Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ2025/0015

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа

татгалзсан татгалзал, нэхэмжлэгч, хариуцагч нарын

эвлэрлийг тус тус баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д-ийн Г, ......................... багт оршин суух,

Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны  дарга

“Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны зөрүү цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгуулах, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргад холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны зөрүү цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгуулах, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Хариуцагч бид ярилцаж эвлэрсэн учраас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.Бид эвлэрлийн гэрээ байгуулсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч, хариуцагч тал ажилгүй байсан хугацааны цалин дээр тохиролцож, нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжин ажлуулахаар харилцан тохиролцож байгаа гэж ойлгосон.Иймд талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Г болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ч.Э нар нь 2025 оны 4 дүгээр сарын 16-нд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд нэг талаас нэхэмжлэгч Д.Г, нөгөө талаас хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Э нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах;

Нэхэмжлэгч Д.Г-т ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин, хөлс, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хариуцагч буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсвөөс 24.640.100 төгрөг олгохоор тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан, талууд эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд ирүүлсэн зэргийг үндэслэн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд шүүхэд гаргасан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаар тайлбар гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж шийдвэрлэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн “ажилгүй байсан хугацааны зөрүү цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлагын хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “нэхэмжлэгч Д.Гт ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин, хөлс, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хариуцагч буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсвөөс 24.640.100 төгрөг олгохоор тохиролцов” гэсэн агуулга бүхий эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байх ба мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж, мөн зүйлийн 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Д.Гт ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин, хөлс, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хариуцагч буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсвөөс 24.640.100 төгрөг олгохоор тохиролцож,  эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрэл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д зааснаар талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй “ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Гийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга нарын хооронд байгуулсан “нэхэмжлэгч Д.Гт ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин, хөлс, нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасны дагуу холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн хариуцагч буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төсвөөс 24.640.100 төгрөг олгох” тухай эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсгээр дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АЛТАНЦЭЦЭГ