| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0071/З |
| Дугаар | 110/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 110/ШШ2025/0018
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.С ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Х,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серигжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн Л.С холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Маргаан бүхий захиргааны актаар Л.С Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2400 м2 газрыг 2017 онд эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна.
3. Уг шийдвэрийн талаар нэхэмжлэгч Л.С нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэдсэнээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.
3.1. Манай зүгээс Газрын тухай хуулийг болон газар эзэмших гэрээгээ удаа дараа ноцтой зөрчиж, газраа зориулалтын бусаар ашиглаж байсан зүйл огт байхгүй бөгөөд газрын төлбөр хураамжаа зохих журмын дагуу төлж ирсэн.
3.2. 2018 онд Ковш маркийн хүнд механизмаар газрыг тэгшилж, 2 500 000 төгрөгөөр худаг гарган, тракторын тусламжтайгаар мод суулгах суваг ухаж, 80 ширхэг мод тариалж, арчилж ургуулан газрыг нөхөн сэргээж, 3 000 000 төгрөгийн өртөгтэй хашаа хайс татаж хамгаалсан. Энэ нь бүх баримтаар нотлогдоно.
Харин 2024 оны зун миний төрсөн дүү Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн осолд орсноос шалтгаалан гадаадад явж байх үед хашааны торыг иргэд эвдэж, онгорхой орхисноос болж бидний 5 жилийн хугацаанд тарьж ургуулсан модыг гэмтээж, сүйтгэсэн байсан.
3.3. Өлгий сумын Засаг дарга нь бидний эрх ашгийг хөндсөн буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус заасны дагуу Өлгий сумын Засаг даргын А/246 дугаар захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
Засаг дарга сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа дараах байдлаар хууль зөрчжээ. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн. Уг захирамж /захиргааны акт/-ыг гаргахаасаа өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагааг хууль журмын дагуу хийх ёстой байсан. Сонсох ажиллагаа хийгээгүйгээс Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авч, архивын баримт болон газар эзэмшүүлэх тухай хувийн хэрэгтэй танилцаж, захиргааны шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, үүнтэй холбогдуулан хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авах зэрэг эрхээ хэрэгжүүлж чадаагүй.
Миний зүгээс хууль бус үйлдэл үйл ажиллагаа явуулаагүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, их хэмжээний хөрөнгө, мөнгө, хөдөлмөр, цаг хугацааг үр дүнгүй болгож байгаад гомдолтой байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Манайх тухайн газрыг 2017 онд авч, 2018 оны 6 дугаар сард хашаа татаж, ойжуулах зорилгоор мод тарьж, нэг жилийн дотор ойжуулалтын зориулалтаар бүх ажиллагааг хийсэн.
Гаднын хүмүүс манай хашаа руу байнга халддаг, хашааны дотор мал оруулж, тарьсан модыг устгасан. Тэр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж эхний жил мод ургаагүй. Мөн тэр хавьд хотоос ирсэн том тээврийн хэрэгслүүдийг зогсоож, ачаа буулгадаг байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгонгуут тухайн хашаанд дотор контейнер тавьсан байна. Тэр контейнер хэнийх гэдгийг мэдэхгүй, үүнтэй холбоотой Цагдаагийн газарт гомдол гаргасан гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Ажлын хэсгээс 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн М.Саулегүлийн гар утас руу залгаж асуудлыг танилцуулсан, тухайн үед М.Саулегүл маргаан бүхий газарт ажил хийсэн, зардал гаргасан талаарх тайлбараа бичгээр гаргаж, нотлох баримтуудыг фото зургаар нь гаргаж өгсөн.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Ажлын хэсгийн тайланд иргэн Л.С газартай холбоотой нөхцөл байдлыг тогтоосон фото зураг, тайлан хангалтгүй байна. Иргэн М.С тайлбар газрын фото зургийг гаргаж өгсөөр байхад ямар нэгэн дүн шинжилгээ хийгээгүй. Фото зургаас харахад маргаан бүхий газрыг хашаалсан, худаг гаргасан.
5.2. Газрын тухай хууль болон иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх тухай гэрээнээс үзэхэд таримал ойн зориулалтын дагуу газар эзэмшихэд газраа хашаалсан байх ёстой гэсэн шаардлага тавигдаагүй байна. Хашааны талаар огт зохицуулалт байхгүй. Харин М.С хувьд торон хашааг санаачлан татсан, хэд хэдэн удаа татаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Харамсалтай нь тухайн хашааг зарим хүмүүс сүйтгэдэг, мал оруулж тарьсан модыг устгасан тохиолдлууд байсан. Миний үйлчлүүлэгч 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Балгын” компаниас мод авсан, түүний төлбөрт 130 000 төгрөг тушаасан, гүйлгээний утгад “мод” гэж бичсэн нотлох баримтууд байгаа. Мод тарьсан боловч дахиад халдлагад өртсөн нөхцөл байдал харагдаж байна. Миний үйлчлүүлэгч “одоо би стандарт блокоор газраа хашаалж, мод тарина, 6 сарын дотор ойжуулна” гэсэн тайлбарыг гаргаж байна.
5.3. Ажлын хэсгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан тайланд нэгдүгээрт газраа огт хашаалаагүй, хагас дутуу хашаалсан, худаг байхгүй газрын гэрчилгээг хүчингүй болгохоор, хоёрдугаарт, хашаалсан, худаг гаргасан байвал 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл боломж олгоё гэж хэлэлцэж, шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарсан байхад хариуцагч Өлгий сумын Засаг даргын 9 дүгээр сарын 20-ны өдөр шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй. Өлгий сумын Засаг дарга нь нөхцөл байдлыг тогтоогоогүй, ажлын хэсгийн дүгнэлт, тайланг сонсолгүй шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 7 жилийн хугацаанд иргэн Л.С нь тухайн газраа хашаалж, мод тарьж, худаг гаргаж байсан нөхцөл байдлууд нь гэрч Х.Ж нарыг мэдүүлэг, “Б” ХХК-ийн тодорхойлолт, дансны хуулга, шүүхийн зүгээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.4. Мөн иргэн Ойн тухай хуульд зааснаар ойг эзэмших эрхтэй бөгөөд М.С хувьд ой эзэмших эрхээ хэрэгжүүлэх сонирхолтой байна. Мөн М.С болон Т.Х нар бизнес эрхэлдэг, өөр баялаг бүтээдэг хүмүүс юм. Татварын тухай хуулиас үзэхэд татвараас чөлөөлөх нийтдээ 9 үндэслэлийн нэг нь цэцэрлэгт хүрээлэн хувийн зардлаар бариад, мод тарьсан зэрэг хувь нэмэр оруулсан бол татвараас чөлөөлдөг юм байна. Миний үйлчлүүлэгч газар эзэмшсэнээр нэг талд өөрийнхөө ашиг сонирхлыг бодоод татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд газар эзэмшиж байна. Мөн тухайн багийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа ард иргэдэд ногоон байгууламж бүхий газар, таатай нөхцөлд амьдрах боломжийг нь хангаж өгөх зэрэг тал талын ач холбогдолтой. Иймд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг гаргаж байна гэв.
6. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
6.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Иймд Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, Л.С нь тухайн газраа ойжуулах зориулалтаар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тайлбарласан. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан. Энэхүү байдлаар нэхэмжлэгч эзэмшлийн газрын гэрчилгээ нь хүчингүй болж, эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 7 дугаар сарын 09-ний өдөр тайлбар ирүүлсэн. Тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон. Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Нэхэмжлэгч М.С газар дээр ямар нэгэн тарьсан мод байгаагүй.
Гэрээнд заасан шаардлагаа биелүүлээгүй, 2 жилийн хугацаанд тухайн газрыг ойжуулалтын зориулалтаар ашиглаагүй учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
8.1. 2017 онд тус газрыг иргэн М.С нь эзэмших эрхийн гэрчилгээгээр бусдаас шилжүүлж авсан. Иргэн М.С болон газрын даамлын хооронд хийгдсэн газар эзэмшүүлэх гэрээний 6.4 дэх хэсэгт “ зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг Улсын Дээд шүүхийн тайлбараар газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/ барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж заасан. Бид 2024 оны 5 дугаар сарын үед ажлын хэсэг очиж шалгахдаа тухайн газарт ямар нэгэн мод таригдаагүй байсан учраас газраа хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзээд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон.
8.2. Шалгалт хийсэн үед М.С газартаа худаг гаргасныг анзаараагүй, сүүлд шүүхийн зүгээс үзлэг хийхдээ худаг байсныг мэдсэн. Ажлын хэсэг хуралдах явцад хашааг бүрэн татсан, худаг гаргасан, 4-5 мод тарьсан газруудыг үлдээгээд, дутуу хашаатай, хашааны дотор нь худаг байсан ч гэсэн мод тарих боломжгүй хашаанууд байсан. Тэр хашаануудыг газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн жагсаалтад оруулж, Засаг даргад танилцуулж байсан. Торон хашаа биш цемент, блокоор татсан хашаануудыг харж үзсэн, ихэнх торон хашаанууд дутуу татагдсан, нурсан байдалтай байсан. М.С 2017 оноос хойш 7 жилийн явцад мод тарих, тухайн газраа бүрэн ойжуулах боломжтой байсан. С.С хашааны хоёр талд нь байгаа хоёр хашаанд ойжуулалт хийгдсэн, мод ургасан байдалтай байна. Бид 7 жилийн дараа очиж үзэхэд ямар ч таригдсан мод байхгүй, хашаа нь дутуу, мод тарих сэтгэлгүй юм шиг санагдсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Л.С Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2400 м2 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2017 оны А/239 дугаартай захирамжийн холбогдох хэсэг болон 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 000684168 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 28 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 13-т Л.С газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээг тусгасан байна.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар Л.С нь Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 2400 м2 газарт торон хашаа татсан, ойжуулалт хийгээгүй гэх нөхцөл байдлуудыг тогтоосон байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид ойжуулах, таримал ойн зориулалтаар эзэмшүүлсэн 2400 м2 газарт шүүхээс үзлэг хийхэд уг газрыг хашаалсан /торон хашаа/, худаг гаргасан, газрын зүүн, баруун, урд хэсэгт нүх ухсан болох нь тус тус тогтоогдсон ба гэрч Х.Ж, Х.Ш, Ө.С нарын мэдүүлэг, уг газрын фото зураг болон бусад баримтуудаар нэхэмжлэгчийн “2018 оноос хойш газраа зориулалтын дагуу ашигласан” гэх тайлбар, маргаантай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
6.1. Нэхэмжлэгч анх тухайн газрын тодорхой хэсэгт 2018 онд бургас, улиас төрлийн 30 мод, 2019 оны намар 60 модыг тус тус тарьсан, худаг гаргасан, газраа хашаалсан, тарьсан модыг арчлан хамгаалах, үржүүлэх үүргийг иргэн Х.Ж хариуцуулж, манаачаар хөлсөөр ажиллуулсан байх боловч бусдын хууль бус үйлдлийн нөлөөллөөр хашааны зарим хэсэг нурсан, алга болсон, тарьсан модыг сүйтгэсэн, ингэснээр 2020-2021 онд хашаагаа засаж сайжруулсан, 2023 онд уг газрын хашааг шинэчилж дахин татсан, 2024 оны 05 сард бусдаас бургас, улиас төрлийн 60 модны суулгац худалдаж авсан, 2024 оны 06 дугаар сард газраа хагалж, 75 модны нүх ухсан байна.
7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
8. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
9. Дээрх байдлаар нэхэмжлэгч Л.С нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулснаас хойш ойжуулах зориулалтаар эзэмшсэн 2400 м2 газрын тодорхой хэсэгт 2018-2019 онуудад нийт 90 мод тарьсан, 2018-2021 оны хооронд газартаа 2 удаа хашаа татаж, хамгаалалт хийсэн, энгийн худаг гаргасан, дээрх хугацаанд бусдын хууль бус үйлдлийн улмаас хашааны ихэнх хэсэг нурсан, алга болсон, тарьсан мод нь ургаагүй, сүйтгэгдсэн, улмаар 2023 онд хашааг шинэчилж татсан, 2024 оны 05 дугаар сарын 12-нд “Б” ХХК-аас улиас, бургас төрлийн 60 модны суулгац худалдан авч, 2024 оны 06 сард мод тарихаар шинээр 75 нүх ухсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.
10. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч Л.С нь газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд мод тарьж байсан, ойжуулах зорилгод хамаарах дээрх төрлийн тодорхой үйл ажиллагаа хийсэн байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах зорилгоор огт үйл ажиллагаа хийгээгүй гэж үзэх нь үндэслэлгүй, үүнээс гадна зориулалтын дагуу газраа ашиглахад газар эзэмшигчээс хамаарахгүй бусдын хууль бус үйлдэл саад болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагчаас “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна гэж үзлээ.
11. Түүнчлэн Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн тайлангаас үзэхэд ажлын хэсгээс хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагад заасан иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газруудад очиж шалгаад 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүнгийн хурал хийсэн байх ба уг дүнгийн хурлаас “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, ...ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад ажлын хэсгийн уг дүгнэлтийг үндэслэн газартаа мод тариагүй боловч ойжуулах зориулалтаар хашаа татсан, худаг гаргасан зарим иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй гэж тайлбарласан.
Гэтэл нэхэмжлэгчид уг газрыг эзэмших эрх 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үүссэнээс хойш 2 жилийн дотор тухайлбал, 2018 оноос эхэлж газраа хашаалсан, газрыг хагалж мод тарьсан, худаг гаргасан зэрэг газар ашиглалтын бодит нөхцөл байдлуудыг хариуцагчид маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тайлбарласан байхад ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж хашаа татаж, худаг гаргасан зарим газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах зэргээр тухайн газрыг үргэлжлүүлэн ашиглах боломж олгож, дээрх иргэдтэй ижил нөхцөл байдалтай буюу газраа хашаалсан, энгийн худаг гаргасан, мод тарихаар газраа хагалж, нүх ухсан нэхэмжлэгч Л.С тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь шууд дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс газрын талаар баримтлах газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй гэж дүгнэж байна.
13. Иймд нэхэмжлэгч Л.С хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.С нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Л.С холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА