| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2025/0013/з |
| Дугаар | 124/ШШ2025/0017 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 124/ШШ2025/0017
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төрийн албаны зөвлөл,
Хариуцагч: Б.Бд нарын хооронд үүссэн төрд учирсан хохирол гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахим/-аар, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Э.Д би хариуцагч Б.Б-ийн нөхцөл байдлыг үнэлж, хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлага болох 8,781,445 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа энэ тохиолдолд;
1. 2025 оны 5, 6, 7, 8 дугаар саруудад сар бүрийн төлбөрт 300,000 төгрөгийг тухайн сарын 25-ны өдөр гэхэд Төрийн албаны нэр дээрх төрийн сангийн 10921501 тоот дансанд шилжүүлэх,
2. Үлдэх 7,581,445 төгрөгийг 2025 оны 9, 10, 11 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд сар бүр 2,527,148 төгрөгөөр хувааж төлүүлэхийг хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул дээрх байдлаар эвлэрч байна” гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 5 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 300,000 төгрөгийг төлж, 2025 оны 9 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд сар бүр 2,527,148 төгрөгийг төлөх боломжтой буюу 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 8,781,445 төгрөгийг төлж барагдуулж дуусгана. Иймд нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл, Б.Б-д холбогдуулан “Б.Б-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 8,781,445 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл болон хариуцагч Б.Б нар эвлэрсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо “...2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 8,781,445 төгрөгийг төлж барагдуулах буюу хариуцагч Б.Б Төрийн сангийн 100900021501 дугаартай дансанд 2025 оны 5 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд сар бүр 300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 2,527,148 төгрөгийг тус тус төлж барагдуулах”-аар тохиролцсон, энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчид эвлэрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
2.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх...”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.3-т “Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан.
3. Иймд нэгэнт нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлж хоорондоо эвлэрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу “шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл, хариуцагч Б.Б нар “2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэлийн шаардлага болох 8,781,445 төгрөгийг төлж барагдуулах буюу хариуцагч Б.Б Төрийн сангийн 100900021501 дугаартай дансанд 2025 оны 5 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг хүртэл хугацаанд сар бүр 300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 2,527,148 төгрөгийг тус тус төлж барагдуулах”-аар харилцан тохиролцож эвлэрсэн хэргийн оролцогчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 41.1.3 дахь заалтад заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ