| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2024/0035/З |
| Дугаар | 125/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 125/ШШ2025/0018
2025 04 14 125/ШШ2025/0018
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгох, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгуулах, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 478 дугаар тогтоол, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/75 дугаар захирамжаар *******ийг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар томилсон байна.
1.2. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар “... Аймгийн ИТХ-ын Ажлын албаны албан хаагчдын ажлын цаг бүртгэлтийг зохих ёсоор хийгээгүй, энэ талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, хяналт хэрэгжүүлээгүй, өөрийн ажлын цагаа бүртгүүлээгүй, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй, аймгийн ИТХ-ын 2024 оны 18 дугаар хуралдааны "Аймгийн 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай 18/03 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт"-ын 34 дэх хэсэгт заасан Цахим шилжилт, тоног төхөөрөмжийн зориулалт бүхий 258.9 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.9. Төсвийн тухай хуулийн 64.1 дэх заалтуудыг зарчим, аймгийн ИТХ-ын эрх хэмжээнд хамаарах асуудлаар дур мэдэн шийдвэр гаргасан» зөрчлүүд нь аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 491а/5545 дугаартай албан бичиг, Ховд аймаг дахь Аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******ийг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүртэл аймгийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тус албан тушаалд хуулийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч билээ. Энэ хугацаанд аливаа сахилгын шийтгэл ногдож байгаагүй, амжилттай ажиллаж ирсэн.
Гэтэл аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Ховд аймагт Ардчилсан нам ялалт байгуулж, 2024 оны 10 дугаар сарын 28- ны өдөр Аймгийн ИТХ-ын даргаар 3.Эрхбаяр томилогдсон. Тэрээр томилогдсон даруйд өнөөдрийг хүртэлх сар гаруйн хугацаанд илтэд улс төржсөн байдлаар асуудалд хандаж, ажлаа өгөхийг элдвээр шахаж, дарамталж, шалтаг хайж ирсэн бөгөөд энэ улс оронд хууль, шүүхгүй мэт аашилж хүний эрхийг үл хайхрах болсон.
Улмаар Аймгийн ИТХ-ын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаар захирамж гарган ажлаас үндэслэлгүй халах шийдвэр гаргаад байна. Энэхүү шийдвэр нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна." гэж заасан бол сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024.12.04-ны өдрийн 16 цаг 25 минутад албан өрөөндөө дуудаж "чамайг ажлаас халахаар сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас өгч байна. Маргааш буюу 2024.12.05-ны өдрийн 09.00 цагт сонсох ажиллагаа явагдана" гэж хэлээд маргааш нь буюу 2024.12.05-ны өдрийн 09.00 цагт албан өрөөнд нь ороход "өргөдлөө өг, өгөхгүй байсан ч шууд хална" гэж хэлээд тухайн шийдвэрийг гаргасан бөгөөд буруугүй талаараа тайлбар гаргах хуульд заасан боломжит хугацаа олгоогүй, сонсох ажиллагааг хэлбэрийн төдий субьектив байдлаар ёс төдий хэрэгжүүлсэн нь хуульд заасан сонсох ажиллагааны журмыг илтэд зөрчсөн.
Төрийн албаны тухай хуулийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно." гэж заасан /... аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;/- ыг зөрчсөн.
Маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.13, 37.1.16, 39.1.2, 39.1.3-д заасныг буюу төрийн албан хаагчийн үүрэг, үйл ажиллагаанд хориглосон зохицуулалтаас тус тус үндэслэл болгосон хэдий ч шалтгаан нөхцөлийг зохих хууль, журмын дагуу тодорхойлох замаар бодитой хандаагүй бөгөөд улс төржсөн зорилгодоо хөтлөгдөх замаар хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Тухайлбал, маргаан бүхий актын голлох үндэслэл болгож буй "эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан" гэсэн үндэслэлийн тухайд тус шийдвэр гэж үзэж буй баримт бичиг нь цуцлагдсан буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон талаар сонсохыг хүсээгүй, Ховд аймаг дахь Аудитын газрын 2024.12.04-ний 457 дугаар албан бичгийг үндэслэл болгон дурдсан бөгөөд тус албан бичгийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй байдаг. Тухайлбал, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ." гэж, мөн аудит нь санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн төрөлтэй байхаар заасан бөгөөд эрх зүйн хэлбэрийн хувьд албан бичиг хэлбэртэй байх талаар зохицуулагдаагүй байдаг.
Миний бие Ховд аймгийн Сонгуулийн хорооны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд бүрэн эрх дуусгавар болоогүй байхад үндсэн үүрэгт ажлаас маань халсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17-д "Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно." гэж заасныг зөрчсөн.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019.04.04-ний өдрийн 36, 32 дугаартай тушаалаар хамтран баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.3, 2.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах эрх бүхий албан тушаалтан томилон ажиллуулах, тайлбар, тодруулга авах, хохирол, үр дагаврыг тодорхойлох, дүгнэлт гарган танилцуулах, дүгнэлттэй холбогдуулан нэмэлт тайлбар авах зэрэг тус журамд заасан заавал хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бөгөөд тухайн асуудлыг үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэх нэгээхэн ч алхам хийгдээгүй болно.
Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмыг илтэд зөрчсөн хууль бус, эрх зүйн зөрчилтэй Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024.12.06-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байгаа гэв.
2.2. Хариуцагч Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Баярсүх нь Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А/04 дугаартай "Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг багцлах тухай" тушаал гаргаж хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэршил, зориулалтыг өөрчилж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хэрэгцээнд авто машин худалдан авсан байна.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" эрхтэй юм. Мөн Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажлын албатай байх бөгөөд хурлын нарийн бичгийн дарга зөвхөн ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах эрхтэй.
Хэдийгээр Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтэй байх бөгөөд төсвийг Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна." гэж заасан боловч мөн зүйлийн 55.2-т "Энэ хуулийн 55.1-д заасан төсөв нь Хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвөөс бүрдэнэ." гэж заасан.
Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч ******* нь хуулиар зөвхөн ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах, хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвийг захиран зарцуулах эрхтэй байхад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18 дугаар хуралдааны "Аймгийн 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай" 18/03 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт"-ын 3.4 дэх хэсэгт заасан "цахим шилжилт, тоног төхөөрөмжийн зориулалт бүхий 258,9 сая төгрөгийг нэршил, зориулалтыг нь өөрчилж зориулалтын бусаар зарцуулсныг холбогдох байгууллагаас шалгасан ба хэргийн материалыг аймгийн Цагдаагийн газраас гаргуулан танилцахыг хүсье.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын албаны албан хаагчдын ажлын цаг ашиглалт, бүртгэлийг сайжруулах талаар тодорхой дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байна гэжээ.
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түмэндэлгэрээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******эд 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой буюу өмнөх өдөр нь “сонсох ажиллагаа” явуулах гэж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд маргааш өглөө нь буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад сонсох ажиллагаа явагдсан.
Нэхэмжлэгчийн хувьд автомашин авсан гэх асуудал яригддаг. Автомашин авах хэрэгцээ шаардлага байсан бол Иргэдийн хурал өөрөө төсвөө баталдаг. Тухайн жилийн төсөв дээр тусгаж шаардлагатай зүйлийг авдаг. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө дур мэдэж цахим тоног төхөөрөмжийн батлагдсан төсвийг дур мэдэж багцад машин оруулсан. Уг багцад машин, техник гэсэн зүйл яригдаагүй. Мэдээж нээлттэй тогтоолд заасан байсан бол аль эрт уг автомашиныг авах байсан байх, яагаад тодорхой заагаагүй гэдэг асуудал нь өөрөө цаана ямар нэгэн асуудал байсан учир тусгагдаагүй байх гэж бодож байна. Гэрч ******* даргын мэдүүлэг дээр багцлах эрхгүй шүү, хууль зөрчсөн байна гэдгийг Санхүү төрийн хэлтсийн хүмүүс хэлж, ойлгуулж байсан байна гэдэг нь харагдаж байна. Мөн уг багцлах асуудал нь буруу юм байна гэдгийг мэдээд, залруулж уг тогтоолыг хүчингүй болгосон асуудал байгаа. Зайлшгүй баталсан төсвийг хэрэгжүүлээд явлаа гэж бодоход, хэрэгжилт нь ямар байх вэ гэдэг дээр дан ганц нэг хүн дээр төвлөрнө гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байна.
Нэгдүгээрт: Нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдааны явцад хангалттай тайлбаруудыг хийсэн гэж үзэж байна. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагч нь захирамжийн үндэслэл болгосон хэсгүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байгаа юм. Анх дээрх сахилгын шийтгэл оногдуулсан ******* даргын захирамжийн хувьд “сонсох ажиллагаа ” явуулсан процессын үеэс эхлэн хуулийг зөрчсөн байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед сонсох ажиллагаа явуулах гэж байгаа энэ зарчмаа хуульд заасны дагуу *******эд мэдэгдээгүй нөхцөл байдал харагдаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан заалт зөрчигдсөн. Нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй, нэхэмжлэгчийг өрөөндөө дуудаж “чамайг ажлаас” хална гэдэг зүйлийг хэлсэн нь сонсох ажиллагааг хуульд заасан дүрэм журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм.
Хоёрдугаарт: *******ийн хувьд Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн сонгон шалгаруулалтад тэнцэж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм. Гэтэл *******ийг үндэслэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэх заалтыг хариуцагч зөрчсөн гэж үзэж байна.
Гуравдугаарт: Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч *******эд сахилгын шийтгэл оногдуулсан захирамж няцаагдаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө цаг ашигладаггүй, цагаа бүртгүүлдэггүй гэх нөхцөл байдлуудыг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн. Гэтэл Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаныхан 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сар хүртэлх цаг ашиглалт бүртгэгдсэн байдаг. Ингэхдээ нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ өдөр хүртэл нэхэмжлэгч нь цаг бүртгүүлж байсан юм уу, үгүй юм уу гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй юм. Дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр Б/04 тоот тушаалыг гаргаж нэхэмжлэгч *******эд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дөрөвдүгээрт: *******ийн хувьд автомашиныг зориулалтыг бусаар ашигласан дур мэдсэн гэх асуудал яригддаг. Уг асуудлаар үндэслэлгүй аудитын дүгнэлт гаргуулж, Ховд аймгийн Цагдаагийн газраас шалгуулсан байдаг. Тухайн гэмт хэрэгт холбогдуулан *******ийн Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.8.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан нөхцөл байдлууд байдаг. Уг эрүүгийн хэрэг шалгагдаад нотлох баримтын хүрээнд хангалттай нотлох баримт цуглаагүй, үндэслэлгүй байна гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэсэн нөхцөл байдлыг хүчингүй болгосон.
Иймд дээрх үндэслэлгүй нөхцөл байдлуудаар *******ийг ажлаас чөлөөлсөн гэдэг нь тогтоогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэгч *******ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
2.5. Хариуцагчийн өмгөөлөгч *******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэг авагдсан нотлох баримтуудын болон нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч *******ийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан үндэслэлээр чөлөөлж мөн холбогдох хуулийн заалтуудыг дурдсан байгаа.
Дээрх сахилгын шийтгэлийг оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл болон бусад хуульд заасан үндэслэлийн дагуу хууль зөрчсөн бол түүний хэлбэр хэмжээ зөрчил гаргасан байдал зэргийг харгалзаж үзэж байж доорх шийтгэлүүдийг алийг нь ч оногдуулах эрх хэмжээ эрх бүхий этгээдэд байдаг.
Нэхэмжлэгч *******ийг яагаад ажлаас халах болсон бэ гэхээр нэгдүгээрт: ажлын цаг ашиглалт, хоёрдугаарт: төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар ашигласан үйл баримт тогтоогдож байгаа юм. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч ******* нь хуулиар зөвхөн ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тушаал гаргах, хурлын үйл ажиллагааны болон ажлын албаны төсвийг захиран зарцуулах эрхтэй байхад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18 дугаар хуралдааны “Аймгийн 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулан батлах тухай” 18/03 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт”-ын 3.4 дэх хэсэгт заасан “цахим шилжилт, тоног төхөөрөмжийн зориулалт бүхий 258,9 сая төгрөгийг нэршил, зориулалтыг нь өөрчилж зориулалтын бусаар ашигласан юм.
Хоёрдугаарт: Тухайн үед автомашин авсан үйл баримт дээр аль аль нь маргадаггүй. Харин автомашиныг хэний эзэмшилд ямар зориулалтаар авсан бэ гэдэг нь прокурорын тогтоол, хэргийн оролцогч болон гэрч нарын тайлбараар тодорхойлогддог. Уг машин нь Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дээр байгаа боловч, хэрэгцээ зориулалт нь Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгцээнд гэж түүнийгээ тодорхойлж тендерээ зарласан байдаг. Мөн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/04 дугаартай *******ийн өөрийнх нь гаргасан “багц олгосон шийдвэр дээр” тусгасан байгаа юм. Цахим шилжилт, тоног төхөөрөмж”-ийн төслийн ажилд автомашин хамаарахгүй байгаа юм. Үүнийг Ховд аймгийн Аудитын газрын албан тоот болон Прокурорын хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ховд аймгийн Прокурорын газрын тогтоол дээр мөн харагдаж байна.
Гуравдугаарт: *******ийн хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай гэдэг утгаараа уг үйлдэл эс үйлдэхүй дээр тухайн үедээ гомдол мэдээлэл гаргаж өнөөдрийн байдлаар шалгагдан явж байна. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар уг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг биш юм. Харин дахин мөрдөн байцаалтад дахин буцааж хохирлын хэмжээг үнэн зөв бодитой тогтоох ёстой байдаг юм.Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон үндэслэл нь үйл баримт нотлогдохгүй байна гэдгээр биш, тухайн хохирлын хэмжээ зөрүүтэй, эргэлзээтэй байгаа учир үүнийг үнэн зөв эргэлзээгүйгээр тогтоох нь зүйтэй байна. Ийм учраас мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах утга агуулга бүхий юм. Түүнээс биш нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг үйлдээгүй байна гэх дүгнэлт хийгдээгүй юм гэдгийг хэлмээр байна.
Дөрөвдүгээрт: Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааг надад явуулаагүй гэх мөн сонгуулийн ерөнхий хорооны орон тооны дарга байсан учраас намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй юм гэдэг тайлбарын тухайд: Тухайн сонгуулийн ерөнхий хорооны ажил үүргийг тухайн албан тушаалынхаа хувьд гүйцэтгэж байгаа. Түүнээс биш төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл авагдаж ажлаас халагдсан бол уг үүргийг үргэлжлүүлэн биелүүлэх гэсэн хуулийн заалт байхгүй. Манай зүгээс сонгуулийн ерөнхий хорооны ажлын албанаас ямар нэгэн байдлаар халаагүй. Зөвхөн Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хийгээгүй, үүнтэй холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулсан.
Сонсох ажиллагааны хувьд ямар ч тайлбар гаргах нөхцөл боломж олгоогүй, сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл талуудын тайлбар болон сонсох ажиллагааны тэмдэглэл дээр сонсох ажиллагааг тодорхой хэмжээнд амаар, бичгээр, цахим байдлаар мэдэгддэг. Нэхэмжлэгчийн хувьд сонсон ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр мэдэгдсэн. Мөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан байдаг. Үүнийг сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж боломжгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан. Энэ нь Төрийн албан тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тогтоогдсон үйл баримтууд:
1. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/302 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн 2024 оны төсөвт тусгуулахаар 5 санал хүргүүлсний 1-т Хурлын даргын албаны ************** улсын дугаартай автомашины урсгал засварын зардалд 10.0 сая төгрөг, 2-т Хурлын нарийн бичгийн даргын албаны машинд акталж дуудлага худалдаанд оруулах, суудлын автомашин худалдан авахад 40.0сая төгрөг, 5-т Хурлын дарга, нарийн бичгийн даргын албан хэрэгцээнд Ipad 2 ширхэг, ажлын албанд зургийн аппарат, дуран худалдан авахад 10 сая төгрөгийг тус тус шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн.
2. Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14/04 дугаар “Аймгийн 2024 оны төсөв батлах тухай” тогтоолын 3 дугаар хавсралтад“Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр арга хэмжээний жагсаалт”-ын III. Тоног төхөөрөмж хэсгийн 3.4-т Цахим шилжилт, тоног төхөөрөмж /Аймгийн ИТХ-ын ажлын алба/-арга хэмжээнд 258.9 сая төгрөгийг 2024 онд бүрэн санхүүжүүлэхээр баталсан байна.
3. Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/462 дугаар албан бичгээр аймгийн 2024 оны төсөвт тусгаж батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах эрхийг шилжүүлэн авах хүсэлтийг аймгийн Засаг даргад хүргүүлснээр аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/42 дугаар “Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлэх тухай” захирамжийн 1 дэх заалтаар Цахим шилжилт, тоног төхөөрөмж /Аймгийн ИТХ-ын ажлын алба/-258.9 сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах тайлагнах эрхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад шилжүүлжээ.
4. Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/04 дугаар “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг багцлах тухай” тушаалаар аймгийн Засаг даргаас шилжиж ирсэн “Цахим шилжилт, тоног төхөөрөмж”-ийн арга хэмжээний 258.9 сая төгрөгийн зардлыг аймгийн ГХУСАЗЗ- автомашин 140.0 сая төгрөг, цахим шилжилт 118.9 сая төгрөг гэж багц болгож, Б/07 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан.
5. Улмаар Цахим шилжилт, тоног төхөөрөмж”-ийн худалдан авах ажиллагааны Багц 1, Багц 2 тус бүрийн ажлын даалгаврыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр баталж, тендер шалгаруулалтыг мөн оны 05 дугаар сарын 30-ны өдөр цахимаар зарлаж, худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар Багц-1, Багц-2 тус бүрт шалгарсан ******* ХХК-тай ажлын гэрээг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, 08 дугаар сарын 26-ны өдөр Багц-2 ажлын гэрээний зүйл болох автомашиныг, 11 дүгээр сарын 12-ны өдөр Багц-1 ажлын тоног төхөөрөмжийг хүлээн авч ашиглалтад оруулсан байна.
6. Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/333 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын орлогчид 2024 онд орж ирсэн PRADO-150 авах хүсэлтийг хүргүүлснээр Засаг даргын орлогч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/588 дугаар захирамжийн хавсралтаар “Цахим шилжилт, тоног төхөөрөмж”-ийн худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа зориулалт, нэр төрлийг харгалзан аймгийн ГХУСАЗЗ- автомашин 140.0 сая төгрөг, цахим шилжилт 118.9 гэсэн багц болгож баталжээ.
7. Энэ захирамж гарсантай холбогдуулан Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар тушаалаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/04 дугаар “Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг багцлах тухай” тушаалаа хүчингүй болгосон.
8. Хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/439 дүгээр албан бичгээр Цагдаагийн газарт “... Хурлын нарийн бичгийн дарга нь “Цахим шилжилт, тоног төхөөрөмж”-ийн ажлын багцалсан үйлдэл, аймгийн ГХУСАЗЗ-д нэршлээр автомашин авч өөрийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа талаар шалгуулах” хүсэлт хүргүүлсний хариуд Цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49-а/5545 дугаар албан бичгээр “...гомдол мэдээллийг шалгаж хартяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэх саналтай аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн...” гэжээ.
9. Хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/474 дүгээр албан бичгээр Төрийн аудитын газарт“... Хурлын нарийн бичгийн дарга нь “Цахим шилжилт, тоног төхөөрөмж”-ийн ажлын багцалж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан нь хуульд нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт хүргүүлсний хариуд Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 457 дугаар албан бичгээр “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй...” гэх хариуг өгчээ.
10. Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор аймгийн Хурлын дарга *******аас ирүүлсэн бүртгэлийн 3719 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0013 дугаар тогтоолоор *******ийг Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад“...Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
11.Ховд аймгийн ерөнхий прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “... хөрөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээ, байгууллагын өмчид автомашиныг хүлээн авсан үнэлгээтэй зөрж байх тул төсөвт хэдэн төгрөгий бодит хохирол учирсаныг хангалттай тогтоож чадаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй...” гэж үзэж *******ийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.
Маргаан бүхий актын үндэслэл, үйл баримтын хууль зүйн дүгнэлт
12. Нэхэмжлэгч нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг хурлын нарийн бичгийн даргын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч маргасан.
13. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар тодорхойлогдоно.
14. Маргаан бүхий актад нэхэмжлэгчийг 2 зүйлд буруутгасны нэг үндэслэл нь Хурлын ажлын албаны албан хаагчдын ажлын цагийн бүртгэлийн зохих ёсоор хийгээгүй, энэ талаар шаардлагатай арга хэмжээг аваагүй, хяналт хэрэгжүүлээгүй, өөрийн ажлын цагаа бүртгүүлээгүй, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглаагүй гэжээ.
15. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамжийн хавсралтаар баталсан нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилгод “..Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Ажлын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмнө хариуцна...:, албан тушаалын зорилтын 4-т “Ажлын албыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангах ...” гэж зааснаас үзвэл албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, цаг ашиглалтын талаар хяналтыг хэрэгжүүлэхээр байна.
16. Хурлын нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/08 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ховд аймгийн ИТХ-ын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.1.1-т Төрийн албан хаагч нь Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын цагийг нарийн баримтлахын дээр ажилдаа ирэх, завсарлах болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусахад цагаа бүртгүүлэх ба ажлын цагаар өрөө тасалгаагаар сэлгүүцэхийг хориглоно.” гэж заажээ.
17. 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Хурлын ажлын албаны цаг ашиглалтын цахим системээс гаргасан 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс ээс 6 дугаар сарын 03-ны өдрийн тайлан, цахим системийг хариуцан ажилладаг гэрч гийн “...Албан хаагчид тус бүр өөрийн төхөөрөмжөөс цагаа бүртгүүлдэг ба 2024 оны 6 цагаас хойш цахим бүртгэл бүрэн хийгдээгүй бөгөөд ашиглахаа больсон..” гэх мэдүүлгээс үзвэл Хурлын нарийн бичгийн дарга ажлын цагаа бүртгүүлдэггүй, албан хаагчдын ажлын цаг ашиглалт хангалтгүй /цахим системд бүртгэгдсэнээр/ байгаа нөхцөл байдал тогтоогдсон.
18. Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралтад зааснаар цаг ашиглалтын бүртгэлийг албан хаагчдын ажлын цаг ашиглалтанд байнгын хяналт тавих, ажилд зарцуулсан хөдөлмөр, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлох, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор хөтлөх ба бүртгэлийг нягтлан бодогч албан хаагч нэг бүрийн нэрээр нээж, цаг бүртгэгчид хүлээлгэн өгөх, цаг бүртгэгчид сарын эцэст хүн нэг бүрийн цаг ашиглалтын тооцоог гаргаж нягтлан бодогчид ирүүлэхээр заасан байна.
19. Иймд цаг ашиглалтын бүртгэлийг цахимаар хийсэн тохиолдолд цахим системээс, гараар бүртгэл хөтөлсөн тохиолдолд уг бүртгэлийг үндэслэж нягтлан бодогч ажлын цагийн тооцоог гаргах ёстой.
20. Ажлын албаны нягтлан бодогчийн сар бүр цалин олгох хүснэгтэд хавсаргасан ажлын цагийн тооцооны хуудас нь цаг ашиглалтын цахим системээс гаргасан ажлын цагийн тооцоо зөрүүтэй буюу цахимаар цагаа бүртгүүлдэггүй Хурлын дарга, нарийн бичгийн дарга болон бусад бүх албан хаагчдын цаг ашиглалт бүрэн байдлаар сар бүр гаргасныг баталгаажуулж байсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; 37.1.16-д Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах; зэрэг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэнийг буруутгахааргүй байна.
21. Хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгасан хоёр дахь үндэслэл нь аймгийн Засаг даргаас эрх шилжүүлсэн Хурлын ажлын албаны Цахим шилжилт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын ажлын 258.9 сая төгрөгийн Төсвийн тухай хууль тогтоомжийг зөрчиж багц болгон нэршлийг өөрчилж худалдан авах ажиллагааг зохион байгуулсан гэжээ.
22. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас 2024 оны төсвийн төсөлд Хурлын даргын албаны автомашины урсгал засварын зардалд 10.0 сая төгрөг, Хурлын нарийн бичгийн даргын албаны машинд акталж дуудлага худалдаанд оруулах, суудлын автомашин худалдан авахад 40.0сая төгрөг, 10 сая төгрөгөөр зарим шаардлагатай тоног төхөөрөмж авах зардлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлж байсан, харин хурлын ажлын албанд Цахим шилжилт, тоног төхөөрөмж нэршлээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 258.9 сая төгрөгийг аймгийн Засаг даргаас боловсруулсан төсвийн төсөлд тусгагдаж батлагдсан.
23. Аймгийн Засаг даргаас А/42 дугаар захирамжаар 258.9 сая төгрөгийн цахим тоног төхөөрөмж худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргад шилжүүлсэн шилжүүлсэн талаар талууд маргаангүй.
24. Харин уг ажлыг зохион байгуулахдаа 2 багц болгож, нэршил зориулалтыг өөрчилж автомашин худалдаж авсан нь хууль бус гэж маргаж байна.
25. Нэхэмжлэгчээс аймгийн 2024 оны төсөв төсөл боловсруулах үе шатандаа оролцоогүй, ямар үндэслэлээр дээрх хөрөнгө оруулалтын ажил төсөвлөгдсөн талаар мэдэхгүй гэж, харин төсөв хэлэлцэх хуралдаан болох үед ажилд томилогдсон байсан учраас хуралдааны ажлыг зохион байгуулсан, төсөв хэлэлцэх үед Хурлын дарга буюу аймгийн ГХУСАЗЗ-ийн даргын албан хэрэгцээнд автомашин авах шаардлагатай талаар танилцуулж дэмжигдсэн гэж тайлбарласан ч энэ талаар хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн зүйлгүй, автомашин нэршлээр төсөв батлаагүй байна.
26. Мөн Хурлаас 2024 оны төсвийн төсөлд хүргүүлсэн санал, гэрч Г.Пүрэвгандийн мэдүүлгээс үзвэл аймгийн ГХУСАЗЗ-д автомашин авах хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт, санал хүргүүлж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
27. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна: 14.1.20.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн, 16 дугаар зүйлийн 16.1.Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна. 16.4.Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна: 16.4.14.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн; гэж заасан ба 14 дүгээр 14.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.”, 16.5.Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 16.5.2.батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;гэжээ.
28. Иймээс эрх шилжүүлж авагч нь нь эрх шилжүүлэгчийн шилжүүлсэн нэршил зориулалт, хэмжээний хүрээнд төсвийг зарцуулах үүрэгтэй бөгөөд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд эрх шилжүүлэгчид хандахаар байна.
29. Гэтэл Хурлын нарийн бичгийн даргын А/04 дүгээр тушаалаар Цахим шилжилт, тоног төхөөрөмж 258.9 сая төгрөгийн гэснийг багц-1 цахим шилжилт, тоног төхөөрөмж худалдан авах 140.0 сая төгрөг, багц-2 Аймгийн ГХУСАЗЗ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/ -д автомашин худалдан авах 118.9 сая төгрөг гэж нэршил зориулалтыг өөрчлөхдөө эрх шилжүүлэгчээс зөвшөөрөл аваагүй болох нь гэрч , ******* нарын мэдүүлэг болон өөрөө дээрх тушаалаа хүчингүй болгосон үйлдлээр нотлогдсон.
30. Нэхэмжлэгч энэ үйлдээ тайлбарлахдаа “...би тушаал гаргах биш аймгийн Засаг дарга захирамж гаргах байсан нь хэлбэрийн төдий алдаа байсныг залруулж өөрийн тушаалаа хүчингүй болгож, аймгийн Засаг даргын орлогчид хүсэлт хүргүүлж А/588 дугаар захирамжаар 2 багц ажлыг батлуулсан.” гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.
31. Энэ нь захиргааны акт гаргах төрөл, хэлбэрийн тухай бус хуулиар эрх олгогдсон захиргааны албан тушаалтны хэрэгжүүлэх бүрэн эрхийн тухай асуудал бөгөөд тодруулбал төсвийн шууд захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхийг эдлэх учиргүй.
32. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь Хурлын төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар Хурлын үйл ажиллагааны, ажлын албаны төсвийг захиран зарцуулах эрхтэй. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т Ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Хурлын нарийн бичгийн дарга тушаал гаргана” гэж заасан.
33. Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/30 дугаар тушаалаар А/04 дүгээр тушаалаа хүчингүй болгож мөн өдөр аймгийн Засаг даргын орлогчийн А/588 дугаар захирамж гарсан байх ба тухайн үед 2 багц ажлын худалдан авах ажиллагаа явагдаж дууссан, Багц-1, Багц-2 тус бүрийн ажлын гэрээг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан байсан.
34. Иймд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргээ зөрчиж мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2.албаны эрх мэдлээ хэтрүүлэх; 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах; гэсэн хориглосон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
35. Мөн Төрийн аудитын байгууллагаас дээрх зөрчлийн талаар холбогдох баримтыг хянан үзэж тайлбар дүгнэлт гаргасан, Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар үйл баримт тогтоогдсоныг дурдах нь зүйтэй.
35. Сонсох ажиллагааны тухайд оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг олгох зорилготой бөгөөд хариуцагчаас маргаан бүхий акт гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлж уулзаж, тайлбар гаргах боломж олгосон болох нь сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогдож байна.
36. Дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн зарим чиг үүрэг, хориглох үйл ажиллагааг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” 48.1.4.төрийн албанаас халах; 48.3.Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй. гэж заасныг маргааны үйл баримттай холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан зөрчлийн шинж байдал тохирсон, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаар захирамж нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
37. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.5.2, 70 дугаар зүйлийн 70.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн “Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгох, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгуулах, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ