Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/36

 

 

 

М.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Б.О/зайнаас цахимаар/,

Шүүгдэгч: М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б, Х.Н,

Хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч: Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/169 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, Ц.Б нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, М.Ад холбогдох 2119002881691 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

М.А, урьд

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 21 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч М.А нь Дорноговь аймгийн ДаланЖан сумын нутаг дэвсгэр, “О” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “***” ХХК-ийн эзэмшлийн талбайд “***" ХХК-ийн дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж, хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Нгаас Хаан банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оээс шүүгдэгч М.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 3 жил 4 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Энэ хэрэгт хавсаргаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...Анхан шатны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

5.1. ... Хохирогчийн өмгөөлөгчийн байр суурь, Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорт гаргаж байсан хүсэлтийн талаар ямар ч үг өгүүлбэр дурдаагүй няцаалт гаргаагүй нь учир дутагдалтай. ...Нөхцөл байдлыг М.Агээс мэдсэн, өөрийн нөхөр /гэрч/-т нь БНХАУ-ын иргэн Ж /Ж/-аар дамжуулан анх мөнгөн шилжүүлэг Ц.Нгаар хийлгэх үедээ сүрдүүлэг дарамт гарсан талаар хэлээгүй, талбай хаасан асуудал шийдэх зардал гэсэн утгатайгаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. ... Ц.Нгийн зүгээс Жиргала гэгч нь талбай хаасан асуудал шийдэх зардал гэж Жд худал орчуулан М.Ад 10,000,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн боловч дараа нь тухайн талбайг Ө.Атай нийлж эзэмшин ашиг орлого олсон тал дээр шүүх дүгнэлт өгсөнгүй.

5.2. ...Мөрдөгч шалгах ажиллагааны явцад камерын бичлэг дээр байгаа хүмүүсийн аль нь А, аль нь келкен малгайтай хар урт пельниктэй хүн хэн байсныг А.Г, И.Б нараар таньж олуулаагүй мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн байхад шүүх шууд шүүгдэгчийг гэмт хэрэг хийсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь Ц.Н, А.Г, Ц.Б нар тухайн хэрэг учрал болохоос өмнө Амраа гэгчийг болон мөн кенкен малгайтай урт хар пельниктэй залууг таньдаггүй. ... Хутга барьсан хүн шууд А гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай.

5.3. ...Анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан А.Г “...Балуу хэлэхдээ Сүхээ С 2-т 2.5, 2.5-ыг өгье гэж хэлэхэд Сүхээ цаашаа С луу буцаад орсон. ...Би Жд хэлэхдээ энэ хүмүүс мөнгөний сонирхолтой хүмүүс байсан гэж утсаар ярьсан болохоос 10,000,000 төгрөгийг Аий дансанд хийчих гэж огт хэлээгүй...” гэх мэдүүлэг/1хх 238-241/, гэрч Б.С “...А машинаас буугаагүй, хутга барьсан эсэхийг мэдэхгүй, мөнгөний талаар Балуу С нар ярилцаж байсан, А нь ӨнөрЖтай утсаар холбогдоогүй, АНУ-д 04 цаг болж байсан, шөнө болохоор бид нартай ярьдаггүй юм...” гэх мэдүүлэг /2хх 78-83/,  гэрч С “...хутга барьж явсан хүн ажиглагдаагүй, кемп малгайтай хүн байсан эсэхийг санахгүй байна, хашаа дотор лав хутга барьж орж ирсэн хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх 95/, гэрч Б.У “...Гын биед халдахаар хутга барьж заналхийлсэн үйлдэл миний нүдэн дээр болоогүй...” гэх мэдүүлэг /2хх 41-42/, гэрч Ж “...тухайн камерын бичлэг дээр М.А нь хутга барьж бусдыг айлган сүрдүүлсэн үйлдлийг би олж хараагүй...” гэх мэдүүлгүүдийг /2хх 45/ огт үнэлж дүгнэлгүйгээр шүүгдэгчид ял шийтгэл халдаасан.

5.4. Миний үйлчлүүлэгч Ц.Н нь “Би хохирогч биш манай компанид орчуулагч хийж байсан, одоо өртэй учир уулзахгүй зугтаад байгаа Ж гэгч нь ашиг сонирхлын зөрчил гарган надаас мөнгө гаргуулаад миний түрээсэлж байсан талбай дээр өөрөө “***” ХХК-ны захирал Ө.Атай нийлж ашиг олон өөрт давуу байдал гарган худал орчуулсан нь тодорхой болсон тул Ад ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэж байгаа. ... Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж зөв шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, Ц.Б нарын давж заалдах гомдолдоо:  “...Шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүх ... шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан зөрчлийг бий болгосон байна.

6.1. ... А.Г, Ц.Б гэх хүмүүс нь “***” ХХК-ийн ажилчид биш, тэдгээрийг уг компанийн ажилчид гэдгийг нотолсон бичгийн нотлох баримт байхгүй байгааг анхаарч үзээгүй, энэ талаар мэтгэлцсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй, 

6.2. ... М.Агийн хувьд “***” ХХК-ийн хэвийн явагдаж байсан үйл ажиллагааг тасалдуулсан, саад учруулсан идэвхтэй үйлдлийг хийж, түүгээрээ далимдуулан тус компаниас мөнгө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогддоггүй. Шүүх 2021.03.09-ний өдрийн талбай түрээслэх гэрээ /1хх 78/, гэрээ цуцлах тухай мэдэгдэл/1хх 62/, уг гэрээтэй холбоотой иргэний хэргийн шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх маргаан явагдаж байгаа талаарх хохирогчийн мэдүүлэг зэргийг үнэлж дүгнээгүй “***” ХХК-ийн эзэмшлийн талбайд “***” ХХК үйл ажиллагаа явуулаагүй, хоёр талын гэрээ дуусгавар болсон байсан үйл баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн,

6.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын шинж байхгүй, нотлогдоогүй байгааг анхаараагүй, энэ талаарх өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус зөрчсөн. Хохирогч болон гэрчийн мэдүүлгүүдэд М.А нь ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг, эд хөрөнгө нэхэж дарамталсан талаар нэг ч үг, үсэг байхгүй ба харин хохирогч А.Г, Ц.Б нар нь “энэ хүмүүс мөнгөний сонирхолтой хүмүүс юм байна гэж бодоод О.Жд хэлсэн, түүнээс биш М.А мөнгө төгрөг нэхсэн асуудал бол байхгүй, мөнгө өгсөн асуудлыг сүүлд цагдаагийн газарт дуудахад мэдсэн” гэж /1хх 238-241, 2хх 27/ мэдүүлдэг. ... Хэн нэгэн хүний өөрт нь төрсөн бодлоор бусдыг буруутгах үндэслэл болохгүй. ... О.Ж нь камерын бичлэг үзээд таньдгаас М.А байсан учир холбогдсон гэж мэдүүлдэг болохоос түүнийг хутга барьж, айлгасан, мөнгө нэхсэн асуудлыг гэрчилсэн этгээд биш юм. ...О.Ж нь ... М.Аг таньдаг байснаас улбаалаад хохирогч нар нь нэр заан мэдүүлэг өгсөн байхад шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичлэгээс үзэхэд кэпкэн малгайтай, том биетэй хэд хэдэн залуус харагддаг ба хохирогч нарын мэдүүлээд байгаа хүн М.А мөн эсэхийг эргэлзээгүй, тогтоогоогүй байдаг. Харин нэр бүхий гэрчүүд тодруулбал Б.С /2хх 78/, М.С /2хх 94/, Б.У /3хх 41/, Г.А /3 хх 49/, Д.Б /3хх 52/, Б.Буяндэлгэр /3хх 56/ нар нь “М.А нь машинд суугаад л байсан, буухаараа бичлэг хийгээд яваад байсан, та нар муудалцаж, зодоон хийж болохгүй шүү гэж байснаас бус хэн нэгнийг дарамталж, хутга барьсан зүйл байхгүй” гэж мэдүүлцгээдэг. Өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогддоггүй, няцаагддаг.

6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь хохирогч Ц.Нгийн удаа дараагийн хүсэлт, гомдлууд болоод түүний мэдүүлэг, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтээс тодорхой харагддаг. ...М.Агийн гэм буруугийн асуудал эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоогдоогүй, үйл баримтуудын хооронд шалтгаант холбоо байхгүй, нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан байхад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнэж хэргийг шийдвэрлээгүй нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх явцад үнэхээр эргэлзээ бүхий үндэслэл гарах юм бол яллагдагч шүүгдэгч нарт ашигтайгаар үзэж шийдвэрлэдэг. Гэтэл анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглэхгүй хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн нь үндэслэлгүй байна гэж харж байна. ... Үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй энэ гэмт үйлдэхэд бүрэлдэхүүний шинж хангагдаагүй байхад өнөөдөр миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  “...А хоёр хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор Н, М нарын хамт Сонгино Хайрхан дүүрэгт амьдардаг. Гэр бүлийн баталгаа дээр Б гэдэг эхнэртэй байдаг боловч 4 дүгээр хавтас хэргийн 175 дээр хилээр гараад явсан байдаг. Өсвөр насны хоёр хүүхдээ асран хамгаалдаг өөр хүн байхгүй. Мөн 4 дүгээр хавтас хэргийн 175-189 дүгээр тал хүртэл энэ хүний хувийн байдал болон нийгмийн даатгалаа төлдөг дээрээс нь зээл нь хэвийн, ажил үүргээ сайн гүйцэтгэдэг, сайн эцэг гэж тогтоогдсон. Одоо бол хоёр хүүхэд нь асран хамгаалагчгүй хэцүү байгаа. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэр нь хилээр гараад явсан. Анхан шатны шүүхийн тогтоол дээр нотлох баримтыг бүрэн гүйцэт судлаагүй. Үнэхээр ингээд энэ хүнийг гэм буруутай гэсэн нотлох баримт байгаагүй. Тийм болохоор энэ хувийн байдлын харгалзан үзэж  шүүх бас үнэн зөв шийдэх байх.” гэв.

 

9. Шүүгдэгч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Энэ хэрэг болсон үед чамайг ажилд авъя гэхэд 15-ны өдөр очсон Г болон Б гэдэг хүмүүстэй би ямар ч хувийн харилцаа тогтоосон юм байгаагүй. Ж гэдэг хүн бол намайг өмнө таньдаг байсан. Вагон явуулъя ах нь чамайг ажилд оруулъя, ах нь чамайг ажилтай болгож өгнө гээд энэ хүн надад урьдчилгаа болгоод 10,000,000 төгрөг газар дээрээс манай хамгаалалтын алба болон компанийнхан орсон байхад Ж надад газрын талаар яриагүй зөвхөн вагон ачна гэж л хэлсэн. Тийм болохоор би Г, Ж гээд байгаа хоёр хүний худал мэдүүлэг, хуурамч хэрэг үүсгэж би хохироод байгаа үнэнээ хэлэх гэсэн юм. Дээр нь би хоёр хүүхэдтэй тэнсэнтэй, өмнө нь хуулиар сургууль төгсөж байсан. Ийм маргаантай тал дээр очихдоо хутга гаргасан юм байхгүй. Ажил хийх зорилготой очсон болохоос хоёр компанийн хоорондын хэрэг маргаанаас болоод намайг өөртөө ашигтай байдал үүсгэх гээд Г гэж цагдаа байсан хүн А гэж захирлыг татаад өгвөл бид чамаас өргөдлөө буцааж авна чамайг зүгээр орхино гэж хэлсэн боловч намайг хоёр жил ингээд ажил хийлгэхгүй,  гэрээс тусгайгийхан хоёр хүүхдийн минь нүдэн дээр зодоод аваад явсан. Би өнөөдөр шүүх дээр эцсийн үгээ хэлнэ гээд ганц ч байцаалт өгч байгаагүй. Шүүх дээр очоод бүх үнэнээ хэлсэн. Шүүх хурал дээр хэлэхэд 2 сар хориод миний эрх зүйн байдлыг дордуулж, 2 хүүхдийг минь прокурор нь асрамжид өгчих гэж хэлсэн. Намайг одоо хүртэл энд хорьж байгаад үнэхээр гомдолтой байна.” гэв.

 

10. Прокурор Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны тодорхой байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа. Хэргийн үйл баримтын тухайд авч үзэх юм бол Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн цаг үед Аий данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн тэгэхдээ талбайн асуудлыг шийдэх гэсэн утгаар бичсэн. Энэ 10,000,000 төгрөг ямар шалтгаанаар, хэрхэн яаж шилжүүлсэн нь тодорхой тайлбар нотлох баримтуудаар Аий хаан банкны данс руу 10,000,000 төгрөг шилжиж орсон. Хохирогчоор тогтоогдсон Г болон Б нар гэрч Жаад хэлсэн “ хутга тулгаад байна. Энд аюултай байна” гэсэн яриа өгүүллэгийн дагуу Жаа Хятад улсын иргэнд орчуулга хийсэн, өнөөдрийн байдлаар хохирогчоор тогтоогдсон Н мөнгө шилжүүлсэн нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн учир нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Нгийн мөрдөн шалгах явцад 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ  асуудлын талаар шийдээд өгөөч ээ гэж тухайн үед мэдүүлэг өгсөн байдаг. А нь хохирогч Гтай энэ талаар зайсанд очиж уулзсан байна. Ингэхдээ эв зүйгээр тухайн асуудлаа шийдье гэсэн хохирогчид нөлөөлөх гэж үзсэн нь мөрдөн шалгах үед хангалттай нотлох баримтаар тогтоогддог. Заналхийлж хохирогч руу чиглэсэн, мөн цаг хугацаа давхацсан байх хуулийн шаардлага байхгүй. Тухайн гэмт хэргийн хохирогчоор Нг гэж тогтоосон байдаг. Заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэж Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эргэлзээ бүхий нөхцөл байдал энэ тохиолдолд үүсээгүй, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Заналхийлэх гэмт хэрэг хохирогч талд онцгой тохиолдол байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл байдал үүсээгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Б, шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Ц.Б, Ц.Б нарын давж заалдсан гомдолд тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдсан гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг бүрэн бодитоор тогтоогоогүй байж  прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон,  анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзсэн.

 

2. Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудаар “***” ХХК, захирал Ө.А,  “***” ХХК, захирал Ц.Н нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Дорноговь аймгийн ДаланЖан сумын нутагт орших “О”-д байрлах нэгж, талбарын дугаар 4413004555 дугаар бүхий 10000 мкв /га/ ачилт буулгалтын “***” ХХК-ний эзэмшлийн талбайг ачаа, тээвэр, экспорт, орон нутгийн ачаа тээврийн чиглэлээр ашиглан үйл ажиллагаа явуулж, гаалийн хяналтын талбайн барилга байгууламж байгуулан түрээслэн ажиллах тухай “Түрээсийн гэрээ”-г 5 жилийн хугацаатайгаар байгуулж, үүнтэй холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 26-нд уг газарт “оффисын болон орон сууцны зориулалттай нийт 72 мкв барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тухай “Ажил гүйцэтгэх тухай” гэрээг тус тус байгуулсан.

 

Гэрээний дагуу “***” ХХК-иас түрээсийн төлбөрт нийт 180 сая төгрөг, оффисын болон орон сууцны зориулалттай 2 байшингийн төлбөрт 50 сая төгрөг, нийт 230 сая төгрөгийг “***” ХХК-д төлж,  “***” ХХК гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийж  үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэн ачилт, буулгалтын ажил эхлэх цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 26-нд “***” ХХК, захирал Ө.А захирал түрээсийн төлбөрийг гэрээ хийсэн цаг хугацаагаар тооцож  авна, Ц.Н захирал эхний вагон ачилт хийсэн цаг хугацаанаас төлбөрийг төлнө гэж төлбөр авах хугацаан дээр 2 компани маргасан, улмаар гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “***” ХХК –иас “***” ХХК  болон бусад харилцах байгууллагуудад тус тус өгсөн.

 

 2021 оны 11 сарын 14-15-ны хооронд Ө.А захирал өөрөө оролцож харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ны ажилтнуудыг оролцуулан “***” ХХК-ны ажилтнуудыг уг түрээсийн талбайгаас хүчээр гаргасан, үүссэн нөхцөл байдлыг зохицуулах гэж очсон тус компанийн дэд захирал Г, жолооч Б нарт хутга тулгаж “ мөнгө нэхсэн, мөн өдөрт орох 6 вагоны 3-ийг нь бидэнд өг “ гэж дарамталсан,  Быг өшиглөж унагаан шүүгдэгч М.А нь “***” ХХК-ны захирал ӨнөрЖтай дүрс бичлэг хийж “энэ 2-ын хэнийг нь алах юм” гэх байдлаар айлган сүрдүүлж заналхийлсэн үйл явдал болсон, М.А нь “***” ХХК-ны орчуулагч БНХАУ-ын Өвөр Монгол иргэн болох Ж /Ж/ гэгчээр дамжуулан “***” ХХК-иас 10 сая төгрөгийг өөрийн дансандаа авсан үйл баримт болсон.

 

3. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Б, шүүгдэгч М.Агийн өмгөөлөгч Ц.Б, Ц.Б нараас “ ...анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр тус тус давж заалдсан тул уг гомдлуудад үндэслэн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл:

 

  “***” ХХК-ны дэд захирал А.Гаас /1хх 12, 32/ 2021 оны 11 дүгээр сарын 23-нд Дорноговь аймгийн Цагдаагийн газарт “...Дорноговь аймгийн ДаланЖан сумын нутаг “ олон овоо”-д байрлах газрыг 2021 оны 3 дугаар сард сарын 60 саяар түрээслэн байшин барьж, нүүрс ачиж буулгах талбай барьж, нүүрс ачиж буулгах болон гаалийн тусгай зөвшөөрөл авч ашиглаж эхэлсэн. Тэнд техник, нүүрс, байр сав гээд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө байгаа юм.  ... 14-ний шөнө баахан залуучууд очиж ажилчдыг хөөж явуулж, компанийн хашаанд дайрч орсон  ба энгийн хувцастай хулгайч нар шиг яриа хөөрөөтэй хүмүүс байсан, 15-ны орой дэд захирал миний бие тэр хүмүүсийг тодруулахаар жолоочтой хамт очиход шөнө бид 2-ыг уул руу  дагуулан аваачиж хутга тулган “ энэ 2 лалрын хэнийг нь хэвтүүлэх юм бэ” гээд цаашаа Өнөрөө гэгчтэй дүрс бичлэг хийж ярьж айлгаж, 10 сая төгрөг одоо өгвөл бид явлаа гэхээр нь компанийнхаа удирдлагуудад хэлж А гэгчийн данс руу 10 саяыг шилжүүлсэн. Тэнд нийт 30 орчим хүн байсан ба аймаар шоронгийн хэллэг ярьсан хүмүүс байсан. Тэд мөнгөө авчихаад бид 2-ыг хөөж гаргаад цаашид “өдөрт орох 6 вагон нүүрсний 3-ыг нь бидэнд өг” гэж дарамтлаад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанд саад учруулсан. Иргэн Аийн газрыг бид албан ёсны түрээсийн гэрээ байгуулж харилцан тохиролцсоны дагуу төлбөр тооцоог төлсөн. Юуны учир ийм хүмүүс хэний захиалгаар айлгаж дарамталж мөнгө авсныг шалгаж хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан.

 

4. “***” ХХК-ны захирал Ц.Н “ Дэд захирал А.Г нь манай компанийн “***” ХХК-ний 14-р салбар замын түрээсийн талбайтай холбоотой асуудлыг шийдэх итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн болно” гэж /1хх 13/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон,  мөрдөгчөөс хохирогч /1хх 235-244/ -оор “***” ХХК-ныг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Гыг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хохирогчоор асууж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байснаа хохирогчоор Ц.Н /3хх 111/, Ц.Б /3хх 209/ нарыг тус тус иргэний хувиар хохирогчоор тогтоож, хэргийг шүүгдэгч М.А “***” ХХК-ны дэд захирал А.Г, жолооч Ц.Б нарыг өөрсдийнх нь ажиллаж буй хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж хутга тулгаж, хүч хэрэглэхээр заналхийлж, 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.Нгаас ХААН банкин дахь өөрийн нэрээр эзэмшдэг *** дугаартай дансаар дамжуулан 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь нь хэргийн үйл баримтад нийцээгүй.

 

Тодруулбал: Шүүгдэгч М.А нь хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Нгаас өөрөөс нь 10 сая төгрөгийг заналхийлж авсан нөхцөл байдал тогтоогдоогүй, дангаараа “***” ХХК-ны бизнесийн үйл ажиллагааг явуулахад саад учруулж, хясан боогдуулж хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдоогүй байхад прокурор нотлох баримтаар тогтоогдоогүй  нөхцөл байдалд яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болсон.

 

5. Анхан шатны шүүх яллах дүгнэлт болон хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

6. Хэрэгт “***” ХХК түүний захирал Ө.А гэрээнээс үүссэн маргааныг хүчээр түрэмгийллээр шийдвэрлэх арга хэрэглэж, энэ үйлдэлдээ харуул хамгаалалтын “***” ХХК-ныг оролцуулан “***” ХХК-ны бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон. Үүнээс болж компани олох байсан ашиг орлогоороо хохирсон, гэрээгээр тохирсны дагуу “***” ХХК маргаан бүхий 14-р талбайг зориулалтын дагуу ачилт буулгалт хийхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийсэн боловч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал бий болсныг мөрдөгч, прокурор болон анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан.

 

Эдгээр нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдлууд бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1,  39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх  тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 

8. Хэрэгт болсон үйл баримтын талаар “***” ХХК-ны хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон А.Гыг 2 удаа /1хх 234-244/, гэрч, хохирогчоор тогтоогдсон Ц.Быг 3 удаа /2хх 25-28,31-32, 3 хх 37/, гэрч Жаа /Ж/ 3 удаа /2 хх 16-17, 20-22, 3 хх 45-46/ тус тус асуусан,  М.А, гэрч Ж /Ж/ нарыг нүүрэлдүүлэн байцаасан /3хх 120-124/ мэдүүлгүүд авагдсан  ба эдгээр хүмүүст хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэйг тайлбарлан өгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хууль болон Зөрчлийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж,  үнэн зөв мэдүүлэг өгөх баталгаа болгож гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан.

 

Уг мэдүүлгүүдээр “... 2021 оны 11 сарын 14-15-ны хооронд Ө.А захирал өөрөө харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ны ажилтнуудыг оролцуулан “***” ХХК-ны ажилтнуудыг уг түрээсийн талбайгаас хүчээр гаргасан, үүссэн нөхцөл байдлыг зохицуулах гэж очсон тус компанийн дэд захирал “***” ХХК Г, жолооч Б нарт хутга тулгаж “ мөнгө нэхсэн, мөн өдөрт орох 6 вагоны 3-ийг нь бидэнд өг “ гэж дарамталсан, Быг өшиглөж унагаан  шүүгдэгч М.А нь “***” ХХК-ны захирал ӨнөрЖтай дүрс бичлэг хийж “энэ 2-ын хэнийг нь алах юм” гэх байдлаар айлган сүрдүүлж заналхийлсэн үйл явдал болсон, М.А нь “***” ХХК-ны орчуулагч БНХАУ-ын ӨвөрМонгол иргэн болох Жаа  /Ж/ гэгчээр дамжуулан 10 сая төгрөгийг өөрийн дансандаа авсан” үйл баримт болсныг тэд тогтвортойгоор мэдүүлсэн,  эдгээр мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан нотлох баримтууд байна.

 

Мөн гэрч “***” ХХК-ны захирал ӨнөрЖ “...А надтай видео калл хийж 2,3 удаа ярьсан,  ...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17-19 цагийн хооронд А видео калл хийгээд нүдээ ирмээд байсан, “энд чинь яах юм, би ирчихсэн байна, хүмүүстэй муудах юмуу, хэнтэй муудах юм” гэж асуусан, тэгэхээр нь би юу яриад байгаа юм гэж асуусан. Би хувьдаа хүмүүсийн хажууд томрох гээд байгаа юм байна гэж бодоод “наанаасаа холдоод ярь, юу яриад байгаа юм” гэж хэлсэн  гэж /2хх 86-88/ мэдүүлдэг,

 

Гэрч Б.Аын “...А гэх залуу хутга бариад явж байсан, ...их дээрэнгүй харьцаатай, “ковшоо асаагаад хурдан гар чам шиг пизданууд инээдгүй байгаа шүү”  гэх мэтээр ярьж байсан, С нь ч гэсэн “ наад муу лалраа хашраагаад өг” гээд хашааны цаанаас хашгирч орилоод байсан /3хх 61-62/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Аы 5034523617 дансанд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “***” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Нгаас “14-р талбай хаасан асуудал шийдэх зардал” гэсэн утгатайгаар шилжүүлсэн  10 сая төгрөгийн зарцуулалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 204/-д өөрийн *** дансанд 5000,000 төгрөг, Б.С *** дансанд 1600,000 төгрөг, Н.Ц *** дансанд 1600,000-аар 2 удаагийн гүйлгээгээр нийт 3200,000 төгрөг, Ж.Т *** дансанд 200,000 төгрөг, *** Ө.Т дансанд 100,000 төгрөг, *** дансанд 500,000 төгрөг, өөрийн М.А *** дансанд 1500,000 төгрөг, 180,000 төгрөгийг картаар уншуулж авсан, ***  Г.Түвшинзаяа 2 удаагийн гүйлгээгээр нийт 300,000 төгрөг тус тус зарцуулагдсан нь “***” ХХК-ны ажилтнууд болох Б.С болон бусад хүмүүсийн дансанд хуваагдан шилжин орсон гэх нөхцөл байдал,

 

“***” ХХК-ны хятад захирал болох Ж гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “... өгсөн данс руу 10 сая төгрөг хийчихвэл асуудал шийдэгдэх гээд байна гэхээр нь би тэрийг нь Нд хэлж шилжүүлсэн,  надад бол сүрдүүлэг хийгээгүй,  мөнгө авсан хүн нь Ж бид 2-той хот руу явсан. Улаанбаатар ороод тэр хүмүүс саун орох шаардлагатай гээд “С” спа саунд орсон, сауны мөнгийг би төлсөн” /2хх 66-67/ гэсэн зэрэг баримтуудаар “***” ХХК-ны ажилтнууд  “***” ХХК-иас дарамталж авсан 10 сая төгрөгийг хуваан авсан,  мөн саун орж төлбөрийг төлүүлсэн гэх нөхцөл байдлууд хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдон,  хэрэгт авагдсан байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Баас “ шүүхээр уг гэрээтэй холбоотой хохирлыг шийдвэрлүүлж “***” ХХК-иас 1 тэрбум 700 сая төгрөгийг гаргуулахаар болсон” гэсэн нь энэ хэргийн хохиролд тооцогдох эсэхийг мөн шалгах шаардлагатай байна.

 

9. Эдгээр нөхцөл байдлуудаар шүүгдэгч М.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг дахин шалгах шаардлагатай ба энэ ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаалгаж,  мөрдөн шалгах ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

 

10. Хэрэгт мөн хохирогчоор тогтоогдсон “***” ХХК-ны захирал Ц.Н, түүний өмгөөлөгч Г.Б нараас прокурорын байгууллагад хандан “***” ХХК, “***” ХХК-дыг холбогдуулж шалгаж өгнө үү гэсэн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан, шалгаагүй орхигдуулсан,  мөрдөгч, прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад “***” ХХК-ныг хохирогч биш гэж үзсэн боловч энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан зэрэг нөхцөл байдлууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийн нөхцөл байдлууд нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

11. Гэтэл мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямба, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлээгүй,  хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах журмыг хэрэгжүүлээгүйн гадна хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоохыг хүсээгүй байна гэж харагдаж байна.   

 

12. Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Б, шүүгдэгч М.Аий өмгөөлөгч Ц.Б, Ц.Б нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ц.Нгийн өмгөөлөгч Г.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б, Ц.Б нарын давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9, 14.10 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Прокурорын газарт  очтол шүүгдэгч М.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  А.САЙНТӨГС