| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2025/0004/З |
| Дугаар | 111/ШШ2025/0009 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Татвар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 111/ШШ2025/0009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагч: Баянхонгор аймгийн Татварын газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* нарын хоорондын “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан 2020, 2022 онуудад холбогдох нийт 259.817.006.72 төгрөгийн (Хоёр зуун тавин есөн сая найман зуун арван долоон мянга зургаан төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, уг татварыг буцаан олгох, 259.817.006.72 (Хоёр зуун тавин есөн сая найман зуун арван долоон мянга зургаан төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 109.035.082.20 (Нэг зуун есөн сая гучин таван мянга наян хоёр төгрөг хорин мөнгө) алдангийн хамт нийт 368.852.088.92 (гурван зуун жаран найман сая найман зуун тавин хоёр мянга наян найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан 2020-2022 онд холбогдох нийт 271,952,220,28 /хоёр зуун далан нэгэн сая есөн зуун тавин хоёр хоёр зуун хорин төгрөг, хорин найман мөнгө/ төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг үндэслэн 271,952,220,28 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 113,168,456,95 төгрөгийн алданги нийт 385,120,677,23 төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгах”-аар маргасан байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн дүнгээ, чөлөөлүүлэх татвараа 259.817.006.72 төгрөг, алданги 109.035.082.20 төгрөг, чөлөөлүүлэх татвар, алдангийн хамт нийт 368.852.088.92 төгрөг болгон багасгасан байна.
2. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл-д 24/105 тоот албан бичгээр, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 тоот албан бичгээр тус тус гомдол гаргасан боловч татгалзсан хариу авсан.
Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Баянхонгор аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* ХХК (ТТД: *******) нь хүн амын эрүүл мэнд, сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хэвтэн эмчлэх хэлбэрээр 70 гаруй жил тасралтгүй үзүүлж байна.
Манай компанийн үйл ажиллагааны чиглэлийг 2020 оны 1 сараас мөрдөж эхэлсэн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль (цаашид “ААНОАТТХ” гэх)-д албан татвараас чөлөөлөх хууль, эрх зүйн зохицуулалт байгааг бид бүхэн олж мэдээд энэ нь ******* *******, хүн ардын эрүүл мэндийг чанар, хүртээмж, төлбөрийн хувьд уян хатан байх бодлогыг төрөөс дэмжих хэлбэр гэж ойлгож байна.
******* ******* ******* ХХК нь Баянхонгор аймгийн татварын хэлтэстэй харьцдаг бөгөөд 2020-2023 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргахдаа үйл ажиллагааны орлого нь 2020 оноос эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөхөөр байхад 10 хувиар татвар ногдуулж, нийт 271,952,220.28 төгрөгийн орлогын албан татварыг ногдуулан тайлагнаж, төлсөн байна. Энэ нь 2019 онд шинэчлэн найруулагдан өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ААНОАТтХ-д оруулсан татвараас чөлөөлөгдөх байгууллагын төрлийг хууль тогтоогчоос нэмэгдүүлсэн зохицуулалтыг татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагаас үл хэрэгжүүлсэн буюу эс үйлдэхүй байна.
Тодруулбал, Баянхонгор аймгийн татварын хэлтэс нь ******* ******* ******* ХХК -ийн 2020-2022 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авч баталгаажуулахдаа дээрх алдааг гаргаж, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/260 дугаар тушаалын 3.2-т “Татварын ерөнхий хуулийн 30.2-т заасны дагуу татварын тайланг хянан, боловсруулалт хийх бөгөөд татварын тайлангийн төрөл тус бүрийн хянах, боловсруулалт хийх нарийвчилсан шалгуур үзүүлэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын татварын тайлан хүлээн авах чиг үүрэг бүхий нэгж тодорхойлно.”, Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.”,30.2.7 "тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх” гэж заасныг мөрдлөг болгон ажиллаагүй байна.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-д заасны дагуу Татварын албаны чиг үүрэгт “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих”, 75.2-д “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн ... туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна. Баянхонгор аймгийн татварын хэлтэс нь энэ үүргээ биелүүлээгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан 2020-2022 онд холбогдох нийт 271,952,220.28 (Хоёр зуун далан нэгэн сая есөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин төгрөг хорин найман мөнгө) төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, уг татварыг буцаан олгох,
2. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”-г үндэслэн 271,952,220.28 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 113,168,456.95 алдангийн хамт нийт 385,120,677.23 төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэлд холбогдох эрх зүйн үндэслэл:
1. Шаардах эрх үүссэн (ААНОАТТХ §21.1.9, ЭМтХ §15.1, §16.11)
2. Шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой (ТЕХ §15.1, §15.4, §12.1.4, §73.1)
3. Процессын шаардлагыг хангасан (ЗХШХШтХ §52, §54)
I. Шаардах эрхийн үндэслэл:
1.1 ******* ******* ******* ХХК нь орлогын албан татвараас чөлөөлөгдөх эрхтэй аж ахуй нэгж мөн ААНОАТтХ-ын 21 дүгээр зүйлийн 21.1.9-д Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд нэрлэн заасан байгууллагуудыг албан татвараас чөлөөлөх тухай заасан.
Ингээд Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-ийг дэлгэрүүлэн харвал арван дөрвөн (14) нэр төрөл байгууллагыг нэрлэн заасны дотор ******* (15.1.8), сувилахуйн төв (15.1.14) зэргийг багтаасан байна. Сувилал гэж юу болохыг эрүүл мэндийн тухай 16.11-д доорх байдлаар тодорхойлсон байна:
• Сувилал нь чанар, нөөц нь тогтоогдсон *******, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглан сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.
******* ******* ******* нь нь *******ын бүлэг *******ыг түшиглэн байгуулагдсан сувиллын цогцолбор газар гэдэг нь хүн ардын дунд хэдийнээ түгээмэл мэдээлэл бөгөөд Эрүүл мэндийн яамнаас “Магадлан итгэмжлэгдсэн” эрүүл мэндийн баталгаат үйлчилгээ үзүүлдэг улсын үйлчилгээтэй ******* сувиллын байгууллага гэдгийг онцлох нь зүйтэй.
******* ******* ******* ХХК нь 2024 оны 12 сарын 25-ны өдрийн 24/105 албан тоот дугаартай бичгээр болон татварын etax.mn сайтад цахимаар тус тус хандан 2023 оны ААНОАТТХ-д заасан чөлөөлөлтийг эдлэх хүсэлтийг Баянхонгор аймгийн Татварын хэлтэст гаргасан бөгөөд 2023 онд холбогдох татварыг чөлөөлж, татварын тайланг хүлээн авч баталгаажуулсан байдаг. Энэ нь манай ******* сувиллыг ААНОАТ-аас чөлөөлөгдөх эрхтэй болохыг захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрсөн үйл баримт юм.
Гагцхүү 2020, 2021, 2022 онуудад холбогдох татвараас чөлөөлөгдөх асуудал нь татварын тайлангаар засагдах боломжгүй тул шүүхээр шийдвэрлэгдэх асуудал болж буй юм.
Тодруулбал, манай компани 2020-2022 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тайлагнахдаа дээрх хуулийн дагуу чөлөөлөлт эдлэхгүйгээр үйл ажиллагаанаас олсон орлогодоо 2020 оны ААНОАТ тайлангаар 180,037,414.56 (Нэг зуун наян сая гучин долоон мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө) төгрөг, 2022 оны ААНОАТ-ын тайлангаар 91,914,805.72 (Ерэн нэгэн сая есөн зуун арван дөрвөн мянга найман зуун таван төгрөг далан хоёр мөнгө) төгрөг нийт 271,952,220.28 (Хоёр зуун далан нэгэн сая есөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин төгрөг хорин найман мөнгө) төгрөгийн орлогын албан татварыг ногдуулан улсын төсөвт төлсөн. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үндэслэлгүйгээр орлогын албан татвараас чөлөөлөөгдөх борлуулалтын орлогод татвар ногдуулан төлсөн 271,952,220 төгрөг 28 мөнгийг нөхөн авах.
1.2 ******* ******* ******* ХХК нь илүү төлсөн орлогын албан татварт ногдох алданги нэхэмжлэн авах эрх үүссэн тухай ТЕХуулийн 73.1-д “...татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт...алданги тооцох...”, 73.1.2-д “татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дундаж байхаар.”, 73.2 “Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:”, 73.2.2-д “Татварын албаны илүү хураасан энэ хуулийн 73.1-д заасан мөнгөн хөрөнгийг хураасан өдрөөс эхлэн түүнийг буцаан олгох шийдвэр гарсан өдөр хүртэлх хоногийн тоогоор.” гэсний дагуу татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогод 271,952,220.28 (Хоёр зуун далан нэгэн сая есөн зуун тавин хоёр мянга хоёр зуун хорин төгрөг хорин найман мөнгө) төгрөгийн орлогын албан татварыг ногдуулан төлсний 2106 хоногт ногдох алданги 113,168,456.95 төгрөгийг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл хуулиар үүссэн байна.
II. Шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэх
Татварын ерөнхий хуулийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил ... байна” гэж заасан.
Баянхонгор аймгийн ******* ******* ******* ХХК нь 2024 оны 12 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн татварын хэлтсийн дэргэдэх МТЗ-д 24/105 тоот албан бичгээр, Баянхонгор аймгийн татварын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 тоот албан бичгээр тус тус гомдол гаргасан.
Дээрх тохиолдолд ТЕХ-ийн 15.4-д заасны дагуу: “Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”.
Иймд 2025 оны 02 сарын 10-наас өмнөх 4 жилийн хугацаанд хамаарах буюу 2020, 2021, 2022 онуудад хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааны дотор байна.
Иймд манай компани нь ААНОАТТХ-ийн 21 дүгээр зүйлд заасан албан татвараас чөлөөлөгдөх эрх хууль ёсоор үүссэн ба Татварын ерөнхий хуулийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нь татварын нөхөн ногдуулалт хийхээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хугацаанд ч мөн хамаарахаар зохицуулсан байна. Энэ нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж үүссэн цагаас эхлэн 4 жилийн дотор энэхүү эрхийг хэрэгжүүлэх ёстой болохыг илтгэж байна.
III. Нэхэмжлэлд холбогдох процессын шаардлагыг хангасан тухайд
1. ЗХШХШтХ-ийн 52 дугаар зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах жагсаалтыг гаргасан. Энэхүү нэхэмжлэл, хавсралт баримт бичиг, итгэмжлэл, нэр хаяг, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл зэрэг ЗХШХШтХ-ийн 52.2-д заасан шаардлагыг бүрэн хангасан.
2. ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлийг жагсаасан.
§54.1.1, §54.1.2-г хангасан тухайд: Захиргааны акттай холбоотой татварын эрх зүйн маргаан нь захиргааны хэргийн харьяаллын бөгөөд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд харьяалалтай байна.
§54.1.3-г хангасан тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд , 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус татварын хэлтэст хандаж тус тус татгалзсан шийдвэр авсан. Энэ нь урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлж байна.
§54.1.4, §54.1.5-г хангасан тухайд. ******* ******* ******* ХХК нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, тусгай зөвшөөрөл бүхий компани болохын хувьд бие даан эрх эдэлж, үүрэг хүлээх субъект мөн. Түүнчлэн уг компаниас итгэмжлэл авч хавсаргасан.
§54.1.6-54.1.8-д заасан нөхцөл байхгүй. Энэхүү нэхэмжлэл түүний үндэслэлд холбогдох асуудлаар ямар нэг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөрт холбогдох эрх, үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байгаа бөгөөд энэ төрлийн маргаанд холбогдох хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа юм.
Иймд ******* ******* ******* ХХК нь ААНОАТтХ-д заасан татвараас чөлөөлөгдөх аж ахуй нэгж мөн бөгөөд энэ эрхээ 2020-2022 онуудад эдэлж чадаагүй нь ТЕХ-ийн 15.1-д заасан 4 хүртэлх жилийн хөөн хэлэлцэх хугацаанд багтах тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, хуульд заасан эрхийг эдлүүлж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт дараах хэлбэртэй байна”, 10.1.1-д “Ногдуулсан татварыг хорогдуулах”, 10.1.4-д “Татвар төлөгчийг татвараас чөлөөлөх”, 10.2-д “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалын хавсралтаар баталсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгчийн тухайн татварын тайланд тусгасан чөлөөлөгдөх орлого, ногдуулан төлсөн татварын дүнгээс тооцож эдлүүлнэ”, 2.8-д “Татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба татварын алба нь холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хуульд тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан "Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-д заасны дагуу хянан баталгаажуулна” гэж тус тус заасан.
******* ******* ******* ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид “ААНОАТ” гэх/-ын 2020 оны 4 дүгээр улирлын тайланг https://etax.mta.mn/ цахим татварын системд 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2022 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайланг https://etax.mta.mn/ цахим татварын системд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус тус хүлээн авч баталгаажуулжээ.
Татварын улсын байцаагч нар дээрх тайланг хүлээн авч баталгаажуулахдаа Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 292 тоот тушаалын хавсралтаар баталсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг баримталж, холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хуульд тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан "Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-д заасны дагуу хянаж ажилласан байна.
Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж заасан.
******* ******* ******* ХХК нь https://etax.mta.mn/ цахим татварын системд илгээсэн 2020, 2022 оны ААНОАТ-ын тайланд ААНОАТ-ын тухай хуулийн 21.1.9-д заасан үндэслэлээр албан татвараас чөлөөлөгдөх орлогын тооцооллыг тусгаагүй, тайланг холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон үйлдэж, ирүүлсэн.
Татвар төлөгч нь 2020 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлангаа ирүүлэхдээ ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д заасан албан татварын хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн боловч ногдуулсан албан татвараа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөөгүй шалтгаанаар татварын хөнгөлөлтөд хамрагдаагүй байна.
Харин 2022 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлангаар ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д заасан үндэслэлээр 86,732,651.37 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх тайлан ирүүлсэн. Татвар төлөгчөөс ирүүлсэн 2022 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлан, бусад баримт бичгийг үндэслэн Татварын хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 тоот тушаалаар ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 86,732,651.37 төгрөгийг төлбөл зохих албан татвараас хөнгөлж, татварын хөнгөлөлтийг эдлүүлжээ.
Мөн ******* ******* ******* ХХК-ийн 2023 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлан, бусад баримт бичгийг үндэслэн Татварын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дүгээр тушаалаар ААНОАТ-ын тухай хуулийн 22.5.1 дэх заалтаар 2023 онд 127,912,414.22 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлүүлсэн юм. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно” гэж заасныг үндэслэн ******* ******* ******* ХХК нь 2023 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан засварлах хүсэлтийг 2024 оны 10 сард ирүүлж, ААНОАТ-ын тухай хуулийн 21.1.9-д заасан үндэслэлээр албан татвараас чөлөөлөгдөх тайланг https://etax.mta.mn/ цахим татварын системд 2024 оны 12 сард залруулан илгээсэн байна. (******* ******* ******* ХХК нь төлбөрийн баримт олгохдоо татвар ногдох и-баримтыг олгож байсан бөгөөд Татварын албанд төлбөрийн баримтын төрөл өөрчлөх хүсэлтийг 2024 оноос ирүүлж, 2023 оноос хойших төлбөрийн баримтаа татвараас чөлөөлөгдөх төрлөөр өөрчилж, тайлангаа зассан)
Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд “Татварын албаны үндэслэлгүй илүү хураасан мөнгөн хөрөнгө”-тэй холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилж буй торгууль, алданги нь татвар төлөгчөөс өөрөө тодорхойлж төлсөн татварт хамааралтай байх бөгөөд татварын албанаас үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн хөрөнгөд хамаарахгүй юм.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх” үүрэгтэй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар ******* ******* ******* ХХК-ийн 2020, 2022 татварын тайланг залруулж, ААНОАТ-ын тухай хуулийн 21.1.9- д заасан үндэслэлээр албан татвараас чөлөөлөх боломжгүй тул ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. “******* ******* *******” ХХК нь татвар төлөхөөс чөлөөлөгдөх эрхтэй байгууллага мөн гэж маргаж байгаа тухайд:
1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хүн амын эрүүл мэнд, сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг хэвтэн эмчлэх хэлбэрээр үзүүлдэг учир орлогын албан татвараас чөлөөлөгдөх эрхтэй аж ахуй нэгж мөн ААНОАТтХ-ын 21 дүгээр зүйлийн 21.1.9-д Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд нэрлэн заасан байгууллагуудыг албан татвараас чөлөөлөх тухай заасан гэв.
1.2 “******* ******* *******” ХХК нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага бөгөөд энэ үзүүлж буй үйлчилгээнээс орсон орлогын татвараас чөлөөлөгдөнө гэдэгт хариуцагч маргаагүй болно. Харин чөлөөлөгдөх орлогоос бусад хэлбэрээр олсон орлого нь татвараас чөлөөлөгдөхгүй гэж маргаж байгаа болно.
2. Татварын алба нь татвар төлөгч татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавих, татвар төлөгчид зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа тухайд:
2.1. Нэхэмжлэгч: Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.”, 30.2.7-д “Тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх”, 75 дугаар зүйлийн 75.1.1-д “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүрэгтэй” гэж заасан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй манай байгууллага нь татвараас чөлөөлөгдөх эсэхээ мэдэхгүй байсан, олон нягтлан солигдсон, нягтлан жирэмсэн байсан гэх мэт шалтгаанууд байсан. Манай компанийн Удирдах зөвлөл хуралдаж тайлангаа хянаад, аудит оруулж мэдсэн. Татварын алба татвар төлөгчийг татвараа үнэн зөв гаргасан эсэхийг хянадаг, манай байгууллага татвараас чөлөөлөгдөх эрхтэй гэдгийг татварын байгууллага манай тайланг хүлээж авахдаа үнэн зөвийг хянаад манайд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хувьд манайд мэдэгдэж танайх татвараас чөлөөлөгдөх юм байна гэж хэлэх ёстой байсан. Үнэн зөв нягтлах, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүйгээс болоод бид ингэж хугацаа алдсан. Бидэнд 1 жилийн дотор залруулга хийх хугацаандаа асуудлаа шийдвэрлэх боломж байсан гэв.
2.2 Хариуцагч тайлбартаа: Манай татварын алба нягтлан шалгах үүргээ болон зөвлөгөө өгөх үүргээ биелүүлсэн. Манай байгууллага иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хууль таниулах, зөвлөгөө өгөх зорилгоор сургалт зарлан хийсэн. Би нэхэмжлэгчийн нягтлантай холбогдон сургалт зохион байгуулна гэж хэлсэн. Нягтлан нь би жирэмсэн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, хол учир очиж чадахгүй гэсэн гэв.
2.3. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина” гэж заажээ.
Татварын алба татвар төлөгчөөс ирүүлсэн тайланг хугацаандаа өгсөн эсэхийг эхлээд хянана. Мөн тухайн байгууллага нь тайланг ирүүлэхдээ татвар төлөгчийн ирүүлж байгаа тайлангийн хүрээнд хяналт шалгалт хийж үнэн зөв эсэхийг хянах үүрэгтэй. Татвар төлөгч байгууллага нь өөрсдөө татвараа хэрхэн мэдүүлэх, тухайн байгууллага татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлүүлэх эсэхээ хэрхэн хуулийн шаардлагад нийцүүлсэн эсэх, энэ нь үнэн зөв байгаа эсэхэд хяналт тавина. Татварын алба нь энэ хүрээнд буюу татвар төлөгчийн өөрсдөө гаргаж ирүүлсэн тайлангийн хүрээнд хяналт шалгалт хийсэн байна гэж үзлээ.
Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.7-д “Тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх” гэж заасан байх бөгөөд татварын байцаагч татвар төлөгчийн гаргаж ирүүлсэн тайланд дурдсан чөлөөлөгдөх эсвэл хөнгөлүүлэх хүсэлт нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгах үүрэгтэй болохоос татвар төлөгчийг хүсэлтээ бичээгүй байхад татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлүүлэх эсэхийг хянах үүрэггүй.
Нэг талаас татварын алба үнэн зөв эсэхийг нягтлах үүрэгтэй боловч татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв бодит байдлыг ханган ирүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
2.4. Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд татварын алба тухайлсан байгууллагад танай байгууллага татвараас чөлөөлөгдөх эсвэл татвараас хөнгөлүүлэх ёстой гэж зөвлөгөө өгөх үүрэггүй. Харин нийт иргэд, татвар төлөгч нарт хууль тогтоомжийг таниулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, мэдээллээр хангах байдлаар зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.8-д “Татварын алба, татварын улсын байцаагч, хураагч нь хуульд заасны дагуу татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохгүй”, 76.9-д “Татварын улсын байцаагч, хураагч нь хувийн зорилгоор татвар төлөгчтэй холбогдож түүнд аливаа хэлбэрээр зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайланг гаргах, аудит хийх, татвараас зайлсхийхэд туслах, шаардахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд тусгайлан байгууллагад зөвлөгөө өгөх нь татварын албаны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, хориглосон үйл ажиллагаанд хамаарна гэж үзлээ.
3. Хариуцагч: Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага бөгөөд энэ үзүүлж буй үйлчилгээнээс орсон орлогоос гадна бусад туслах орлого олдог гэж маргаж байгаа тухайд:
3.1. Татварын алба нь нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02 -ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна. Энэ хяналт шалгалтаар нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь 2019-2021 онд олсон бүх орлогоо татварын албанд дэлгэрэнгүй гарган өгч хянуулсан байна.
Шүүх 2022 оны бусад туслах орлогын бүх баримтыг нотлох баримтаар гаргуулан, мөн цахимаар хүлээн авч Сиди /CD/ хэлбэрээр хэрэгт хавсарган шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.
Нэхэмжлэгч тал цөөн хоногоор амрагч нарыг хүлээн авдаг, ингэхдээ эмчилгээ сувилгаа хийдэггүй, мөн бассейн, душ, ******* болон бусад бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого нь чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй гэдэгт маргаагүй болно.
3.2. Мөн нэхэмжлэгч нь 2020, 2022 оны татварын тайланд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бусад орлого нь нийт 121.352.135 төгрөг байна. Энэ 121.352.135 төгрөгийн бусад орлогоос татвар төлөх нь зүйтэй гэж хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2020 онд орсон бусад орлогоос ногдох татвараа хасаад 175.730.481 төгрөг, 2022 онд 84.086.525 төгрөг болгон багасгасан. Багасгахдаа дээрх 2020, 2022 оны тайланд тусгасан бусад орлого нийт 121.352.135 төгрөгийн 10 хувиар тооцож татвар төлөх дүнг гаргасан. Нийт 2020-2022 онуудад холбогдох татвараас чөлөөлөгдөх дүнгээс анх нэхэмжилснээс 12.135.313.56 төгрөгийг хасаж, 259.817.006.72 төгрөгийг аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөгдөх болохыг тогтоож, алданги 109.035.082.20 төгрөгийн хамт нийт 368.852.088.92 төгрөгийг буцаан олгох үүргийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Татварын албанаас багасгасан дүнгээр тайлбар гаргах боломжит хугацаа авах эсэхийг асуухад тайлбар гаргах хугацаа авахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
3.3. Татварын алба нь 2019-2021 онуудыг хамруулан татварын хяналт шалгалт хийсэн байна. 2023 оны 4 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид НА-0230000017 дугаар нөхөн ногдуулалтын акт ногдуулсан байна. Уг актын 2 дугаар заалтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох орлогыг 2020 онд 75.318.311 төгрөгийг дутуу тооцсон гэж үзсэн байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа дээрх дутуу төлсөн 75.318.311 мөнгөн дүнд ногдох туслах орлогын татварыг тооцож хасаагүй, зөвхөн өөрсдийн 2020, 2022 онуудад гаргаж өгсөн татварын тайланд дурдсан хэмжээгээр тооцон хасаж байгаа нь буруу гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн 000058926 дугаартай гэрчилгээнд үндсэн эрхлэх үйл ажиллагааг эмнэлгийн газар эмчилгээ хийх үйл ажиллагаа гэж зааж өгсөн байх ба газар тариалан, мал аж ахуй эрхлэх, аялал жуулчлалд үйлчлэх, хүнс ундаа тамхины төрөлжсөн дэлгүүрийн туслах үйл ажиллагааг эрхлэхээр заажээ. Дээрх 75.318.311 төгрөгийн зөрчилд туслах үйл ажиллагаанууд бүгд хамаарч байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох бөгөөд нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан зөрчил болох 75.318.311 төгрөгийн татвараас бүрэн хэмжээгээр чөлөөлөгдөх үндэслэлийг тайлбарлаагүй болно.
Иймд нэхэмжилсэн 259.817.006.72 төгрөгийн дүн, түүнээс тооцсон 109.035.082.20 төгрөгийн алданги, нийт 368.852.088.92 төгрөгийг татварын албанаас буцаан олгохыг даалган шийдвэрлэх боломжгүй байна.
4. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж маргаж байгаа тухайд:
4.1. Нэхэмжлэгч тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасны дагуу чөлөөлөлт эдлэх эрх манай хөөн хэлэлцэх хугацаа 4 жил учраас бид 2020, 2022 онуудад татвараас чөлөөлөгдөх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
4.2. Хариуцагч тайлбартаа: Монгол улс татвараа өөрөө ногдуулан төлөх зарчмыг баримтлан ажилладаг, энэ хүрээндээ 2020, 2022 онуудад нэхэмжлэгч тал татварын тайлангаа өөрсдөө гаргаж манайд ирүүлсэн. Ингэхдээ өөрсдөө татвараас хөнгөлүүлэх хүсэлтээ гаргасан. Татвар төлөгч нь 2020 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлангаа ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д заасан албан татварын хөнгөлөлт эдлэхээр ирүүлсэн боловч ногдуулсан албан татвараа 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлөөгүй шалтгаанаар татварын хөнгөлөлтөд хамрагдаагүй байна.
Харин 2022 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлангаар ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д заасан үндэслэлээр 86,732,651.37 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх тайлан ирүүлсэн. Татвар төлөгчөөс ирүүлсэн 2022 оны 4 дүгээр улирлын ААНОАТ-ын тайлан, бусад баримт бичгийг үндэслэн Татварын хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 тоот тушаалаар ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 86,732,651.37 төгрөгийг төлбөл зохих албан татвараас хөнгөлж, татварын хөнгөлөлтийг эдлүүлжээ.
Иймд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаанд хамаарахгүй гэв.
4.3. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна” гэж заасан байх боловч татвар төлөгч өөрөө татвараас хөнгөлүүлэх хүсэлтээ гаргасан учраас Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлахгүй, харин 15.2-д “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу 2020, 2022 онуудад хөнгөлүүлэх хүсэлт гаргасан. 2022 онд татвараас хөнгөлүүлэх хүсэлтэд хамрагдаж 86,732,651.37 төгрөгийг төлбөл зохих албан татвараас хөнгөлсөн учраас 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзлээ.
5. Татварын алба татварыг үндэслэлгүйгээр хураасан бол алданги төлнө гэж заасан гэж маргаж байгаа тухайд:
5.1. Нэхэмжлэгч: Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэж заасны дагуу алданги нэхэмжилж байна гэв.
5.2.Хариуцагч: Энэ хуулийн заалтад үндэслэлгүй хураасан татварын талаар зохицуулсан. Бид үндэслэлгүй хураасан татвар гэж үзэхгүй байна. Учир нь өөрсдөө сайн дураараа татвараас хөнгөлүүлэх хүсэлтээ гаргасны дагуу 2020 оны 2 сарын 10-ны өдөр хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. 2022 онд мөн адил татвараас хөнгөлүүлэх хүсэлт сайн дураараа гаргасны дагуу албан татвараас хөнгөлж, татварын хөнгөлөлт эдлүүлсэн. Иймд үндэслэлгүй хураасан гэж үзэхгүй гэв.
5.3 Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу 2020, 2022 онуудад хөнгөлүүлэх хүсэлт гаргасан. 2022 онд хөнгөлүүлэх хүсэлтэд хамрагдаж 86,732,651.37 төгрөгийг төлбөл зохих албан татвараас хөнгөлсөн учраас 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэж үзэж хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир татварын алба алданги төлөхгүй.
5.4. Нэхэмжлэгч нь татвар төлөгчийнхөө хувьд татварт ногдох орлогыг өөрсдөө тодорхойлж, хүсэлтээ гаргаж ирүүлсэн байх тул үндэслэлгүй хураасан татвар гэж үзэхгүй болно.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулж асуусан бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж, 2020 онд 175.730.481 төгрөг, 2022 онд 84.086.525 төгрөг, нийт 259.817.006.72 төгрөг гэж үндсэн чөлөөлүүлэх татвараа тодорхой болгосон боловч алданги нэхэмжлэхдээ 2020, 2022 онуудад алданги нь хэд болсныг тодорхойлоогүй, нийт алданги 109.035.082.20 төгрөгийг, мөн 2020, 2022 онуудын нэхэмжилж байгаа алдангийн хамт нийт 368.852.088.92 төгрөгийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 .1.9, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.7, 75 дугаар зүйлийн 75.1.1-д зааснаар “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан 2020, 2022 онуудад холбогдох нийт 259.817.006.72 төгрөгийн (Хоёр зуун тавин есөн сая найман зуун арван долоон мянга зургаан төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, уг татварыг буцаан олгох, 259.817.006.72 (Хоёр зуун тавин есөн сая найман зуун арван долоон мянга зургаан төгрөг далан хоёр мөнгө) төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 109.035.082.20 (Нэг зуун есөн сая гучин таван мянга наян хоёр төгрөг хорин мөнгө) алдангийн хамт нийт 368.852.088.92 (гурван зуун жаран найман сая найман зуун тавин хоёр мянга наян найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгуулах”-аар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.083.553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ