Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 000116

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1825000000104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулагч инженер мэргэжилтэй, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн баяжуулах үйлдвэрт ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Б-ийн

 

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси үйлчилгээнд явж байсан жолооч Г.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

 

-Хохирогч Г.Э-ийн ...2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө таксинд явж байхад 01 цаг 20 минутын үед 6 дугаар микрийн 15 дугаар байрны ар талын зам дээрээс нэг хүн гараа өргөхөөр нь авахад “Hi mart” дэлгүүр орно гэхээр нь хүргэж өгсөн чинь мөнгө байхгүй, Худалдаа хөгжлийн банк ороод мөнгө аваад өгье. Би нэг шил архи авна гээд мөнгө авчихаад эргэж “Hi mart” дэлгүүр орж 3 шил гадаад нэртэй пиво аваад одоо 1-1 байр орно гээд очсоноо би машинд чинь уучихъя та таксинд яваад яах юм бэ? би олдог мөнгийг чинь өгчихнө эгчээ гэсэн. Тэгээд 03 цаг 30 минут болтол тэнд суусан тэгээд би эгээ нь ядраад байна цаг оройтлоо гээд машинтайгаа 6-6-15 дугаар байр руу эргээд орох гэсэн чинь зам дээр нэг хүүхэд гараа өргөөд зогсож байсан чинь энэ хүүхдийг аваад явчих би таны хамгаалагчаар явж байя гэхээр нь тэр хүүхдийг аваад Хабитатын сүлдтэй байшин орно гэхээр нь хүргэж өгөх гээд явж байсан чинь гарнаас атгаад хайраа үнсье гэсэн. Тэгэхээр нь миний дүү юу яриад байна чи согтчихоо юу сая зүгээр байсан биз дээ яагаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхдийг хүргэж өгчихөөд буцаад явж байсан чинь наад автобусны буудал дээрээ зогс, ална шүү чамайг гэснээ чи пиво уу гээд толгой руу цохисон. Тэгэхээр нь би дотор гэрлээ асаагаад чи яагаад байгаа юм бэ? би саяын эгч чинь байна. Чи чинь согтчихсон юм уу? гээд уусан 2 пивоны шилийг нь гаргаж хаячихаад хөдлөөд явсан чинь машинаа зогсоо зогсоохгүй бол машинтай чинь ална гээд дахиад цохиод авахаар нь цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 09-10 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 215 дугаартай шинжээчийн...Г.Э-ийн биед баруун нүдний салстын урагдал, хамрын нуруу, зүүн мөрөнд 4 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 3 удаагийн урах, урагдах, базах базагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний салстын урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, шалбархайнууд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 13 ху/,

 

-Б.Бийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,28 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 16 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси үйлчилгээнд явж байсан жолооч Г.Э-г зодож баруун нүдний салстын урагдал, хамрын нуруу, зүүн мөрөнд 4 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн автобусны буудал дээр зогс, ална шүү чамайг гэснээ чи пиво уу гээд толгой руу цохисон. Тэгэхээр нь би дотор гэрлээ асаагаад чи яагаад байгаа юм бэ? би саяын эгч чинь байна. Чи чинь согтчихсон юм уу? гээд уусан 2 пивоны шилийг нь гаргаж хаячихаад хөдлөөд явсан чинь машинаа зогсоо зогсоохгүй бол машинтай чинь ална гээд дахиад цохиод авсан гэсэн мэдүүлэг,  хохирогчийн биед баруун нүдний салстын урагдал, хамрын нуруу, зүүн мөрөнд 4 тооны шалбархай үүссэнийг тогтоосон 215 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар ханГттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Г.Э нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 33 ху/

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1/нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ