Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2025/0015

 

               Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж,  тус шүүхийн танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч:Х.Т,

              Нэхэмжлэгч: Ж.Б,

              Нэхэмжлэгч:Н.Ө,,

              Нэхэмжлэгч:Д.Х,

              Нэхэмжлэгч: Ж.Р,

            Нэхэмжлэгч:Т.Ж,

              Нэхэмжлэгч:Б.Б,

              Нэхэмжлэгч: Ш.Н,

              Нэхэмжлэгч: З.Н,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хороо,

               Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга,

              Гуравдагч этгээд: Б Ж нарын хоорондын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Х.Т нарын 8 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Толбо сумын сонгуулийн хорооны дарга С.Х, түүний өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Б.Ж өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Алсу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нараас Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хороо, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баян-Өлгий аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан  “Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаартай тогтоолыг хууль бус байсныг тогтоох,  2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаартай тогтоолын А.:: холбогдох хэсэг, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хуралдааны дэг батлах тухай” 02,  “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03,  Н.Ө үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04,  “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05,  “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолууд,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Е ажлаас чөлөөлж, Б.Ж даргаар томилох тухай” Б/39 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг Толбо сумын сонгуулийн хороонд даалгах”-аар маргаж байна.

 2. Нэхэмжлэгч нараас анх шүүхэд Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаартай тогтоолыг хууль бус байсныг тогтоох, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03,  “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаартай тогтоолын А.Базарханд холбогдох хэсэг, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааны “Хуралдааны дэг батлах тухай” 02,   “Н.Ө үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04,  “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05 дугаартай тогтоолууд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Е ажлаас чөлөөлж, Б.Ж даргаар томилох тухай” Б/39 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг тус сумын сонгуулийн хороонд  даалгах”-аар маргасан.

            3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:

3.1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн  хороо нь хуульд зааснаар сонгуулийн үр дүнгээр олонхын санал авсан төлөөлөгчдийн нэрсийг олон нийтэд зарлаж, улмаар тогтоол гарган тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдэж, анхдугаар хуралдааныг товлон зарлах үүрэгтэй байдаг.

Гэтэл Толбо сумын сонгуулийн хорооны дарга С.Х нь сонгуулийн үр дүнг олон нийтэд зарлахгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаартай тогтоол гаргаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 10:00 цагт анхдугаар хуралдааныг товлон зарласан нь дараах байдлаар хууль зөрчсөн гэж үзэж байна.

3.1.1. Толбо сумын сонгуулийн хорооны дарга С.Х 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаартай тогтоолыг нууцаар гаргаж, Ардчилсан намаас сонгогдож, олонхын санал авсан нэр дэвшигчдэд хуралдааны товыг мэдэгдээгүй. Үүнээс болж дээрх нэхэмжлэл гаргаж буй нэр дэвшигчид буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд олонхын санал авч сонгогдсон төлөөлөгч нарын  анхдугаар хуралдаанд оролцох, Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудалд саналын эрхтэй оролцох эрх нь ноцтой зөрчигдсөн.

3.1.2. Мөн шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн А.Б төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, түүнийг Хурлын даргаар томилсон нь хууль бус юм. А.Б нь Хурлын сонгуульд нэр дэвших эрхгүй байхад сумын сонгуулийн хорооноос ялтай этгээдийг нэр дэвшигчээр бүртгэснээс  гадна түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноор тооцох тогтоол гаргаж, улмаар анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлсэн шийдвэр гаргасан байна.

3.1.3. Сумын Засаг дарга, Хурлын даргыг 4 жилийн хугацаатай томилсон бөгөөд тэдний 4 жилийн хугацаа дуусаагүй байхад энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр олонх болсон төлөөлөгчдийн дундаас Хурлын даргыг томилсон, Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан нь хууль бус байна.

3.1.4. Мөн хуралдаан хууль бус байсан учраас тухайн хууль бус хуралдаанаас гарсан бүх тогтоол хүчингүй болох ёстой гэжээ.

4. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Х.Т нарын 8 хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1.  Сумын сонгуулийн хороо буруутай гэж бодож байна. 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.Б гэдэг хүн ял авсан. Тэрний дараа  А.Б ял шийтгүүлсэн байдал 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн байна. 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл намууд сонгуульд нэр дэвшиж байгаа хүний жагсаалтыг өгөх ёстой. Бүртгэл 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд явагдах  ёстой. А.Б 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр авсан  бичиг баримтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хороо буруутай гэж үзэж байна. Шүүхээс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд ял шийтгэлийн талаар бүртгүүлээрэй гэж албан тоот явуулсан.

4.2. Анхдугаар хуралдааныг товлосонтой холбоотой урилга өгөөгүй, бид  мэдээгүй байсан.  Мөн хуралдааны ирц бүрдээгүй. Сумын сонгуулийн хороо эхлээд аймгийн Хурлын даргад сонгуулийн дүнг өргөн мэдүүлэх ёстой байхад аймгийн Хурлын даргад сонгуулийн дүнг өргөн мэдүүлээгүй. Анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргыг сонгохдоо бүх төлөөлөгч нар 100 хувийн ирцтэй оролцсон байх ёстой. Сонгуулийн хорооны дарга С.Х Фейсбүүк чатаар зарим хүмүүст явуулсан гэж байна. Бид тухайн хуралдаан болсны дараа мэдсэн, тухайн өдөр мэдээгүй, зарим төлөөлөгч нар хөдөө байсан.

4.3. Хуульд Засаг даргын албан тушаалд тавих шаардлагыг төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх ёстой гэж заасан. Харин Б.Ж төрд ажилласан жил  нь 3 жилд хүрэхгүй байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.Б Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Б авсан ял шийтгэл нь мэдээллийн санд орсон, А.Б зүгээс 8 дугаар сарын 25-ны өдрийн авсан “ял шийтгэлгүй” гэж гарсан лавлагааг сонгуулийн хороонд гаргаж өгч, сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн бичиг баримтыг 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш бүрдүүлж авч,  нэр дэвшигчийг бүртгэх ёстой. А.Б 8 дугаар сарын 25-ны өдөр авсан лавлагааг үндэслэж 9 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэр дэвшигчээр бүртгэснийг хуульд нийцээгүй гэж үзнэ. А.Б нь анхнаасаа сонгуульд  нэр дэвших эрхгүй байсан.

С.Х нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, сумын төрийн захиргааны хамгийн өндөр албан тушаалтан. Энэ дээд албан тушаалтай хүн хуулиа зөрчиж, бусдад давуу байдал бий болгож байгаа асуудалд  гомдолтой байна.

Ял шийтгүүлсэн, шүүхийн шийтгэл хүчин төгөлдөр болсон этгээдүүдийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд заасан төлөөлөгчөөр хэвээр үлдээх үү, хуралдаанаар огцруулах уу, хуралдаанаас өмнө  огцрох эсэх асуудалтай холбоотой Үндсэн хуулийн цэцийн 2023 оны Их суудлын хуралдааны тогтоол гарсан. Энэ тогтоол дээр  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр ял шийтгүүлж байсан этгээдийг хуралдаанаар огцруулах, чөлөөлөх асуудлыг хассан, ял шийтгэгдсэн этгээдийг цаашид төлөөлөгч гэж үзэж болохгүй гэж заасан. Гэтэл өнөөдөр хүртэл А.Б нь Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаад явж байна. Энэ хууль бус асуудлаас болж олон ард иргэдийн эрх ашиг нь зөрчигдөж байна. Иймд А.Б хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3 дахь хэсгээр ял шийтгүүлсэн нь тогтоогдож, шүүхийн эцсийн шийдвэр нь гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон.

Мөн 10 төлөөлөгч  өнөөдөр хүртэл хуралдаанд оролцохгүй байна. Яагаад гэвэл ял шийтгүүлсэн  этгээд нь даргаар ажиллаад явж байгаа, удаа дараа тогтоол  гаргадаг. Толбо сумаас сонгогдсон нийт 21 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч гэдэг нь 50 хувь нь олонхын ирцийн шаардлага хангахгүй байна. Иймд А.Б  оролцсон бүх хуралдаан нь хууль бус, иймээс дараа, дараагийн хуралдааны тогтоолыг зөвшөөрөхгүй байна. Мөн 10 төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Анхдугаар хуралдааныг товлон зарласан шийдвэр, түүнээс гарсан бүх тогтоол, шийдвэрт гомдолтой байна. 

5.2.Сонгуулийн хорооны дарга  С.Х нь 2024 оны  10 дугаар 15-ны өдөр хуралдаад, анхдугаар хуралдааныг зарласан, үдээс хойш 15:00 цагийн үед бичгээр шийдвэр нь гарсан, үүнд  анхдугаар хуралдааныг 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10:00  цагт товлосон, төлөөлөгч нарт мэдэгдсэн, өөрсдөө ирээгүй  гэж тайлбарлаж байна. Сонгуулийн хорооны энэ үйл ажиллагаа нь хуульд нийцэхгүй байна. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын  жагсаалтыг гаргаж, хуралдааны төлөөлөгч нарт хоёроос доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хуралдаанд оролцох боломжоор нь хангах ёстой. Сонгуулийн хорооны дарга утсаар ярьсан гэж байна.

Утсаар ярьсан гэдгийг нэхэмжлэгч нараас нэг ч төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй, тэр утасны дугаар нь хэнийх гэдэг нь тодорхойгүй. Мөн фейсбүүк групп чатад тавьсан гэж байна. Нэхэмжлэгч Т.Ж нь тухайн төлөөлөгчдийн фейсбүүк дотоод групп чатад ороогүй гэж байна.  Фейсбүүк чатыг хэвлэсэн хуудас гаргаж өгсөн байна. Түүнд үзлэг хийж баталгаажуулаагүй, тэр Т.Ж фейсбүүк хаяг мөн гэдгийг нотолсон зүйл байна уу, хаанаас яаж хуулбарлаж авсан нь тодорхойгүй байна.

5.3.  Тус сумын сонгуулийн хороо нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн үр дүнгээр 21 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрээ өргөн мэдүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, өргөн мэдүүлэх ажиллагаа хийсний дараа анхдугаар хуралдааныг товлон зарлах ёстой. Иймд сонгуулийн хороог Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнээс болж төлөөлөгчдийн эрх ашиг нь зөрчигдөж байна. Хугацааны хувьд 24 цагийн хугацаа ч хүрэхгүй хугацаанд зарлаж байгаа нь хуульд нийцэхгүй тул  тус тогтоолыг хүчингүй болгож, дахин анхдугаар хуралдааныг товлон зарлаж, хуралдуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

            5.4. Анхдугаар хуралдаан хууль бусаар явагдсан, Ардчилсан намын төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр, тус сумын Засаг даргаар Б.Ж нэрийг дэвшүүлж байгаа нь хууль бус.   Б.Ж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд  заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэдэг нь тогтоогдсон. Санхүүгийн албаны даргаар нийтдээ 30 сар, Нийгмийн даатгалын хэлтэст 5 сар ажилласан,  нийтдээ 35 сар ажилласан гэдэг нь тогтоогдож байна. Хоногоор нь  тооцож үзвэл 35 сард ч хүрэхгүй, 34 сар ажилласан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд заасан төрийн албанд 3 жил буюу  36 сараас доошгүй жил ажилласан байх шаардлагыг Б.Ж хувьд хангахгүй байгаа учраас Б.Ж Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн нь хуульд нийцээгүй, улмаар түүнийг Засаг даргаар томилсон шийдвэр нь хуульд нийцээгүй.

Иймд анхдугаар хуралдаанаас гарсан бүх шийдвэрүүд хууль бус учраас уг шийдвэрүүдийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

6. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хорооны шүүхэд гаргасан тайлбарт:

           6.1. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас 11, Ардчилсан намаас 10, нийт 21 төлөөлөгч сонгогдсон. 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 нэр дэвшигчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай сумын сонгуулийн хорооны 33 дугаартай тогтоол гаргасан.

            Уг тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ө 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 09:30 цагт танилцуулсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд  2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор хүргүүлсэн.

           6.2. Толбо сумын сонгуулийн хороо нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас зарлан хуралдуулах тухай тогтоол гаргасан. Анхдугаар хуралдааны товыг тогтоосон тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ө танилцуулахаар албан өрөөнд нь очиход тэрээр ажилдаа байгаагүй учраас түүний хувийн чатад тавьсан. Мөн өдөр сумын Монгол Ардын нам болон Ардчилсан намын төлөөлөгчдөд утсаар мэдэгдэж,  групп чатад зар мэдээллийг тавьсан.

            Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Ардчилсан намын дарга А.Б надтай утсаар ярьж “Та яагаад эрт хурал зарлаж байгаа вэ, би өөрөө аймгийн Засаг даргад нэр дэвших гэж байгаа, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны дараа хурлаа зарлахгүй яасан бэ?” гэж хэлсэн. Тэгээд би “…хуулийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлаж байгаа, сумын сонгуулийн хорооноос тогтоол гарсан, уг тогтоолыг би өөрчлөх эрхгүй.” гэж хариу хэлсэн.

         6.3.Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас эхлэх ёстой байсан. С.Хамкеш би сонгуулийн хорооны даргын хувьд товлосон цагтаа орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулахаар хуралдааны танхимд очиход сумын Монгол Ардын намаас сонгогдсон 11 төлөөлөгч байсан. Харин Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгч хүрэлцэн ирээгүй. Миний бие сумын Ардчилсан намын бүлэгт анхдугаар хуралдаанд идэвхтэй оролцох тухай албан бичгийг сумын сонгуулийн хорооны даргын хувьд илгээсэн.  Уг албан бичгийг Ардчилсан намын дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Ж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Ө нарт танилцуулсан. Тэд албан бичигтэй танилцаад буцаагаад надад эргүүлэн өгсөн.

           6.4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан нь үдээс өмнө Ардчилсан намын төлөөлөгчдийг хүлээж, хэд хэдэн удаа завсарлаж байсан. Энэ хооронд хуралдаан даргалагч М.А болон сумын Монгол Ардын намаас сонгогдсон төлөөлөгчдөөс Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдөд хуралдаанд оролцох талаар бичгээр болон устаар мэдэгдэж байсан гэжээ.

            7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хорооны даргын  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

7.1. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шинээр сонгогдсон төлөөлөгчдийг  группэд чатад нэгтгэн оруулж, анхдугаар хуралдаан зарласан сумын сонгуулийн хорооны 34 дугаартай тогтоолыг оруулсан.  Мөн төлөөлөгчдөд утсаар мэдээлэл өгсөн болно. Төлөөлөгч Ш.Н, К.Х хоёрын утасны дугаар нь  юнителийнх байсан учраас ... гэсэн өөрийн утсаар залгаж мэдээлэл дуулгасан. Б.Б мобикомын  .... утсаараа 19:40 цагт залгаж, Ж.Р 20:22 цагт залгасан байна. Ж.Р утас холбогдохгүй байсан. Д.Х залгасан. Н.Ө  хувийн чатад мэдэгдсэн.  Гэхдээ шинээр сонгогдсон төлөөлөгчдийн чатаас бүгд анхдугаар хуралдааныг зарласан тогтоолыг харсан байв. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны  мэргэжилтэн З.Н Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч З.Н, Т.Ж, Ж.Б, Х.Т нарт утсаар залгаж, хуралдааны тов, цагийг мэдэгдсэн. Х.Т чатаар товыг харсны дараа группээс өөрийгөө гаргасан байв.

7.2. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “хуралдаанд ирж оролцоно уу” гэж Ардчилсан намын төлөөлөгчдөд мэргэжилтэн З.Н бичиг хүргүүлсэн, очиход бүх төлөөлөгчид, тухайлбал  3 дугаар багаас сонгогдсон Ш.Н, К.Х нар ирсэн Т.Ж гэрт байсан болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар төлөөлөгчид хуралдаанд оролцохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй, өмнөх тайлбарт бусад нотлох баримтуудыг хүргүүлсэн болно.

Иймд 21 нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сумын сонгуулийн хорооны 33, анхдугаар хуралдааныг товлон зарласан  34 дугаартай тогтоолууд хуулийн хүрээнд гарч, анхдугаар хуралдаан хуулийн хүрээнд явагдаад, өнөөдрийг хүртэл 55  хоногтоо Хурлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.  Анхдугаар хуралдааныг дахин товлон зарлах боломжгүй гэж үзэж байна. Нэр дэвшигчдийг бүртгэсэн үедээ А.Б холбоотой ямар нэгэн гомдол, санал ирээгүй. А.Б нь ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт авсны дараа ямар нэгэн гомдол, маргаан сонгуулийн хороонд ирүүлээгүй гэв.

 8. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хорооны өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Толбо сумын сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан.

Сонгуулийн дүн гарсны дараа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Толбо сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолоор нэхэмжлэгч нарын ямар нэгэн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нарыг сонгуулийн үр дүнгээр Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсоноор тооцож, эерэг хэлбэрийн захиргааны акт гаргасан учраас нэхэмжлэгч нарын ямар нэгэн эрх ашиг сонирхолд харшлаагүй сонгуулийн хорооны тухайн тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй.

8.2. Харин уг тогтоолын А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.Б хувьд Баян-Өлгий аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор гэм хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон. 

Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрснөөр 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүхийн магадлал гарч байсан.

 Өөрөөр хэлбэл сонгуульд бүртгүүлэхээс эхлүүлэн А.Б холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд тус тус хүчин төгөлдөр болоогүй байсан. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж заасан. Хуулийн энэхүү заалтаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр, мөн ял эдэлж байгаа гэсэн тодотголтой байна. А.Б хувьд нэр дэвшсэн, сонгуулийн үр дүн гарах хүртэл хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр болоогүй байсан. Ийм учраас А.Б  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзах, мөн хуулийн 32 дугаар зүйлийн холбогдох хэсэгт зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах гэх үндэслэл тухайн үед тогтоогдоогүй байж. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож байна.

Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн санд  А.Б нь ял шийтгэлтэйд тооцогдсон тухай мэдээлэл 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн талаар шүүхийн зүгээс холбогдох газраас лавлагаа авсан байна. Тус лавлагаагаар  А.Б тухайн үед бүртгэлээс хасах эсхүл сонгуульд нэр дэвшихээс татгалзах эрх зүйн үндэслэл байхгүй.

 8.3.Толбо сумын сонгуулийн хороо нь  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 74.4  дэх хэсэгт зааснаар сонгуулийн үр дүнгээр сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийг сонгогдсонд тооцож, нийтэд мэдээлж, эрх бүхий байгууллагад өргөн мэдүүлсэн.

8.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна” гэж заасан. Иймд сонгуулийн хороотой холбоотой маргааныг дээд шатны сонгуулийн хороонд гаргах ёстой байсан.  

Эдгээр заалтуудаас дүгнэж үзэхэд сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх нь дээд шатны сонгуулийн хороонд байна.

Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.12 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд харьяалах сонгуулийн хороодын шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлыг бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлэх, хариуг бичгээр өгөх, доод шатны сонгуулийн хорооны хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааруулсан байна.

Мөн сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалтыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зохицуулсан. Үүнд 19 дүгээр зүйлийн 19.19 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ”,  мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.20 дахь хэсэгт “Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Уг шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан. Хуулийн эдгээр зохицуулалтаас гадна Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд орон нутгийн Хурлын сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяаллыг тодорхойлсон. Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт  “Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана”, 81.3 дахь хэсэгт “Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ”. Иймд дээд шатны сонгуулийн хороо урьдчилан шийдвэрлэсний дараа захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж болох тухай заасан.

8.4. Мөн захиргааны эрхийн актын хувьд дээрх нэр бүхий тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар дотогшоо чиглэсэн захиргааны акт бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудад зааснаар захиргааны хэргийн шүүх шууд авч хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна.  Иймд сонгуулийн хорооноос гаргасан эрхийн актууд нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн  тухай хуулийн дээр дурдсан заалтуудаас үзэхэд энэ нь дээд шатны сонгуулийн хорооны шийдвэрлэх маргаан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэв.

              9. Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч М.А шүүхэд гаргасан тайлбарт:

9.1. Би Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонгогдсон юм. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас хуралдуулах тухай товыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сонсоод хуралдаанд очиход хуралдааны танхимд 11 төлөөлөгч байсан ба хуулиар анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч удирдах явуулах ёстой байсан. Энэ нь Ш.Х гэдэг хүн байсан ба Ш.Х нь хуралдаан удирдахаас сайн дураар татгалзсан, дараагийн ахмад төлөөлөгч М.А би хуралдааныг удирдан явуулсан. Анхдугаар хуралдаанд Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгчийг оролцуулах талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон миний бие удаа дараа мэдэгдсэн боловч тэд хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй юм. Ингээд хуралдааны оролцоог хангахын тулд түр завсарлуулсан. Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгч хуралдаанд ирээгүй тул 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагаас хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

        9.2.Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулан улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, хуралдааны дэгийг баталсан тогтоолын төслийг тус тус баталсан. Анхдугаар хуралдаанд сумын Монгол Ардын намын бүлгээс сумын намын хорооны дарга А.Б нэрийг дэвшүүлсэн. Ингээд тооллогын комисс байгуулан нууцаар санал хураалт явуулсан төлөөлөгчдийн олонхын санал авсан А.Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож,  тогтоолын төслийг баталсан.

             М.А  би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны үйл ажиллагаа үргэлжлүүлэх эрхийг шинээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Б шилжүүлсэн. Үүний дараа Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын бүгдийг хэлэлцээд ямар нэгэн зөрчилгүй дууссан гэжээ.

            10. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шүүхэд гаргасан тайлбарт:

            10.1. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас хуралдуулах талаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас сонссон. Хуралдааны танхимд сумын Монгол Ардын намын бүлгээс сонгогдсон 11 төлөөлөгч байсан.

           Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд Ардчилсан амнаас сонгогдсон 10 төлөөлөгчийг оролцуулах талаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас удаа дараа шаардсан боловч тэд хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Ингээд хуралдааныг түр завсарлуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ардчилсан амнаас сонгогдсон төлөөлөгчдийн оролцоог хангахаар ажлын алба ажилласан. Гэвч Ардчилсан намаас сонгогдсон 10 төлөөлөгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагаас хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан .

           10.2. Анхдугаар хуралдааныг М.А нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулан улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн, хуралдааны дэгийг баталсан тогтоолын төслийг тус тус баталсан.

          Анхдугаар хуралдаанд сумын Монгол Ардын намын бүлгээс А.Б миний нэрийг дэвшүүлсэн. Ингээд тооллогын комисс байгуулан нууцаар санал хураалт явуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар А.Б намайг Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, тогтоолын төслийг баталсан.  

          10.3. Дараа нь сумын Монгол Ардын намын бүлгээс сумын  Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн Б.Ж асуудлыг хэлэлцсэн. Ингээд уг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Б.Ж сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг баталсан.

         10.4. А.Б намайг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр тооцсон боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Гэтэл одоо хүртэл эрүүгийн шүүхээс намайг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр гараагүй байгаа учраас намайг гэмт хэрэгтэн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна  гэжээ.

             

              11. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

11.1. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь Хурлын даргыг сонгох асуудал байна. Монгол Ардын намын зүгээс А.Б нэрийг дэвшүүлсэн, А.Б тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон. Дараа нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал яригдсан. Толбо сумын Засаг даргаар Б.Ж гэдэг хүн нэр дэвшсэн, мөн адил хуралдаанд оролцогч Төлөөлөгч нарын 100 хувийн саналаар Б.Ж сонгосон.

11.2. А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан.

2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй, өмгөөлөгч Д.А хамт тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан. А.Б сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон  үед, мөн анхдугаар хуралдаанаас төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн  зөвшөөрсөн тул А.Б ял шийтгэлтэй талаар ямар нэгэн асуудал яригдаагүй. Миний хувьд  энэ талаар яригдах ч боломжгүй гэж үзэж байна,  яагаад гэвэл шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан.  2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр А.Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгосон шийдвэрийг  “ял шийтгэлтэй” байсан зэрэг асуудлаар хүчингүй болгох боломжгүй байна. Үүнийг  дараа дараагийн чуулганаар хэлэлцэх юм уу, өөр эрх зүйн зохицуулалттай гэдгийг хэлье. Одоогийн байдлаар А.Б торгуулиа төлсөн, ямар нэгэн ялгүй. Хэрвээ А.Б нь Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар  сонгогдсоны дараа гэмт хэрэг үйлдсэн бол өөр асуудал.

11.3. Сонгуулийн хороонд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Хуулиар сонгуулийн хороо албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдолд бүртгэхээс татгалзах ёстой. Иймд учраас А.Б нь сумын  Хурлын даргаар сонгогдох үед гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлтэй байсан гэдэг үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгох боломжгүй гэв.

          12.  Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын шүүхэд гаргасан тайлбарт:

          12.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлэхээр хуульчилжээ.

        Иймд тус аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааны шийдвэрээр Б.Ж Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэр ирүүлснийг хүлээн авч, Авлигатай  тэмцэх газарт хөрөнгө орлого, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар хүргүүлсэн юм. Дээрх байгууллагаас ирүүлсэн нэр дэвшигч Б.Ж “хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байна” гэх дүгнэлт болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Б.Ж Толбо сумын Засаг даргаар томилсон гэжээ.

              13. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

13.1. Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд Б.Ж Б/39 дугаартай захирамжаар томилсон байсныг иргэн Н.Е хүсэлтийн дагуу Засаг даргын Б/51 дүгээр захирамжаар түдгэлзүүлсэн байсан. Тус захирамжийг түдгэлзүүлсний дараа тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Б/51 дүгээр захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гаргасны дараа  аймгийн Засаг дарга Б/51 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Иймд хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

           14. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт:

           14.1. Би Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонгогдсон. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд биечлэн оролцсон. Анхдугаар хуралдаанд оролцсон 11 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Б.Ж намайг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоолын төслийг баталсан.   

          14.2. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас намайг сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол, албан тоотыг аймгийн Засаг даргын тамгын газарт өгч, хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг бөглөж өгсөн. Миний материалыг аймгийн Засаг даргын тамгын газраас Авлигатай тэмцэх газарт явуулсан. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 05/17099 дугаартай мэдүүлэг хянасан албан бичиг ирснээр аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/39 дугаартай захирамжаар Толбо сумын Засаг даргаар томилогдож, ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлыг хүлээлцүүлсэн. Иймд би Толбо сумын Засаг даргаар хууль ёсны дагуу томилогдсон гэж үзэж байна гэжээ.        

           15. Гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

15.1. Сумын сонгуулийн хороо удаа дараа очиж бичиг өгөхөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр анхдугаар хуралдааныг тасалсан учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхдугаар хуралдаанаас гаргасан бүх тогтоолууд хуулийн дагуу гарсан гэж үзэж байна.

15.2. Би Засаг даргын албан тушаалын шаардлагыг хангасан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхдугаар хуралдаан хуралдаад,10 дугаар сарын 19-ний өдөр Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг өгөхөөр явуулахад төрд 36 сар ажилласан талаар /E-mongolia/ -аас лавлагааг аваад хянуулсан. Мөн адил би шүүхэд тухайн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.  Үүнд,  Санхүүгийн албаны даргаар 31 сар, нийгмийн даатгалын байцаагчаар 5 сар ажилласан. Хуульд гурваас дээш жил ажилласан байх гэсэн зохицуулалт байхгүй, гурваас доошгүй  жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага байгааг хангасан. Хэрвээ би шаардлага хангаагүй байсан бол Авлигатай тэмцэх газраас урьдчилсан мэдүүлгийг хянасан  бичиг ирэхгүй байх байсан гэв.

            16. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

           16.1. Б.Ж хувьд Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар  Засаг даргад нэр дэвшсэн.  Аймгийн Засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэс нь Б.Ж материалуудыг хянаж, Авлигатай тэмцэх газар руу материалыг явуулсан. Үүний үндсэн дээр аймгийн Засаг дарга Б.Ж Толбо сумын Засаг даргаар томилсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ж нь нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар  төлсөн нь нотлогдож байна. Иймд Б.Ж нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан гэв.

         ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын  16-ны өдрийн анхдугаар хуралдааны “Хуралдааны дэг батлах тухай” 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д  заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн анхдугаар хуралдаанаар баталсан хуралдааны дэг нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасанд хамаарахгүй болно. Тодруулбал, хуралдааны дэг нь  дангаараа гадагшаа чиглэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу  тодорхой этгээдэд, тухайлбал нэхэмжлэгч нарт чиглэсэн эрх зүйн үр дагаврыг шууд  үүсгэхгүй, уг шийдвэр нь тухайн хуралдааныг явуулах, хуралдаанаас шийдвэр гаргах ажиллагааны процессыг зохицуулсан буюу захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамааралтай  тул захиргааны актын үндсэн шинжийг хангахгүй  байна.

              2. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан бусад нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу  тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ.” гэж заасан.

Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаар тогтоолоор орон нутгийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж, сонгуулийн үр дүнгээр тухайн тойрогт хамгийн олон санал авсан Ардчилсан намаас сонгогдсон 10 нэр дэвшигч, Монгол Ардын намаас сонгогдсон 11 нэр дэвшигч, нийт 21 нэр дэвшигчийг  төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нараас уг тогтоолын А.Б Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсэгтэй маргаж, үндэслэлээ “А.Б нь орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвших эрхгүй, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн, түүний эрүүгийн хариуцлага хүлээсэн талаарх мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мэдээллийн санд оруулсан, гэтэл А.Б нь үүнээс өмнөх хугацаагаар буюу 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “ял шийтгэлгүй” гэх тодорхойлолт гаргаж өгснийг сонгуулийн хороо үндэслэж, түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь буруу. Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан хуваарийн дагуу сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш бүртгэх ёстой бөгөөд А.Б  ял шийтгэлтэй эсэх талаарх тодорхойлолтыг энэ үеэс авах ёстой байсан. Анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, улмаар сонгуулийн дүнгээр түүнийг сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож  хууль зөрчсөн” гэж тайлбарласан.

5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.7-д “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан ба "ял эдэлж байгаа" гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т  зааснаар Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгохоор байна.

 6. Энэхүү маргаантай холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.Үүнд:

6.1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

6.2. Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол гаргаснаар  Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж,  2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/46 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээс А.Б эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

7.  Орон нутгийн Хурлын сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан ба  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:” гэж зааснаас үзвэл орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс  эхлүүлж, 9 дүгээр сарын 2-ны өдөр дуусгах ба нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногийн дотор буюу 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн дотор нэр дэвшигчийн баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж, бүртгүүлэхээр байна.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 1.1.талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц; 1.2.давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчлөлт оруулсан.” гэж заасан.

 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл А.Б Монгол Ардын намаас орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн, Толбо сумын сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр  бүртгэсэн үед Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх тул Толбо сумын сонгуулийн хороо А.Б сонгуульд оролцуулахаар нэр дэвшигчээр анх бүртгэсэн нь хууль бус, А.Б нь сонгуульд нэр дэвших эрхгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар маргаан нь үндэслэлгүй байна.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4-т “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу прокурор, оролцогчид гардуулна.” гэж заасан ба Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/46 дугаартай магадлалыг тус шүүхийн 20 дугаартай “Магадлал танилцуулсан, гардуулсан, хүргүүлсэн тухай” баримтаар  прокурор, шүүгдэгч, хохирогч нарт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, иргэний нэхэмжлэгчид 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, шүүгдэгчийн өмгөөлөгчид 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гардуулж, хүргүүлжээ.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар А.Б торгох ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон гэх үзэхээр байгаа ч 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан  Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/46 дугаартай магадлалыг  хуулийн 39.10-т зааснаар тус шүүхээс 15 хоногийн буюу  2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор бичгээр үйлдэж гаргах бөгөөд дээрх байдлаар шүүгдэгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, түүний өмгөөлөгч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардаж авсан нь тогтоогдож байна.

11. Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс А.Б холбогдох хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэсний нэг хоногийн дараа 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн Хурлын сонгууль явагдсан, сонгуулийн дүнгээр А.Б нь хамгийн олон санал авснаар түүнийг маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Толбо сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, сумын сонгуулийн хорооноос 33 дугаартай тогтоолыг гаргасан үед Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/46 дугаартай магадлал бичгээр үйлдэгдэж гараагүй тул 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсныг Толбо сумын сонгуулийн хороо уг 33 дугаар тогтоолыг гаргасан үед мэдэх боломжгүй байжээ.

 

12. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ДШМ/46 дугаартай магадлалд прокурор, оролцогч нараас хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж тусгасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.” гэж,

 40.8 дугаар зүйлийн 1-д “Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх; 1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох; 1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах; 1.5. энэ хуулийн 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гомдол, эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхих; 1.6.шүүх хэрэглэсэн, эсхүл хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах тухай саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд шилжүүлэх;” гэж,

40.8 дугаар зүйлийн 4-т “Хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй” гэж тус тус заасан байна.

 

13. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/46 дугаартай магадлал нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар шүүхийн эцсийн шийдвэр биш байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр прокурор,  шүүгдэгч, хохирогч нараас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй гэж үзнэ.

 

14.  Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дугаартай албан бичгээс үзвэл 2024/ДШМ/46 дугаартай магадлалд прокурор, оролцогч нараас хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэг А.Б 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс  үүссэн гэж үзэхээр байгаа ба Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/136 дугаартай албан бичгээр А.Б нь торгох ялын төлбөрөө 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулсан нь тогтоогдож байна.

             15. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд Толбо сумын сонгуулийн хорооноос  2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.Б тус сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэсэн үед шүүгдэгчийн хувьд А.Б нь давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хяналтын гомдол гаргах эрхтэй тул 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн эцсийн шийдвэр болоогүй, иймээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болоогүй гэж үзэх үндэслэлтэй.

Иймээс нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж үзэв.

            16.  Нөгөө талаар Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  33 дугаар тогтоолоор тус  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон 21 нэр дэвшигчийн 9 нь нэхэмжлэгч нар байх бөгөөд уг тогтоолын холбогдох хэсгээр А.Б сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул маргаан бүхий захиргааны актын А.Б холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            17. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 17.3.5.сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;” гэж,

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална.” гэж заасан.

           

            18. Дээрх байдлаар Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан 21 нэр дэвшигчийг Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож шийдвэрлэсэн  33 дугаар тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/18 дугаар албан бичгээр[1] Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн нь тогтоогдсон.

 

            19. Үүний дараа Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

 

20. Хуульд заасны дагуу Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн үр дүнгээр тухайн тойрогт хамгийн олон санал авсан 21 нэр дэвшигчийг  төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, уг шийдвэрээ дээрх байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн тохиолдолд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор Толбо сумын Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах нь сумын сонгуулийн хорооны үүрэг бөгөөд Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Толбо сумын Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасныг зөрчөөгүй байна.

 

            21. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай шийдвэр нь тус сумын сонгуулийн хорооны хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бөгөөд уг шийдвэр нь  дээрх байдлаар Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор тус сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нэхэмжлэгч Х.Т нарын 9 хүний анхдугаар хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бусад байдлаар зөрчсөн агуулгатай шийдвэр биш тул уг шийдвэрийн улмаас Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох эрхтэй нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал үгүй байна.

 

22. Иймд Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаартай тогтоолыг хууль бус байсныг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

23. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын гаргасан  Толбо сумын сонгуулийн хороонд холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхээс хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг хүссэн тайлбарт дараах хууль зүйн дүгнэлтийг хийж, үндэслэлгүй байна гэж үзэв.

 

23.1. Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоол нь сонгууль явагдаж дууссаны дараах сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан  21 нэр дэвшигчийг сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр бөгөөд нэхэмжлэгч нараас А.Б нь хамгийн олон санал авсан эсэхтэй холбогдуулж маргаагүй, мөн 34 дүгээр тогтоолтой холбоотой маргаан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлах, анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэр нь  хууль ёсны эсэхийг тогтоолгох асуудалтай холбоотой бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдсан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, гомдол гаргахад шаардагдах урьдчилан шийдвэрлэх журмын үйлчлэл нь хамааралгүй юм.   

 

24. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46  дугаар зүйлийн  46.5-д “... Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж тус тус заасан.

25. Баян-Өлгий аймгийн Толбо  сумын  сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 34 дугаартай тогтоолоор  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт  хуралдуулахаар товлон зарласны дагуу мөн өдрийн 10:20 цагт  сумын Засаг даргын Тамгын газрын  хурлын зааланд анхдугаар хуралдаанд оролцох эрхтэй нийт 21 төлөөлөгчөөс Монгол Ардын намаас сонгуульд нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон 11 Төлөөлөгч  хүрэлцэн ирсэн, төлөөлөгчдийн 52.38 хувийн ирцтэйгээр  анхдугаар хуралдааныг 14:30 цагт эхэлсэн, насаар хамгийн ахмад төлөөлөгч болох Ш.Х  хуралдааныг даргалахаас татгалзаж, насны эрэмбээр дараагийн ахмад төлөөлөгч М.А анхдугаар хуралдааныг даргалсан, хуралдааны эхэнд Толбо сумын  сонгуулийн хорооны тайланг сонсож,  дараа  нь  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж,  21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн  саналаар баталсан  байна. 

Мөн өдрийн хуралдаанаар хуралдааны дэг болон дотоод журам батлах (1), тооллогын комисс байгуулах (2), зохион байгуулалтын асуудал болох Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тоог тогтоож, батлах, Засаг даргад нэр дэвшүүлэх (3) зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар  тус тус баталсан байна.

Үүний дагуу анхдугаар хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэж, “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хуралдааны дэг батлах тухай” 02,  “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03,  Н.Ө үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04,  “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05,  “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолуудыг гаргасан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

26.  Нэхэмжлэгч нараас “...хариуцагч  анхдугаар хуралдааны товыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, иймээс анхдугаар хуралдаанд оролцох, Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх  болон бусад асуудалд саналын эрхтэй оролцох эрх зөрчигдсөн” гэж маргасан бол хариуцагч Толбо сумын сонгуулийн хорооны даргаас анхдугаар хуралдааны товыг төлөөлөгч нарт мэдэгдсэн гэж тайлбарласан. Уг маргаантай холбоотой хэргийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.  

    Үүнд:

26.1. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бүртгэл хөтөлсөн Хурлын ажлын албаны мэргэжилтэн: Х.Н” гэж бичигдэж гарын үсэг зурагдсан “Зар өгсөн Төлөөлөгчдийн бүртгэл” баримтад[2] 21 төлөөлөгчийн нэр, утасны дугаар тэмдэглэгдэж, “гарын үсэг” гэсэн хэсэгт тэмдэглэл үйлдэгджээ. Үүнд баримтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг үзэхэд,  1-д “Б.Б, ....., 19:40, 1 мин 41, Х/15” гэж, 2-т “Д.Х,......, 20:07, эмнэлэгт” гэж, 3-т “Х.Т, ........, 16:40, Н/бай” гэж, 4-т “Ж.Р, ....., утсаар, 20:22” гэж, 10-т “Ш.Н, ....., 20:10, Ховдод байна амжиж ирнэ” гэж, 13-т “Ж.Б, ....., 21:04” гэж, 19-т “З.Н, ....., 21:17” гэж, 20-д “НӨ,  ......” гэж, 21-д “Т.Ж, ....., 21:18” гэж тус тус тэмдэглэгджээ.

Уг баримтын талаар  гэрч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Х.Н[3] “...Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүднээс урьдчилж боловсруулсан анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн бүртгэл нэртэй үйлдсэн маягт байсан. Энэ баримтын дээд хэсэгт “Зар өгсөн төлөөлөгчдийн” гэж бичээд анхдугаар хуралдаанд оролцох шинээр сонгогдсон сумын Хурлын 21 төлөөлөгчид анхдугаар хуралдааны товыг мэдэгдсэнийг бүртгэсэн байсан.” гэж мэдүүлжээ.

Уг баримтад тэмдэглэгдсэн дээрх утасны дугаарууд нэхэмжлэгч Х.Т нарын 9 хүний утасны дугаар мөн болох нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх тухай”  №10 баримтаар[4] тогтоогдож байна.

Гэрч Х.Н мэдүүлэг, хариуцагч Толбо сумын сонгуулийн хорооны дарга С.Х тайлбар, Х.Н, С.Х нарын “Мобиком”-ын сүлжээнд ярьсан ярианы хэрэглээний жагсаалт бүхий баримт, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай албан бичгийн дагуу Толбо сумын Хурлын мэргэжилтнээс ирүүлсэн  фейсбүүкийнТолбо сумын ИТХ-ын төлөөлөгчид”  нэртэй  чатын холбогдох хэсгээр [5]2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон нэхэмжлэгч Ж.Б, Н.Ө, З.Н нартай сумын Хурлын ажлын албаны мэргэжилтэн Х.Н, нэхэмжлэгч Б.Б, Д.Х нартай хариуцагч Толбо сумын сонгуулийн хорооны дарга С.Х  утсаар тус тус ярьсан нь, Хурлын мэргэжилтнээс шинээр сонгогдсон сумын Хурлын 21 төлөөлөгчийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гишүүнээр бүртгэсэн “Толбо сумын ИТХ-ын төлөөлөгчид”  нэртэй Фейсбүүкийн чат руу  анхдугаар хуралдааныг товлон зарласан Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг мөн өдөр оруулсан нь,  уг чатаас дээрх тогтоолыг нэхэмжлэгч Х.Т, Ж.Б, Н.Ө, Д.Х, Ж.Р, Т.Ж, Ш.Н нар харсан нь тус тус тогтоогдож байна.

 Гэрч Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга А.Б, гэрч сумын Хурлын Төлөөлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшиж шинээр сонгогдсон К.Х нарын мэдүүлгээр  нэхэмжлэгч Толбо сумын Ардчилсан намын дарга Т.Ж, нэхэмжлэгч Н.Ө  нар нь  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анхдугаар хуралдааны товыг мэдсэн нөхцөл байдал мөн тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшиж  сонгогдсон нэхэмжлэгч Х.Т нарын 9 хүн бүгд сумын Хурлын анхдугаар хуралдааны товыг хуралдаан болохоос өмнө мэдсэн гэж үзэхээр байна.

26.2. Түүнчлэн Толбо сумын Ардчилсан намын даргын хувьд нэхэмжлэгч Т.Ж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Толбо сумын сонгуулийн хороонд хандаж, “...сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай анхдугаар хуралдааныг товлон зарласан албан бичгийг орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төлөөлөгчдийн групп чат руу илгээсэн байсныг оройн цагаар харсан. Төлөөлөгчдөд албан ёсны зарлалыг хүргээгүйгээс гадна яаруу сандруу гаргасан шийдвэрийг чинь манай намын бүлгийн нэг ч төлөөлөл сонсоогүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай тогтоолыг олон нийтэд мэдээлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх ёстой атал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удаа дараа хууль тогтоомж зөрчиж ашиг сонирхлын зөрчилд автан хууль бус гаргасан шийдвэрээ нэн даруй хүчингүй болгохыг шаардаж байна. Хууль бус шийдвэрээ хүчингүй болгохгүй бол хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдье” гэх агуулгатай албан бичиг явуулсан нь,

Толбо сумын сонгуулийн хорооноос 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх албан бичгийн хариуг 1/19 дугаартай  албан бичгээр  өгч, 1/20 дугаартай  албан бичгээр анхдугаар хуралдаанд 13:00 цагт хүрэлцэн ирж оролцохыг тус тус мэдэгдэж, уг албан бичгийг мөн өдөр нэхэмжлэгч Т.Ж гэрт нь хүргэж, танилцуулахад хүлээж аваагүй, амаар анхдугаар хуралдааныг хойшлуулах тухай шаардлага тавьсан  зэрэг үйл баримт,

Анхдугаар хуралдаанд ирж оролцсон 11 төлөөлөгчөөс дээрх байдлаар  шинээр сонгогдсон Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа 15:19 цагт хуралдааны завсарлага авч, Толбо сумын Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1/26 дугаартай, “Сумын Ардчилсан намаас сонгогдсон Төлөөлөгчдөд” гэж хаяглагдсан, “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан эхэлсэн ба энэ хуралдаан нь хүндэтгэлийн хуралдаан болох бөгөөд хуулийн дагуу Хурлын даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэх тул хүндэтгэлтэйгээр хандаж, хуралдаанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт хүрэлцэн ирж оролцохыг хүсье” гэх агуулгатай албан бичгийг Хурлын ажлын албаны мэргэжилтэн Х.Н  нэхэмжлэгч Т.Ж /Толбо сумын Ардчилсан намын  дарга/ хүргүүлсэн, уг албан бичигтэй Т.Ж танилцаж, хүлээж авахгүй гэж буцаагаад өгсөн нь,

Үүний дараа  анхдугаар хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хуралдааныг үргэлжлүүлэн хийж,  дээрх тогтоолуудыг гаргасан зэрэг үйл баримтууд, хариуцагч нарын тайлбар, анхдугаар хуралдааны тэмдэглэл, гэрч Х.Н мэдүүлэг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Толбо сумын Ардчилсан намын дарга нэхэмжлэгч Т.Ж  албан бичиг, Толбо сумын сонгуулийн хорооны тэмдэглэл болон  1/19, 1/20 дугаартай албан бичиг, Толбо сумын Хурлын анхдугаар хуралдааны даргалагчийн мөн өдрийн 1/26 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

27. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нар сумын Хурлын анхдугаар хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн байх боловч анхдугаар хуралдаанд төлөөлөгчийн хувиар оролцох, Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар анхдугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэгдсэн асуудалд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах зэргээр төлөөлөгчийн  эдлэх эрхийг хэрэгжүүлээгүй байна.

28. Түүнчлэн анхдугаар хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ мэдэгдээгүй, хуралдааныг хойшлуулах тухай санал хүсэлтийг хуралдаан даргалагчид гаргаагүй байх тул нэхэмжлэгч нарын анхдугаар хуралдааны товыг мэдэгдээгүй, энэ шалтгаанаар тус хуралдаанд оролцох, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд  таслах эрхтэй оролцох эрх зөрчигдсөн гэх тайлбар маргаан нь үндэслэлгүй байна. Иймд энэ үндэслэлээр Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03,  “Н. Ө үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04,  “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

29. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.2-т “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн тоог доор дурдсанаар тогтооно: 37.2.2.сумын хүн амын тоо нь 2 001-5 000 хүртэл бол 21;” гэж заасан ба  Толбо сумын сонгуулийн хорооны 33 дугаартай тогтоолоор сонгуулийн үр дүнгээр хамгийн олох санал авсан  21 нэр дэвшигчийг Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон.

Уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд  тооцно.” 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.” гэж заасан.  Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч анхдугаар хуралдаанд оролцож, 100 хувийн саналаар дээрх тогтоолуудыг гаргасан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн гэж үзлээ.

30. Харин нэхэмжлэгч талын “Хурлын даргыг сонгож батлах тухай” 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлд холбогдуулан шүүхээс дараах  дүгнэлтийг хийв.

31. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Сонгуулийн дүнгээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” “53.2-т “Тухайн Хурлын төлөөлөгч Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлэх эрхтэй. Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлж болно.” гэж зааснаар Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 05 дугаартай тогтоолоор А.Б Хурлын даргаар сонгож шийдвэрлэсэн байна.

Дээрх байдлаар А.Б торгох шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг, давж заалдах шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэвээр баталж шийдвэрлэсэн боловч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг А.Б нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гардан авах хүртлээ уг шийдвэрийн үндэслэлтэй танилцаагүй, түүнчлэн оролцогч уг магадлалд хуульд зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй байсан учир Толбо сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон А.Б 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдаанаар Хурлын даргаар сонгосныг буруу гэж үзэхээргүй байна.

32. Гэвч Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно:  41.1.3. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан;” гэж зааснаар А.Б Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь А.Б нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, уг шийдвэр нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялын төлбөрөө 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулснаас үл хамаарч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол түүний төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор байна.

33. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай  “Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэх тухай” тогтоолоор Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.2-т “Хурлын төлөөлөгчийг энэ хуулийн 41.1.2, 41.1.4, 41.1.5-д заасан тохиолдолд чөлөөлөх, 41.1.3, 41.1.6, 41.1.7-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэж заасны ...41.1.3, ...гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.” гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Дээр байдлаар А.Базарханы Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болох хуулийн 41.1.3-д заасан үндэслэл байгаа тохиолдолд А.Базарханыг төлөөлөгчөөс огцруулах тухай асуудлыг Толбо сумын Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхгүй тул хуульд зааснаар А.Б төлөөлөгчийн бүрэн эрх 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс шууд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

34. Иймд нэхэмжлэгч талын А.Б төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон, Хурлын даргаар ажиллах эрхгүй гэх маргаан нь үндэслэлтэй байх боловч энэ нь цаг хугацааны хувьд А.Б тус сумын Хурлын даргаар сонгосон маргаан бүхий захиргааны актыг гаргасны дараах үйл баримт тул энэхүү үндэслэл нь өмнө гарсан А.Б Хурлын даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

35. Шүүхээс дээрх үндэслэлүүдээр  А.Б Хурлын даргаар сонгосон Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 03 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг уг 03 дугаартай тогтоолын дагуу  А.Б нь цаашид сумын Хурлын төлөөлөгчийн, мөн Хурлын даргын бүрэн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрхтэй гэж ойлгохгүй бөгөөд бүрэн эрх нь дуусгавар болсон үндэслэлээр төлөөлөгчийн орон гарсан тохиолдолд Аймаг, сум, дүүргийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмаар эрх бүхий байгууллагаас нөхөн сонгууль зохион байгуулах, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар Толбо сумын Хурлын даргыг шинээр сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зэргээр захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж хэрэгжүүлэхэд А.Б Хурлын даргаар сонгосон анхдугаар хуралдааны 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            36. Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдаанаар  сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, 06 дугаар тогтоолоор Б.Ж   сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлснээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/39 дугаартай  захирамжаар Толбо сумын Засаг даргын албан тушаалаас Н.Е чөлөөлж, Б.Ж уг ажилд томилсон байна.

            37. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/39 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Үүнд:

37.1. Нэхэмжлэгч нараас Б.Ж нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3.2-т заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх сумын Засаг даргад нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй гэж маргасан.

Дээрх маргаантай холбогдуулж, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан  нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд  Б.Ж нь Толбо сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаартай захирамжаар тус сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдож, мөн өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 2 жил 5 сар 6 хоног, ажиллаж сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн нь[6],

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдож, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 сар ажиллаж, томилох эрх бүхий этгээдийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар[7] чөлөөлөгдсөн буюу төрийн албанд нийт 2 жил, 10 сар, 6 хоног ажилласан  нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч талын гуравдагч этгээд Б.Ж Толбо сумын Засаг даргаар томилуулхаар нэр дэвшүүлж, улмаар Засаг даргаар томилсон үед хуульд заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэх маргаан нь үндэслэлтэй байв.

Гэвч гуравдагч этгээдийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Толбо сумын Засаг даргаар ажилласан хугацааг тооцоход шүүхээс маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болсон өдрийн байдлаар түүний төрийн албанд ажилласан хугацаа нь гурван жилээс дээш байна. Иймд  одоогийн байдлаар Толбо сумын Засаг даргаар ажиллаж байгаа Б.Ж нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3.2-т заасан төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангасан байх тул түүнийг Засаг даргаар томилсон шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

37.2. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.” гэж заасан.

Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2024 оны Б/39 дугаартай захирамжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж заасны дагуу  хуулийн  46 дугаар зүйлийн 46.7, 48.1-д заасан журмаар Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас гаргасан  06 дугаар тогтоолыг үндэслэж гаргасан. Нэхэмжлэгч нар дээрх байдлаар анхдугаар хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдсэн байх боловч төлөөлөгчийн хувиар оролцож, хуулийн 56.5.1-д заасан журмаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргах, анхдугаар хуралдаанаар  хэлэлцэн шийдвэрлэгдсэн Б.Ж Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн асуудалд таслах эрхтэй оролцох эрхээ хэрэгжүүлээгүй нь тогтогдсоноор анхдугаар хуралдаанаас гуравдагч этгээд Б.Ж  сумын Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс  дээрх байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны Б/39 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

38. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын  үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг тус сумын сонгуулийн хороонд даалгах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч нарын шүүхэд  гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн анхдугаар хуралдааны  “Хуралдааны дэг батлах тухай“ 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгох  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5,  73 дугаар зүйлийн 73.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5, 46.7, 48 дугаар зүйлийн 48.1, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Анхдугаар хуралдааныг товлон зарлах тухай” 34 дугаартай тогтоолыг хууль бус байсныг тогтоох, Толбо сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 33 дугаар тогтоолын А.Б холбогдох хэсэг, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн анхдугаар хуралдааны “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01, “Хурлын даргыг сонгож батлах тухай” 03,  “Н.Ө үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” 04,  “Зөвлөлийн бүрэлдэхүүний тоог тогтоож, нэрсийг батлах тухай” 05,  “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолууд,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Толбо сумын Засаг дарга Н.Е ажлаас чөлөөлж, Б.Ж даргаар томилох тухай” Б/39 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгох, Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин товлон зарлахыг Толбо сумын сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.РИЗА

 

 

 

 

 

                                                       

 

 

 

[1] Хэргийн 2 дугаар хавтас 169 дүгээр хуудас

[2]Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны материал” нэртэй  хавтасын 36 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтас 31 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас 207 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтас 36 -47 дугаар хуудас

[6] 2021 оны 01 дүгээр сарын 1,2,3-ны өдрүүд нь хуульд зааснаар бүх нийтээр амрах амралтын өдөр

[7] Уг тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нь амралтын өдөр