Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 124/ШШ2025/0014

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг би, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн ирүүлсэн “Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0717781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий” дүгнэлттэй хяналтын улсын байцаагч Э.Н-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Увс аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э. Н нь Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн Т.И нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед А гэрээт дэлгүүрээс миний нөхөр Батсүх 2 литр Нийслэл lite нэртэй пиво 2 ширхэг худалдаж авч хэрэглэхэд тунадас үүссэн байсан тул шалгаж өгнө үү гэх бүртгэлийн 01 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч П.А-т 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0717781 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан Э.Н нь зөрчлийн холбогдогч П.А-оос 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг авсан боловч мэдүүлэгт танилцсан холбогдогч гарын үсэг зуруулаагүй, “А” ХХК-ний Увс салбарын гэрээт бөөний төвийн “У” хувьцаат компани гүйцэтгэх захирал П.А гэснийг нотолсон баримт хэрэгт хавсаргаагүй,Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр дууссан байхад 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоолыг үйлдэж хэрэгт хавсаргасан.

Шийтгэлийн хуудсанд холбогдогч П.А-т 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүнд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулсан, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн талаар хавтас хэрэгт хавсаргаагүй. Шийтгэлийн хуудас маягт 2 буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан нь Засгийн газрын 2021 оны 135 дугаартай тогтоолоор батлагдсан "шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 3 дугаар хавсралтад заасан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ", 4.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.", мөн зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна". 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх", 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно", 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ." гэж тус тус заасныг зөрчсөн.

Мөн шийтгэлийн хуудас нь зөрчилд шийтгэл оногдуулах тухай маягт 1-т заасны дагуу шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтад заасны дагуу шийтгэл оногдуулж, журмыг хэрэгжүүлэн ажиллах байсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээдийг зөв тогтоон, холбогдогчоос мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэн бэхжүүлж, гарын үсэг зуруулаагүй, шийтгэлийн хуудсанд хүнд шийтгэл оногдуулж байгаа нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон хяналтын улсын байцаагч Э. Н-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 0717781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, хүргүүлэв” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Н би “А” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Ат 2025 оны 3 сарын 14-ний өдөр 0717781 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар таван сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

“А” ХК-ийн гүйцэтгэх захирал П.А нь “А” ХК-г таван сая төгрөгөөр торгосон гэдгийг сонсоод санаатайгаар удаа дараа дуудаж байхад ирээгүй, гарын үсэг зурж өгөхгүй, хэргийн материалтай танилцахгүй, бичиг баримтыг явуулахгүй, зөрчлийн хэргийн хугацааг өнгөрөөж, миний ажлыг хойшлуулж, хэргийг шийдэх хугацаанд удаа дараа Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн боловч ирж уулзаагүй, ирснээ мэдэгдээгүй байдлаас болж прокурорын 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтэд дурдсанаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад холбогдогч санаатайгаар саад учруулснаас болж зөрчлийн хэргийн хугацааг алдаж бусад хуулийн заалтуудыг зөрчих байдалд хүргэсэн гэж үзэж байна.

Иймд прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н тус шүүхэд Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Н-д холбогдуулан “2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0717781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргасан.

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Н-ийн  2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0717781 дугаартай шийтгэлийн хуудсаар П.А-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Н прокурорын дүгнэлттэй холбогдуулаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тайлбар гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн “Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 0717781 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Э.Н хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

   

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АЛТАНЦЭЦЭГ