| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2018/0033/Э/ |
| Дугаар | 37 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Батнасан
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М
Шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ариунжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт холбогдох 1716000810015 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Д-ын А
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт С-ын Б
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д овогт Н-ийн М
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогт Ш-ын Т
Шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сард үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмал болох гялтгануур чулууг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт хамаарна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид дөрөв 09 дүгээр сарын эхээр гялтагнуур чулуу үнэд орох сургаар хоорондоо ярилцаад Б-ны машиныг аваад ******** гэх газар луу гялтагнуур чулуунд явсан. Тухайн нутагт 13 жилийн өмнө гялтагнуур чулуу гарч байсан. Ихэнх нь газарт ил байсан учир бид хэд гараар түүсэн...************* багийнхан мөн манай найз нар утсаар яриад хэлсэн. Тэгэхээр нь өмнө бас тухайн нутагт гялтагнуур чулуу гарч байсан учир явсан ... Нэг килограммыг нь 1200 төгрөгөөр авна гэж хэлсэн ... Хууль бус гэдгийг мэдээгүй. Өмнө нь чулуу олборлож байсан учир болох байх гэж бодож байсан ... Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид хэд 2017 оны 9 сард өмнө нь гялтагнуур чулуу олборлож байсан газар очиж гялтагнуур чулуу олборлосон. Ихэнх чулууг нүхнээс нь түүж хайрцаганд хийсэн. Явахдаа А ахын найз Ба гэдэг хүний УАЗ-469 машинд шатахуун хийж явсан... 50 гаруй хайрцгийг нь гараараа түүсэн... Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Н.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид дөрөв 2017 оны 9 дүгээр сард гялтагнуур чулуу үнэд орох сургаар явж ажилласан. Бид хэдийг очиход хуучин олборлосон нүхнүүд байсан тэндээс бид хэд гараар түүж авсан. Бид хэд молдок авч явсан боловч том чулууг нь молдок дийлээгүй учир ихэнхийг нь гараар түүсэн байгаа. Ажилгүй гэртээ зүгээр байхаар гэж бодоод бид хэд явсан... өмнө гялтагнуур чулуу олборлож байсан учир болдог юм байх гэж бодсон... Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна... Хуучин гялтагнуур чулуу олборлож байсан нөхөн сэргээлт хийгээгүй газар байсан учир болох байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ш.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 9 сард гялтагнуур чулуу үнэд орох сургаар бид хэд нийлээд явсан. Анх явах санаачилгыг Д.А гаргасан. Бид 4 өөрсдийн гэсэн унаа тэрэг байхгүй байсан учир Улаанбаатар хотод байгаа Ба ахаас машиныг нь гуйж аваад явсан... Ойролцоогоор 2 метр гаруйтай нүх байсан... Нүхнүүд том хэмжээтэй байсан учир байгалийн гэрлээр гэрэлтүүлсэн... Хууль бусаар ашигт малтмал олборлосондоо гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайхыг хориглосон байдаг. Гялтагнуур гэдэг чулуу нь геологийн төв лабороторын чулуу судлалын шинжээчээс ирүүлсэн дүгнэлтээр том ширхэгтэй хавтгай, призмлэг хэлбэртэй цагаан гялтагнуур мусковит болохыг тодорхойлов гэсэн шинжилгээний дүн ирсэн. Тухайн гялтагнуурыг цахилгаан тусгаарлах, хавтан гаргахад ашигладаг үйлдвэрийн зориулалттай ердийн ашигт малтмал юм. Энэ гялтагнуур нь зах зээлд үнэ муутай ашигт малтмал байдаг ... Говь-Алтай аймгийн Тонхил сумд гялтагнуур чулуу олборлох тусгай зөвшөөрөл олгогдоогүй... Чулууг улсын орлого болгох саналтай байна. Бусдаар нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч М.М-ийн “...Урд өмнө А надаас тухайн цахилгаан моторыг гуйж авч явж байсан. Тухайн үед авч явж байхдаа өдрийн 10.000 төгрөгөөр хөлслөөд авч яваад тэгээд 7 хоногийн хугацаанд авч ашиглаад буцаагаад өгсөн байгаа. Тэгээд сүүлд нь надаас А дахин авч явахдаа 20.000 төгрөг урьдчилгаа гэж өгөөд өдрийн 10.000 төгрөг өгөхөөр тохироод авч явсан тэгээд буцааж авч ирж өгөхдөө олборлосон гялтгануураа хураалгачихлаа өгөх мөнгө одоогоор алга байна гэж хэлээд дараа нь хамт явсан хүмүүстэйгээ нийлж байгаад хөлсийг нь өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ51-52/
Гэрч Д.Б-ийн “...2017 оны 09 дүгээр сарын 21-нд Д.А найзуудтайгаа хөдөөнөөс ирэхдээ мотоциклийн амбаарт тоог нь мэдэхгүй, баахан цаасан хайрцагтай юм хийсэн байсан. Нэрийг нь мэдэхгүй... Н-ийн М гэх залуу байсан. Харанхуй байсан болохоор сайн хараагүй... Нэмж ярих зүйл гэвэл манайхаас өнөөдөр цагдаагийн хүмүүс ирж 80 гаран хайрцагтай зүйл хураан авсан. Тэр хайрцаганд гялалзсан өнгөтэй чулуу шиг зүйл байсан...” гэх мэдүүлэг /ХХ29-30/
Геологийн төв лабораторийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 818 дугаартай “... А. Шинжилгээнд хүргүүлсэн 1 кг дээж нь шинжилгээний ажилд тэнцэж байна.
Б. Энэ дээж нь цахилгаан гүйдлийг тусгаарлах, цагаан гялтгануурын хавтан гаргаж авахад хэрэглэх бөгөөд үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалд хамаарна.
В. Манайх 1 кг экологийн үнэлгээг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ63/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ2/, Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ13-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ17-19/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ43-45/ шүүгдэгч Н.М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ 90-91/, шүүгдэгч Ш.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ 72-74/, шүүгдэгч С.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ110-111/, шүүгдэгч Д.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ХХ 103-105/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сард үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмал болох гялтгануур чулууг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгч нарын цуглуулж олборлосон гэх ”гялтагнуур” чулуу хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа бөгөөд шүүгдэгч нарын газрын хөрсөн дээрээс цуглуулсан болон хөрсний гүнрүү ухаж гялтагнуур чулууг түүсэн, цуглуулсан үйлдлийг “ашигт малтмал ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан” гэж шүүх үзэж байна. Түүнчлэн тэдний газар болон газрын хэвлийгээс ашигт малтмалын хэмжээ, ашиг олсон эсэх нь хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд хууль бусаар ашигт малтмал олборлосоноор буюу тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулж эхэлснээр тухайн гэмт хэргийн бүрдэл хангагддаг болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлвэл ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд заасан болзол шаардлагыг хангалгүйгээр ашигт малтмал олборлосон иргэн, хуулийн этгээдийн бүхий л үйл ажиллагааг энэ гэмт хэрэгт хамааруулан ойлговол зохино.
Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохирсон, багаж техник бэлдсэн зэрэг нөхцөл байдлуудаас харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин уг гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон албадлагын арга хэмжээ авахдаа харгалзан үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нар нь санаатайгаар нэгдэж үйлдсэн тул бүлэглэж үйлдсэн гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлын талаар ямар нэгэн маргаангүй хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,шүүгдэгч нарын хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дүгээр хэсгүүдэд зааснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч тус бүрт авч шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул хохирлыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2583 / хоёр мянга таван зуун наян гурван/ кг гялтгануур чулууг улсын орлого болгож, цахилгаан үүсгүүрийг өмчлөгч М.М-д, “молдок” гэх цахилгаан багажийг өмчлөгч Н.М-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн гэрч Я.Ба-ны мэдүүлгийн эх хувь болох 4 хуудас материалыг хэрэгт хавсаргаж, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Д-ын А, О овогт С-ын Б, Д овогт Н-ийн М, У овогт Ш-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дүгээр хэсгүүдэд зааснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт сануулсугай.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэлэлцээгүй тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2583 / хоёр мянга таван зуун наян гурван/ кг гялтгануур чулууг улсын орлого болгож, цахилгаан үүсгүүрийг өмчлөгч М.М-д, “молдок” цахилгаан багажийг өмчлөгч Н.М-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Улсын яллагчийн гаргаж өгсөн гэрч Я.Ба-ны мэдүүлгийн эх хувь болох 4 хуудас материалыг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, С.Б, Н.М, Ш.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА