Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00752

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00752

 

Жын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 189/ШШ2020/00039 дугаар шийдвэртэй

Жын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О, Б.Э нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд нийт 175 082 546 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.Оийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Надмидцэрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Жэгийн төлөөлөгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учралбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О, Б.Э нар нь Жэгаас 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 200 000 000 төгрөгийг 88/2018/3-79 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, махны чиглэлийн үхрийн аж ахуй төслийн зориулалтаар зээлсэн юм. Уг зээлийн барьцаанд Ц.Оийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, Махатма ганди гудамжны Ү-2206022542 улсын бүртгэлийн дугаартай, 24 дүгээр байр 00 тоот, 000654391 дугаартай, 125,22 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Эы өмчлөлийн, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Б Хоолт зөрлөг Б гудамж, 1 тоотод байрлах, Г-1419000205 улсын бүртгэлийн дугаартай, 1 дугаартай, 700 м.кв талбайтай, нэгж талбарын 11 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Э.ЫБын өмчлөлийн, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Хоолт зөрлөг Б гудамжны 03 тоотод байрлах, Г-0000улсын бүртгэлийн дугаартай, 000168403 дугаар гэрчилгээтэй, 700 м.кв талбайтай, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ц.Оийн өмчлөлийн, Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Хоолт зөрлөг Б гудамжны 01 тоотод байрлах Г-00 улсын бүртгэлийн дугаартай, 000428572 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18667277077926 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 31 257 830 төгрөг, хүү 9 751 170 төгрөг нийт 41 009 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, зээлийн хугацаа 479 хоног хугацаа хэтэрч төлбөр огт төлөөгүй, үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээнд заасны дагуу гэрээ болон хуулийн дагуу арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн. Зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 175 082 546 төгрөгийг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг Ц.О, Б.Э нарт холбогдуулан гаргаж байна. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, 479 хоногийн хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 168 742 170 төгрөг, зээлийн хүү 1 938 832 төгрөг, алданги 4 387 544 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг нийт 175 082 546 төгрөгийг гаргуулж, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.О, Б.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Жэтай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 200 сая төгрөгийг махны чиглэлийн үхрийн аж ахуйг өргөжүүлэх зориулалтаар аваад зориулалтын дагуу аж ахуйн үйл ажиллагааг явуулж байна. Бидний аж ахуй мөн өөрийн гэсэн орлого олдог онцлог, цаг хугацаатай. Махны үхрийн аж ахуйн бизнес бол мал таргалсан намрын цагт, мах хөлддөг өвлийн цагт орлого олдог, бусад үед үндсэндээ орлого байхгүй. Энэ нөхцөл байдлаас үүдэн зээлийн гэрээний 3.1.5., 4.2.9.-д заасан эрхийн дагуу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 13, 2019 оны 6 дугаар сарын 11, 2020 оны 02-р сарын 21-ний өдрүүдэд удаа дараа хүргүүлсэн ч эхний хүсэлтийн хариуг 2019 оны 6 дугаар сарын 04-ний 1/730 тоот албан бичгээр ирүүлсэн ба хоёр, гурав дахь хүсэлтийн хариуг албан бичгээр, утсаар ч өгөөгүй тул бидний хүсэлтийг нааштай хүлээн авсан гэж ойлгон өөрсдийн хүсэлтэд дурдсан хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөр, хүүгийн хамт төлж байтал 2020 оны 01 дүгээр сард сантай тооцоо нийлэхэд 24,5 сая төгрөгийн зөрчил үүссэн гэж мэдсэн. Энэ үед Сангийн хууль, тусгай активын хэлтсийн дарга н.Жаргалсайхан ...зөрчлөө арилгавал хүсэлтийг нааштай шийдэж өгнө... гэж хэлсэн учир 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийг бүрэн арилгасан ч гэрээгээр олгосон эрхийг эдлүүлээгүй. Сангийн нэхэмжлэлд 479 хоног хугацаа хэтэрсэн гэж бичсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жэтай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 200 000 000 төгрөгийг махны үйлдвэрийн аж ахуйг өргөжүүлэх зорилгоор авсан. Зээлийн график нь манай бизнесийн ашиг орлоготой уялдахгүй байсны улмаас зээлээ хугацаандаа төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд нийт 4 удаа хүсэлт хүргүүлсэн боловч шийдвэрлэж өгөөгүй. Эхний хүсэлтийн хариу бичгээр ирж байсан. 2,3 дахь хүсэлтийн хариу ирээгүй. Хамгийн сүүлд буюу 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хүсэлтийн хариуг шуудангаар явуулсан баримтыг шүүх хуралдааны явцад өгснийг нотлох баримтын хүрээнд мэдлээ. Бидний хүсэлтэд хариу ирүүлдэггүй ч зээлийг буцаан дуудах, зээлээ төлөх албан бичгүүдийг ирүүлдэг. Мөн гэрээнээс татгалзаж болох байсан гэх хариуг хэлж байна. Сангаас бидний эрхийг эдлүүлэх бол бид үүргээ бүрэн биелүүлэх боломжтой, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх хүсэлт гаргаж байсан гэдгийг дахин хэлмээр байна гэв.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан хариуцагч у овогт Цийн О /РД:НВ61092608/, Б овогт Бын Э /РД:УХ57092277/ нараас үндсэн зээлийн төлбөрт 168 742 170 /нэг зуун жаран найман сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун дал/ төгрөг, зээлийн хүү 1 938 832 /нэг сая есөн зуун гучин найман мянга найман зуун гучин хоёр/ төгрөг, алданги 2 193 772 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун далан хоёр/ төгрөг, нотариатын зардал 14 000 /арван дөрвөн мянга/ төгрөг, нийт 172 888 774 /нэг зуун далан хоёр сая найман зуун наян найман мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 193 772 /хоёр сая нэг зуун ерэн гурван мянга долоон зуун далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, Махатма ганди гудамжны Ү-2206022542 улсын бүртгэлийн дугаартай, 24 дүгээр байр 00 тоот, 000654391 дугаартай, 125,22мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Эы өмчлөлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Б Хоолт зөрлөг Б гудамж, 06 тоотод байрлах, Г-1419000205 улсын бүртгэлийн дугаартай, 000428925 дугаартай, 700мкв талбайтай, нэгж талбарын 18667278110020 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,Э.ЫБын өмчлөлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Хоолт зөрлөг Б гудамжны 03 тоотод байрлах, Г-1419000202 улсын бүртгэлийн дугаартай, 000168403 дугаар гэрчилгээтэй, 700мкв талбайтай, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ц.Оийн өмчлөлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Хоолт зөрлөг Б гудамжны 01 тоотод байрлах Г-00 улсын бүртгэлийн дугаартай, 000428572 гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 18667277077926 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.О, Б.Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 022 394 /нэг сая хорин хоёр мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ц.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу зээлийн хүү болох 1 938 832 төгрөг, алданги болох 2 193 772 төгрөгийг төлөх ёсгүй хэмээн үзэж, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Тодруулбал, Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэлгэрч, Монгол Улс нь тус цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан авах арга хэмжээний төлөвлөгөөнд 2020 оны 10 дугаар сар хүртэл жижиг, дунд бизнес, аж ахуй эрхлэгчдийн зээлийн гэрээний хугацааг 2020 оны 10 дугаар сар хүртэл сунгах чиглэлийг гаргасан. Манай бизнесийн үйл ажиллагаанд дээрх цар тахал нөлөөлж, санхүүгийн хүндрэл бий болсон тул миний бие Засгийн газрын тогтоол, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу, мөн зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй гэж заасны дагуу тус тус Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өөрийн бизнесийн үйл ажиллагааны хүндрэл, нөхцөлийн талаар мэдэгдэж, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлтийг 2019, 2020 онуудад удаа дараа өгсөөр байсан. Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын харьяа, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний төрийн байгууллага атал Засгийн газрынхаа тогтоол, шийдвэрийг үл харгалзан, энэхүү цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд иргэн миний зээлийн гэрээнд нэмэлт оруулах хүсэлтийг хүлээж авалгүй, зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь төрөөс цар тахлын үеэр иргэд, ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бизнесийг хамгаалах гэсэн бодлогыг зөрчиж, давагдашгүй хүчин зүйлийн үед иргэн миний бизнесийг санаатайгаар улам хүндрэлтэй нөхцөл байдалд оруулсан. Иймд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь төрөөс нийтлэг байдлаар баримталж буй бодлогыг зөрчиж, давагдашгүй нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, түүнчлэн миний бие гэрээний үүргийг санаатайгаар биелүүлээгүй биш гагцхүү Цар тахлын үеийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой хүндрэлийн улмаас зээлийн зөрчил үүссэн тул Шүүхийн шийдвэрээс зээлийн хүү болох 1 938 832 төгрөг, алданги болох 2 193 772 төгрөг, нийт 4 132 604 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч Б.Э, Ц.О нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд нийт 175 082 546 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч Б.Э, Ц.О нартай 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 88/2018/З-76 тоот зээлийн гэрээ байгуулж, махны чиглэлийн үхрийн аж ахуй төслийн зориулалтаар 200 000 000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосон байна. /хх.7-13/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрт 31 257 830 төгрөг, хүү 9 751 170 төгрөг нийт 41 009 000 төгрөг төлжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүнс, хөдөө аж ахйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А-273 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан Жэгийн ажлын албыг татан буулгасан үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг тус газарт олгохоор шийдсэн нь буруу биш байна. /хх.61/

Хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/730 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/393 тоот, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/140 тоот албан бичгүүдээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхийг, зээлийн эргэн төлөлтийн хуримтлагдсан зөрчлийг арилгаж хэвийн төлөлтөд шилжсэн тохиолдолд таны ирүүлсэн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг өөрчлөх эсэх талаар дахин судалж үзэх боломжгүй гэсэн хариу хүргүүлж байсан байна. /хх.79-81/

Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 479 хоногийн хугацаа хэтэрч гэрээний үүргийн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225 дугаар зүйлийн 225.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалттай нийцсэн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /хх.28, 33-34/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар хариуцагч нарыг ....гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцлахаар гаргасан шаардлагыг хангаж, зээлийн төлбөрт 168 742 170 төгрөг, зээлийн хүүд 1 938 832 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Талууд гэрээний 1.3-т зээлийн хүүгийн талаар тохиролцсон байх тул зээлдэгч хууль болон гэрээнд зааснаар зээлийн хүү төлөх үүрэгтэй. Хариуцагчийн ...зээлийн хүүд 1 938 832 төгрөг төлөхгүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч зээлийн гэрээнээс татгалзаж, хугацаанаас нь өмнө цуцалж байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэж алдангид 2 193 772 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай нийцээгүй байна.

Иймд хариуцагч Ц.О, Б.Э нараас үндсэн зээл 168 742 170 төгрөг, зээлийн хүү 1 938 832 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг нийт 170 695 002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 387 544 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 189/ШШ2020/00039 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч у овогт Цийн О /РД:НВ61092608/, Б овогт Бадамжавын Э /РД:УХ57092277/ нараас 170 695 002 /нэг зуун далан сая зургаан зуун ёрөн таван мянга хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 4 387 544 /дөрвөн сая гурван зуун наян долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 1 022 394 /нэг сая хорин хоёр мянга гурван зуун ерэн дөрөв/ гэснийг 1 011 425 /нэг сая арван нэгэн мянга дөрвөн зуун хорин тав/ гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 81 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО