| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2018/0019/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/21 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/21
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Аын Ад холбогдох эрүүгийн 1717001010014 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Аын А /РД:ЕВ90120312/ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 1, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон гэх
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч А.А нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-10 тоотод иргэн М.Мтай маргалдан түүний толгой болон мөрөн тус газар нь хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч А.А нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-10 тоотод бусадтай архидан согтуурч улмаар М.Мтай маргалдан зодолдож түүний толгой болон мөрөн тус газар нь хутгаар хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед ээжийнхээ гэрт унтах гээд хэвтэж байтал Ал би хөдөөнөөс хоёр хүнтэй ирсэн, танайд очиж хоноё гэсэн. Би тэг тэг гэсэн. Манайд ирсэн хүмүүс авч ирсэн 2 шил архиа уусан. Архийг би хувааж уусан. Би Мтай муудаад зодолдсон. Тэгээд Ал, Д нар салгасан. Би эхлээд зодуулсан, үүнд уурлаад хутгалсан. Болсон явдлыг мэдэж байгаа. Адуу мал ярьж байгаад л муудаж эхэлсэн. М чамайг ална шүү гээд байхаар нь манай дүү шоронд байгаа гэж хэлсэн. М миний нүүр лүү хоёр гурван удаа цохисон. Тэгээд боль гээд Мыг Ал, Д нар аваад гарахад М эргээд над руу дайраад байсан. Би гэрээс зуухны өмнө гал асаахаар мод зорж байсан хутгыг авсан. Би толгойг нь нэг удаа, мөрөн дээр нь нэг удаа хутгалсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээнд шаардлагатай зүйлийг авч өгсөн. Ял шийтгүүлж байгаадаа харамсаж байна гэв.
1.2. Хохирогч М.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой Ал, Д нарын хамт Шивээговь суманд ирсэн. Бид нар Шивээд хонохоор болоод найз Агийн гэрт очсон. Гэрт 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Архиа ууж байхдаа би Атай маргалдсан чинь А манай дүү шоронд байгаа шүү чи муу бөөс шоронд орвол банди болно гэх зэргээр над руу дайраад байхаар нь уурандаа нүүр лүү нь 2 удаа цохисон. А бид хоёрыг барилцаад авсан чинь Ал, Д нар салгасан. Тухайн үед Д архи уугаагүй байсан. Бид хоёрыг маргалдаад эхэлсэн чинь Д явъя гээд Ал, Д бид гурав гэрээс нь гарсан. Тэгээд яг машинд суух гэж байтал А миний араас чамайг би жинхэнэ банди болгоноо нуруугаа сайн харж яваарай гээд хашгирахаар нь би чи муу юу гээд байгаа юм бэ гараад ир эр хүн шиг үзье гээд гэрийнх нь хаалга руу дөхөөд очтол Ал намайг боль гээд бариад авахад цаад талаас нь Баясаагийн гар гарч ирэх шиг болсон чинь миний зүүн мөр, толгойн орой хэсэгт зүссэн байсан. Би эмнэлэг рүү яваад толгой, мөр хоёртоо нэг, нэг оёдол тавиулсан. Ал, А бид гурав л архи уусан болохоор би нилээн согтсон байсан. Аг хаанаас хутга авсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/,
1.3. Гэрч А.Ал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бид гурав Шивээд хоноод явъя гээд би найз А руу яриад найз нар нь хөдөөнөөс ирээд хонох газар байдаггүй, танай гэрт очоод хоночихъё гэсэн чинь А би 7 дугаар байранд ээжийн гэрт байна гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар байрнаас очиж Аг аваад гэр байранд гэр лүү нь очоод гал түлээд байж байсан чинь М нэг шил Соёрхол нэртэй архи гаргаад ирсэн. Бид нар тэр архийг уугаад дахиж нэг шил архи нэмж авч уусан. А, М хоёр хоорондоо маргалдаж байгаад 2-3 удаа цохилцсон. Бид нар явъя гээд гадаа гарцгаасан чинь А Мтай алалцана гээд дайрахаар нь би хаалган дээр нь Аг гаргахгүй гээд зогссон чинь М хаалганы гадна талаас ирээд маргалдаад байсан. Тэгсэн чинь А хутга гаргаж ирээд миний мөрөн дээгүүр давуулаад М руу 2-3 удаа хатгахад Мын толгойноос цус гараад эхэлсэн. М Аг алалцъя гээд дайрсан чинь А хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд бид нар Мыг салгаж аваад эмнэлэг рүү явсан. А Мыг ногоон хартай иштэй богино хутгаар хутгалсан. Урт нь иштэйгээ нийлээд 20 см орчим болох байх. Харахад богинохон хутга байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
1.4. Гэрч Ч.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бид нар Шивээд хонохоор болоод Агийн гэрт очсон. А, Ал, М нар 2 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи уусан. Тэр гурав нилээн согтоод А, М хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр хоёр нэг нэгнийгээ банди болгоно гэх зэргээр маргалдаж байгаад М Аг нүүрэнд нь 2 удаа цохисон. Тэр хоёрыг барилцаад авахаар нь Ал бид хоёр салгатал дахиад хоорондоо зодолдох гээд байхаар нь би ерөөсөө хэдүүлээ явъя гээд Ал, М нарыг дагуулаад гарсан. Бид гурав машиндаа суух гэж байтал А Мын араас чамайг банди болгоноо чи муу араа харж яваарай алнаа чамайг гэсэн чинь М чи муу юу гээд байгаа юм бэ гараад ир сайхан зодолдъё гээд Агийн гэр лүү буцаад алхсан. Тэгсэн чинь Ал Мыг болио явъя гээд араас нь дагаад явсан. Агийн гэрийн үүдэнд тэр хоёр хоорондоо хэрэлдээд Ал тэр хоёрын голд зогсож байснаа М наадах чинь хутгалчихлаа ш дээ гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/,
1.5. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай дүгнэлтэнд: “М.Мын биед духны зүүн тал, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 8 хуудас/
1.6. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэнд: “А.Агийн биед дух, баруун хөмсөг, баруун нүдний гадна буланд зулгаралт, өвчүүний зүүн доод хэсэг, зүүн нүдний гадна буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 12 хуудас/
1.7. Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /х.х-ийн 4-6 хуудас/
Иймд шүүгдэгч А.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо тус тус шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болохыг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч М.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би толгой, мөр хоёртоо нэг, нэг оёдол тавиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/
2.2. Гэрч А.Алд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай хүү ер нь их төлөв томоотой даруу хүүхэд байгаа юм. Хүүхэд ааш нь эвдрээгүй болохоороо хүний үгэнд оромтгой, бага байхаас нь их эрхлүүлж өсгөсөн болохоор жаахан дураараа талдаа байдаг. Ямар ч хүний ая эвийг олж чаддаг, их нийтэч зантай хүн. Манай хүү тухайн өдөр гэртээ унтах гээд байж байхад нь Ал утсаар ярьж дуудаад гаргасан. Уул нь баргийн бол архи уудаггүй. Тухайн өдөр тэд нар өөрсдөө дуудаагүй бол манай хүүхэд ийм хэрэгт холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 37-44 хуудас/
2.4. Мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /х.х-ийн 45-46 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Аг торгох ялаар шийтгэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч А.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй, мөн урьд ял шийтгүүлж тэнсэн хянан харгалзсан хугацаа дуусмагц дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзаж үдлээ.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 18.5см урттай, ир хэсгийн урт нь 8.5см, бариул хэсгийн урт нь 10см, ногоон хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 18.5см урттай, ир хэсгийн урт нь 8.5см, бариул хэсгийн урт нь 10см, ногоон хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.