Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00722

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00722

 

С.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00413 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ш-ийн хариуцагч МСНЭ ГҮТББ-д холбогдох МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар хурлын үйл ажиллагаа МСНЭ-ийн 16 дугаар Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар их хурлаас баталсан МСНЭ-ийндүрмийг хүчингүйд тооцуулах, МСНЭ-ийн ээлжит 17 дугаар их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ш түүний өмгөөлөгч Н.Н , С.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ш миний бие 1995 онд МСНЭ-ийн гишүүнээр элссэн бөгөөд 23 жил монголын сэтгүүл зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байна. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан ба МСНЭ-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар Их хурлаас МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчийг шинээр сонгосноор бүрэн эрх дуусгавар болж, чөлөөлөгдсөн. МСНЭ-ийн Удирдах зөвлөл нь Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Мэргэжлийн төвүүд, Дүрмийн хорооны төлөөллийг оролцуулсан 11 гишүүнтэй бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 11 гишүүний 10 гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан ба 1 гишүүний орон тоо сул байсан. Удирдах зөвлөл нь МСНЭ-ийн ээлжит Их хурлыг 4 жил тутамд товлон зарлах ба Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар ээлжит бус Их хурлыг хуралдуулдаг. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Удирдах зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн 4 гишүүн хуралдаж, МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан байдаг. МСНЭ-ийн ээлжит 16 дугаар Их хурал 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Үндэсний төвүүдийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгосон байдаг бөгөөд дараагийн ээлжит Их хурал 2019 оны 01 дүгээр сард хуралдахаар байсан. МСНЭ-ийн 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал нь дор дурдсан хэд хэдэн үндэслэлээр хүчингүйд тооцогдохоор байна. Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан МСНЭ-ийн дүрмийн 4.24-т зааснаар Удирдах зөвлөл нь ...хамтын удирдлагын байгууллага мөн, 4.26-д Удирдах зөвлөл нь ... 11 гишүүнтэй байна, 4.28.1-т Удирдах зөвлөлийн хурлын ирц 50-иас дээш хувь байвал хүчинтэйд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн ба 4.28.2-т Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхын зөвшөөрсөн шийдвэрийг хүчинтэйд тооцно, 4.28.5-д Удирдах зөвлөлийн хурлын явцыг протоколд тэмдэглэх бөгөөд шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж, оролцсон гишүүд түүнд гарын үсэг зурна гэсэнтэй нийцээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд Удирдах зөвлөлийн 10 гишүүний 5 гишүүн нь оролцсон байдаг бөгөөд тус хурлаас МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг товлон зарлах, товыг тогтооход Удирдах зөвлөлийн 5 гишүүн огт оролцоогүй. Мөн хурлын явцыг протоколд тэмдэглэж, хурлаар шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж, гишүүд гарын үсэг зураагүй зэргээр МСНЭ-ийн дүрэмд заасан Удирдах зөвлөлийн хурал, түүнээс гарсан шийдвэрийг албан ёсны болгож баталгаажуулах журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хуралд оролцсон гишүүдийн тоо Удирдах зөвлөлийн хурлыг хүчинтэйд тооцох ирцийг бүрдүүлээгүй, хурлаар хэлэлцсэн асуудлаар Удирдах зөвлөлийн шийдвэрийг бичгээр гаргаж, гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагуудыг ноцтойгоор зөрчиж, МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарласан гэх Удирдах зөвлөлийн шийдвэрийг баримт бичиг болгон албажуулж гаргасан зүйл байдаггүй. С.Ш миний бие тус хурлаар хэлэлцэх асуудлыг анхнаасаа дэмжээгүй ба Удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит Их хурлыг л товлон зарлах үүрэгтэй, ээлжит Их хурал хуралдах хугацаа болоогүй байгаа бөгөөд хэрэв ээлжит бус Их хурлыг хуралдуулах шаардлагатай тохиолдолд Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар дэмжигдсэн байх ёстой гэдгийг 2017 оны 10 дугаар сарын 31-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурал дээр тайлбарлаж, Удирдах зөвлөлөөс ээлжит Их хурлыг товлон зарлах асуудлыг хойшлуулах саналтай байгаагаа мэдэгдсэн ба бусад гишүүд ч үүнийг дэмжиж байсан. Гэтэл Удирдах зөвлөлийн нэр бүхий 5 гишүүн дээрх саналыг харгалзахгүйгээр С.Ш намайг Удирдах зөвлөлийн гишүүнийхээ хувьд Удирдах зөвлөлийн хуралд тэгш эрхтэйгээр оролцох, саналаа өгөх бүрэн эрхийг хязгаарлаж Удирдах зөвлөлийн хурлыг хууль бусаар хуралдуулсан. Иймд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлыг МСНЭ-ийн дүрмийн дагуу хүчингүйд тооцох үндэслэлтэй юм. МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал нь дээр дурдсанчлан хүчингүй хурал байхын зэрэгцээ хурлаас гаргасан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр товлон зарласан зар буюу хурлаас гарсан шийдвэр нь мөн адил хүчингүйд тооцогдоно. Түүнчлэн, миний бие Их хурлыг хууль бусаар товлон зарлаж, хуралдуулж байна гэж үзэж, санал нэгдсэн нөхдийн хамт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурал гэх хуралд төлөөлөгчөөр оролцохоос татгалзаж, хуралд оролцоогүй болно. Дээрх Их хурлын үр дүнд нь С.Ш миний бие гишүүнийхээ хувьд МСНЭ-ийн удирдах дээд байгууллагад хууль ёсоор сонгох, сонгогдох эрх зөрчигдөж, МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон. Иймд МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү. МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын үйл ажиллагаа дүрмийн дагуу явагдаагүй гэж үзэх дараах үндэслэлүүд байна. МСНЭ-ийн 2015 оны Дүрмийн дагуу /4.3, 4.5, 4.16.4-р заалтууд/ ээлжит Их хурлыг 4 жил тутамд УЗ-өөс, ээлжит бус Их хурлыг Бага хурлын гишүүдийн 2/3-ын саналаар тус тус товлон зарлаж, хуралдуулах дүрэмтэй. МСНЭ-ийн ээлжит 16 дугаар Их хурал 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бөгөөд дараагийн ээлжит хурлын хугацаа болоогүй 1 жил гаруй хугацаа дутуу байсан. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17 дугаар Их хурал нь угтаа ээлжит бус Их хуралд тооцогдох юм. Гэвч ээлжит бус Их хурлыг Удирдах зөвлөлөөс биш Бага хурлаас зарлан хуралдуулахаар дүрмийн 4.16.41-т заасан байдаг тул МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал нь дээр дурдсанчлан хүчингүй хурал байхын зэрэгцээ өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, шийдвэр гаргасан нь дүрмийн дагуу хуралдаагүй гэж нэг үндэслэл юм. МСНЭ-ийн дүрмийн 4.4-т Их хурлын төлөөлөгч нь МСНЭ-ийн хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно гэж заасан байдаг. Гэтэл Удирдах зөвлөлөөс 17 дугаар Их хуралд төлөөлөгч сонгох тухай ямар ч журам гаргаж батлаагүй болно. Нэгэнт батлагдсан журам байхгүй тул Их хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч мандат олгох асуудал замбараагүй явагдаж маргаан дагуулах гол үндэслэл болсон. Их хурлын төлөөлөгч биш 3 хүн (А.Б /Орхон/, Ж.С /Өмнөговь/, Б.Г /УБ/) Их хуралд оролцож санал өгснөөр барахгүй бүр Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлд сонгогдсон нь хурлын үйл явцыг дүрсжүүлсэн видео бичлэг, аймгийн сэтгүүлчдийн анхан шатны хурлын тэмдэглэл, мөн тухайн хуралд оролцсон төлөөлөгчид бүрэн гэрчлэх зэрэг үйл баримтуудаар тогтоогдох тул МСНЭ-ийн 17 дугаар Их хурал дүрмийн дагуу явагдаагүйг нотлох хангалттай үндэслэл гэж үзэж байна. 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 16 дугаар Их хурлаас Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүд /9 хүн/ тус тус сонгогдон ажиллаж байгаад МСНЭ-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар Их хурлаас дээрх 9 хүний бүрэн эрх дуусгавар болж, чөлөөлөгдсөн болно. МСНЭ-д Орон нутгийг төлөөлөх Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүдийг сонгосон МСНЭ-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг дор дурдсан үндэслэлээр хүчингүйд тооцуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Тус Их хуралд оролцох нийт төлөөлөгчдийн тоог 305 байхаар тогтоож, түүний дотор орон нутгийн салбар зөвлөлөөс 55 төлөөлөгч оролцуулахаар квот тогтоосон байдаг. Уг тоонд багтааж Их хуралд сонгогдож ирэх төлөөлөгчдийн квотыг аймаг тус бүрээр нь гаргаж урьдчилан хүргүүлсэн. Аймгийн сэтгүүлчдийн хурлаас уг квотын тоонд багтааж төлөөлөгчдөө сонгож хурлын тэмдэглэлээ ирүүлсэн билээ. Гэтэл орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хуралд Их хурлын төлөөлөгч бус, анхан шатны бүх гишүүдийн хурлаас сонгогдоогүй, дээрх 55 төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад байхгүй А.Б (Орхон аймгаас) оролцож санал өгсөн, улмаар Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь МСНЭ-ийн дүрмийг илтэд ноцтойгоор зөрчсөн байна. Дүрмийн 4.9-т зааснаар нийт 55 төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгогдох ёстой дэд Ерөнхийлөгч А.Б яг хэдэн хүний саналаар хэрхэн сонгогдсон нь тодорхойгүй байдаг. Мөн Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн салбарын хурлаасаа мандат аваагүй, Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй, сэтгүүлч Ж.С нь хуралд оролцож санал өгсөн зэргээр тус сонгууль илт дүрэм зөрчиж явагдсан байх тул МСНЭ-ийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль хүчингүйд тооцогдох үндэслэлтэй юм. МСНЭ-ийн дүрмийн 4.17, 4.18, 4.20-д заасны дагуу Орон нутгийн мэргэжлийн гишүүдийн хурал нь Орон нутгийн төлөөллийг Удирдах зөвлөл, Бага хуралд сонгох эрх бүхий үндсэн бүтцийн нэгж юм. Нэгэнт орон нутгийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд төлөөлөх Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгох сонгууль хүчин төгөлдөр бус болсон нь орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин зарлан хуралдуулж уг хурлаас орон нутгийг төлөөлөх Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг дүрэмд нийцүүлэн дахин сонгох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Ийнхүү Орон нутгийн мэргэжлийн төвийн хурлыг дүрмийн дагуу явуулаагүйгээс үүдэн өнөөдөр орон нутгийн сэтгүүлчид хэнд хандах, хэрхэн ажиллах нь тодорхойгүй болж талцал хуваагдал, үл ойлголцол газар аваад байна. Энэ талаар орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн өмнө нь Орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэхэмжлэгч С.Ш надад удаа дараа хандаж тодорхой гарц шийдэл хүсэж байна. Мөн миний бие Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ТББ-ын тэргүүнээр ажилладаг бөгөөд манай холбооны Удирдах зөвлөлд хандаж Орон нутгийн сэтгүүлчид салбар зөвлөлүүдээс ирүүлсэн хамтарч ажиллах тухай өөрсдийн хүсэлтийг илэрхийлсэн албан бичгийг МСНЭ-д хүргүүлсэн болно. Дээрх асуудлыг шийдэхийн тулд хариуцагч Х.М-т хандаж 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 62/2018 тоот албан хүсэлт, Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын тэмдэглэлийн хамт хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан болно. Уг асуудлын талаар хариуцагч өнөөдрийг хүртэл ямарваа нэг хариу өгөөгүй тул шүүхэд хандаж эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх болоод байна. Иймд МСНЭ-д орон нутгийг төлөөлөх дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүдийг сонгосон Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин зарлан хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгаж өгнө үү. С.Ш миний бие МСНЭ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дах ээлжит Их хурлаас Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Гэтэл, МСНЭ-ийн Удирдах зөвлөл нь МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг хугацаанаас нь өмнө товлон зарлаж дүрэм зөрчсөний улмаас С.Ш миний Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.МСНЭ-ийн ээлжит 16 дугаар Их хурал 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан бөгөөд дараагийн ээлжит хурлын хугацаа болоогүй буюу 1 жил гаруй хугацаа дутуу байсан. МСНЭ-ийн ээлжит хуралд дүрмийн дагуу 4 жил тутамд 1 удаа хуралддаг бөгөөд 17 дах Их хурал 2019 оны 01 дүгээр сарын 30-нд хуралдах ёстой байсан. Харин ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар бол дүрмийн дагуу МСНЭ-ийн Бага хурлаас зарлан хуралдуулах зохицуулалттай болно. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан хурал нь ээлжит, ээлжит бус Их хурлын аль нь ч биш, дүрмийн бус хурал учраас МСНЭ-ийнн 17 дахь ээлжит Их хурал одоог хүртэл хуралдаагүй байгаа юм. Иймд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ ГҮТББ-ын 17 дугаар Их хурлаас баталсан МСНЭ-ийн дүрмийг хүчингүйд тооцож, МСНЭ ГҮТББ-ын ээлжит 17 дугаар Их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар Их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг Удирдах зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МСНЭ нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод сайн дурын үндсэн дээр элдэн нэгдсэн, гишүүнчлэл бүхий, үндэсний хэмжээний, мэргэжлийн, төрийн бус байгууллага билээ. МСНЭ, түүний Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа нь тус элийн Их хурлаас батлан мөрдүүлдэг дүрмийн хүрээнд явагддаг ба Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэр нь дүрмийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны үйл ажиллагаа болно. МСНЭ нь улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд хэн нэгний хувийн байгууллага биш. С.Ш нь 1995 оноос хойш энэ байгууллагад байсан. Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчийн ажлыг хийж байсан ба 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 02 сар хүртэл Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнхээ дэд ерөнхийлөгч нь өөрөө байсан. 2018 оны 02 дугаар сараас сонгогдсон баг бүрэлдэхүүн энэ үйл ажиллагаанд ямар ч оролцоогүй бөгөөд өөрийнхөө оролцсон үйл ажиллагааны үр дүнд өөрөө гомдсон. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар шийдвэрлэгдсэн асуудал 1 өдөр шийдвэрлэгдээгүй, одоо байгаа баг мөн шийдээгүй. Анх 2017 оны 10 сард энэ асуудлаар хэлэлцсэн байдаг ба С.Ш өөрөө оролцсон. Их хурлын тов тогтоох асуудлыг өөрөө зөвшөөрсөн байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Удирдах зөвлөл хуралдахад С.Ш нь энэ хуралд байгаагүй бөгөөд уг хуралд 1 гишүүн нь цахимаар оролцсон. 01 дүгээр сарын 22-ны өдөр хурлын зохион байгуулалтын асуудал ярьсан хуралд С.Ш оролцсон бөгөөд уг хуралд 2 гишүүн утсаар санал өгсөн байдаг. Их хурал хуралдах эсэх дээр маргахгүй өөрөө оролцсон байдаг. Журам хэлэлцэхэд С.Ш-ийн боловсруулсан хувилбараар баталсан, өөрөө оролцсон. Ээлжит, ээлжит бус хурал гэж ярьдаг. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар Их хурал хуралдсан. Дүрмийн 4.4-т 4 жил тутамд хуралдана гэсэн байгаа. 4 жил тутамд гэдгийг 4 дах жил дотроо гэж ойлгоно. Энэ талаар Удирдах зөвлөл дээр яриад 2015, 2016, 2017, 2018 он гэж тоолоод 2018 оны буюу 4 дах жилийн 02 сард хурлаа хийхээр болсон. Иргэний хуулийн хугацаа тоолох талаар зохицуулсан 73 дугаар зүйлд хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар дугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна гэсэн. 2018 оны 02 дугаар сард 4 дах жил эхэлсэн. Ирцийн хувьд 11 гишүүнээс 10 гишүүн байсан тул 6 гишүүн оролцож олонхи болно. 5 хүн ирсэн н.Ж-ын хувьд өвчтэй байсан тул оролцоогүй боловч зөвшөөрсөн саналаа өгсөн. С.Ш өөрөө 2 хүн утсаар оролцуулаад хуралдахаар ирц хүрдэг, 1 хүн оролцохоор ирц хүчингүй гэдэг ойлголт байхгүй. Шийдвэр тогтоолын асуудал ярьдаг. Улаанбаатар төмөр зам гэхэд протоколоор явдаг. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол шийдвэр гаргадаг. н.Галаарид гарын үсэг зурсан. Хуурамч баримт үйлдсэн гэж намайг цагдаад өгсөн. Өөрсдөө сайт дээрээ тавьсан дүрмээ хэрэглэж байгаад дараагийн дүрмээ баталсан. Тэр дүрэм нь 4 жил сайт дээрээ анхны тавигдсанаараа байсан. С.Ш өөрөө оролцож тэр дүрмийн дагуу явуулсан байдаг. Өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Цагдаа шалгаад сайтад байршсанаас хойш засвар ороогүйг тогтоосон. Их хурал дүмийн дагуу явагдаагүй гэдэг зүйл ярьдаг. Их хурал дүрмийн дагуу явагдаагүй гэж байгаа бол өөрсдөө хийсэн ажил. Дүрэмд заасан журмын дагуу сонгогдоогүй гэдэг. 2015 оны дүрэмд Удирдах зөвлөл Их хурлыг товлоно гэсэн, товлосон. Дүрмийн 4.4-т журмыг Удирдах зөвлөл тогтооно гэсэн. 10 хүн тутмын нэг гэж тооцоод 300 хүн гэж тогтоосон. С.Ш өөрөө хариуцаад квотыг нь гаргасан. Өөрийн хийсэн үйл ажиллагаагаа өөрөө үгүйсгэж байна. Эрхгүй хүмүүс хуралд ирсэн гэдэг зүйл ярьдаг. 300 сэтгүүлч ирснээс 232 бил үү 282 нь мандаттай байсан. 80 хувь нь ирснээр олонхи ирж хүчинтэй болсон. Мандаттай төлөөлөгч нар нь байсан. Сонгогдох эрх нь хэнд ч чөлөөтэй байсан тул зарим хүнийг урьж авчраад сонгосон. н.Б С.Ш-ийн оронд сонгогдсон. н.С-ын хувьд хүн ирээгүй тул нөхөн мандат олгосон. н.С-ын хувьд хүчингүй байлаа гэхэд хурлыг хүчингүй болгох хэмжээний асуудал биш. Орон нутгийн мэргэжлийн төвийн асуудал ярьдаг. Хурлыг хүчингүй болгох юм бол бусад бүх төвүүд татан буугдах ёстой болно. 2015 оны дүрмийн дагуу хурал хуралдуулахыг даалгуулна гэдэг. Хүчингүй болгосон дүрмийн дагуу хуралдахыг даалгах боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С.Ш-ийн хариуцагч МСНЭ ГҮТББ-д холбогдуулан гаргасан МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар хурлын үйл ажиллагаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 16 дугаар Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ ГҮТББ-ын 17 дугаар их хурлаас баталсан МСНЭ-ийн дүрмийг хүчингүйд тооцуулах, МСНЭ ГҮТББ-ын ээлжит 17 дугаар их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 210 600 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 140 400 төгрөг, нийт 421 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. МСНЭ-ийн УЗ нь Их хурлаа товлохдоо дүрэм зөрчсөн. Их хурал нь хуралдахдаа Их хурлын төлөөлөгчийн мандатын эрхийг зөрчсөн. Үүний улмаас УЗ-ийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болж сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн. Дүрэм зөрчсөн УЗ болон Их хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлагын агуулга оршино. УЗ дүрмээ зөрчсөн эсэхийг тогтоохын тулд эхлээд 17 дугаар Их хурал ээлжит Их хурал уу, ээлжит бус Их хурал уу гэдгийг тогтоох нь хамгийн чухал юм. 17 дугаар Их хурал ээлжит Их хурал уу, ээлжит бус Их хурал уу гэдгээс хамааран нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэх нь тодорхой болох юм. Хэрэв ээлжит Их хурал гэж үзвэл УЗ дүрмээр олгогдсон эрхээ хэтрүүлсэн. УЗ Бага хурлын эрхэнд халдсан. УЗ-ийн болон Бага хурлын гишүүдийн сонгогдох эрхэнд халдсан зэрэг нэхэмжлэгчийн гаргасан зарим шаардлагууд хангагдахгүй байх үндэслэлтэй байв. Харин хэргийн материалд авагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний явцад 17 дугаар Их хурлыг ээлжит бус Их хурал гэж үзэх үндэслэлтэй байгааг анхан шатны шүүх тогтоосон. Ийнхүү 17 дугаар Их хурал ээлжит бус Их хурал гэдгийг тогтоосноороо 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан УЗ-ийн хурал нь МСНЭ-ийн дүрмийн 4.3-д заасан Их хурал нь 4 жил тутамд хуралдана, дүрмийн 4.16.4-д заасан МСНЭ-ийн Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнийг шүүх өөрийн дүгнэлтээрээ нотолсон. Гэтэл анхан шатны шүүх өөрийн гаргасан дүгнэлтийнхээ эсрэг логикийн алдаатай шийдвэр гаргаж дүрмээ зөрчсөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн УЗ-ийн хурлын шийдвэрийг дүрмээ зөрчөөгүй болгохын тулд дүрмийн маш тодорхой заалтуудыг үгүйсгэн өөрийнхөөрөө тайлбарласан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн хэсэгт ...Дээр дурдсан үйл баримтуудаас нэгтгэн дүгнэхэд хэдийгээр МСНЭ-ийн Удирдах зөвлөл нь дүрэмд заасан бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Их хурлыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан нь дүрмийн зохицуулалтад нийцэхгүй байх боловч дүрэмд Бага хурал ямар тохиолдолд ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулах талаар нарийвчлан зохицуулаагүй тул 17 дугаар Их хурлыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй...гэж тайлбарласнаас харвал ээлжит бус Их хурлыг аливаа шаардлага гарвал УЗ ч зарлан хуралдуулж болох мэт дүрэмд огт байхгүй заалтыг шүүгч өөрийн тайлбараараа гаргасан байна. Ямарч тохиолдолд ээлжит бус Их хурал хуралдахаар бол Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар товлон хуралдуулна гэж дүрмэндээ тов тодорхой заасан байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас шүүхийн журмаар гаргуулсан Дүрмийн 4.16.4-т заасныг өөрөөр тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

УЗ-ийн шийдвэр нь дүрмийн дагуу албажаагүй тухай нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг дүрэмд нийцсэн болгож харагдуулахын тулд хариуцагч талаас засвартай дүрэм, нөхөж бүрдүүлсэн тогтоол зэрэг хуурамч баримт бичгүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзээгүйгээр энэ тухай ямар ч тайлбар няцаалт шүүхийн шийдвэрт тусгаагүй байна. Хариуцагч тал эхлээд УЗ-ийн даргын гарын үсэгтэй тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас тогтоол нь дүрмийн дагуу албажаагүй, оролцсон УЗ-ийн гишүүдийн гарын үсэг байхгүй байна гэж маргасан. Маргаж байгаа асуудалд дүгнэлт гаргахын тулд хүчин төгөлдөр дүрмээ шүүхэд авчирч өгөхийг хариуцагч талд даалгасан. Хариуцагчаас Улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр дүрмийг шүүхэд авчирч өгөхөөс 3 удаа зайлсхийж байгууллагынхаа сайтан дээрээс татаж эх бус дүрэм өгсөн нь хэргийн материалд авагдсан. Уг сайтаас татсан дүрэмд 4.28.5 дах заалтыг Удирдах зөвлөлийн хурлын явцыг протоколд тэмдэглэх бөгөөд Удирдах зөвлөлийн шийдвэр гаргаж, Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна өөрсдөдөө ашигтайгаар нэмэлт оруулсан байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр МСНЭ-ийн албан ёсны дүрмийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас шүүхийн журмаар гаргуулан авчруулахад хариуцагч тал үндсэн дүрмээс өөр дүрэм шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгсөн нь тодорхой болсон. Ийнхүү УЗ-ийн тогтоол дүрмийн дагуу албажаагүй нь тодорхой болонгуут Удирдах зөвлөлийн тогтоолыг дахин нөхөн үйлдэж, УЗ-ийн 4 гишүүнээр гарын үсэг зуруулан шүүхэд ирүүлсэн нь хэргийн материалд мөн авагдсан байгаа. Тогтоолыг хэзээ үйлдэж хэрхэн гарын үсэг зуруулсан талаар гэрчүүдийн мэдүүлэг авахуулах талаар нэхэмжлэгч тал хүсэлт гаргасан боловч гэрчүүд нэг хүнээс бусад нь мэдүүлэг өгөөгүй байдаг. Дүрмийн дээрх заалт нь УЗ-ийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцох нэг чухал үндэслэл мөн бөгөөд нотлох баримтууд хангалттай байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ огт харгалзан үзээгүй нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талын барьсан төдийгүй Төрийн бус байгууллагын Их хурал хэрхэн хуралддаг, бүтэц зохион байгуулалт нь ямар онцлогтой байдаг, дүрмээ хэрхэн хэлэлцэж баталдаг, батлагдсан дүрмээ хэрхэн улсын бүртгэлд бүртгүүлж албажуулдаг, дүрэмтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд ямар дүрмийг баримталж шийдвэрлэх талаар ойлголт мэдээлэл дутмаг байгаа байдал нь хэргийг шударга үнэн зөв шийдвэрлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17 дугаар Их хурал нь дүрмээ зөрчсөн. Их хурлын төлөөлөгчөөр анхан шатны хурлаас сонгогдоогүй, мандатын эрхгүй хүмүүс оролцож сонгох, сонгогдох эрх эдэлсэн нь уг Их хурал, тэндээс гарсан шийдвэрүүд хүчингүй болох хангалттай үндэслэл болно. МСНЭ-ийн дүрмийн 4.4 дэх хэсэгт зааснаар УЗ-өөс ямар ч журам гаргаж батлаагүй. Журам батлаж гаргаагүйн улмаас Их хуралд оролцох төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч мандат олгох асуудал замбараагүй явагдсаныг гэрчлэх нотлох баримтууд хэргийн материалд авагдсан. Тухайлбал, сэтгүүлч Б.Г /УБ/-ийн өөрийнх нь ярианы бичлэг, гэрч Н.Н, Ц.О нарын гэрчийн мэдүүлэг, А.Б /Орхон/-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй тухай хамт олны хурлын тэмдэглэл, Н.М, Н.О, О.А нарын гэрчийн мэдүүлэг, Ж.С /Өмнөговь/-ын хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй тухай хамт олны хурлын тэмдэглэл, Ж.Э, Б.Б нарын гэрчийн мэдүүлэг зэрэг хөдөлшгүй нотлох баримтууд байсаар байхад шүүх,... эдгээр үйл баримт нь хурлын ирц хүрээгүй гэдгийг нотлохгүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагыг өөр бусад баримтаар нотлоогүй тул хурлыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад Төлөөлөгч сонгох журам гэж чухам юу болох тухай ямар ч ойлголтгүй байгаагаас гадна Төлөөлөгч сонгох журмыг төлөөлөгчийн тоо /квот/-той хольж хутган тайлбар хийсэн байна. Их хуралд төлөөлөгч сонгох журам нь байнга дагаж мөрдөх ёстой журам биш бөгөөд тухайн Их хурлын төлөөлөгчийг анхан шатны хурлаас хэрхэн сонгох, хэдэн хүн тутмаас нэг төлөөлөгч сонгох, сонгогдсон төлөөлөгч нь ямар, ямар шалгуур хангасан байх, бүх гишүүдийн хурлыг хэрхэн зохион байгуулах, хэрхэн нэр дэвшүүлэх, сонгогдсон төлөөлөгч хуралдаа ирж чадахгүй болсон тохиолдолд хэрхэн нөхөн сонгох төлөөлөгчийн анкетыг ямар маягтаар ирүүлэх, хурлын төлөөлөгчийн мандатын бүрэн эрхийг хэрхэн баталгаажуулах зэрэг эрх, үүргийг нарийн зааж өгсөн албан ёсны журмыг УЗ-өөр хэлэлцүүлэн баталж энэ журмын дагуу хурлын үйл ажиллагаа явагдах ёстой. Их хурлын ирцийн асуудлаар бид маргаагүй. Харин Их хурлын төлөөлөгчийн мандатын бүрэн эрхийн асуудлаар маргаж байгаа. Их хурлын төлөөлөгч биш нэг л хүн хуралд оролцож сонгох, сонгогдох эрх эдэлсэн нь тогтоогдвол уг хурал хүчингүй болох хангалттай үндэслэл болох юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гурван хүний мандатын бүрэн эрх зөрчсөн үйлдлийг нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлоод байхад шүүгч бидний маргаагүй ирцийн асуудалтай хольж хутган тайлбарласан байгаа нь шүүгч өөрөө Их хурлын төлөөлөгчийн мандатын бүрэн эрхийн тухай ямар ойлголтгүй болох нь харагдаж байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас тавьсан Их хуралд төлөөлөгч биш хүмүүс оролцож албан ёсны төлөөлөгчийн мандатын бүрэн эрхийг ноцтой зөрчсөн тухай нэхэмжлэлийн шаардлагыг сөргүүлэн хариуцагч талаас бидний маргахгүй байгаа ирцийн асуудлаар баахан тоо дурдан нэхэмжлэгч рүү чанга дуугаар дайрч давшилсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Нэхэмжлэгч С.Ш нь МСНЭ ГҮТББ /цаашид МСНЭ гэх/-ын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар Их хурлаас тус эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. МСНЭ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар Их хурлаас баталсан дүрмийн 4.24-т зааснаар Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заасан бөгөөд энэхүү заалтын дагуу С.Ш-ийн УЗ-ийн гишүүнээр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байсан. Уг дүрмийн 4.29-т УЗ-ийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлж, огцруулах 4 үндэслэлийг заасан байдаг боловч Удирдах зөвлөл МСНЭ-ийн 17 дугаар ээлжит Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулснаар түүний бүрэн эрхийн хугацааг дүрмийн бусаар хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, С.Ш-ийн МСНЭ-ийн гишүүний хувьд эдлэх 3.9. МСНЭ-ийн удирдах дээд байгууллагыг сонгох, түүнд сонгогдох эрхийг нь зөрчсөн байна. Мөн, МСНЭ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар Их хурлаас баталсан Дүрмийн 4.14-т зааснаар тус эвлэлийн Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар Бага хурлын гишүүн байх бөгөөд нэхэмжлэгч С.Ш нь МСНЭ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар Их хурлаас Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон тул дүрмийн дагуу Бага хурлын гишүүн байсан. МСНЭ-ээс 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр С.Ш ид олгосон №004 дугаартай Дэд ерөнхийлөгчийн үнэмлэх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байснаас үзэхэд УЗ дүрэм зөрчиж 17 дугаар ээлжит Их хурлыг хугацаанаас нь өмнө хуралдуулсны улмаас түүний сонгуульт албан тушаал хаших бүрэн эрхийн хугацаанууд бүгд хугацаанаасаа өмнө дуусгавар болсон байна. МСНЭ-ийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4.1-т МСНЭ-ийн эрх барих дээд байгууллага нь Их хурал байна, 4.2-т Их хурал нь 4 жил тутамд хуралдана гэж зааснаас үзэхэд МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурал 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдахаар байсан байна. Их хурал хугацаанаасаа өмнө хуралдаж байгаа тохиолдолд ээлжит бус их хурал гэж үзэх бөгөөд МСНЭ-ийн дүрмийн 4.16.4-т зааснаар ээлжит бус Их хурлыг хуралдуулах бүрэн эрх Бага хуралд хадгалагдахаар заасан байна. Тиймээс, МСНЭ-ийн 17 дугаар ээлжит Их хурлыг товлон хуралдуулсан УЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийдвэр нь хууль бус юм. Мөн, УЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралд УЗ-ын 11 гишүүний 6 нь оролцсон, 02 дугаартай шийдвэрт УЗ-ын хуралд оролцсон 5 гишүүний 4 нь гарын үсэг зурснаас үзэхэд уг шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. МСНЭ-ийн дүрэмд заасан хугацаатай холбоотой заалтуудын уялдаа холбоог авч үзвэл, МСНЭ-ийн Их хурал 4 жил тутамд хуралдана гэсэн нь УЗ-ийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна, Хяналтын зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэснийг хязгаарлахгүй байх ёстой гэдэг нь харагдаж байна. Их хурал 4 жил тутамд хуралдана гэсэн дүрмийн заалт нь 4 жилийн дотор хэдийд ч байж болно гэсэн хариуцагчийн тайлбар нь МСНЭ-ийн дүрэмд заасан хугацаатай холбоотой заалтууд болон Иргэний хуулийн 71, 72, 73 дугаар зүйлд заасан хугацаа тодорхойлох, хугацаа тоолох, хугацаа тоолж дуусах журамтай зөрчилдөж байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд, МСНЭ-ийн 17 дугаар ээлжит Их хурлыг дүрмийн дагуу товлон зарлаж хуралдуулаагүй бөгөөд Их Хурлын төлөөлөгч биш хүмүүс саналын эрх эдэлсэн үйл баримтууд хэргийн материалд авагдсан бичгийн баримтууд болон хурлын видео бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. Уг 17 дугаар ээлжит Их хурлыг дүрмийн дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй тул уг хурлын бүх үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч С.Ш нь уг хурлын үр дүнд УЗ-ын гишүүн, Бага хурлын гишүүн, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалуудаас чөлөөлөгдсөн тул 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дүрмийг хүчингүйд тооцуулж, МСНЭ ГҮТББ-ын ээлжит 17 дугаар Их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаар Их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулах, Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн УЗ-д даалгуулах замаар зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох боломжтой.

Анхан шатны шүүх шатны шүүхийн шийдвэр нь логикийн хувьд илэрхий алдаатай шийдвэр гарсан. Учир нь МСНЭ-ийн 17 дугаар Их хурлыг Ээлжит бус Их хурал байна гэж дүгнэсэн атлаа Ээлжит Их хурлыг товлон явуулах дүрмийн дагуу явагдсан нь хуульд нийцсэн байна хэмээн дүгнэсэн ойлгомжгүй бөгөөд МСНЭ-ийн дүрмийн 4.16.4-т зааснаар ээлжит бус Их хурлыг хуралдуулах бүрэн эрх Бага хуралд хадгалагдахаар тодорхой заасан байдаг. Дүрмийн тодорхой заалтыг үгүйсгэх үндэслэл байхгүй бөгөөд ээлжит бус Их хурлын хэлэлцэх асуудал бүрэн эрх нь нэгэнт Удирдах Зөвлөлийн гишүүдийн эрх хэмжээний асуудал биш юм. Мөн нэхэмжлэгч С.Ш-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар тодорхой эрх зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн мэдүүлсэн, өмгөөлөгчдийн гаргасан үндэслэлийг үгүйсгэх тодорхой няцаалтыг шүүхийн шийдвэрт тусгаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч МСНЭ ГҮТББ-д холбогдуулан уг байгууллагын Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар хурлын үйл ажиллагаа МСНЭ-ийн16 дугаар Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах, Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ ГҮТББ-ын 17 дугаар их хурлаас баталсан МСНЭ-ийн дүрмийг хүчингүйд тооцуулах, МСНЭ ГҮТББ-ын ээлжит 17 дугаар их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

МСНЭ-ийн Удирдах зөвлөл 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан бөгөөд уг хурлаар МСНЭ-ийн 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр товлон хуралдуулахаар шийдвэрлэж Удирдах зөвлөлийн 02 дугаар тогтоол гаргасан, дээрх хуралд Ерөнхийлөгч Б.Г, дэд ерөнхийлөгч Х.Б, Удирдах зөвлөлийн гишүүн Д.З, Ж.Ба, Б.Б нар биечлэн, Ж.Ж эчнээ байдлаар оролцсон болох нь МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, мөн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар тогтоол, Ж.Ж-ын гаргасан Хуралд оролцох тухай хүсэлт, үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

/1хх59-65, 67, 2хх111-112, 3хх70 дах тал/

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд Төрийн бус байгууллага дүрэмд тусгах зүйлийн талаар заасан. МСНЭ-ийн дүрмийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан 16 дугаар Их хурлаас баталжээ. Уг дүрэм Их хурлыг товлосон дээрх хугацаанд хүчинтэй байсан.

 

Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.28.1-д удирдах зөвлөлийн ирц 50-иас дээш байвал хүчинтэйд тооцно гэж заасан бөгөөд МСНЭ-ийн 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлосон Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралд дээрх байдлаар гишүүдийн олонхи өрсөлдсөн байгаа нь дүрмийн дээрх заалтыг зөрчөөгүй тул уг хурлыг хүчинтэй гэж үзнэ. Иймд 17 дугаар Их хурлыг товлосон 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын ирц хүрээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцсэн. Энэ талаарх нэхэмжлэгчийн Удирдах зөвлөл хурал товлохдоо дүрэм зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн дээрх удирдах зөвлөлийн хурлаар МСНЭ-ийн 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлож тогтоол гарсан болох нь Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, хариуцагчийн тайлбар болон Удирдах зөвлөлийн тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Дүрмийн 4.28.5-д Удирдах зөвлөлийн хурлын явцыг протоколд тэмдэглэх бөгөөд шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргаж оролцсон гишүүд гарын үсэг зурна гэсний дагуу тус өдөр Удидах зөвлөлийн хурал хуралдсан асуудлаар тэмдэглэл үйлдэгдэж, хурлын тов зарласан асуудлаар Удирдах зөвлөлийн тогтоол гарсан байх бөгөөд уг тогтоолд гишүүд тухайн үед гарын үсэг зураагүй нь энэхүү тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн Удирдах зөвлөлийн тогтоол дүрмийн дагуу албажаагүй, дахин нөхөн үйлдэж удирдах зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулсан гэх үндэслэлээр гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр МСНЭ-ийн УЗ хуралдаж МСНЭ-ийн 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулахаар товлосон нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Ш-ийн хариуцагч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ГҮТББ-д холбогдуулан гаргасан МСНЭ-ийн УЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Мөн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт Их хурал нь 4 жил тутамд хуралдана, 4.11 дах хэсэгт Ээлжит бус Их хурал хуралдаж болно, 4.16.4-т ...Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус зааснаас үзвэл /2хх139-144 дах тал/ МСНЭ-ийн 17 дугаар Их хурал 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан болох нь хэргийн 3 дугаар хавтасны 193-234 дах талд авагдсан тус хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. Уг МСНЭ-ийн 17 дугаар Их хурал нь 16 дугаар Их хурал 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсанаас хойш 3 жил 9 хоногийн дараа буюу дүрэмд заасан 4 дэх жилийн хугацаа дуусахаас өмнө зохион байгуулагдсан байх тул ээлжит Их хурал биш, харин ээлжит бус Их хурал гэж дүгнэсэн талаар анхан шатны шүүхийн хийсэн үндэслэлтэй, Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт нийцжээ.

 

МСНЭ-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт Ээлжит бус Их хурал хуралдаж болно гэж заасан, уг дүрмийн дээрх заалтаас үзэхэд Их хурал нь ээлжит болон ээлжит бус гэсэн төрөлтэй байх бөгөөд дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.16.4-т зааснаар ээлжит бус Их хурлыг Бага хурлын гишүүдийн 2/3 хувийн саналаар зарлан хуралдуулахаар заасан байх боловч ээлжит бус Их хурлыг УЗ зарлан хуралдуулахыг дүрмээр хориглоогүй байна. Мөн ээлжит болон ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлыг дүрэмд нарийвчлан заагаагүй байна.

 

Дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Их хурлын төлөөлөгч нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хот, орон нутгийн салбараас сонгогдоно. Төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл тогтооно гэж заасан бөгөөд төлөөлөгч сонгохтой холбоотой Удирдах зөвлөлөөс баталсан байнга дагаж мөрдөх шинжтэй журам байхгүй, Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоог нийт 305 байхаар, үүнээс телевизийн салбараас 70, радиогийн салбараас 30, сонин сэтгүүлээс 50, сайтуудаас 50, сургалт судалгааны салбараас 20, орон нутгийн хэвлэл мэдээллийн 55, ахмад сэтгүүлчдээс 30 төлөөлөгч тус бүр оролцуулахаар шийдвэрлэсэн болох нь хэргийн 3 дугаар хавтасны 81-88 дах талд авагдсан Удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон тул МСНЭ-ийн 17 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийг хэрхэн сонгох журмын талаар нэг удаагийн шинжтэй шийдвэр гаргасан нь дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4 дах заалтыг зөрчсөн гэж үзэхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ийм шийдвэр гаргахыг хориглосон заалт хууль болон уг дүрэмд заагдаагүй байна.

 

Хэргийн баримтаар Удирдах зөвлөл нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн хурлаар Их хурлын бэлтгэл ажил, хурлын төлөөлөгчийг хэрхэн сонгох журмын талаар хэлэлцэж хурлын төлөөлөгчийг 305 байхаар шийдвэрлэсэн, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хурлаар Их хурлыг зохион байгуулах асуудлыг хэлэлцэхэд оролцсоноо нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Их хуралд тэрээр оролцож уг хурлыг орхин гарч явсан гэх тайлбар гаргасан. Иймд түүний удирдах зөвлөлийн гишүүн, бага хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болж МСНЭ-ийн Удирдах дээд байгууллагыг сонгох, түүнд сонгогдох эрх зөрчигдсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан 17 дугаар Их хурлын үйл ажиллагаа 16 дугаар Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох тухай шаардлага гэж гаргасан нь нэхэмжлэлд заасан үндэслэлийг илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хамаарах асуудлаар Их хурлын үйл ажиллагаа дүрэмд нийцсэн эсэхийг дүгнэсэн тул бие даасан нэхэмжлэл биш байна.

 

Тухайн хурал хүчинтэй байсан эсэх, дүрмийн дагуу явагдсан эсэх асуудал нь бусад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж шийдвэрлэх боломжгүй байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Хэргийн 3 дугаар хавтасны 193-234 дах талд авагдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын тэмдэглэлээс үзэхэд 17 дугаар Их хурал нь телевизийн салбараас 42, радиогийн салбараас 23, сонин сэтгүүлээс 30, сайтуудаас 36, сургалт судалгааны салбараас 17, орон нутгийн хэвлэл мэдээллийн 53, ахмад сэтгүүлчдээс 24 төлөөлөгч, нийт 225 төлөөлөгч, Ерөнхийлөгч, 3 дэд ерөнхийлөгч, ажлын албаны төлөөлөгч 7, нийт 232 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн бөгөөд Их хуралд оролцох 305 төлөөлөгчийн 225 төлөөлөгч оролцсон нь төлөөлөгчдийн 74 хувь буюу МСНЭ-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.8 дах хэсэгт заасан гуравны хоёроос доошгүй буюу 203 төлөөлөгч оролцсон тул 17 дугаар Их хурлыг хүчинтэйд тооцох үндэслэлтэй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах аргуудын төрлүүдийг тодорхойлсон бөгөөд 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох-оор заасан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр МСНЭ-ийн 17 дугаар Их хурал болсноор нэхэмжлэгч С.Ш-ийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ГҮТББ-ын 17 дугаар их хурлаас баталсан МСНЭ-ийн дүрмийг хүчингүйд тооцуулах, МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Шүүх хэргийн 2 дугаар хавтасны 139-144 дэх талд авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн МСНЭ-ийн дүрмийг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Анхан шатны шүүх Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хуралд Их хурлын төлөөлөгч бус, анхан шатны бүх гишүүдийн хурлаас сонгогдоогүй, дээрх 55 төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад байхгүй А.Б гэгч (Орхон аймгаас) оролцож санал өгсөн, МСНЭ-ийн дүрмийн 4.9-т зааснаар нийт 55 төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгогдох ёстой дэд Ерөнхийлөгч А.Б яг хэдэн хүний саналаар хэрхэн сонгогдсон нь тодорхойгүй, Өмнөговь аймгийн сэтгүүлчдийн салбарын хурлаасаа мандат аваагүй, Их хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй, сэтгүүлч Ж.С нь уг хуралд оролцож санал өгсөн нь Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийг сонгох хурлын ирц хүрээгүй гэх үйл баримтыг нотлохгүй боловч Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтийг зөвтгөж шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулах боломжтой.

 

МСНЭ-ийн 17 дугаар Их хурлаар хэлэлцэх асуудлыг үндсэн илтгэл, ажлын албаны тайлан, хяналтын зөвлөлийн тайлан, МСНЭ-ийн дүрмийн хэлэлцүүлэг, ерөнхийлөгчийг сонгох, бага хурлыг сонгох сонгууль, хяналтын зөвлөлийг сонгох зэргийг хэлэлцэхээр баталсан болох нь хэргийн 3 дугаар хавтасны 193-234 дах талд авагдсан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. Дээрх хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгууль явуулах тухай асуудал ороогүй байхад Орон нутгийн Мэргэжлийн төвийн гишүүдийн сонгууль явуулсан нь нэхэмжлэгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхийг зөрчсөн байна. Иймд Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч МСНЭ-ийн 17 дугаар хурлаас баталсан Удирдах зөвлөл нь Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг хуралдуулах үүрэгтэй этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг хуралдуулах үүргийг Удирдах зөвлөлд олгосон дүрмийн болон хуулийн зохицуулалтгүй тул анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2021/00413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ш-ийн хариуцагч МСНЭ ГҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар Их хурлын салбар хуралдаан болох Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлын сонгуулийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх МСНЭ-ийн УЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурал, тус хурлаас гарсан МСНЭ-ийн ээлжит 17 дугаар Их хурлыг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо товлон зарлах тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ-ийн 17 дугаар хурлын үйл ажиллагаа МСНЭ-ийн 16 дугаар Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан дүрмийн дагуу явагдаагүй болохыг тогтоолгох, Орон нутгийн мэргэжлийн төвийн гишүүдийн хурлыг дахин хуралдуулахыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлд даалгуулах, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хуралдсан МСНЭ ГҮТББ-ын 17 дугаар их хурлаас баталсан МСНЭ-ийн дүрмийг хүчингүйд тооцуулах, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ГҮТББ-ын ээлжит 17 дугаар их хурлын товыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 дугаар их хурлаас баталсан дүрмийн дагуу товлон зарлахыг даалгуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МСНЭ ГҮТББ-аас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ш ид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 421 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ