Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00795

 

 

 

Э Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/00631 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХХК-ийн хариуцагч П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаа 3 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХХК нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр П ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус компанийн оффисын үйлчилгээний зориулалттай 13 давхар барилгын 6, 7 дугаар давхрын барилгын дотоод засал, PVC хулдаасан шал наах, плита наах, шатны чулуу хийх, будаг хийх, дүүжин тааз угсрах, цонхны тавцан угсрах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу дээрх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн. Э ХХХК нь гэрээний 1.4-д заасны дагуу барьцаа хөрөнгөд гэрээний үнийн дүнгийн 10 хувийг 1,5 жилийн хугацаатайгаар, чанарын баталгаат хугацаанд суутгуулсан. Бид П ХХК-тай удаа дараа холбогдон барьцаа хөрөнгөө гаргуулах талаар уулзсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Э ХХХК, П ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, П ХХК-аас барьцаа 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэрээний нийт дүн 32 230 202 төгрөг ба энэ үнийн дүнд НӨАТ орсон дүн юм. Манай компани нь Э ХХХК-д ажлын хөлсийг тухай бүрд нь олгож байсан. Э ХХХК нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 16 148 440 төгрөгийн НӨАТ-ын бичилт хийж өгсөн. Үлдэгдэл 16 081 762 төгрөгийн НӨАТ баримтаа шивж өгөөгүй тул манайх НӨАТ авлага гэж үзэж байна. Э ХХХК нь уг баримтаа цаг тухайд шивсэн бол манайх 1 600 000 төгрөгөөр ААНОАТ-аас хөнгөлөгдөх байсан. Иймд Э ХХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд манай компанийн зүгээс үл маргах журмаар барьцаа хөрөнгийг олгох болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар П ХХК, Э ХХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсныг тогтоон, П ХХК-иас 3 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас 70 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Э ХХХК-аас манайд өгөх НӨАТ-ын 1 600 000 төгрөгийн бичилт хийлгэх даалгаврын тухай огт тусгаагүй байна. Нэхэмжлэгчээс НӨАТ-ын төлбөр гаргуулах үндэслэлтэй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Э ХХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болсныг тогтоолгох, барьцаа 3 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн оффисын үйлчилгээний зориулалттай 13 давхар барилгын 6, 7 дугаар давхрын барилгын дотоод засал, PVC хулдаасан шал наах, плита наах, шатны чулуу хийх, будаг хийх, дүүжин тааз угсрах, цонхны тавцан угсрах ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 9-11 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Э ХХХК нь гэрээнд заасан ажлын үр дүнг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн, П ХХК ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 32 230 202 төгрөгийг төлөхөөс 28 604 770 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 402 412 төгрөгийг, НӨАТ-ын 10 хувь болох 3 223 020 төгрөгийн хамт төлөөгүй болох нь талуудын тайлбар, тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.4-т Барьцаа хөрөнгөд гэрээний үнийн дүнгийн 10 хувийг суутган авч, 1.5 жилийн чанарын баталгаат хугацааны туршид хадгалагдана гэж тохиролцсон байх бөгөөд Э ХХХК-аас барьцаанд 3 500 000 төгрөг шилжүүлсэн болон гүйцэтгэсэн ажлын чанар доголдолгүй байсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Э ХХХК нь НӨАТ-ын баримтаа цаг тухайд шивсэн бол 1 600 000 төгрөгөөр хохирохгүй байсан гэх агуулгаар тайлбарлажээ. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч төлбөрийг гүйцэд төлөөгүй болон төлөх хөлсний НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгч шивээгүй гэх байдал нь нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийг буцааж шилжүүлэхээс хариуцагч татгалзах үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2021/00631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

С.ЭНХТӨР