Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1112

 

  2023           11            21                                          2023/ДШМ/1112

 

Ц.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

хохирогч Д.А, Д.П,

хохирогч Д.У-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/2646 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцэл болон хохирогч Д.У-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Д-д холбогдох 2106 00861 1079 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овгийн Ц.Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймгийн … суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, ам бүл 4, дүү, эх, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: ......../;  

Шүүгдэгч Ц.Д нь “БНСУ-ын мульти виз гаргаж өгнө, банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулж өгнө” гэж бусдыг хуурч мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/798 дугаар магадлалаар уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэн, магадлал 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/798 дугаар магадлалд “...Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Ц.Д-с хохирогч Д.А-ыг залилсан гэх гэмт хэргийн цаг хугацааг бичээгүй байхаас гадна банк бус санхүүгийн байгууллагаас авхуулсан зээлийн мөнгөн дүнгээс авсан бодит хохирол, мөн тус хохирлоос гадна бэлнээр авсан хохирлын дүнг ялган зааглаагүй орхигдуулсан зэрэг нь шүүхээс нөхөн гүйцэтгэх ёсгүй алдаанд хамаарч байх тул уг алдааг нь нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай...” талаар дурдсан байна.

2. Мөн шүүгдэгч Ц.Д нь хохирогч Д.П-с авсан гэх 60.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг П.Б-д өгсөн болохоо мэдүүлдэг бөгөөд гэрч П.Б-ыг эрүүгийн 2106 00861 1079 дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй эсэх талаар зохих ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна.

3. Хохирогч Д.У нь шүүгдэгч Ц.Д-д Бүгд Найрамдах Солонгос улс руу байнга зорчих мульти виз гаргуулах зорилгоор нийт 11.200.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлсэн тухайгаа мэдүүлсэн байх ба уг мэдүүлэгт үндэслэн хохирогч Д.У-д учирсан хохирлыг зөв нотолж тогтоох ажиллагааг мөрдөгч, прокурор хийж гүйцэтгээгүй байх тул уг ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

4. Түүнчлэн, шүүгдэгч Ц.Д-ийн урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлж дууссан эсэх талаар тодруулах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай.

5. Шүүгдэгч Ц.Д-ийн хувийн байдлыг тодруулж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх шинж байгаа эсэх талаар зохих ажиллагааг хийж гүйцэтгэхийг тус тус прокурорт даалгажээ.

Дээр үндэслэлүүдээр Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна:

1. Дээрх хэрэгт яллагдагч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гарсан байна. Улмаар хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан нь процесс зөрчил гаргасан байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын дагуу хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд харин яллагдагчийг шүүхэд шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа болно. Дээрх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэх заалтыг зөрчсөн байна.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ДШМ/798 дугаартай магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болох ба тухайн нөхцөл байдлыг үл харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн зохицуулалт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцээгүй гэж үзнэ гэж дурдсан байна. Энэ магадлалд дурдсан ажиллагааг хийлгэхийг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг анхан шатны шүүх хэрэглээгүй, хууль зөрчиж, урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг прокурорт буцаасан байна. Түүнчлэн магадлалд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг зэргийг зөрчсөн, дээрх хуульд заасан үндэслэл журамд нийцээгүй гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2646 дугаартай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэргийг прокурорт буцаасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Д.У-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Д-д холбогдох хэргийг өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/779 дүгээр шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн байсан. Тиймээс өмгөөлөгч миний бие болон хэргийн бусад оролцогч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хуралдаж, прокурорт хэргийг буцаах тухай 2646 дугаар шүүгчийн захирамж гаргасан нь хууль буруу тайлбарлан хэрэглэж хууль зөрчсөн байна.

            Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэж заасан байхад шүүх давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилан хэлэлцүүлэг зарлан хуралдаж хууль зөрчсөн. Учир нь, Ц.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлчихсэн, өөрөөр хэлбэл гэм буруугийн хуралдаан болсон байсан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байсан. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах зэрэг анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд болон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах хүрээнд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам болон зарим зөрчигдсөн, мөн зарим оролцогчийн эрхийг хязгаарласан асуудлыг шийдвэрлэх боломжтой талаар заасан байдаг.

            Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хуулийг буруу ойлгож, буруу тайлбарлан хууль зөрчсөн байгаа болно. Анхан шатны шүүх өөрийн санаачлагаараа хуралдаан зарлаж хуралдуулсан хуралдаан дээр өмгөөлөгч миний бие хэлсэн тайлбартаа хууль зөрчсөн талаар хэлэхэд шүүгч тайлбарлахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэж хэлж хуульд заагаагүй эрх хэмжээ хэрэглэн өөрөөр хэлбэл, гэм буруугийн хуралдаанаас хэргийг прокурорт буцааж хууль зөрчин хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023/Ш3/2646 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгож, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурорын шатанд хийх шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасныг, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар ажиллагаа хийх эрх нь анхан шатны шүүхэд байх тул гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Ц.Д-ийн үйлдлийн улмаас 81.325.000 төгрөгийн хохирол учирсан. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Д.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Ц.Д-ийн хэргийг хурдан шийдвэрлэхгүй бол маш их чирэгдэл учирч байна. Ц.Д нь олон хүнийг хохироож, худал хэлж мэргэшсэн хүн бөгөөд уг арга залиараа шүүхийг хүртэл аргалж байна. Хорихоос суллагдаад хохирогч нарын хохирлыг өгөх цаг хугацаа, боломж байсаар байтал өгөөгүй. “Одоохон өгнө” гэж хэлээд алга болдог, гар утсаа авахгүй, миний дугаарыг блок хийсэн байдалтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие оролцоход “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоос өөрөөр хууль хэрэглээ байхгүй” гэсэн байр суурьтай байсан. Уг магадлалаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон. Анхан шатны шүүх энэ ажиллагааг хийлгэхийн тулд өөрийнхөө эрх хэмжээний дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зарласан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч Д.У-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 779 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан гомдлын дагуу Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 798 дугаар магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

   Мөн дээрх магадлалд Ц.Д-д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу уг ажиллагааг хийлгэх боломжтой талаар дурдсан байна.

Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3674 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, уг захирамж хүчин төгөлдөр байсаар атал дахин өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2646 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “... хэргийг шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй...” гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. 

            Энэ талаар прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч Д.У-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан давж заалдах гомдол тус тус үндэслэлтэй тул хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/2646 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

      Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ц.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗ/2646 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Д-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                                           М.АЛДАР