Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 315/ШШ2025/00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Асгат сумын 1-р багт оршин суух ******* овогт *******ын ******* нэхэмжлэлтэй

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1991-1992 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993-1994 онд Соёмбо ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан. Туслах ажилчнаар ажиллаж байхдаа малчны туслах хийж байсан. Соёмбо ХК-д өөрөө мал малласан. Тэмээнээс бусад малыг маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл тус ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд намайг 1991-1992 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993-1994 онд Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11/55 дугаартай лавлагаа, 336192 дугаартай М.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1993 онд нээлгэсэн М.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

            2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт *******ын Чулуундорж нь 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,  Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11/55 дугаартай М.******* Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байхдаа 1993-1994 онд авч байсан цалингийн бичилт бүхий лавлагаа, (хх-4х), *******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-5х), М.******* 1993-1994 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-6х),

 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь 1991-1992 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993-1994 онд Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байсан. Одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа. Би 1988-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан.” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “....******* нь 1991-1992 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993-1994 онд Соёмбо ХК-д малчнаар ажиллаж байсан. Одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа. Бид нэг баг бригадад олон жил хамт ажиллаж байсан. Би 1980-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор М.******* ажиллаж байсан байдлын талаар нь сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт *******ын ******* 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Харин нэхэмжлэгч М.******* 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

             9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ******* 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Нэхэмжлэгч ******* нь 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Асгат сумын Соёмбо нэгдэлд туслах ажилчнаар ажилласан гэх бичгийн нотлох баримтыг бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА