Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/23

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Цын Чд холбогдох эрүүгийн 1817000070017 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Цын Ч /РД:ЕЙ99042016/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Ц.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнд байрлах мөсөн гулгуурын талбай дээр иргэн О.Ртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт нь өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагийн орчимд Говьсүбмэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнд байрлах мөсөн гулгуурын талбай дээр О.Рг найз охиныг нь жирэмсэн гэж яриа гаргасан гэх шалтгаанаар маргалдаж түүнийг хавсарч унаган толгойн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүмбэр гардены мөсөн гулгуур дээр Ртэй таарсан. Намайг цэрэгт явсаны дараа Р нь манай найз охиныг жирэмсэн гэж гадуур ярьсан байсан. Би мөсөн гулгуур дээр Ртэй уулзаад чи гадуур юу яриад яваад байгаа юм бэ, манай найз охиныг жирэмсэн гэж ярьсан байна гэж хэлэхэд Р нь хэн тэгж хэлсэн юм, тэгж хэлсэн хүнтэй нь уулз гэхээр нь чи өөрөө гадуур ярьсан байсан гэхэд би яриагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи хэзээ тийм болсон юм гэж хэлээд хавсарч унагаад толгой хэсэгт нь нэг, хоёр удаа өшиглөсөн гэв.

1.2. Хохирогч О.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “П бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед гулгахаар Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн мөсөн гулгуурын талбай ороход Ч тоглож байсан. Би Ч дээр очсон чинь над руу муухай хараад чи ямар том юм бэ  уулзаа байна гэсэн. Ч над руу уурласан шалтгаан нь манай хамаатны эгч нар хоорондоо Чий найз охиныг жирэмсэн гэж ярьсан байдаг юм. Тэр яриаг намайг гаргасан гэж уурласан. Би тухайн үедээ Чд юм хэлээгүй цаашаа гулгаад явсан. Тэгсэн Ч тэшүүрээ солиод гуталтайгаа мөсөн дээр гарч ирээд чи юу гэж манай эхнэрийг жирэмсэн гэж гадуур худлаа яриад байгаа юм гэхэд нь би ярьсан хүнтэйгээ уулз гэсэн. Ч томроод чи намайг Чойрт мэднэ биздээ гэхээр нь би Чд чи дээр намайг ахтай явж байхад юм хэлээгүй байж одоо яагаад олон хүүхэд хараад онгироод байгаа юм гэсэн чинь Ч намайг хавсарч унагаад миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хоёр гараараа нүүрээ хамгаалаад хөлнөөс нь бариад босоод ирсэн. Би тэшүүртэй байсан болохоор мөсөн дээр амархан унасан. Би хөдөө мал маллаж амьдардаг учраас гайгүй байх гэж бодоод маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөө явсан. Хөдөө очоод толгой өвдөөд байхаар нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буцаад Чойрт ирээд Дугуй дэлгүүрт толгой барьдаг хүн байдаг гэхээр нь тэр хүнд толгойгоо бариулсан. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой эмнэлэгт үзүүлсэн. Тэгсэн чинь цагдаад ханд гээд байсан болохоор маргааш нь ээж С өргөдөл бичиж цагдаад өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-13 хуудас/

1.3. Гэрч А.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 04-05-ны үед Ч надтай уулзахдаа Р намайг цэрэгт байх хойгуур чамайг жирэмсэн, найз залуу нь цэрэгт явчихсан одоо яана даа гэж хамаатнуудад ярьсан байна лээ гэж байсан. Тэр яриаг Рг гаргасан гэж байсан. Чий хамаатнууд нь хоорондоо ярьсан юм шиг байна лээ. Ч надад хэлэхээс өмнө нь буюу 2017 оны 10 дугаар сард Г надтай уулзаад чи жирэмсэн юм уу гэж асууж байсан. Би Гг ах Рдээ хэлээд Р нь хамаатнууддаа намайг жирэмсэн гэх яриаг тараасан юм болов уу гэж бодсон. Тэгээд Гтэй уулзаад энэ талаар асуухад Г би ахдаа хэлээгүй. Надад хэн нь хэллээ дээ гэж байсан. Энэ асуудлаас болоод Ч, Рг зодсон гэж цагдаад шалгагдаад байгаа юм байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

1.4. Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой найз Чий хамт гулгахаар Сүмбэр гардены мөсөн коток орсон. 19 цагийн үед Р, П хоёр гулгах гээд ирсэн. Удаагүй Р дээр Ч очоод маргалдсан. Би тэр хоёрыг юу юугүй хоорондоо зодолдоно гэж бодоогүй учраас Птай цуг котокны цаад талд нь очоод юм яриад зогсож байсан. Тэгээд эргэж Р, Ч хоёрын зогсож байсан газар ирэхэд тэр хоёр алга болчихсон байсан. Тэгээд би Ргээс яасан юм гэсэн чинь надтай дуугарахгүй гараад явсан. Чээс яасан бэ яагаад муудсан юм гэсэн чинь Ч яагаа ч үгүй гэж байсан. Тэгээд бид хоёрын цаг дууссан гэхээр нь котокоос явсан. Биед нь ил харагдах гэмтэл, шарх бол байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/,

1.5. Гэрч С.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Р нь  Сүмбэр гарден коток дээр гулгаж байгаад 21 цаг өнгөрч байхад ирсэн. Р унтахдаа толгой өвдөөд байна гээд байхаар нь юу болсон талаар  асуухад Ч коток дээр унагаж байгаад толгой руу нь өшиглөсөн. Манай хүү  тэшүүртэй байсан учраас босож чадахгүй Чий хөлнөөс нь тэвэрсэн гэж байсан. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө Р толгой өвдөөд байна мал эзэнгүй гээд яараад 08 цаг өнгөрч байхад хөдөө гэр лүүгээ явсан. Тэр өдөржингөө Ргийн толгой нь өвдсөн гэсэн. Р нь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны үдээс хойш хөдөө гэрээс ирсэн. Тэгээд би Чтэй утсаар яриад яагаад хүүхэд зодчихсон юм бэ наадах чинь хөдөөнөөс бие нь өвдөөд ирсэн байна гэсэн чинь Ч сүртэй юм ямар үхчихээ юу, 2 хүүхэд хоорондоо муудаа л биз, танд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь яахаараа надад хамаагүй байдаг юм, би ээж нь юм байгаа биз дээ гэж хэлсэн чинь Ч танай хүүхэд чинь манай найз охиныг жирэмсэн гэж ярьсан байна лээ, Нараа эгч, Зулаа эгч тэгж ярьсан гэж байсан. Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны орой Рг эмнэлэг рүү авч яваад Наранбаатар эмчид узүүлсэн. Тэгсэн өвчин намдаах эм бичиж өгөөд хүйтэн жин тавьж хөдлөхгүй хонуулаад өглөө намайг жижүүрээс буухаас өмнө ирж зургийг нь авахуулаарай гэсэн. Маргааш нь  Р босож чадаагүй учир эмнэлэгт үзүүлээгүй. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ргийн тархины зургийг нь авахуулаад цагдаад өргөдөл бичиж өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/,

1.6. Насан хүрээгүй гэрч О.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Шинэцэцэгийг манай хамаатан Чтэй үерхдэг гэдгийг нь мэднэ. 2017 оны 10 дугаар сард би Шинэцэцэгтэй таараад чи жирэмсэн юм уу гэж асуусан чинь үгүй хэн тэгж байна гэсэн. Тухайн үед нь Ч цэрэгт явсан байсан. Би өөрийнхөө хамаатнуудын нэгнээс л Чий найз охин жирэмсэн гэж сонссон. Хэнээс гэдгээ  хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/,

1.7. Гэрч А.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Р нь  2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэртээ он гаргачихаад ирье гээд Чойр луу ганцаараа явсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буцаад хөдөө гэрт ирсэн. Тэгээд Р толгойгоо дааж чадахгүй, гэрт хэвтээд байсан. Би яасан гэж асуусан чинь Чойрт мөсөн дээр тоглож байгаад хүүхэд толгой руу өшиглөсөн юм гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө гэрээс гарч чадахгүй бүтэн хэвтсэн. Тэгэхээр нь би Рд чи Чойр явж толгой тархиа үзүүл гээд явуулсан. Ргийн нүүр ам нь зүгээр байсан. Өөрөө толгой өвдөөд байна гээд их зовиуртай хэвтээд байсан. Ил мэдэгдэхүйц гэмтэл, шарх ажиглагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/,

1.8. Гэрч Ц.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Р гэртээ он гаргаад ирье гээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөөнөөс Чойр луу явсан. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буцаад хөдөө ирсэн. Тэр оройноос Р толгой өвдөөд байна гээд хэвтээд байсан. Маргааш нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Р гэрт бүтэн хэвтсэн. Би Рг яаж байна, яагаад малд явахгүй байгаа юм гэж асуухад Чойрт мөсөн дээр тоглож байгаад Чтэй муудсан чинь унагаж байгаад толгой руу өшиглөсөн гэж байсан. Би Рг эмнэлэг бараад гэж хэлээд Чойр луу явуулсан. Ргийн нүүр аманд ил мэдэгдэх гэмтэл байгаагүй. Ихээхэн зовиуртай л байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/,

1.9. Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтэнд: О.Ргийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 33 хуудас/

1.10. Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /х.х-ийн 55-60 хуудас/ зэрэг болно.

            Иймд шүүгдэгч Ц.Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ц.Чд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч О.Р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Чд гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

2.2. Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай бага хүү Ч Политехникийн коллежийг 2016 онд хүнд машин механизмын оператор мэргэжлээр төгссөн. Тусдаа гэр бүл болоогүй. Ш гэдэг найз охинтой гэсэн бөгөөд би нээх сайн мэдэхгүй, манай гэрт 2 удаа очиж байсан. Нээх ирээд байдаггүй юм. Миний хүү Ч зан байдлын хувьд хүнд их тусархуу боловч жаахан түргэн ууртай хүүхэд байгаа юм. Архи уухгүй, бие муутай, толгой тархины өвчтэй, хааяа унаж татдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/,

2.3. Гэрч А.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ч нь зан байдлын хувьд түргэн уургүй, юмыг хурааж байгаад уурлах гээд байдаг. Архи уудаггүй, тамхи татдаг. Одоо ажил хийхгүй байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/,

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 45-47 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цын Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Чд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.