Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж, 

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч А.Е,

улсын яллагч Б.Б,

хохирогч Ш.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К, 

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч У.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, .... овогт У-ы Б, ..... оны ..... дугаар сарын ...-ны өдөр төрсөн..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... аймгийн .... сумын .... дугаар багт оршин суудаг, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, РД:..........................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч У.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19-20 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутагт орших “Тирлик” захын зүүн хойд хэсэгт байрлах иргэн Ш.А-гийн өргөн хэрэглээний барааны бөөний дэлгүүрт түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч У.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 19-20 цагийн үед хохирогч Ш.А-гийн дэлгүүрт түлхүүр тааруулан хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09 дүгээр хуудас/,

- Цагдаагийн албан хаагч К.Е, Е.Д нарын илтгэх хуудас /хх-ийн 11 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч У.Б-аас эд мөрийн баримтаар хураан авсан түлхүүрүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16, 21 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч У.Б гэмт хэрэг үйлдэх үед хулгайлсан эд зүйлсээ хийж авч явж байсан бор өнгийн задарсан 1 ширхэг шуудайг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 22 дугаар хуудас/,

- Хулгайлагдсан эд зүйлсийг эзэн нь А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, 

- Хохирогч Ш.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...  У.Б нь сүүлийн 2 жил орчим надад дэлгүүр дээр туслах ажил хийж ажиллаж байгаа юм. Би өдрийн хоолны мөнгө, мөн цалин болгож 8000-10000 төгрөг өгч ажиллуулж байгаа. ... энэ удаа харин яг цагдаагийн өөрт нь баригдсан нь сайн хэрэг боллоо. Гэхдээ би урьд өмнө тийм хэмжээний бараа авсан гэж гаргаж ирж чадахгүй, яагаад гэвэл би ямар ч орлого, зарлагын бүртгэл, тооцоо хөтөлдөггүй, бараа, материалыг авч ирж оруулаад захаас нь зарж байдаг. ... У.Б-аас та нар хурааж авсан эд зүйлийн үнийг тогтооход амархан. Би Б-д итгэж дэлгүүрийн түлхүүрийг өгдөггүй байсан. Энэ хураагдсан түлхүүрүүдийг огт үзэж байгаагүй түлхүүрүүд байна. Учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч У.Б-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...  Би А-гийн дэлгүүрт туслахаар ажилладаг байсан. Тэр өдөр согтуудаа хулгай хийсэн байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч У.Б-ы хохирогч Ш.А-гийн өргөн хэрэглээний барааны бөөний дэлгүүрт түлхүүр тааруулан нэвтэрсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх нөхцөлийг хангаж байна. 

Шүүгдэгч У.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч У.Б-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

Шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг түлхүүр, 1 ширхэг шуудайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав. 

Шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У.Б-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, ............ дугаартай гадаад паспорт зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт У-ы Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Шүүгдэгч У.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг түлхүүр, 1 ширхэг шуудайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч У.Б-ы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, ....... дугаартай гадаад паспорт зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч У.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д