| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0006/Э |
| Дугаар | 00007 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 00007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч Ц.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-д холбогдох эрүүгийн 1725000000232 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Ц-ийн Х
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 08 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханд Ө.Г-ийн цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 20-нд Д-ийн төрсөн өдөр болоод бид хамтдаа манайх руу явж байхад хохирогч гэх залуутай таарч маргалдсан. Бид хоёрыг барьцалдахад салгасан. Тэгээд гэртээ орж ирээд байж байтал тэр хохирогч дахин ирж маргаан үүсгэсэн. Би толгой шийр хуйхалж байсан хутгыг аваад айлгах санаатай байсан. Гэтэл хутгалчихлаа гэж нэг нь хэлсэн. Тэр үед би жаахан архи уусан байсан болохоор хутгалснаа мэдээгүй. Хохиролд эм тариа, боолтны зүйл авч өгсөн. Би уулзаж уучлалт гуйсан. Одоо хийсэн хэргээ ойлгож гэмшиж байгаа. Миний буруу хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ө.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр гудамжинд явж байсан сүүлд нэрийг нь мэдсэн Х-тай тамхинаас болж маргасан. Тэр надаас тамхи асуусан. Би байхгүй гээд цаашаа явж байсан чинь халзан толгойтой нь араас шанаа руу хальт цохиж авсан. Би өөдөөс нь 2-3 хальт цохиж авсан. Тэгсэн чинь хамт явсан хүмүүс нь ирээд салгасан. Би тэд нараас салж зугтаагаад хашаандаа гүйгээд орчихсон юм. Хашаандаа ороод хэсэг байж байгаад ганцаараа гудамжинд дээрэлхүүлсэн шарандаа тэд нарыг айлгах санаатай араас нь гэрт нь орсон. Би хашаанаас 120-130 см орчим урт нарийхан зүсчихсэн приус мод аваад очсон. Тэгээд арын гудамжинд байдаг айлд ороод нөгөө халзан толгойтой залуутай маргалдсан. Түүнийг модоороо нуруу руу нь хальт цохъсон. Тэгээд халзан толгойтой залуутай зууралдаад гэрийн үүдэнд гарсан юм. Тэгсэн чинь нэг нь чи яагаад хутгалчихлаа гэж байсан. Тэгэхэд нь би хутгалчихсан юм байна гэж бодсон. Гэнэт миний бие сулраад явсан. Тэр үед миний зүүн мөр дагаад цус гарсан. Би бас архи уучихсан байсан учир ухаан санаа орж гараад байсан. Би хутга барьж очоогүй, надад хутга байгаагүй, би тэр хүний гарыг зүссэн асуудал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 23-27 ху/,
-Гэрч П.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...нэг өндөр нуруутай залуу бид нарыг явж байхад намайг дуудаж хэл үгээр доромжилсон юм. Би тухайн үед архи уучихсан согтолттой явж байсан. Х-гийн гэрт ороод сууж байхад намайг цохьсон залуу нэг приус мод бариад араас орж ирээд миний ар нуруу руу цохьсон. Тэр мод нь нуруун дээр цохиод хугарсан юм. Тэгээд би түүнтэй зууралдаж аваад гэрээс гарсан юм. Гэрийн үүдэн хэсэг дээр бие биенээ хальт 1-2 удаа цохьсон. Нэг мэдсэн чинь нэг нь хутгалчихлаа гэж байсан. Яг сайн санаж мэдэхгүй байна. Тэр залуутай барьцалдчихсан байсан болохоор анзаарч хараагүй. Тухайн үед хэн хэнийгээ хэрхэн яаж хутгалсныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 53-56 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 707 дугаартай дүгнэлтэнд:
1. Ө.Г-ийн биед цээж, зүүн бугалганд шарх, зүүн бугалганд цус хуралт, хүзүү хоёр хөлийн өвдгөнд зулгаралт үүсчээ
2. Дээрхи гэмтлүүдийн цээж, зүүн бугалганд үүссэн шарх нь үзүүр иртэй зүйлийн гаднаас дотогш чиглэлтэй нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хатуу зүйлийн ямар ч чиглэлд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
3. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Цээж, зүүн бугалганд үүссэн шарх нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 29 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 9 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хутганаас 2 ширхэг гарын мөр илэрнэ. Илэрсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээний явцад илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй тул гарын хээний санд МN003010007364 дугаараар бүртгэгдсэн Ц.Х, ММ003010014255 дугаараар бүртгэгдсэн Ө.Ганхуяг нарын гарын дардастай харьцуулан шинжпэх боломжгүй гэсэн дүгнэлт /хх 39 ху/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-15, 40-41 ху/,
-Ц.Хг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 110-114 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Х нь 2017 оны 08 сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханд байрлах хашаанд Ө.Г-ийн цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ө.Г-ийн “...Тэгэхэд нь би хутгалчихсан юм байна гэж бодсон. Гэнэт миний бие сулраад явсан. Тэр үед миний зүүн мөр дагаад цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх 23-27 ху/, мөн гэрч П.Д-ийн /хх 53-56 ху/ өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед цээж, зүүн бугалганд шарх, зүүн бугалганд цус хуралт, хүзүү хоёр хөлийн өвдгөнд зулгаралт үүссэнийг тогтоосон 707 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Ц.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА