Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар      2023/ДШМ/1178

 

 

 

 

 

 

   2023            12             12                                       2023/ДШМ/1178

 

 

Н.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл, 

шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцлээр Н.С-д холбогдох эрүүгийн 2309 00000 0803 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Н.С, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Төв аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хүү, бэр, ач нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 43а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

Шүүгдэгч Н.С нь 2010-2023 оны хооронд Монгол Улсын Боловсролын их сургуулийн “сургуулийн өмнөх боловсрол”-ын D0000000 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-гаас 47.111.721 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D0000000000 дугаартай хуурамч боловсролын дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаагаар гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгчийн хувьд Улаанбаатар хотоос гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1250 дугаартай шийтгэх тогтоолын "Тогтоох нь" хэсгийн 2, 3 дахь заалт, мөн шийтгэх тогтоолын "Эрүүгийн хариуцлагын талаар" хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй байна. Шүүгдэгч нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй тул тус дүүргээс, тус дүүргийн хорооноос гарахыг хориглосон хязгаарлалт тогтоож байж эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.С-ийн өмгөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтана. Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал тогтоогддог. Сонгинохайрхан дүүрэгт хуучин ажиллаж байсан цэцэрлэг нь диплом шаардахгүй ажил тул одоо уг газартаа туслах багш, жижүүрийн орон тоонд ажиллаж байгаа. Баянгол дүүрэгт оршин суух хаягтай бөгөөд хохирол төлбөрөө төлөхийн тулд зайлшгүй ажил хийх шаардлагатай тул нэг дүүргээр хязгаарлах боломжгүй. Алсын 3 дүүрэг, орон нутаг, гадаад руу зорчих эрх нь хязгаарлагдсан тул эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцэж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд зорчих эрх хязгаарлах ялын бүсийг тогтоох эрх хэмжээ олгогдсон байдаг. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:    

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч Н.С-д  холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.          

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан  бодит байдлаар шалгаж, үнэлсэний  үндсэн дээр шүүгдэгч Н.С-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцсэн,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Н.С нь 2010-2023 оны хооронд Монгол Улсын Боловсролын их сургуулийн “сургуулийн өмнөх боловсролын D00000000 дугаартай диплом”-ыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь :     

- Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн танилцуулга, танилцуулгын хавсралт /1хх-12, 18-54/,

- гэрч Ч.Э-ийн /БШУЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ “...Хяналт шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх-122-124/,

- гэрч Я.Н-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын улсын байцаагч/ "...Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлээ олгосныг тогтоох боломжгүй..." гэх мэдүүлэг /1хх 96-98/,

- гэрч А.Т-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын улсын байцаагч/ “...Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваад зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх 125-127/,

- гэрч Б.Д-ийн /БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ “...манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн...Бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгуулахаар хүргүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх 117-119/,

- Н.С 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 000, 000, 000 дугаар цэцэрлэгүүдэд багшаар ажилласан тухай баримтууд /1хх-164-167, 170, 223/,  

- шүүгдэгч Н.С-гийн:...Би МУБИС-д суралцахаар бүртгүүлж байгаагүй. 2009 оны зун Хархорин захаас гарч явахад урд нэг эмэгтэй ухаан алдаж унахад нь би тусалсан. Тэгээд өөрийгөө У, 00 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг гэж хэлээд намайг ажилд авахаар болсон...Тус онынхоо 9 дүгээр сард цэцэрлэг дээр очиход намайг МУБИС-д суралцаж байгаа, удахгүй төгсөнө гэдэг албан бичиг гаргаж өгөөд ажилд авсан...Намайг ажиллаж байх хугацаанд миний нэр дээр сургууль төгссөн баталгаа болгож диплом гаргаж өгнө, дипломны хөлс 4.500.000 төгрөг, төгсөх оюутны нэрэнд оруулаад гаргаад өгнө гэж хэлэхээр нь зөвшөөрсөн...Дипломоо 10 дугаар сард  авсан, Уранцэцэгт 4.500.000 төгрөгийг 2 хувааж өгсөн...2010-2016 онд 000 дугаар цэцэрлэгт, 2016-2020 онд 000 дугаар цэцэрлэгт, 2020 оны 8 дугаар сараас хойш 000 дугаар цэцэрлэгт ажилласан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / 1хх 142-143/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.    

ШТус шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг  нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “Монгол Улсын боловсролын их сургуулийн “сургуулийн өмнөх боловсролын сургуулийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.   

Шүүгдэгчийн үйлдсэн “хуурамч баримт бичгийг мэдсээр байж ашигласан” тухайн гэмт үйлдэл нь цаг хугацааны хувьд удаан хугацаанд үргэлжилсэн буюу удааширсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар таслан зогсоогдсон үеэс төгссөнд тооцох үндэслэлтэй, энэ хүрээнд маргаантай асуудал үүсээгүйг тэмдэглэв.     

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Шүүгдэгч Н.С-ийн ам бүл, ажил төрлийн болон ар гэрийн амьдрал ахуйн зэрэг хувийн бусад байдалд хамаарах үйл баримт, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтээс үзэхэд түүнд албадан ажил хийлгэх ял, түүнчлэн гэмт хэргийн улмаас  хохирол төлөх үүрэг хүлээсэн учраас торгох ял тус тус оногдуулах боломжгүй байх тул анхан шатны шүүхээс 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.    

Харин анхан шатны шүүхээс Н.С-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь хууль зүйн бодит үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн тухайн эрүүгийн хэрэг нь хэд хэдэн төрлийн ялтай буюу ялын сонгох санкцитай байсаар атал мөрдөгч, прокурорын хувьд тухайн төрлийн ял шийтгэлээс сонгон оногдуулахад хамаарах нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, бэхжүүлээгүй байна. Тухайлбал, шүүгдэгч нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг, харин Сонгинохайрхан дүүрэгт ажил хөдөлмөр эрхэлдэг байхад шүүгдэгчийн тухайн амьдарч буй Баянгол дүүргээс ажил хөдөлмөр эрхэлж буй гэх Сонгинохайрхан дүүрэг хоорондын тухайлсан газруудын хаяг, байршил, хоорондын зай болон зорчих ямар маршрут байдаг эсэх зэргийг нотлоогүй орхигдуулсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан...”шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүрэгт хуучин ажиллаж байсан цэцэрлэг нь диплом шаардахгүй ажил тул уг газартаа туслах багш, жижүүрийн орон тоонд ажиллуулж байгаа. Баянгол дүүрэгт оршин суух хаягтай бөгөөд хохирол төлбөрөө төлөхийн тулд зайлшгүй ажил хийх шаардлагатай...” талаарх тайлбар, дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй байна.   

Иймд шүүгдэгч Н.С-ийн ар гэрийн амьдрал ахуй, ажил хөдөлмөр эрхэлж амьжиргааны эх үүсвэрээ хангах, хохирол төлөх боломжийг нь хязгаарлахгүйн тулд Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож,  “анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа Улаанбаатар хотын 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосон нь эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй” тухай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн болно.            

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар талууд маргаангүй байх боловч анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ, түүнээс шүүгдэгчийн хувьд төлөх болон төлөхгүй байх хууль зүйн үндэслэл, дүгнэлтийг бүрэн хийгээгүй байгааг анхааруулан тэмдэглэж байна.  

Шүүгдэгч нь хуурамч диплом ашигласны улмаас 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарыг дуустал, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд нийт 86.047.321 төгрөгийг бодитой буюу өөрийн гарт авсан болох нь үйл баримтаар тогтоогдсон /1хх-239-245, 224-227, 208-210/ байх ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын нийт хэмжээг Н.Сд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2023 оны 4 дүгээр сараар тасалбар болгон тооцсон байгааг зөв гэж үзэв.

Шүүгдэгч Н.С нь хуурамч диплом ашигласны улмаас нийт 86.047.321 төгрөгийн цалинг бодитой авсан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарах боловч ажил олгогч болох Сонгинохайрхан дүүргийн 000, 000, 000 дугаар цэцэрлэгүүдийн удирдлагын зүгээс Н.С-г цэцэрлэгийн үндсэн багшаар 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд томилон ажиллуулахдаа цэцэрлэгийн үндсэн багшийн ажлын байранд тавигдах үндсэн болон тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг бүрэн нягталж шалгасан гэх үйл баримтгүй буюу холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хэрэгжүүлээгүй, хайнга хандсан байдал нь гэмт хэрэг гарах, удаан хугацаанд үргэлжлэн хохирлын хэмжээ ихсэхэд нөлөөлсөн болохыг үгүйсгэх үндэслэлгүй байна.     

Иргэний хуулийн 514 дүгээр 514.1 дэх хэсэгт  “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан.

Тийм учраас, дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Н.Сгийн гэмт хэрэг үйлдэж олсон 86.047.321 төгрөгөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр холбогдох он бүрээр зааглан цалин хөлсийг тооцсоноор :

              

Шүүгдэгчийн цэцэрлэгт ажилласан байдал /он, сар/

 

Шүүгдэгчийн гарт авсан нийт цалин хөлс /төгрөг/

 

Он тус бүрт  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тооцсон дүн  /төгрөг/

 

 

Он тус бүрт хамаарах хөдөлмөрийн хөлсний

доод хэмжээ, хамаарах сарыг  тооцсон байдал

 000-р цэцэрлэгт

2010 /10-12сар/

581915

324000

108,000*3

2011

2906107

1587600

108,000*3

140,400*9

2012

3728401

1684800

140,400*12

2013

3420723

1891200

140,400*8

192,000*4

2014

5250450

2304000

192,000*12

2015

6248430

2304000

192,000*12

2016 /01-06 сар/

4068189

1152000

192,000*6

000 цэцэрлэг

 

 

 

2016 /9-12сар/

2309632

768000

192,000*4

2017

7210044

2880000

240,000*12

2018

7135712

2880000

240,000*12

2019

9185778

3840000

320,000*12

2020 /1-7 сар/

6035975

2940000

420,000*7

000 цэцэрлэг

 

 

 

2020 /8-12 сар/

3145874

2100000

420,000*5

2021

8596669

5040000

420,000*12

2022

11847183

5040000

420,000*12

2023 /1-4 сар/

4376239

2200000

550,000*4

 

86,047,321

38,935,600

 

 

 

38.935.600 төгрөгийг түүнд үлдээж, харин үлдэх хууль бус хөрөнгө, орлогын 47.111.721 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлснийг буруутгах үндэслэлгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :  

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1250 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтын “...Улаанбаатар хотын зургаан дүүргийн...” гэснийг “...Улаанбаатар хотын Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн...” гэж өөрчилсүгэй.    

2. Шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 58 дугаартай эсэргүүцлийг хангасугай.       

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

       ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР