Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1113

 

  2023           11             21                                         2023/ДШМ/1113

                                                               Х.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

яллагдагч Х.О-ын өмгөөлөгч Б.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Насанжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/2225 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Х.О-д холбогдох 2303 00456 0374 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

О овгийн Х.О, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........... /;  

Яллагдагч Х.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “С” ШТС-ын урд замд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 40 минутын орчим “Тоёота кроун” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Б.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Яллагдагч Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Б.Г-г мөргөж, цааш явж гэрлийн шон мөргөж зогссоны дараа хэргийн газрыг орхиж явсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохирол учирсан хохирогчид цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирол, хор аюулыг багасгах, эрүүл мэндийн хохирол, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэх хугацааг богиносгох ач холбогдлыг харгалзан хууль тогтоогчоос зам тээврийн осол гаргасан жолоочийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан, түүнд хамааралтай зохицуулалт юм.

Гэтэл улсын яллагч яллах дүгнэлтдээ “... Х.О нь ослын газрыг орхиж явсан байх боловч гэртээ харьсан даруйдаа эхнэр, дүүдээ мэдэгдэж ослын газар руу явуулсан үйлдэл нь гэмт хэргийг нуун далдлах буюу илчлэхээс зайлсхийх санаатай үйлдлийг гаргаагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй буюу ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж явсны дараа гэртээ харьж гэр бүлийн гишүүддээ мэдэгдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хохирол учруулснаа мэдсэн эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүйгээс гадна “гэртээ харьж гэр бүлийн гишүүддээ мэдэгдэж, тэднийг хэргийн газар луу явуулсан” гэх үйл баримт ч хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй бөгөөд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэггүй шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн улсын яллагч дээрх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй. Дээрх нэмэлт ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

         Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянавал шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: шүүгдэгч Х.О нь тухайн өдөр гэрийнхээ ойролцоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигчийг мөргөж, цааш явж гэрлийн шон мөргөж зогссоны дараа машинаас бууж гэр лүүгээ орсны дараа эхнэр болон дүүдээ мэдэгдэн хэргийн газар луу явуулсан үйл баримт хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндийн хохирол учирсан хохирогчид цаг алдахгүйгээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, гэмт хэргийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хохирол, хор аюулыг багасгах, эрүүл мэндийн хохирол, зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдэх хугацааг богиносгох ач холбогдлыг харгалзан хууль тогтоогчоос зам тээврийн осол гаргасан жолоочийг үүрэгжүүлж, хариуцлагажуулсан, түүнд хамааралтай зохицуулалт хэдий ч тухайн үед шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан мөн осол гаргасны дараа гэртээ орсон даруйдаа өөрийн эхнэр болон дүүгээ хэргийн газар луу явуулсан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд хэргийн газрыг зориуд санаатай орхиж явсан гэж үзэхээргүй байна гэж үзсэн.

Учир нь “хэргийн газраас зугтаасан” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг хэлдэг. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд: гэрч Б.М-ын “...2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ буюу осол гарсан газрын хажуугийн түрээсийн байранд төрсөн эгч Х-ын хамт байж байхад гаднаас 9 настай дүү орж ирээд “О ах байрны хажуугийн зам дээр юм мөргөчихлөө” гэж хэлсэн. Араас нь О ах удаагүй царай нь цонхийчихсон орж ирээд “би юм мөргөчихлөө, цагдаад дуудлага өгөх гэсэн чинь утас байдаггүй” гэж хэлсэн. Тэгээд эгч Х бид хоёр гэрээс гараад хартал замын хажуугийн шон мөргөсөн байсан, тэнд байсан цагдаа нарт О ахыг гэртээ байгаа гэж хэлээд гэр лүүгээ дагуулж ороод драгер үлээлгэсэн...” гэх мэдүүлэг, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх субьектив санаа зорилго тогтоогдоогүй, ослын газрыг зориуд орхиж явсан гэх үйлдэл нь үгүйсгэгдэж байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ослын зориуд орхиж зугтаасан гэж хүндрүүлэн үзэх үндэслэл биш юм. Иймд шүүгчийн 2023/ШЗ/2225 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...гэв.

Яллагдагч Х.О-ын өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Улсын яллагч нь осол гаргасан жолооч буюу яллагдагчийн өөрийнх нь мэдүүлэгт үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд гэрч М-ын мэдүүлэг, ослын дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, осол гарсан газар нь жолоочийн гэрээс 200 метр зайтай буюу ойрхон байсан, мөн жолооч гар утасгүй байсан учраас гэртээ очиж холбогдох байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн зэрэг нөхцөл байдлууд нь хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг орхисон үндэслэлд хамаарахгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжтой болдог.

Хэрэгт дуудлагын лавлагааны хуудас “...дуудлагын утга: ..... хүн мөргөсөн, жолооч нь машинаа орхиод явсан гэх...” /хх 4/, гэрч Х.О-ын гэрчээр өгсөн “... сандраад автомашинаа ослын газарт үлдээгээд шууд гэр лүүгээ явган очоод Х-д болсон зүйлийн талаар хэлсэн. ...” /хх 31/, П.Х-ын “... айсан байдалтай би шон мөргөчихлөө гэж хэлээд орж ирсэн. ...” /хх 124/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Яллагдагч Х.О-ын үйлдэлд “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг хангалттай шалгасны эцэст хэргийн зүйлчлэлийг нэмж тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/2225 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                   Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                  М.АЛДАР