Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2018/ШЦТ/20

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч овогт Оын Мд холбогдох эрүүгийн 1817000090012 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ч овогт Оын М /РД:ЗМ90061816/ Дундговь аймгийн Хулд суманд 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тоотод оршин суух, Говьсүмбэр аймаг дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,  

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч О.М нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 4-415 тоот өөрийн гэртээ эхнэр Э.Стай маргалдан түүн рүү аяга /стакан/ авч шидэн нүүрэн тус газар онож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 4-415 тоотод гэртээ эхнэр Э.Сг согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар түүн рүү аяга /стакан/ авч шидэн нүүрэн тус газар онож гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байж байхад эхнэрийн найз З 1 шил архи, 1 ширхэг том пивотой орж ирсэн. Тэрийг ууж дуусаад манай найз Д бас 1 шил архитай орж ирээд байж байтал манай эхнэр Зтай чи Этай харьцдаг гээд маргалдаад байсан. Би энд байхгүй муу энергитэй хүн битгий яриад бай гэснээс болоод эхнэртэйгээ маргалдаад шилэн аяга шидэж нүдний ойролцоох хэсэгт нь оноод зүсэгдсэн байсан. Эхнэрээ өмнө нь зодож байгаагүй. Дахиж архи уухгүй, эхнэрээ зодож цохихгүй. Стай 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн. Эхнэрээсээ уучлалт гуйж эвлэрсэн. Миний буруу ийм хэрэг хийсэндээ харамсаж байна гэв.

1.2. Хохирогч Э.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад манай найз З над руу утсаар яриад надаас уух уу гэхээр нь би тэгье гээд тэр манайд 1 шил 0,75 литрийн Ерөөл, 1 том пиво аваад орж ирсэн. Згийн авч ирсэн архи пивог нөхөр бид 3 хувааж уугаад сууж байхад нөхрийн ажлын Д гэх залуу манайд 22 цагийн үед орж ирсэн. Тэр орж ирэхдээ 0,33 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд бид 4 архи, пивоо хувааж уугаад бүгд халцгаасан. Уугаад сууж байхдаа би өөрийн найз Зтай түүний найз залуу Эын талаар ярьж байгаад түүнд Этай харьцдаг хүнтэй би харьцахгүй гэж хэлсэн. Анх З манай гэрт орж ирэхдээ Этай маргалдсан талаараа ярихаар нь битгий манай гэрт түүний талаар яриад бай манай нөхөр түүнтэй найзалж байгаад саяхнаас  больсон, тэр их муу залуу байгаа юм, дандаа манай нөхрийг уруу татаж архи уудаг, дэмий тэнэдэг гэж хэлээд найз руугаа жаахан уурлаж, дайрч давшилсан.  Тэгэхэд манай нөхөр бид хоёрыг боль гээд дундуур орж ирээд Эыг битгий яриад бай гэхээр нь би нөхрийнхөө өөдөөс уурлаад чи тэгвэл яах гэж өмнө нь найзалж байсан юм бэ гээд бид 2 хоорондоо маргалдсан. Би арай их согтсон байсан болохоор ер нь агсраад байсан юм билээ. Тэгээд намайг нөхөр лүүгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хэрэлдэж байхад манай нөхөр гэрийн зүүн талд байдаг буйдан дээр намайг сууж байхад шилэн аяга /стакан/ аваад над руу шидэхэд миний нүүрний баруун хацрын дээд хэсэгт оноод цус гарсан. Стакан нь хагарсан. Манай нөхөр миний цусыг тогтоож арчиж өгсөн. Өөрөөр бол зодож цохиогүй. Хэрүүл маргаан болох гол буруутан нь би өөрийгөө гэж бодож байна. Яагаад гэвэл архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж чадаагүй. Мөн дээрээс нь хэрүүл маргаан өдөж хүн, хүн рүү дайрч давшилж байж ийм зүйл болсон гэж бодож байна. Манай нөхрийн тэвчээр алдраад л тэр над руу стакан шидсэн байх бусдаар тэр тэгэх хүн биш. Баруун хацарны дээд хэсэгт шилэн аяганд зүсэгдэж эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. Одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Намайг өмнө нь манай нөхөр М нь зодож цохиж байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-10 хуудас/

1.3. Гэрч Э.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би гэртээ байж байгаад өөрийн найз Стай 21 цагийн үед утсаар яриад түүнээс уух уу гэж асуухад тэгье гэхээр нь гэртээ байсан 1 шил 0,75 литрийн Ерөөл архи, Сэрүүн нэртэй 1 том пиво аваад тэднийд ороход гэрт нь С, нөхөр М, хүүхэдтэйгээ гурвуулаа байсан. Би тэднийд ороод С, түүний нөхөр Мгийн хамт архи пивоо аягалаад уугаад сууж байтал гаднаас Д 0,33 литрийн Ерөөл архи аваад орж ирсэн. Тэгээд бид нар архи, пивоо хувааж ууцгаасан. Уугаад сууж байхдаа миний хуучин найз залуу Эын талаар ярихад С чи Эын талаар манай гэрт битгий ярь, тэр их муу залуу дандаа манай нөхрийг уруу татаж архи уудаг гэхээр нь би түүнтэй одоо харьцахаа больсон гэж хэлэхэд тэр над руу агсрах маягтай хашгичаад дайраад байсан. Тэр ер нь нилээн согтчихсон байсан. Би арай гайгүй байсан. Түүнийг над руу агсраад байхад нь М одоо наад Эыгаа ярихаа боль энд байхгүй байна гэхэд С нөхөр М руугаа агсраад яадаг юм чи өмнө нь яах гэж түүнтэй найзалж байсан юм гээд нөхрийнхөө өөдөөс хэрэлдээд хашгичаад байсан. Тэгэхэд нь түүний өөдөөс нөхөр нь пиво ууж байсан шилэн аягаа /стакан/ шидээд нүүрэнд нь оноход баруун хацар хэсгээс нь цус гарсан. Нөхөр нь түүний цусыг нь арчаад тогтоогоод байсан. Өөр зодоон цохион болоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

1.4. Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Орой 21 цагийн үед дахиад залгаад боломж байна уу гэхээр нь би жаахан байж байгаад яваад очъё гэж хэлээд дэлгүүр орж нэг шил 0,33 литрийн Ерөөл архи, нэг хайрцаг тамхи аваад Мгийн гэрт нь 22 цаг болох гэж байхад ороход гэрт нь М, С, З гурав архи уугаад сууж байсан. Тэдний бага хүүхэд нь бас байж байсан. Тэгээд бид 4 хамтдаа архи пивоо уугаад сууж байхад С согтчихоод Эын талаар Зтай яриад түүн рүү би чамтай харьцахгүй чи Этай харьцдаг биз дээ гэх мэтээр яриад байсан. З харин би түүнтэй харьцахгүй байгаа юунд нь түүнийг ярьдаг юм гэхэд С түүний өөдөөс агсрах гээд байсан. Тэгэхэд М одоо наад Эыгаа битгий ярь энд байхгүй хүнийг яах гээд байгаа юм гэхэд С М руу уурлаад чи тэгвэл өмнө нь яах гэж найзалж байсан юм гэж байсан. Тэгээд М гэрийн зүүн хойд хэсэгт сууж байгаад Сг гэрийн зүүн орон дээр сууж байхад нь шилэн аяга /стакан/ шидээд нүүрэнд оноход түүний баруун хацарнаас цус гараад байсан. М түүний цусыг тогтоогоод байсан. Хүүхэд нь сэрээд уйлахаар нь би хүүхдийг нь тэврээд гэр лүүгээ аваад яваад өгсөн. Түүнээс өөр зодоон цохион болоогүй. Тухайн үед 01 цаг болж байсан. Эхнэрээ зодож байхыг нь би лав мэдэхгүй. Энэ болсон асуудал бол эхнэр нь өөрөө согтчихоод хэрүүл өдөж агсарч байгаад ийм зүйл болсон гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/,

1.5. Гэрч О.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай төрсөн дүү М, С нар нь хоорондоо эвтэй найртай харьцдаг, хэрэлдэж маргалдаад байдаггүй. М нь эхнэрээ зодож нүдээд байдаггүй. Зодож нүдэж байхыг нь би лав мэдэхгүй. Хамт амьдардаггүй болохоор нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна. Хөндлөнгөөс харахад амьдрал нь болж бүтээд явж байгаа. М нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр хүүхдээ зодож нүдэж байхыг нь би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

1.6. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дугаартай дүгнэлтэнд: Э.Сгийн биед духанд, баруун хөмсөгний гадна хэсэгт, баруун чихний урд талаар, баруун нүдний дотор өнцөгт зүсэгдэж урагдсан шарх, дээд уруулын дотор салстанд цус хуралт, өнгөц няцарсан шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Урагдаж, зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир бүхий зүйлийн үйлчлэлээр, дээд уруулд, хүзүүний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018.01.12- нд үүсгэгдсэн байх боломжтой. Духанд учирсан зүсэгдсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний гадна хэсгийн урагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чихний урд талаар зүсэгдсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дотор өнцгийн зүсэгдсэн шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстын цус хуралт, өнгөц язарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Хүзүүний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 17 хуудас/

1.7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4-5 хуудас/

1.8. Аюулгүй байдлын үнэлгээний маягт /х.х-ийн 6 хуудас/

1.9. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 30 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч О.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч О.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Э.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр М нь ааш зан сайтай, хүнтэй арга эвийг нь олоод харьцчихдаг, энгийн, эгэл даруу, хамт олны дунд нэр хүнд сайтай надад элдэв янзын муухай ааш авир гаргадаггүй. Гэр бүл, үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Дээрх болсон асуудал бол миний буруутай үйлдлийн улмаас болж гарсан. Манай нөхөр намайг зодоод байдаг хүн биш. Надад Мгоос нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9 хуудас/

2.2. Гэрч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “М бид 2  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт 2015 оноос хойш одоог хүртэл хамт ажиллаж байна. М бид 2 найз нөхдийн холбоотой байдаг. Тэр их архи дарс хэрэглээд байдаггүй, төлөв даруу зантай, бусадтай эвтэй найрсаг харьцаатай, хамт олон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, гэр бүл хань ижилдээ халамж анхаарал сайн тавьдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/,

2.3. Гэрч О.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай төрсөн дүү М нь айлын 4 дэх хүүхэд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн бага насаа эцэг эхийн гар дээр Дундговь аймагт өнгөрөөсөн. 2015 онд Говьсүмбэр аймагт шилжиж ирсэн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь 5 настай, бага хүүхэд нь 1 нас 6 сартай. Одоо аймгийн Онцгой байдлын газарт аврагч гал сөнөөгчөөр ажилладаг. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, бусадтай эвтэй найртай харьцдаг, нийтэч, хамт олны дунд нэр хүнд сайтай хүүхэд байгаа юм. Архи дарс их хэрэглээд байдаггүй. Хэрэглэсэн ч агсам согтуу тавиад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

2.4. Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “М бид 2 анх 2015 оны 03 дугаар сард Хууль Сахиулахын Их сургуулийн ахлагчийн сургуульд хамт суралцаж байхдаа танилцаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл нэг газарт ажиллаж найзалж байна. М нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, итгэлтэй, тулга түшигтэй, хэлсэндээ хүрдэг, амалснаа биелүүлдэг. Найз нөхөд, хамт олны дунд нэр хүнд сайтай хүн чанартай залуу. Элдэв янзын муу зуршилгүй архи нэг их уугаад байдаггүй. Гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, хэрэгт холбогдсон талаар нь сонсоод би маш их гайхсан уг нь эхнэртээ гар хүрдэггүй л хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 25-26 хуудас/

2.6. Говьсүмбэр аймаг дахь Онцгой байдлын газрын тодорхойлолт /х.х-ийн 36 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч О.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч О.Мгийн прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрснийг, прокурорын саналыг тус тус харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Оын Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.