ийм зүйл хийсэн. Өмнөх хулгайн хэргийн хохирол нэмэгдэж мөнгөний асуудал гэрт үүсч ээж маань бухимдалтай байдаг. Хулгайн эд зүйлээ зарж үрээгүй бүрэн бүтнээр нь хохирогч нарт эргүүлж өгсөн. Тэр өдрийнхөө орой нь эдгээр зүйлсээ авч явж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би урьд нь ял эдэлж гарч ирэхдээ ухаарч ойлгоогүй байсан байна. Одоо дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Маш сайн ойлгож авлаа. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч М.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манайхаас мөнгөн аяга 3 ширхэг, зэс аяга 10 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хулгайд алдаж цагдаагийн газарт хандсан. Тэр өдрийн орой хулгайчийг барьж, эд зүйлээ бүрэн гүйцэт хүлээж авсан. Хохирол барагдсан. Гомдол санал алга гэсэн мэдүүлэг,
-Гэрч О.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бид 2 ажлаа хийж дуусаад гэртээ 21 цаг өнгөрч байхад ирсэн гэртээ ороод гэрлээ асаасан чинь манай гэрийн тавилга эд зүйлийг ухаж төнхөөд эмх замбараагүй болгосон байсан гэсэн мэдүүлэг /хх 58 ху/,
-Хохирогч П.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 29 ний өдрийн өглөөчий 07 цаг гээд гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгээд 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 22 цагийн үед гэртээ ирэхэд том өрөөний цонхоор хөшиг гараад ирчихсэн байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэсэн мэдүүлэг / хх 67 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд нь С.А-ын гэх гутлын улны хээгээр үүсгэгдсэн байна.
3. Шинжлэгдэж буй гутлын мөрүүд нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гутлын мөрний санд байгаа гутлын мөрүүдтэй хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт / хх 50 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 4 дугаартай шинжээчинд дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан 1 ширхэг гутлын мөр нь С.Аэс хураан авсан зүүн өмсгөлтэй гутлын мөртэй тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь гутлын мөрний санд байгаа эзэнгүй гутлын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 77 ху/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 33-34, 61-62 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10, 35-36, 51-54, 63-64, 78-79 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 42-43, 70-71 ху/
-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 47, 82 ху/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 48, 83 ху/
-С.А-ыг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1-4, 27-29 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 103 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 104-145 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч С.А нь 2017 оны 11 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант баг М.Д-гийн байшинд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 10 ширхэг цагаан зэс аяга, 2 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг багийн П.Д-ийн байшинд нэвтрэн орж унадаг дугуй хулгайлж 300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Д-гийн “Манайхаас мөнгөн аяга 3 ширхэг, зэс аяга 10 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг зэргийг хулгайд алдаж цагдаагийн газарт хандсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Н-ийн “Бид 2 ажлаа хийж дуусаад гэртээ 21 цаг өнгөрч байхад ирсэн гэртээ ороод гэрлээ асаасан чинь манай гэрийн тавилга эд зүйлийг ухаж төнхөөд эмх замбараагүй болгосон байсан гэсэн /хх 58 ху/, хохирогч П.Д-ийн “...2017 оны 11 сарын 29-ний өдрийн 22 цагийн үед гэртээ ирэхэд том өрөөний цонхоор хөшиг гараад ирчихсэн байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн / хх 67 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэргийн улмаас хохирогч М.Д-д 750.000 төгрөг, П.Дашдоржид 300.000 төгрөгний хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч нь хохиролоо нөхөн төлснийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.А нийт 29 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын А-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч С.А-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ын цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА