Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/22

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ж.Б,

шинжээч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Жын Бд холбогдох эрүүгийн 1717000740043 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Жын Б /РД:ЦЖ75013118/ Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1975 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын 432/241 дугаартай километрийн шонгийн орчимд Соната-6 маркийн 31-03 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган зорчигч Н.М, М.Ч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар Соната-6 маркийн 31-03 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг, 432/241 дугаартай километрийн шонгийн орчимд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас түүний тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.М, М.Ч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Замын-Үүд сум руу бараандаа яваад буцах замд Чойр, Шивээговь сумын дунд цасан шуургатай, үзэгдэх орчин муу байсан. Машины гэрэл шилжүүлэхэд нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй байсан. Би гэрлээ ойр дээрээ тавьж машинтай зөрөөд гэрлээ хол дээрээ тавьтал зам дээр зогсож байсан машин тулаад орж ирэхээр нь замын эсрэг урсгал руу орох гэтэл өөдөөс том машин гарч ирсэн. Буцаад зүүн гар тал руугаа жолооны хүрдээ дарах гэтэл нөгөө машин урт машин байсан. Буцаж жолооны хүрдээ дараад урдуур нь тойрч гартал урд талын обуд хагараад жолооны хүрд дийлдэхгүй жалга руу орсон. Машин тулж ирсэн болохоор хамаагүй тоормос гишгэхээр халтираад машины доогуур орж магадгүй гэж бодсон. Машинд А, Ч, М бид дөрөв зорчиж явсан. Хурдны хувьд 60-80 километр цагийн хооронд хэлбэлзээд явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2001 онд Сүүб авто сургуулийг “В” ангилалтай төгссөн. М хохирол төлбөр нэхэмжлээгүй, Чад эмчилгээний зардал 120 000 төгрөг төлсөн. Бараа дутсан асуудал байгаа, үүнийг бараагаар нь шилжүүлж өгсөн. Хохирогч Агийн биеийн байдал гайгүй болж байгаа, юм түшээд явж байгаа. Миний анхаарал болгоомжгүйгээс болоод ийм хэрэг гарсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Ар гэрээ тэжээж явдаг ганц хүн нь болохоор ял шийтгэлийг минь хөнгөрүүлж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

1.2. Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017  оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Бтэй Нарантуул зах дээр наймаа хийдэг Мөнхмаргал, түүний хүү Ч нарын хамт Замын-Үүд сумаас 15 цагийн үед Улаанбаатар хот орохоор манай нөхөр Бгийн Соната 6 маркийн 31-03 УНЕ улсын дугаартай машинтай гарсан. Бид замдаа унтаж сэрээд яваад байсан юм. Нэг мэдсэн машин дайвалзаад сонин болхоор нь Бд юу болоод байна гэж асуусан өөдөөс хурц гэрэлтэй машин ирж байгаа харагдсан машин дайвалзаж байгаад засмал замынхаа зүүн тал руу далан руу ороод усны шуудууг мөргөөд өнхрөөд онхолдсон. Хэдэн удаа эргэснийг мэдэхгүй байна.  Б машиныхаа урд талын шилийг өшиглөж гараад намайг машинаас  чирч гаргасан. Би хөлөө өргөх гэтэл баруун хөл шилбээрээ унжаад өвдөөд байсан. Би хөл хугарчихсан байна гэж хэлсэн чинь хөлөө хөдөлгөж болохгүй  гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Осол болсон газар ирсэн хүмүүсийн нэг нь энэ том машины жолооч нь хаана байна гэрэл дохиогоо асаахгүй гэж хэлж байгаа нь сонсогдсон. Би унтаж явсан болохоор зам дээр байсан машиныг хараагүй. Жижиг суудлын Приус машинаар Чойрын эмнэлэгт хүргүүлсэн. Баруун хөл шилбээрээ зөрөөд хугарсан. Мөн зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна гэсэн. Одоогоор өөр мэдэгдэх гэмтэлгүй байна. Намайг нэг харахад 60км/ц хурдтай явж байсан. Ер нь бол хурдан яваагүй. ГССҮТөвийн эмнэлэгт хагалгаанд орж чиг барих аппарат суулгасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-25 хуудас/,

1.3. Хохирогч Н.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Замын-Үүд сумаас15 цагийн үед Улаанбаатар хот орохоор Нарантуул зах дээр наймаа хийдэг Баасахүүгийн машинтай А, хүү Ч нарын хамт гарсан. Замд цасаар шуураад нилээн удаан явсан. Хүү Ч бид хоёр ар талын суудал дээр утсаар тоглоод явж байсан чинь Ч над руу хазайгаад түрэгдээд ирсэн. Мөн машин хазайж байгаа мэдэгдсэн. Дуу чимээ гараад машин хэд хэдэн удаа өнхөрч байгаа нь мэдэгдсэн. Тэгээд машин хөдөлгөөнгүй болоод зогссон. Машины урд талын шилийг Б дотор талаас нь өшиглөөд машинаас гараад, бид нар цуварч гарсан. А миний хөл хугарчихсан байна гэж хэлсэн. Тэнд замаар явж байсан машинууд зогсоод цагдаа, эмнэлэгт хэлсэн. Цагдаагийн ажилтан гэх залуу энэ том машины жолооч хаана байна гэхээр нь гайхаад зам руу харсан чинь том ачааны машин зам дээр зогсож байсан. Ямар нэгэн гэрэл дохио асаагаагүй байсан. Тэгээд жижиг Приус машинтай хүн А, Ч бид гурвыг Чойрын эмнэлэгт хүргэж өгсөн. Ер нь хурд багатай явж байсан. Яг ямар хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Б машинаа бариад, хажуу талын суудал дээр нь эхнэр А, жолоочийн арын суудал дээр би, миний баруун гар талд хүү Ч сууж явсан. Б, А нар нь хамгаалах бүсээ бүсэлсэн байсан. Ч бид хоёр бүсгүй явж байсан. Ослын улмаас зүүн мөрний зөөлөн эд гэмтсэн. Зүүн тохой бугалганд хөндүүрлээд хөдөлж болохгүй байна. Ар дал орчимд хөндүүр байна. Зүүн мөр унжуулж явахаар доошоо тохой руугаа чилж өвдөөд байгаа. Толгой өвдөж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-39/,

1.4. Хохирогч М.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Нарантуул зах дээр хамт наймаа хийдэг Б ахын Соната-6 маркийн 31-03 УНЯ улсын дугаартай машинтай Эрээн хот ороод бараагаа аваад 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Улаанбаатар орохоор хөдөлсөн. Орой 21 цаг өнгөрч байхад би гар утсаа оролдоод явж байтал машин юм мөргөх шиг болохоор нь харсан чинь засмал замын хажуу талын шороон жалгыг мөргөөд эргэлдээд онхолдсон. Миний багцаагаар машин 2-3 удаа өнхөрсөн байх. Машин баруун хажуу тал дээр тогтсон. Машинаас урд шилийг хагалаад буусан. Машинаас буугаад харахад засмал зам дээр бид хэдийн явж байсан эгнээнд том машин зам чөлөөлөөгүй, ямар нэгэн гэрэл асаалгүй зогсож байсан.  А, ээж бид гурвыг Приус машинтай хүн эмнэлэгт хүргэж өгсөн. Б өөрөө машинаа бариад явж байсан. Замын-Үүд сумаас гарахад цасаар шуурч байсан. Тогтмол удаан хурдтай явж байсан. Миний зүүн гарын шууны яс янгинаж өвдөөд хурууны өндөг бадайраад байна. Хүзүүний ар шил, баруун чих рүү хөндүүрлэж өвдөөд байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/,

1.5. Гэрч У.Ө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу барилгын материал ачаад Батхүүгийн эзэмшлийн Нордбенз маркийн 07-29 ДГА улсын дугаартай чиргүүлтэй том оврын автомашинтай хөдөлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Шивээ-Овоогийн уурхайн зүүн талд явж байсан чинь машины чирэгч толгойн мостны зөв талын арын дугуйны шпилкны боолт хугараад машин хөдлөх боломжгүй, хөдлөх гэхээр дугуй нь салж унах гээд байсан. Ер нь аль болох баруун гар тал руугаа шахаж зогссон. 19 цагийн үед Чойр орж сэлбэг хайхаар машинаа орхиод явсан. Явахдаа машиныхаа ард цэнхэр канестр тавьж орхисон. Машинаас чиргүүл рүү явсан цахилгааны утас тасарсан учраас аваарын гэрэл асахгүй байсан. Тэгээд Чойр ороод түлхүүр багаж аваад машин дээрээ ирсэн чинь миний машинаас хойш цагаан Соната-6 маркийн автомашин засмал замынхаа зүүн тал руу гараад баруун талаараа налсан байдалтай онхолдсон, хүмүүс нь машинаасаа гараад суусан байсан. Би жижиг машинаар Соната-6 маркийн машинд сууж явсан гэх 3 хүнийг Говьсүмбэр аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн. Жолооч нь бие нь зүгээр гээд машин дээрээ үлдсэн. Зам чөлөөлөх ямар ч боломжгүй гэхдээ хөвөө рүү нилээн шахсан. Илүү шахах гэхээр ачааны машин уначих гээд байсан. Мөн шпилк нь хугарсан болохоор дугуй нь салах гээд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/,

1.6. Шинжээч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Соната-6 маркийн авто машин нь Норд бенз маркийн авто машинтай мөргөлдөөгүй, тойр ч явсан. Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл тухайн осолд хамаарахгүй. Яагаад гэвэл араас нь ирж мөргөөгүй, урд талд нь гарч онхолдсон байгаа. Норд бенз маркийн авто машин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, гэхдээ энэ нь осол гарахад хамааралгүй. Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл нь хурдаа тохируулан, ямар нэгэн байдлаар зогсоох арга хэмжээ авсан байсан бол зам тээврийн осол гарахгүй байсан. Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг тойрч гараад өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж замын хажуу руу онхолдсон үйлдэл нь зам тээврийн ослын шалтгаан болсон. Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урд нь аюул саад гарч байгааг мэдсэн, харсан, хараад зүүн гар талын эсрэг урсгал руу орсон гэж мэдүүлсэн байсан. Хурдаа тохируулан явж байсан бол замын эсрэг урсгал руу орохгүйгээр хурдаа хасаад зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан. Зайлшгүй зогсолт хийхгүйгээр замын голд зогсох нь хориотой байдаг. Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн байсан гэв.

1.7. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 411 дугаартай дүгнэлтэнд: “Б.Агийн биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун бүдүүн, нарийн шилбэ ясны зөрөөтэй ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 46 хуудас/

1.8. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412 дугаартай дүгнэлтэнд: “Н.Мын биед тархи доргилт, зүүн шуунд цус хуралт, зүүн шуу болон мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 51 хуудас/

1.9. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 413 дугаартай дүгнэлтэнд: “М.Чын биед тархи доргилт, баруун хөхлөг сэртэн орчим цус хуралт, дагз болон зүүн тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 57 хуудас/

1.10. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: Хюндай соната-6 маркийн 31-03 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Нордбенз маркийн 07-29 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар бүлгийн 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднахь замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ, б/түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд, в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. "Зайлшгүй зогсолт" -жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл гэж заасан байна. Иймд Нордбенз маркийн 07-29 ДГА улсын дугаартай автомашины дугуйн 3 ширхэг шпилк хугарсан, бусад боолт нь суларсан, автомашинаас чиргүүл рүү явсан цахилгааны утас тасарсан байсан учир энэ нь техникийн эвдрэлд хамаарах тул Нордбенз маркийн 07-29 ДГА улсын дугаартай автомашины зогсолт нь зайлшгүй зогсолт мөн байна. Хюндай соната-6 маркийн 31-03 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь хэсэгт тус тус зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагий ахлах дэслэг Д.Ө гэжээ. /хх-ийн 62 хуудас/

1.11. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-19 хуудас/

1.12. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 20 хуудас/

1.13. Бичиг баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /х.х-ийн 73-75 хуудас/

1.14. Б.Агийн өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 102-109 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Ж.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/,

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүү нь 9 дүгээр ангид сурдаг. Том охин нь хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг. Эхнэр А нь Нарантуул зах дээр жижиглэнгээр бараа зардаг. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. Өөрсдийнхөө амьдралыг боломжийн түвшинд авч явдаг. Зан байдлын хувьд даруухан, хүнд их тусархуу, нийтэч, хар бор ажилд сайн. Урьд хэрэгт холбогдож байгаагүй. Ер нь бол элдэв янзын ааш байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/,

2.3. Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ Б нь зан байдлын хувьд хүнтэй их нийтэч, хүнд их тусархуу, эвсэг харьцаатай, уур уцааргүй. Хамт ажиллаж байхад ажил хөдөлмөрт их сайн, хөнгөн хөдөлгөөнтэй. Амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай. Эхнэр нь Нарантуул зах дээр оймс зардаг. Одоо ослын улмаас хөл нь хугарсан гэртээ байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/,

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 89 хуудас/

2.5. Хохирогч Н.М, М.Ч нарын хохирлыг барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасныг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Бгийн 726182 дугаарын В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Жын Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Бгийн 726182 дугаарын В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.