| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2025/0014/з |
| Дугаар | 124/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 124/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б,
Хариуцагч: Увс аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Р,
Гуравдагч этгээд: Б.Ж нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудас хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар, дүгнэлт гаргагч прокурор С.Б, хариуцагч улсын байцаагч Б.Р, гуравдагч этгээд Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Дүгнэлтийн шаардлага:
1.1. “Увс аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Р-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0613665 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Б.Ж нь Увс аймгийн Н сумын нутаг дэвсгэр Б гэх газраас 3 м.куб түлшний мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан боловч хэрэгцээний мод бэлтгэн тээвэрлэсэн зөрчлийг Увс аймгийн Байгаль орчны газрын 2024 оны төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
2.2. Улмаар, тус аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р дээрх гомдол мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаагаа явуулан, холбогдогч Б.Жд 0613665 дугаар шийтгэлийн хуудсаар ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 1,756,265 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
2.3. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт болон холбогдох материалыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 124/ШЗ2025/0057 дугаартай “Дүгнэлт гаргах хугацааг сэргээх тухай” захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай дүгнэлтийг шүүхэд дахин ирүүлсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Дүгнэлт гаргагч прокурор шүүхэд гаргасан гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор С.Б би, тус аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Б.Р нь Б.Ж түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэж, ойд хориглох үйл ажиллагаа явуулсан гэх 10 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Жд 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг шалгалтаар хянав. Материалд авагдсан холбогдогч Б.Ж-ын мэдүүлэг, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хураан авсан тухай тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдож байна. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтнаас хууль буруу хэрэглэж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Жд 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Ргийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0613665 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Жд 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, хүргүүлэв” гэжээ.
3.2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р би 2024 оны 09 дүгээр сард урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар мод модон материал боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийхдээ иргэн Б.Ж түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр 3 м.куб мод бэлтгэхдээ 2.2 м.куб хэрэглээний мод бэлтгэн хөрөө рамд зүсүүлэхээр буулгасан байсныг шалгаж, зөрчлийн тухай хуулийн 7.9 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Миний бие Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай удирдамжийн хүрээнд шалгалт хийхэд иргэн Б.Ж Н сумын байгаль хамгаалагчаас түлшний мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг модны хураамж төлж авч, талбай тусгаарлалт хийсэн талбайгаас унанги мод бэлтгэн ачихдаа модны доод хэсэг болох яр, өмх багатай хэсгийг тайрч унанги модны хамт тээвэрлэсэн байдаг. Модоо тээвэрлэж ирээд ялгалт хийж, банз гарч болох хэсгийг ялгаж, хөрөө рамд татуулахаар буулгасан байсан. Дээрх хэрэглээний гэх модны диаметр нь хамгийн томдоо 25 см орчим буюу нарийн мод бөгөөд байгалийн жамаар унасан модноос түүж бэлтгэсэн байдаг. Иймд тухайн иргэний тээвэрлэж ирсэн модны хэмжээ, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийг харгалзан үзэж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 7.9 зүйлийн 5 дахь хэсэгт “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааг заасан байдаг ба 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалтад “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуй нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал зугаалгаар явах”-ыг хориглоно” гэж заасан байдаг тул иргэн Б.Жыг зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос хэрэглээний мод бэлтгэсэн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.9 зүйлийн 5 дахь заалтаар торгох шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан” гэжээ.
3.3. Гуравдагч этгээд Б.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б овогтой Ж 2024 оны 09 сард Увс аймгийн Н сумын ойн байцаагч болох Х.Нанжид гэх хүнээс модны гоожин, гарал үүслийн гэрчилгээ авч түлшний мод бэлтгэн авсан. Модоо би авахдаа унасан модны үзүүр аль болох өмх, яр багатайгаас нь авсан. Модоо ачаад аймагт хашаандаа ирээд банз болохыг нь ялгаж хөрөө рамд буулгаж банз зүсүүлж хашааныхаа хагасыг таглах гэж байсан. Тэгээд байгаль орчны байцаагч Б.Р гэх хүн ирж үзээд хураан авч зөрчлийн хэрэг үүсгэн дараах арга хэмжээг авсан. Тэгэхдээ модыг хураан авч улсын орлого болгож, 1,765,000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, намайг 300,000 төгрөгөөр торгосон. Би энэ бүхнийг хүлээн зөвшөөрч оногдуулсан торгуулийг төрийн сангийн дансанд хийсэн. Ингээд тухайн үедээ авах бүх арга хэмжээгээ авхуулаад энэ хэрэг хаагдсан байхад одоо намайг дахин шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Б нь тус аймгийн Байгаль орчны газрын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ргийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0613665 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан.
2. Шүүх прокурор, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.
3. Прокурор дүгнэлтийн үндэслэлээ “...холбогдогч Б.Жын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтнаас хууль буруу хэрэглэж, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Жд 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагчийн зүгээс “...иргэн Б.Ж Н сумын байгаль хамгаалагчаас түлшний мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг хураамж төлж авч, талбай тусгаарлалт хийсэн талбайгаас унанги мод бэлтгэн ачихдаа модны доод хэсэг болох яр, өмх багатай хэсгийг тайрч унанги модны хамт тээвэрлэсэн. ...холбогдогчийн хэрэглээний гэх модны диаметр нь хамгийн томдоо 25 см орчим буюу нарийн мод бөгөөд байгалийн жамаар унасан модноос түүж бэлтгэсэн байдаг. Иймд тухайн иргэний тээвэрлэж ирсэн модны хэмжээ, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ зэргийг харгалзан үзэж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан” гэж маргасан.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Б.Ж нь Увс аймгийн Н сумын нутаг дэвсгэр Б гэх газраас 3 м.куб түлшний мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан боловч хэрэгцээний мод бэлтгэн тээвэрлэсэн зөрчлийг Увс аймгийн Байгаль орчны газрын 2024 оны төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
6. Улмаар, тус газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р дээрх гомдол мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, холбогдогчийн мэдүүлэг, холбогдогчийн хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, түлшний мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ, зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг баримтыг үндэслэн Б.Жд маргаан бүхий “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0613665 дугаар шийтгэлийн хуудсаар зохих зөвшөөрөлгүйгээр ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан 300,000 төгрөгөөр торгох шийтгэл, байгаль орчинд учруулсан хохирол 1,756,265 төгрөгийн нөхөн төлбөрийг ногдуулан төлүүлжээ.
7. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,
7.1. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.
8. Хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчлахдаа хууль бусаар түүж бэлтгэсэн модны зориулалт, мод бэлтгэх зөвшөөрлийн түвшин, тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж зэргээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзэхийг чухалчилсан.
9. Дээрх хуулиудын заалтаас үзэхэд, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод болон ойгоос унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж мод бэлтгэх, боловсруулах арга, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө ялгаатай болохыг харгалзаж зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд нийгэмд учруулах хор аюулыг харгалзан тооцож гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд хамаарах, мөн ямар зорилгоор түүснээс шалтгаалан зөрчил үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдохоор байна.
10. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд 29.1.1-д “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явах” гэж заасан бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д “дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гээд 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан.
11. Гэтэл хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий шийтгэлийн хуудсанд зохих зөвшөөрөлгүйгээр хэрэглээний мод бэлтгэсэн буюу Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж тодорхойлж, холбогдогч Б.Жын хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийхдээ “30 ширхэг 2.2 м.куб хэрэглээний нойтон шинэс мод болох”-ыг тогтоосон атлаа тухайн мод нь ургаа мод огтолж эсхүл унанги модны үндсэн хэсгээс бэлтгэсэн эсэхийг нарийвчлан тогтоож, түүнийг нотолсон баримт зөрчлийн хэрэгт аваагүй, энэ талаарх ажиллагааг хийгээгүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
12. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-т “Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус хуульчилсан.
12.1. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалгах ажиллагаа явуулж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтаар бүрэн гүйцэд тогтоосны дараа тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байна.
13. Өөрөөр хэлбэл, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчлөөр хураагдсан хэрэглээний модыг холбогдогч Б.Ж бэлтгэхдээ ургаа мод огтолж эсхүл унанги модны үндсэн хэсгээс бэлтгэсэн эсэхийг нарийвчлан тогтоох зорилгоор гэрч асуух, шинжээч томилж шинжилгээ хийлгэх зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр бүлэгт заасан зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийж, улмаар дээрх нөхцөл байдлаас хамааран холбогдогч Б.Ж нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн түүсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлэх” гэж зааснаар харьяаллын дагуу шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байхад эдгээр нөхцөл байдлыг нягтлан шалгахгүйгээр зөрчлөө хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх холбогдогчийн хүсэлт, холбогдогчийн мэдүүлэг, хураан авсан мод зэргийг үндэслэл болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй хууль бус бөгөөд энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.
14. Гуравдагч этгээд “...модыг хураан авч улсын орлого болгож, 1,765,000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, намайг 300,000 төгрөгөөр торгосон. Би зөрчлөө хүлээн зөвшөөрч оногдуулсан торгуулийг төлсөн. Ингээд тухайн үедээ авах бүх арга хэмжээгээ авхуулаад энэ хэрэг хаагдсан байхад одоо намайг дахин шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
15. Учир нь, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д прокурорын зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хяналт тавих бүрэн эрхийг тодорхойлон заасан, мөн Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд “12.1.6-д Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах гэж зааснаар прокурор нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийх бүрэн эрхтэй” байх бөгөөд энэ зөрчлийн хэргийн тохиолдолд тус прокурорын газраас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий зарим байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн болон хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэсэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах тухай” удирдамж болон хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаад хүчингүй болгуулах дүгнэлт гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д заасантай нийцэж байна.
16. Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд, гуравдагч этгээд Б.Жд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь дээр дурдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул прокурорын дүгнэлтийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг, 35.4.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б-ийн гаргасан дүгнэлтийг хангаж, Увс аймгийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Р-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0613665 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ