Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/1155

 

                                                                                               

 

 

 

 

 

 

Т.Д  , Б.Б  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/.... дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.Д  , Б.Б  нарт холбогдох ****** дүгээр эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т.Д   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Скай хотхоны гадна хохирогч Б.Ц  тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б  нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Скай хотхоны 8 дугаар давхрын орцонд хохирогч Б.Ц  тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамар хэсэгт нь гараараа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Д  , Б.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Т.Д  , Б.Б  нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шинжээч эмч Д.Д-ийн дүгнэлтэд: “...1. Б.Ц-ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Б.Ц-ын биед үүссэн зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, баруун, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хурууны зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэжээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3-т “...Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1 гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2. ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан...” гэж, мөн журмын 2.4-т “...Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1 гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2 ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...” гэж тус тус заажээ.

Иймд хохирогч Б.Ц-ын биед учирсан “...зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хуруунд зулгаралт...” гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ гаргуулах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна...” гэж, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална...” гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлуудыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 161 тогтоолын хавсралтаар баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, хэрэгт хавсарган ирүүлэх шаардлагатай.

3. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн Үзэл баримтлалын Нэгд. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээс зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохиролд эдийн бус хохирлын нэг болох сэтгэцэд учирсан хор уршиг хамаарахаар заасан байна. Дээрх зүйлс нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй тул энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцох, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирсон хэвээр байна. Нэг талаас Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулж байна. ...” гэж,

Хоёр. Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг “...Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны болон сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох, шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино..., ...Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох үнэлгээг шүүхээс хэрэглэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох жишиг аргачлалыг баримтлах, уг аргачлалыг батлах субъектийг тодорхой болгоно...” гэж тус тус тодорхойлжээ.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “...Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “...Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл) ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ...” гэжээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 дэх хэсэгт “...шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ...” гэж тус тус заажээ.

Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад “...хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх...” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтад “...Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараахь эрхтэй: ...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах;...” гэж, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна...” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “...Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана..." гэж тус тус заажээ.

Яллагдагч Т.Д  , Б.Б  нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамтран оролцох хэлбэр тогтоогдоогүй, гэмт хэрэг өөр орон зай, цаг хугацаанд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тохиолдолд хэргийг тусгаарлах, нэгтгэх эсэх талаар дахин тодорхой дүгнэлт хийж гүйцэтгэхийг хяналтын прокурорт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Т.Д  , Б.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Т.Д  , Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8091 дугаар шинжээч эмч Д.Дунгаамаагийн дүгнэлтэд “...1. Б.Ц-ын биед зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Б.Ц-ын биед үүссэн зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстын цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хурууны зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...’’ гэжээ.

Иймд шүүхээс хохирогч Б.Ц-ын биед учирсан “ ... зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салст, зүүн хөхлөг сэртэн, баруун бугалга, баруун шуу, зүүн тохойд цус хуралт, зүүн гарын долоовор, дунд хуруунд зулгаралт ...” гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дахин шинжилгээ гаргуулах нь зүйтэй байна гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц   болон яллагдагч нар нь шинжээч эмч Д.Д-ийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8091 дүгээр дүгнэлттэй холбогдуулан эргэлзээтэй, тодорхойгүй, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мөрдөгч болон прокурорт гомдол, хүсэлт гаргаагүй болно. Хэрэв шүүхээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана гэж заасны дагуу шүүхээс дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байна.

2. Яллагдагч Т.Д  , Б.Б  нарт холбогдох ************ дугаар хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй тохиолдолд яллагдагч нараас зардал гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг болгон дээр гаргах боломжгүй болно. 

3. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц   нь шүүх хуралдаанд шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, мөн Т.Д  , Б.Б  нартай хамт ажилладаг. эмчилгээнд гарсан зардлаа хоорондоо харилцан тохиролцсон талаар мэдүүлсэн учир гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.

Мөн түүнчлэн тухайн хэрэг учрал нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн ба шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан ба дээрх үйл баримт нь хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох боломжгүй байна.

4. Яллагдагч Т.Д  , Б.Б  нарыг хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл тус бүрд нь Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэр, цаг хугацаа нь ижил, хохирогч нь 2 өөр цаг хугацаанд бусдад зодуулсан талаар Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл гаргаагүй, тухайн цаг хугацаанд хаана, хэнд зодуулсан талаараа гомдол гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг өөр орон зай, цаг хугацаанд үйлдэгдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/2910 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Т.Д-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Скай хотхоны гадна хохирогч Б.Ц-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Б-ыг 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Скай хотхоны 8 дугаар давхрын орцонд хохирогч Б.Ц  тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний хамар хэсэгт нь гараараа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь “зүүн ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана.” гэж хуульчилжээ.

Тодруулбал, Т.Д  , Б.Б  нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Т.Д  , Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/***** дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Яллагдагч Т.Д  , Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                        Н.БАТСАЙХАН

        

ШҮҮГЧ                                                        Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ