| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01666/И |
| Дугаар | 210/МА2021/00750 |
| Огноо | 2021-05-14 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2021/00750
| 2021 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 210/МА2021/00750 |
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00483 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Р ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 326 921 000 төгрөг гаргуулж, түрээсийн гэрээний дагуу эзэмшилд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь Р ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 16/07 дугаар, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16/10 дугаар түрээсийн гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээг байгуулж барилгын пум, сапуд, дэгээ булан зэрэг барилга барихад шаардагдах эд зүйлсийг ашиглуулахаар шилжүүлэн өгсөн. Гэрээгүй өгсөн эд зүйл ч бий. Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дуусч ашиглуулж байсан эд зүйлсээ болон түрээсийн төлбөрийг буцаан авахаар удаа дараа шаардсан хэдий ч өнөөдрийг хүртэл шилжүүлсэн эд зүйлс болон түрээсийн төлбөрөө авч чадаагүй. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагад бараа өгсөн байна. Эхний үед хариуцагчтай холбогдож байсан ба өгөхгүй бол түрээсийн төлбөр тооцно гэхэд зөвшөөрч байсан. Хариуцагчийн нягтлан бодогч ажлаасаа гарах үеэс эд зүйл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гээд зугтах болсон, сүүлдээ олдохгүй байсан. Одоо эдгээр эд хөрөнгийг түрээслэж авсан 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 326 921 200 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний дагуу эзэмшилд актаар шилжүүлэн өгсөн 1200х60 пум 200 ширхэг, 1200х50 пум 100 ширхэг, 1200х45 пум 50 ширхэг, 1200х40 пум 170 ширхэг, 1200х30 пум 30 ширхэг, пум түгжээ 1500 ширхэг, V-2 сапуд 460 ширхэг, V-4 сапуд 700 ширхэг, V-5 сапуд 400 ширхэг, сапуд түгжээ 1900 ширхэг, 1,2-2м турба 600 ширхэг, 1,5-2м турба 250 ширхэг, 6м турба 544 ширхэг, 4м турба 100 ширхэг, 10х20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг, 10х15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг, 10х10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг, 2400 хэмжээтэй гадна булан 50 ширхэг, урт дэгээ 200 ширхэг, богино дэгээ 300 ширхэг, угсардаг шат ком 30 ширхэг, 40 тай 100 ширхэг, 25 тай 3000 ширхэг, бабочик 74 ширхэг, нийт 24 нэр төрлийн дээрх эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2 түрээсийн гэрээ байгуулагдсан гэж буй боловч эхний 400 ш сапуд 1 сарын хугацаатай түрээслэх гэрээнд 2 талын гарын үсэг зурагдсан, дараагийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй. Эд зүйлийг өгөх гэхэд нэхэмжлэгч өөрөө хаягтаа байхгүй, удирдлагуудынх нь утас холбогдохгүй олдохгүй байсан. Гэрээг сунгаагүй. Манай байгууллагыг олдохгүй байсан гэж буй бол эрж хайсан эрэн сурвалжилсан баримт байхгүй байна. Түрээсийн гэрээг бичгээр хийх ёстой. Нэхэмжлэгч эхний гэрээний дагуу 400 ш сапудын нэг сарын түрээсийн төлбөр шаардаж болох юм, өөрөөр шаардах эрх байхгүй. Харин ч нэхэмжлэгч манайхыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахдаа Г ХХК-ийг төлөөлж нягтлан Г.О, Р ХХК-ийг төлөөлж н.Э нар тус хоёр байгууллага хоорондын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлж үзээд Г ХХК нь Р ХХК-д барилга угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 36 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч дээрх төлбөрийн үлдэгдэлдээ мөнгө өгөөгүй ба нэхэмжлэлийн шаардлагад байх бараа материалыг хүлээлгэн өгсөн. Мөн гэрээнд түрээсийн төлбөрийг төлөхгүй 14 хоногоос дээш хугацаагаар хугацаа хэтрүүлбэл түрээслүүлэгч гэрээ цуцлах эрхтэйг заасан, өөрөөр хэлбэл эрх зөрчигдөх гэсэн хугацаагаа заасан ба түүнээс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р ХХК-аас түрээсийн төлбөрт 46 620 000 төгрөг, нийт 94 636 100 төгрөгийн үнэ бүхий 22 нэр төрлийн эд зүйл болох 1200х60 пум 200 ширхэг, 1200х50 пум 100 ширхэг, 1200х45 пум 50 ширхэг, 1200х40 пум 170 ширхэг, 1200х30 пум 30 ширхэг, пум түгжээ 1500 ширхэг, Y2 сапуд 400 ширхэг, Y4 сапуд 500 ширхэг, Y5 сапуд 50 ширхэг, сапуд түгжээ 300 ширхэг, 1,2-2м турба 600 ширхэг, 1,5-2м турба 250 ширхэг, 6м турба 544 ширхэг, 4м турба 100 ширхэг, 10х20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг, 10х15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг, 10х10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг, 2400 хэмжээтэй гадна булан 50 ширхэг, угсардаг шат ком 30 ширхэг, 40 тай 100 ширхэг, 25 тай 300 ширхэг, бобочик 74 ширхэгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 280 301 200 төгрөг гаргуулах тухай болон 67 331 500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 862 760 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 739 634 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Р ХХК-аас 864 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт өгч, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй. Хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний үүргийг шаардаж буй тохиолдолд гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан эсэх, уг гэрээний дагуу шаардах эрх үүссэн эсэх, шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байдаг. ...Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй. Харин түрээсийн гэрээгээр нь түрээслэгч эд хөрөнгийг ашиглах, үр шимийг авах эрхтэй байдаг. Иргэний хуулийн хориндолдугаар бүлэгт заагаагүй, зохицуулаагүй хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр хуульчилсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр хийсэн тохиолдолд шаардах эрх бий болохоор байна. Иймээс Иргэний хуулийн хориндолдугаар бүлэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний журмаас өөрөөр заасан тул энэ хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг иш татаж, гэрээг сунгагдах мэтээр үзэж хууль хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Хариуцагч нэхэмжлэгчид зарим хэв хашмалыг буцаан өгөх гэсэн боловч олдоогүй, дахин ашиглаагүй гэж тайлбарлаж байх боловч энэ нь нотлогдохгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагчаас эд зүйлийг буцаан өгөхөөр нэхэмжлэгчид хандаж байсан болох нь гэрч Ч.Э-ын мэдүүлгээр нотлогддог. Мөн нэхэмжлэгчийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байсан оффис нь нүүсэн болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Гэтэл хариуцагчаас эд зүйлийг үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргаж, үргэлжлүүлэн ашиглаж байсан мэтээр таамагласан шийдвэрийг гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч түрээсийн гэрээг байгуулагдсан, түүнийг сунгасан эсхүл хариуцагч үргэлжлүүлэн ашиглах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч зөвшөөрч байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Гэтэл нотлогдоогүй үйл баримтыг нотлогдсон, тухайн үйл баримт болсон мэтээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэсэн, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Р ХХК-ийн тодорхой нэр төрлийн эд зүйл авч ашиглах хүсэл зоргийг Г ХХК хүлээн авч эд зүйлийг падаанаар шилжүүлж нөгөө тал хүлээн авсан байх тул 2 дах гэрээгээр нэмж эд зүйл хариуцагчид шилжүүлсэн бодит үйлдлээр хийсэн хэлцэл байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр хийсэн тохиолдолд шаардах эрх бий болохоор байна. Иймээс бичгээр гэрээг байгуулаагүй бол түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Бодит үйлдлээр хэлцлийг байгуулагдсан гэж үзэж төлбөр тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч барилгын ажилд нэхэмжлэгчийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба ажлын хөлсөнд дээрх барилгын хэв хашмалыг өгсөн гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн ажлын хөлсний 36 000 000 төгрөг нь дээрх гэрээ болон эд зүйлийг авахаас өмнө 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлөгдсөн байсан нь нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, цахим код бүхий төлбөрийн баримтаар нотлогдож байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь татварын байгууллагад төлбөр төлсөн гэж тайлагнасан, татварын байгууллагад тайлагнасан гэх үйл баримтыг л нотлох юм. Татварын байгууллагад төлбөрийг төлсөн гэж тайлагнасан нь хариуцагчид төлбөрийг төлсөн гэж таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан, мөн өөрчилсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэх, өөрчлөгдөх, тодруулах тухай бүр зохих этгээдэд танилцуулах, хуульд заасны дагуу хариу тайлбар авах, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломж олгогдох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаж тайлбар өгөх, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжийг Рояал гоулд ХХК-д олгоогүй, зохих журмын дагуу хүлээн аваагүй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан барилгын хэв хашмал түрээслүүлсний төлбөрт 326 921 000 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний дагуу болон гэрээгүйгээр шилжүүлсэн 1200х60 пум 200 ширхэг, 1200х50 пум 100 ширхэг, 1200х45 пум 50 ширхэг, 1200х40 пум 170 ширхэг, 1200х30 пум 30 ширхэг, пум түгжээ 1500 ширхэг, V-2 сапуд 460 ширхэг, V-4 сапуд 700 ширхэг, V-5 сапуд 400 ширхэг, сапуд түгжээ 1900 ширхэг, 1,2-2м турба 600 ширхэг, 1,5-2м турба 250 ширхэг, 6м турба 544 ширхэг, 4м турба 100 ширхэг, 10х20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг, 10х15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг, 10х10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг, 2400 хэмжээтэй гадна булан 50 ширхэг, урт дэгээ 200 ширхэг, богино дэгээ 300 ширхэг, угсардаг шат ком 30 ширхэг, 40 тай 100 ширхэг, 25 тай 3000 ширхэг, бабочик 74 ширхэг, нийт 161 967 600 төгрөгийн үнэ бүхий 24 нэр төрлийн дээрх эд хөрөнгийг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж 400 ширхэг сапуд түрээсэлсэн, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16/10 дугаар түрээсийн гэрээ байгуулагдаагүй, хариуцагчид өгсөн барилгын хэв хашмалыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсны ажлын хөлсөнд тооцож өгсөн гэж маргажээ.
Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 16/07 тоот түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр 400 ширхэг сапудыг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөр 1 320 000 төгрөг, барьцааны төлбөр болох 680 000 төгрөг бэлнээр төлөхөөр тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт нийцсэн байна. /7-8 дах тал/
Мөн зохигчдын хооронд 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 16/10 тоот түрээсийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээнд хариуцагч Р ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зураагүй боловч Р ХХК нь тодорхой нэр төрлийн эд зүйл авч ашиглах хүсэл зоригийг Г ХХК хүлээн авч эд зүйлийг баримтаар шилжүүлж, нөгөө тал хүлээн авсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дах хэсэгт зааснаар бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Гэвч талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 16/10 тоот түрээсийн гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзсэн болно.
Анхан шатны шүүх эхний гэрээг зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болсноос үүсэх үр дагаврыг хуульд нийцүүлэн зөв дүгнэж чадаагүй байна.
Талууд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн баримт хэргийн 11-12 дах талд авагдсан бөгөөд уг тооцоо нийлсэн баримтаар 400 ширхэг сапуд Y4-ийг 1 320 000 төгрөгөөр, 200 ширхэг пумыг 300 000 төгрөгөөр, 100 ширхэг дотор буланг 600 000 төгрөгөөр, нийт сарын түрээсийн төлбөрийг 2 220 000 төгрөгөөр тооцсон байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу дээрх 400 ширхэг сапуд Y4, 200 ширхэг пум, 100 ширхэг дотор булан зэрэг эд зүйлийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-11-12 дах тал/
Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Р ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл барилгын хэв хашмал ашиглахаар авсан нь баримтаар тогтоогдсон боловч гэрээнд түрээсийн төлбөр тохиролцсон хэсэгт багтаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй бусад эд зүйлд түрээсийн төлбөр тооцох үндэслэлгүй, хариуцагч нь бичгийн гэрээгээр болон бичгийн гэрээ байгуулахгүйгээр ашиглахаар авсан эд зүйлээ нэхэмжлэгчид буцааж өгөөгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгчид зарим хэв хашмалыг буцаан өгөх гэсэн боловч олдоогүй, дахин ашиглаагүй гэж тайлбарлах боловч тэрээр энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Анхан шатны шүүх талуудын тохиролцсон гэрээний 1 сарын хугацаа дууссан боловч хариуцагч эд зүйлийг үргэлжлүүлэн ашигласан, нэхэмжлэгч түүнийг татгалзаагүй тул гэрээ тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзэж барилгын хэв хашмалын түрээсийн төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацаа болох 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 21 сарын түрээсийн төлбөрт тооцож 46 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт нийцсэн байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн гэрээг тодорхой бус үндэслэлээр байгуулсан гэж үзэж 21 сарын түрээсийн төлбөрт 46 620 000 төгрөг гаргуулсан нь буруу гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэг адил үйлчилнэ мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссан боловч эд зүйлийг үргэлжлүүлэн ашигласныг татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж дүгнэсэн боловч энэ хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн нөхөн төлбөрийг шаардах зохицуулалттай тул хууль хэрэглээний хувьд дүгнэлтийг зөвтгөж энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан хоёр дах түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноос хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд анхан шатны шүүх 12 ширхэг зарлагын баримтуудыг нягтлаж 2 ширхэг зарлагын баримтад бараа хүлээн авагч Ч.Э-ын гарын үсэг зурагдаагүй баримтуудыг хасч тооцож хариуцагчаас 1200х60 пум 200 ширхэг, 1200х50 пум 100 ширхэг, 1200х45 пум 50 ширхэг, 1200х40 пум 170 ширхэг, 1200х30 пум 30 ширхэг, пум түгжээ 1500 ширхэг, Y2 сапуд 400 ширхэг, Y4 сапуд 500 ширхэг, Y5 сапуд 50 ширхэг, сапуд түгжээ 300 ширхэг, 1,2-2м турба 600 ширхэг, 1,5-2м турба 250 ширхэг, 6м турба 544 ширхэг, 4м турба 100 ширхэг, 10х20 хэмжээтэй дотор булан 170 ширхэг, 10х15 хэмжээтэй дотор булан 40 ширхэг, 10х10 хэмжээтэй дотор булан 30 ширхэг, 2400 хэмжээтэй гадна булан 50 ширхэг, угсардаг шат ком 30 ширхэг, 40 тай 100 ширхэг, 25 тай 300 ширхэг, бобочик 74 ширхэг зэрэг 22 нэр төрлийн 94 636 100 төгрөгийн эд зүйлийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаж тайлбар өгөх, хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх боломжийг Р ХХК-д олгоогүй, зохих журмын дагуу хүлээн аваагүй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч энэхүү гомдол нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж үзнэ.
Шүүх нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, цахим код бүхий төлбөрийн баримтыг үндэслэж өмнөх гэрээний ажлын хөлсийг төлөгдсөн гэж дүгнэсэн нь буруу байгааг залруулна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд талуудын хоорондын тооцоогоор 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажлын хөлсний үлдэгдэл 36 000 000 төгрөг байсныг төлөөгүй, нэхэмжилж буй бараа материалыг өгсөн гэх тайлбар гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлгүй болно. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318 дугаар зүйлийн 318.1, 295 дугаар зүйлийн 295.1 гэснийг 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 082 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ