Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 109/ШШ2025/0015

 

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Б.Г-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-гийн Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г-гийн Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1.1. Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт заасны дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/92 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршил, хугацааг хавсралтаар баталсны 2 дугаарт иргэн Б.Г-д Буйлан баг, “*************” гэх газарт 8 га газрыг ногоон тэжээл тарих зориулалтаар олгожээ. (Хавтаст хэргийн 108-109 дэх тал)

1.2. Улмаар иргэн Б.Г-д Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт нэгж талбарын ****************** дугаар бүхий 80181м2 газрыг тэжээлийн ургамлын усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар ************ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, кадастрын зураг гаргажээ. (Хавтаст хэргийн 10-11 дэх тал)

1.3. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4. дэх хэсэгт зааснаар маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжаар Цэнхэр суманд хийгдсэн хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэдийн газар эзэмших эрхийг хавсралтаар цуцалсны 12 дугаар иргэн Б.Г-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (Хавтаст хэргийн113-115 дахь тал)

1.4. Тодруулбал, дээрх захирамжийн хавсралтын 12 дугаар хэсгийн тайлбарт “ ...  сумын багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол байхгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мэдээллийн санд тусгаагүй, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй. Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/92 дугаартай захирамжаар Б.Г-д тариалангийн газрын давуу эрхээр эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох ...” гэж дурджээ. (Хавтаст хэргийн 12-14, 115 дахь тал)

1.5.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасаар маргаан бүхий газарт холбогдох бичгийн нотлох баримтыг цуглуулж, газрын үзлэг хийсэн болно. Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаартай тогтоолд 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2.Баахан булагт 57 га ногоон тэжээл тарих саналыг баталсан, мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 2.Өргөөтийн талд 5 га газарт ногоон тэжээл тарих зориулалтаар санал баталсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

1.6. Уг хэргийн хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2025 оны  3 дугаар сарын 18-ны өдрийн 01/405 дугаар албан бичгээр Ж.Б, М.Т нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр заажээ. (Хавтаст хэргийн 21 дэх тал)

1.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.”, 28.2. дахь хэсэг Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж зохицуулсан.

1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, М.Т нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр тайлбар гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. (Хавтаст хэргийн 144-145 дахь тал)

1.8. Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч Б.Г-гийн эзэмшиж байсан газрын байршил, хэмжээ, зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх асуудлаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын улмаас бусад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

1.9. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

1.10. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Б.Г-гийн шүүхэд гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

1.11 Маргаан бүхий А/457 дугаартай захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч Б.Г-гийн газар эзэмших эрх нь шууд сэргэх бөгөөд нэхэмжлэгч газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, тухайн газрын кадастрын зураглалын дагуу тариалан эрхлэх эрхтэй, мөн холбогдох газрын төлбөр, хураамжийг төлөх үүрэгтэй.

1.12. Түүнчлэн хариуцагч тал /тухайн сумын газрын даамал/ 30 хоногийн дотор газрын гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх нь зүйтэй.

1.13. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г-гийн Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн Б.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА