Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 000090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Б.З, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1825000000057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Булган аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-9, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булаг багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э овгийн Б-ийн Б .

           

Монгол Улсын иргэн Орхон аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Б-ын З.

 

Шүүгдэгч Б.Б, Б.З нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Я.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээж байна, 600.000 төгрөг төлсөн гэв.

 

-Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Хохирогч Я.А-ын мөрдөн байцаалтын өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр найз Баясаатай хамт Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хуримт караокед 8 дугаарын өрөөнд орсон. Ингээд 1 шил архи захиалж аваад би ус авах санаатай баарны текний хажууд очсон. Усаа захиалаад зогсож байсан чинь үл таних залуу ирээд үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газар цохисон. Миний хамраас цус гараад доошоо тонгойсон чинь бармен алчуур өгсөн. Намайг яагаад зодож байгаа юм бэ? гомдолтой байна цагдаа дуудчих гэж баарны барменд хэлсэн чинь намайг цохисон залуутай хамт явж байсан хүүхэн ирээд өөрөө эхэлж хэрүүл хийгээд цагдаа дуудах гэлээ гээд миний нүүр рүү цохиж, гар хөл хэсэгт өшиглөж зодсон. Б миний эмчилгээний зардалд 600.000 төгрөг төлж намайг хохиролгүй болгож, уучлалт гуйсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 19 ху/

 

-Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19 цагийн үед ажлынхаа өрөөнд байхад камерт 1 давхарт хүмүүс хоорондоо зодолдоод байхаар нь очиход А гэдэг хүн хамраа дарчихсан доошоо тонгойсон байдалтай, нэг эрэгтэй хүн цохих гээд дайрч байсан. Тэр хүмүүсийг боль гээд салгахад нэг эмэгтэй ирээд А гэдэг хүнийг олон удаа цохисон, толгой, хөл, гар хэсэгт нь хөлөөрөө болон гараараа цохиж зодсон гэсэн мэдүүлэг /хх 24 ху/

 

-Гэрч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тооцоо хийгээд текэн дээр зогсож байхад Б хэрүүл маргаан хийгээд байсан. А гэх ах наад хүмүүс чинь олон хүнтэй харьцаж байгаа шүү дээ гэхэд эргэж хараад шууд А гэх хүнийг шанаадсан. А-ын хамраас цус гарсан. Тайрмал үстэй хүүхэн чиний хамраас цус гарахаараа яадаг юм, чи яахаараа цагдаа дуудаг юм бэ? гэж хэлээд нэмээд зодоод байсан гэсэн мэдүүлэг /хх 06 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн...Я.А-ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 26 ху/,

 

           -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 17 ху/,

 

           - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 09 ху/,

 

- Б.Б, Б.З нарыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 12-14, 32,41 ху/

 

              -Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34, 43 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б, Б.З нар нь бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хуримт төвийн караокед Я.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Я.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн үл таних залуу ирээд үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газар цохисон. Миний хамраас цус гараад доошоо тонгойсоон чинь бармен алчуур өгсөн. Намайг яагаад зодож байгаа юм бэ? гомдолтой байна цагдаа дуудчих гэж баарны барменд хэлсэн чинь намайг цохисон залуутай хамт явж байсан хүүхэн ирээд өөрөө эхэлж хэрүүл хийгээд цагдаа дуудах гэлээ гээд миний нүүр рүү цохиж, гар хөл хэсэгт өшиглөж зодсон гэсэн мэдүүлэг /хх 19 ху/, гэрч А.О-ын мэдүүлэг /хх 24 ху/, Ч.Н-ын мэдүүлэг /хх 06 ху/,  хохирогч Я.А-ын  биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу баруун гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл үүссэнийг тогтоосон 135 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Б, Б.З нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.          

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

                    Хохирогч Я.А нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овгийн Б-ийн Б, шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.З нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.З нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 15-нд 150.000 төгрөг, 04 дүгээр сарын 15-нд 150.000 төгрөг, 05 дугаар сарын 15-нд 150.000 төгрөг тус тус төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.З нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.З нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ