| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2302000260138 |
| Дугаар | 2023/ДШМ/1134 |
| Огноо | 2023-11-28 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ДШМ/1134
2023 11 28 2023/ДШМ/1134
Т.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Баясгалан,
шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/820 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.О-д холбогдох 2302 00026 0138 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Т-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, .................. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ........ хамт ...... тоотод оршин суух хаягтай, /РД: ....../,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;
Шүүгдэгч Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн унаж явсан ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Т-ийн О-ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.О-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, уг шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 91 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Т.О-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.7 грамм хэмжээтэй нунтаг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Банкинд тус тус шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан, шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Т.О-ийн төрсөн хүүхдүүд болох 2011 оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн хүү Г.С, 2012 оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн охин Г.Х, 2014 оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн хүү Г.О, 2018 оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн охин О.Э нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүргийн .... тоотод өөрийн 4 хүүхэд болон нас барсан төрсөн эгчийнхээ ганц охин хүүхэдтэй нь өрх толгойлон амьдардаг. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, 4 хүүхэд, ганц охин дүүдээ ээж нь байж харж хандах үүргээ умартаж том хариуцлага алдаж байгаадаа, өөрийн буруугаас болж энд байгаадаа харамсаад барахгүй байна. Би төрсөн эх, эцэг, төрсөн эгч, төрсөн том охиноо зуурдаар алдчихаад үүнээс өөр зовлон байхгүй гэж ахархан бодож явжээ. Үнэндээ үр хүүхдээсээ нэг өдөр ч холдож үзээгүй надад амьдын хагацал гэдэг үхлийн хагацлаас илүү зовлон юм байна гэдгийг энд байх хугацаандаа ойлгож, хүүхдүүддээ санаа зовж шаналж байна. Цаашид би ганц дүү, 4 хүүхдүүддээ эх байх үүргээ ухамсарлаж, нүүр будалтын ажлаа тогтмол хийж, сайн хүн болгож өсгөн хүмүүжүүлэхээ амлаж байна. Мөн урьд 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байхад өөрийн буруутай үйлдлээс болж хорих ялаар солиулж байгаадаа үнэхээр их харамсаж, гэм буруугаа ойлгож, биеэр эдлэх болсноо ухамсарлаж байна. Иймд миний гэм буруугаа ойлгож байгааг болон үр хүүхэд, хувийн байдлыг харгалзан үзэж, тус тусад нь яллаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг дээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.О-ийн өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Т.О нь 19.. онд төрсөн, одоо 34 настай бага насны 4 хүүхэд, өөд болсон төрсөн эгчийнхээ 21 нас хүрээгүй буюу өсвөр насны нэг дүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Анхан шатны шүүх Т.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлого ийм байгаа гэх байдлаар шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, энэрэнгүй байх зарчимд үндэслээгүй гэж үзэж байна. Т.О нь холбогдсон гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар саад учруулах, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлж болохоор хуульчилсан. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор заасан. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал нь уг зүйл, заалтад хамаарна гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Т.О нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн улмаас нийгэмд учирч байгаа хохирол, хор уршиг нь маш хүнд. Үүнээс гадна шүүгдэгч Т.О нь урьд 4 удаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорих ял оногдуулах саналыг гаргасан. Шүүх энэ хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дугаар хорооллын автобусны буудал дээр өөрийн жолоодож явсан .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 0,3793 гр хэмжээтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Г.Х-ын “... О нь Б бид хоёрыг 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хүргэж өгөөд явах гэж байсан чинь энгийн хувцастай цагдаагийн албан хаагчид өөрсдийн үнэмлэхээ үзүүлээд “та нарыг шалгах шаардлагатай байна, биед байгаа эд зүйлсээ гаргаад тавь” гэж хэлсэн. ...” /1 хх 81/, “... О-ийн жолоодож явсан машины голын хайрцагнаас хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт хурааж авахыг бол харсан. ... бид гурвыг машинаас буулгаад шалгаж байхад нэг цагдаа нь О-ийг “машин доогуур юу шидчих вэ, гаргаад ир” гэж загнахад машин доороос жижиг гялгар ууттай мөс гаргаж ирээд цагдаа нар зургийг нь авч байсан. ...” /1 хх 83/,
гэрч Б-ын “... Бид нарыг .. дугаар хорооллын автобусны буудал дээр О-ийн машинд байхад цагдаа нар ирж шалгасан. Тэгэхэд О машинаасаа буухдаа гялгар ууттай мөс газар шидсэн гэж ярьж байсан. ...” /1 хх 89/,
гэрч М.Ш-ын “... Би эрүүгийн мөрдөгч нартай .. дугаар хорооллын автобусны буудал орчим сэжигтэй “Приус-30” загварын тээврийн хэрэгсэл болон дотор нь сууж явсан иргэдийг шалгахад жолооны ард сууж явсан О нь тээврийн хэрэгслээс буух үедээ зиплок түгжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодисыг гарнаасаа газар унагасан. Тэр үед мөрдөгч О-с “биеэс чинь эд зүйл уналаа, юу унасан бэ” гэхэд “миний байгаа юм” гэж хэлээд газар унасан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлийг буцааж авсан. Уг зүйлийг үгүй хийхээс урьдчилан сэргийлж, ...жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж хүлээлгэн өгсөн. ...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 100/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “О ....... 2023.01.30” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 787 дугаартай дүгнэлт /1 хх 131-132/,
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн мөрдөгч М.Шинэбаярын бичсэн илтгэх хуудас /1 хх 20/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “... үзлэгээр автомашины гадна шил арчигч дээрээс цаасанд нунтаг цагаан бодис, автомашины дотор талд байх хайрцаг дотроос хуйлсан 10 төгрөгийг хурааж авав. ...”, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 21-22/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл “...О-ийн өөрийн зөвшөөрснөөр ... олон төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх зориулалт бүхий ... саванд шээлгэж үр дүнг харахад 9 дүгээр багана буюу МЕТ /метамфетамин/ илэрсэн, 10 дугаар багана буюу АМР /амфетамин/ илэрсэн буюу эерэг илэрснийг тусгав. ...” /хх 66-67/, энэ ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 68/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Т.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Т.О-с “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Борхүүгээс “...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь, анхан шатны шүүх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан сонгох ялуудаас хорих ялыг сонгож, уг ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөө, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагаврын талаар болон шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Үүнээс гадна, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг баримтлан өмнөх 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.О нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 41 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/820 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 41 /дөчин нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР