| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0079/Э |
| Дугаар | 000105 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 000105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат
Шүүгдэгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1825000690059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороонд оршин суудаг, урьд 12 удаа ял шийтгэгдэж байсан, Б овгийн Б-ийн О
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төв дотор явж байсан иргэн Д.Ч-ийн халааснаас Huawei Y-5 маркийн гар утсыг хулгайлж 399.000 төгрөгийн хохирол, Г.У-ийн халааснаас Huawei Y-5 маркийн гар утас хулгайлан 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Д.Ч, Г.У нарын гар утсыг хулгайлсан нь үнэн. Хохирлоо бүгдийг нь төлсөн гэв.
-Хохирогч Д.Ч-ийн ...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагийн орчимд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн цаг бичдэг газрын үүдэнд байж байсан чинь 2 хүн оймс зарж байхаар нь тэндээс 3 ширхэг оймс худалдаж аваад өрөөндөө ороод гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд буцаад очсон чинь мэдэхгүй гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Мобикомоос 499.000 төгрөгөөр худалдан авсан. Урд нүүр нь хар, ар тал нь саарал өнгийн гар утас байгаа. Гадуураа улаан өнгийн хавтастай гэр, 867388039702338 гэсэн сериал кодтой байсан гэсэн мэдүүлэг /хх 5 ху/,
-Хохирогч Г.У-ийн... Би 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өглөө 09 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутагт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 3 давхарт бүртгэлийн газарт үзлэгийн цаг авчихаад коридорт хүмүүс бужигнаад оймс зарж байхаар нь сонирхоод 4 ширхэг оймс авчихаад халаасандаа гар утсаа үзтэл байхгүй, залгаж үзтэл холбогдох боломжгүй байсан. Би гар утсаа 2017 оны 10 дугаар сард Мобикомоос зээлээр 450.000 төгрөгөөр авч байсан HUWAI Y-5 загварын шаргал өнгөтэй, ямар нэгэн сэв гэмтэл байхгүй утас байсан гэсэн мэдүүлэг /хх 30 ху/
- Иргэний нэхэмжлэгч Б.С-ын... Би Дархан зах дээр гар утас засвар үйлчилгээ ажилуулдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь 15 цагийн үед хуучин танил байрны эгч Оюунаа гэгч ирээд 2 ширхэг гар утас авчихаач манай эгчийн гар утас байгаа юм гээд халааснаасаа хар, шаргал өнгийн HUWAI Y-5 маркийн 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Тэгээд хэдээр зарах юм бэ? гэхэд 400.000 төгрөгөөр зарна гэхээр нь би үнэтэй байна 250.000 төгрөгөнд бол авъя гэхэд за за мөнгөний хэрэг гараад байна ав, ав гэж хэлээд би тухайн 2 гар утсыг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Цагдаагийн газраас яриад наад гар утас чинь хулгайн гар утас байна гээд авсан гар утсаа авч ирж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 8 ху/,
-“Далайван аудит” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/01-03 дугаартай гар утасны үнэлгээ 399.000 төгрөг гэх дүгнэлт /хх 12-14 ху/
-Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 17 ху/
-Хохирогч Д.Ч-д гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 18 ху/
-“Далайван аудит” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02/01-10 дугаартай HUWAI Y-5 маркийн гар утас 360.000 төгрөг гэх дүгнэлт /хх 34-36 ху/
-Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 37 ху/
- Хохирогч Г.У-т гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 38 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66-67 ху/
-Б.О-г яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 22-24 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүгдэгч Б.О-гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо эмчилгээний төв дотор явж байсан иргэн Д.Ч-ийн халааснаас Huawei Y-5 маркийн гар утсыг хулгайлж 399.000 төгрөгийн хохирол, Г.У-ийн халааснаас Huawei Y-5 маркийн гар утас хулгайлан 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Ч, Г.У, иргэний нэхэмжлэгч Б.Сансарбаяр нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгчийн ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.О-гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ч-д 399.000 төгрөгийн, хохирогч Г.У-т 360.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэлээр нотлогдож байна.
Мөн ирэний нэхэмжлэгч Б.С-т 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.О нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түүний ХААН банкны 5068299801 дугаарын дансанд 220.000 төгрөг төлсөн байх ба Б.Сансарбаяр нь үлдсэн 30.000 төгрөгийг нэхэмжлэхгүй,гомдол саналгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн О-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ