| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0020/Э |
| Дугаар | 000014 |
| Огноо | 2018-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 000014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч Э.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тт холбогдох эрүүгийн 1725000000267 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д овгийн Э-ийн Т
Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болор зочид буудалд Н.П-ийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Тухайн үед хохирогч жаахан овлигогүй хүн байсан. Тэгээд л ийм зүйл болчихлоо. Цохисон нь миний буруу гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Н.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 сарын 05-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй зочид буудалд иргэн Т гэх хүнд зодуулж биедээ гэмтэл авсан. Энэ хэрэг болох үед би “Болор” буудалд үйлчлүүлэхээр орсон гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тэгтэл хутгатай ах гэнэт би 18 настай охин шаана гэсэн. Тэгтэл Таа ах чи миний охин шиг охиныг шаалаа гэж хэлээд Т ах нөгөө хутгатай ахын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Би боль гээд салгасан. Нөгөө хутгатай ах хойшоо болж байгаад эргээд Т ах руу дайраад би 2 хүүтэй дагуулж ирээд та нарыг нохой шиг зодож байгаад дээрээс чинь шээнэ гэсэн. Тэгтэл Т ах ухас хийгээд нөгөө ахын нүүр лүү мөн гараараа нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,
-Гэрч О.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Буудлын үүдэнд байхад нөгөө настай хүн 18 настай охин шаавал сайхан гэж хэлсэн чинь нөгөө 2 залуугийнх нэг нь уурлаад зодолдох гээд байгаа бололтой байхаар нь гар гээд гаргасан. Их удаагүй эргээд орж ирсэн. ...эргэж орж ирэхдээ нөгөө настай хүний духнаас цус гарч байсан. Тэр хооронд цагдаа дуудсан байсан бөгөөд цагдаа ирээд нөгөө настай хүнийг хутгатай нь аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 17 дугаартай дүгнэлтэнд:
1. Н.П-ийн биед духанд шарх, дух хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт үүсчээ
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба 2017 оны 12 сарын 05-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.
4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Духанд шарх нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь ГЗЗ-ийн 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэсэн дүгнэлт /хх 13 ху/,
-Э.Тыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 16-18 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Болор зочид буудалд Н.П-ийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.П-ийн “...2017 оны 12 сарын 05-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй зочид буудалд иргэн Т гэх хүнд зодуулж биедээ гэмтэл авсан” гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, мөн гэрч Д.Х /хх 8 ху/, О.О /хх 10 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед духанд шарх, дух хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт үүссэнийг тогтоосон 17 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хохирогч талаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол нэхэмжилсэн ямар нэгэн баримтыг ирүүлээгүй энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА