| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2206000003283 |
| Дугаар | 2023/ДШМ/1161 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ДШМ/1161
2023 12 05 2023/ДШМ/1161
Ц.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор К.Чимгээ,
яллагдагч Ц.Эын өмгөөлөгч З.Х,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2716 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор К.Чимгээгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Эт холбогдох эрүүгийн 2206000003283 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ё овгийн Ц.Э, 1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт :.................. тоотод оршин суух,
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хянан харгалзахаар тогтоосон, /РД: ............................/.
Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Манбадацангийн 1 дүгээр гудамжинд хохирогч Ч.Аийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байх тул яллагдагч Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40.2.1 дэх хэсэгт “хохирогч энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заажээ.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна. Иймд хохирогч Ч.Аийг сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож шинжээч томилох,
хавтаст хэргийн материалын 175 дугаар хуудсанд мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол байх ба оролцогч нарт танилцуулаагүй хохирогч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна гэж шүүх дүгнэлээ. Иймд оролцогч нарын эрхийн хэрэгжилтийг хангаж мөрдөгчийн тогтоол болон дүгнэлтийг танилцуулж гомдол гаргах эрхээр нь хангах нь зүйтэй байна.
Өвчний Олон улсын ангилалд А51, L-81, H-51 гэж дурдагдаж байгаа асуудлыг нэг мөр тогтоох,
Хавтаст хэргийн 214-216 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй байна гэж үзээд яллагдагч Ц.Эт холбогдох эрүүгийн 2206 00000 3283 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор К.Чимгээ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ 2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хүчиндэх гэмт хэргийн үйл баримт болон үйлдсэн этгээд тодорхойгүй, Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт гараагүй байх үед буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анх удаа хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь 2022 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлсэн гэж нотлох баримтаар үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон гэж дүгнэн хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 283А дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч Ц.Эын өмгөөлөгч З.Хээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Үүнд:
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна. Иймд хохирогч Ч.Аийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, шинжээч томилуулах гэжээ.
Хохирогч Ч.А болон түүний өмгөөлөгч С.Ч нараас мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлт гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх нөхцлийг хуульчилсан байхад процессын бус хуулийг төсөөтэй хэрэглэж хэргийг буцааж байгаа нь үндэслэл муутай байна.
Хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол байх ба оролцогч нарт танилцуулаагүй, хохирогч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байх ба гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна гэж шүүх дүгнэлээ. Иймд оролцогч нарын эрхийн хэрэгжилтийг хангаж мөрдөгчийн тогтоол болон дүгнэлтийг танилцуулж гомдол гаргах эрхээр нь хангах нь зүйтэй гэж үзсэн.
Мөрдөгчөөс мөрдөн байцаалтыг дуусган, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалыг танилцуулахаар хохирогч Ч.Аийг харилцаа холбооны хэрэгслээр дуудсан боловч “би өөрөө эмнэлэгт хүн сахиж байгаа тул өмгөөлөгч хэргийн материал болон шинжээчийн дүгнэлттэй танилцана” гэж хэлснийг тэмдэглэсэн тэмдэглэл, мөн хохирогч Ч.Аийн үүрэн холбооны 89692344 дугаарын утаснаас “өмгөөлөгч танилцана” гэсэн зурвас зэргээр хэргийн оролцогчийг хавтаст хэрэгтээ танилцах боломжоор хангасан. Мөн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалыг тус тус хохирогчийн өмгөөлөгч С.Чинзоригт танилцуулж, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Харин хохирогч Ч.А нь мөрдөгч, прокурорын дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цагдаагийн байгууллагад ирж хэргийн материал танилцаагүй нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хавтаст хэргийн 175 дугаар хуудсанд мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БЗД2-23-383 дугаартай “...хохирогчийн куртик, хослолыг 420.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Ч.Аптангэрэлд танилцуулсан байна. /хх 85/,
Хохирогч Ч.Аийн өмгөөлөгч С.Чинзориг нь хэргийн материалтай танилцаад, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн БЗД2-23-383 дугаартай хохирлын үнэлгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 695 дугаартай шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдол гаргаагүй, /яллагдагч Ц.Эаас үл маргах журмаар 3.500.000 төгрөгийн хохирол төлсөн/ байхад хохирогч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Өвчний олон улсын ангилалд А51, L-81, Н-51 гэж дурдагдаж байгаа асуудлыг нэг мөр тогтоох шаардлагатай гэж шүүхээс үзсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16000 дугаартай “...Ц.Э тэмбүүгийн цочмог халдвартай байна. Үзүүлэгч бэлгийн замын халдварт өвчинтэйгөө мэдэхгүй байж болно. Бэлгийн замын халдварт өвчин зөвхөн бэлгийн замаар буюу бэлгийн харьцаагаар халдварлагдана. Ц.Э хурьцал үйлдэх чадвартай байна” гэх дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлттэй яллагдагч Ц.Э, түүний өмгөөлөгч З.Х нар нь маргадаггүй. Мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №88 тоот дүгнэлтэд тусгагдсан 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Гялс” анагаах ухааны төвд хийлгэсэн цусанд хийсэн тэмбүүгийн RPR-н түргэвчилсэн шинжилгээгээр Ч.Ад тэмбүүгийн эсрэг бие илэрсэн (+) байна гэсэн дүгнэлтийг үндэслэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах үедээ мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Эыг урьд бэлгийн замын халдварт өвчтэй байсан эсэхийг тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн Богд сумаас 2022 онд цэргийн жинхэнэ албанд татагдагч Ц.Эын анкет, эрүүл мэндийн үзлэгийн хуудас /хх135-136/-ыг мөрдөгчийн даалгавраар авч хэрэгт хавсаргасан.
2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 695 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3 шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаартай “... 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн түргэвчилсэн сорилоор Ч.Ад тэмбүүгийн халдварын эсрэг бие илэрсэн байна” гэх хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээ үгүйсгэгдэж, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулан, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тул шүүгчийн захирамжид заасан Өвчний олон улсын ангилалд А51, L-81, Н-51 гэж дурдагдаж байгаа асуудлыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Хавтаст хэргийн 214-216 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах ажиллагааг хийлгэх гэжээ.
Хавтаст хэрийг 214-216 дугаар хуудсанд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим санд бүртгэгдсэн хохирогч Ч.Аийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтыг ирүүлсэн бөгөөд тус баримтад Ч.А нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй шалтгаанаар амбулаторид үзүүлсэн, яаралтай тусламжийн 103 дугаараар дуудлага өгсөн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтийн хүрээнд хэлэлцүүлэхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ц.Эт холбогдох 2206000003283 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа зөрчилтэй болохыг тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Ч.Аийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авах, нотлох баримтыг шинжлэн судлах үндэслэлтэй байна.
Шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үнэлээгүй талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх агуулга бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2716 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Ц.Эын өмгөөлөгч З.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр, хохирлын шинж чанар, хэр хэмжээ гэсэн асуудалд эргэлзээ бүхий нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад арилаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед хохирогчийн өмсөж явсан хувцаст гэмтэл учирсан нөхцөл байдал байдаг. Хохирогчийн өмсөж явсан хувцасыг тогтоож, эд зүйлд үзлэг хийгээгүй атлаа “Дамно” үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхээр шинжээч томилоод үнэлүүлсэн байдаг. Хүч хэрэглэсэн болохыг нотлохын тулд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байгаа. Мөн хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд хүсэлт гаргаагүй байж шүүхэд хүсэлт гаргаад шүүх хүлээж авсан нь буруу гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Эт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх яллагдагч Ц.Эт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэж, хохирогчид учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох, оролцогч нарт шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоол танилцуулах, 214-216 дугаар хуудсанд авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулах, өвчний Олон улсын ангилалд А51, L-81, H-51 гэж дурдагдаж байгаа асуудлыг нэг мөр тогтоох зэрэг ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох; хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох; гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох; бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох; сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн насны тухай бичиг баримт байхгүй бөгөөд тэдний насыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байвал” заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан.
Ц.Эт холбогдох хэрэгт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг хийсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт гарч, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40.2.1 дэх хэсэгт “хохирогч энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж,
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
Уг аргачлалд “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг, “сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгохоор тус тус нэр томьёог тайлбарласан.
Хохирогч Ч.А болон түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргаагүй нөгөөтэйгүүр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээчийн дүгнэлт нь заавал хийлгэх шинжилгээ биш бөгөөд энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй юм.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцуулах ажиллагаа хийсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хавтаст хэргийн 214-216 дугаар талд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, түүний хавралтын хуулбар авагдсан байх энэ нь Ц.Эт холбогдох хэргийг шийдэрлэхэд төдийлөн ач холбогдолтой биш байх тул заавал эх хувийг эсхүл нотлох баримтын шаардлага хангасан хувийг дахин хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн өвчний Олон улсын ангилалд А51, L-81, H-51 гэж дурдагдаж байгаа асуудлыг нэг мөр тогтоох нь хэрэгт хамааралгүй, тодруулснаар хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул заавал энэ ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2716 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор К.Чимгээгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Яллагдагч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЗ/2716 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ