Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/37

 

 

 

Ц.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Ц.Ц,

Өсвөр насны шүүгдэгч: Ц.Д,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: З.А,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Ц/зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Цын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг тус тус үндэслэн, Ц.Дд холбогдох 2319000000236 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Цын Д, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 05-аас 06-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны лангуунаас Iphone 14 pro max 256 gb 2 ширхэг, Iphone 14 pro 28 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 pius 128 gb 1 ширхэг, Iphone 14 нэг ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pro max 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, Iphone 13 pro 3 ширхэг, Iphone 13 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг, Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мi брэндийн цаг 1 ширхгийг хулгайлан авч нийт 69,220,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цаас шүүгдэгч Ц.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 1 жил, 02 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 07 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 07 сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Дын цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулж тооцож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-г хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цэнхэр өнгийн бариултай аптеркийг өсвөр насны шүүгдэгч Ц.Дд олгож, саарал өнгийн тасарч унасан хуванцруудын хэсгүүд, хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор Ц.Ц эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэзээ, хэрхэн эдлэх талаар зааж өгөөгүй, шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Анхан шатны шүүх өсвөр насны шүүдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнд ял оногдуулахдаа өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 1 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хорих ял эдэлсний дараа эдлүүлэхээр зааж өгөх ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус шүүхийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ялын дараа эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж, өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа“...Д нь гэм буруу дээр маргаагүй. Өөрийн хийсэн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг хохирлыг бүрэн арилгаж өөрийнхөө үйлдэлд маш их гэмшиж ухаарсан байдаг. 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэх болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор тусад нь эдлүүлэхийг заагаагүй шийтгэх тогтоол гарсан байгаа. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн ар гэрийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзээд урьд гарсан шийтгэх тогтоолыг сүүлд гэмт хэрэг үйлдсэн шийтгэх тогтоолтой нь хариуцлагыг нэгтгэж өгөөч гэж хүсэж байна. Дын хувьд шийтгэх тогтоолд бичигдсэн оршин суугаа хаяг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг гэсэн хаягт харьяалан шийтгэх тогтоолд бичигдсэн байдаг. Энэ хаяг нь ээжийнх нь оршин суугаа хаяг байдаг. Ээж аав хоёр нь тус тусдаа амьдардаг. Эхлээд ээжтэйгээ амьдарч байгаад дараагаар нь аав дээрээ амьдрах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Хойд эцгийн дарамт шахалтад удаа дараа өртөж байсан учраас аав дээрээ очсон. Эргээд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр Дорноговь аймагт ирж тухайн гэмт хэрэгт холбогдсон. Д удаа дараа буруутай зүйл хийгээд байгаа юу байгаа. Хойд эцгийн дарамт маш их байсан тул гадуур явж гэмт хэрэгт өртсөн. Д эмээ аавтайгаа хамт амьдардаг. Эмээ нь элэгний хорт хавдартай, Д эмээгээ асран халамжлах зайлшгүй хүний нэг нь мөн юм. Аав нь амьдралаа залгуулах үүднээс хил дээр нүүрс тээвэр хийж явдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Дд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэн өгч ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэв.

7. Өсвөр насны шүүгдэгч Ц.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эмээ аавтайгаа хамт амьдардаг. 06 сард гэртээ ирэхэд гарч ороход хэрүүл маргаантай байдаг байсан. Тэгээд би гэртээ байж чадахгүй найзуудтайгаа буруу зүйл хийж ийм хэрэгт орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

8. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар муу, хүний үгээр байдаг. Багаасаа гэр бүлийн дарамтад байсаар байгаад хүнтэй ярилцаж чадахгүй байдаг. Одоо харин арай дээр болж байгаа. Шалгалт өгөхөөр явсан гэр орондоо байж суух аргагүй байсан болохоор ийм гэмт хэрэгт холбогдсон байх. Цаашид их сургуульд оруулаад зам мөрийг нь засаад өөрийнхөө асрамжид аваад явах бодолтой байгаа.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүхээс прокурор Ц.Цын эсэргүүцэл, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх ба энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ болон шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хэргийг шийдвэрлэхэд хамаарал бүхий нотолгооны зүйл, нотлох баримтын талаар анхаараагүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Дын үйлдлийг зөвхөн “...хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж дүгнэхдээ хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэм буруугийн бусад хэлбэр буюу учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зүйл хэрэглэсэн эсэх, учруулсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн хохирлын аль шинжид хамаарч байгааг болон  өмнөх шийтгэх тогтоол/1хх 44/-оор 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгчээс санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг  тус тус анхаараагүй орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.

2. Мөн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цаас шүүгдэгч  Ц.Дыг 2023 оны 09 дүгээр сарын 05-аас 06-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоотод үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдааны лангуунаас Iphone 14 pro max 256 gb 2 ширхэг, Iphone 14 pro 28 gb 2 ширхэг, Iphone 14 plus 256 gb 1 ширхэг, Iphone 14 pius 128 gb 1 ширхэг, Iphone 14 нэг ширхэг, Iphone 13 pro max 3 ширхэг, Iphone 12 pro max 2 ширхэг, Iphone 11 pro max 2 ширхэг, Iphone 13 pro 3 ширхэг, Iphone 13 гурван ширхэг, Iphone Xr 1 ширхэг, Iphone 13 mini 1 ширхэг, SamsungS23 ultra 2 ширхэг, Airpad чихэвч 1 ширхэг, Ipad 1 ширхэг, Мi брэндийн цаг 1 ширхгийг хулгайлан авч нийт 69,220,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж болон хэргийн үйл баримтад нийцсэнгүй.

Прокуророос шүүгдэгч Ц.Дын 24 төрлийн нийт 69,220,000 төгрөгийн  буюу бусдын их хэмжээний эд хөрөнгийг отвёртка (халив), скоч ашиглан хулгайлсан гэмт хэргийн шинж болон шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн талаар тус тус яллах дүгнэлтэд үндэслэл бүхий дүгнээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх ба мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

3. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлын талаар нотлох баримтад үндэслэн дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдах төдийгүй шүүгдэгчийг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн талаарх прокурорын дүгнэлтийг анхаарч, өмнөх  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад нийцэх юм.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл буюу гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг яаж үйлдсэн, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хулгайлах” гэмт хэргийн аль шинжийг хэрхэн хангаж байгааг тус тус хууль зүйн үндэслэлтэй, эргэлзээгүй тогтоосноор гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлага бүрэн хангагдах учиртай.

Иймд эдгээр дурдсан нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Цын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Аийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9, 14.10 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  Н.БОЛОРМАА