Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 000096

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1725004540085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах  салонд үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 2 дугаар хороололд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Б-ийн Г

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Содон хүүхдийн хувцас” нэртэй цахим хаягнаас Б.Зд хувцас зарна гэж хуурч П.Ц-ийн Хаан банкны 5163035816 дугаартай дансаар 790.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн байцаагчид бүгдийг  үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж ярих зүйлгүй, хохирол бүгд төлөгдсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Миний бие 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк хуудаснаас “Sodon huuhdiin hubtsas” нэртэй группээс бараа захиалсан. Захиалахдаа tselmeg lest нэртэй хүнтэй чаатаар холбогдож ноосоон цамц 40 ширхэг, 12 ширхэг цасны куртик захиалж урьдчилгаа болох 790.000 төгрөгийг ХААН банк 5163035816 Цэлмэг гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр холбогдох гээд 88554564 дугаарын утас руу нь залгахад холбогдох боломжгүй фэйсбүүк мессенжертээ орж ирэхгүй байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан. Нэхэмжлэх зүйлгүй, 790.000 төгрөгөө бэлнээр авсан, гомдол саналгүй  гэсэн мэдүүлэг /хх 11 ху/,

-Гэрч П.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би виза картаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр найз Халиунаа, Г хоёр гуйгаад байхаар нь цаасан дээр дансны дугаараа бичиж өгөөд виза картаа өгч явуулсан гэсэн мэдүүлэг /хх15 ху/

-Гэрч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай нөхөр Г бид хоёр Цэлмэг дээр миний гар утсыг авч өг гэж хэлэх гээд очсон юм. Тэгээд Ц-ийн виза картыг барьцаа болгож авч үлдсэн. Г виза картыг нууц кодтой нь авсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

-Пүрэвжаргал овогтой Ц-ийн 5163035816 дугаартай дансны хуулга /хх 13 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

 

-Б.Гийг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 24-26ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Гын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Содон хүүхдийн хувцас” нэртэй цахим хаягнаас Б.Зд хувцас зарна гэж хуурч П.Ц-ийн Хаан банкны 5163035816 дугаартай дансаар 790.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.З-ын “2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк хуудаснаас “Sodon huuhdiin hubtsas” нэртэй группээс бараа захиалсан. Захиалахдаа tselmeg lest нэртэй хүнтэй чаатаар холбогдож ноосоон цамц 40 ширхэг, 12 ширхэг цасны куртик захиалж урьдчилгаа болох 790.000 төгрөгийг ХААН банк 5163035816 Цэлмэг гэсэн нэртэй хүний данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, мөн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч П.Цэлмэг /хх 15 ху/, Н.Ариунаа /хх 17 ху/ нарын  мэдүүлэг, П.Ц-ийн дансны хуулга ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэргийн улмаас хохирогчид 790.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд төлбөрөө бэлнээр хүлээн авсан гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ