| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0351/э |
| Дугаар | 0402 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 0402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Цэнд-Очир
улсын яллагч: Ж.Отгонбаяр
шүүгдэгч: Г.Б, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Г Б, Боржигон овогт Б Д нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806003120336 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Монгол овогт Г Б, 19 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 4 дүгээр байрны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:УМ,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б Д, 19 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй,дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, студид зураглаач ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг 1190 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ТК,
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд Б.Д харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Д нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд Г.Б харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөн адил мэдүүлэг өгөхгүй. Өмнө ярьсан зүйлүүд үнэн гэв.
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Өнөөдөр 02.00 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт орших Парис бааранд 5 найзыхаа хамт орсон. Бид нар 2 шил архи хувааж уугаад бүжиглэж байгаад 3.30 цагийн орчимд 7 залуутай муудалцаж, зууралдсан байж байхад баарны хамгаалагч ирээд бид нарыг салгасан. Надтай муудалцсан залуучуудаас баарны үүдэнд нэг нь зогсож байсан ба намайг дуудаад чи хэл амаараа учраа олоод манай найзаас уучлал гуйчих гэхээр нь би нөгөө залуутай нь хамт гарсан. Би гараад муудалцсан залуугаасаа уучлалт гуйгаад гар барих гээд гараа сунгатал миний нүүр лүү цохисон. Би тэдгээр залуучуудаас хэн нь цохисныг мэдээгүй. Нэг цохиулаад доошоо хархад миний 2 шүд газарт унасан байхыг би харсан. Манай найзууд намайг тэдгээр залуучуудыг дагаад гарсаныг хараагүй болохоор бааранд үлдсэн байсан. Харин баарны хамгаалагч залуу намайг хараад зогсож байсан юм. Би өөрөө цагдаад мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 10/
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 01.00 цагийн орчимд найз М, Ө, нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд оршин Парис баараар үйлчлүүлсэн. Бид 0.5 литрийн 2 ширхэг Сэрүүн пиво уугаад бүжиглэсэн. Бүжиглэж байгаад үл таних халзан залуутай шүргэлцэхэд над руу муухай хараад хөгжмийн дуу чанга учир юу гээд байгаа нь сонсогдоогүй. Тэгснээ над руу ирээд шууд заамдаад авахаар нь би зөрүүлэн заамдахад баруун нүдрүү гараараа цохисон. Би унахдаа зүүн тохойгоороо газар тулж унасан. Гэтэл баарны хамгаалагч бололтой нэг залуу ирээд бид хоёрыг салгасан. Би гадаа гарчихсан зогсож байтал араас Буянтогтох гэх залуу дахин гарч ирээд над руу гараа өгөх шиг болохоор нь би сандарсандаа шууд нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд цагдаа ирээд бид нар гомдлоо гаргасан гэжээ.
Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Намайг цохиж байх үедээ нүцгэлсэн хувцасгүй байсан. Намайг цохиж байхад тэнд байсан хүмүүсийг би танина. Би тухайн үед камер байгаа эсэхийг хараагүй. Гэхдээ намайг цохьсон газар нь 1 давхарт байдаг хувцасны өлгүүрийн хажууд байсан болохоор камер байгаа байх. Миний үүдэн 2 шүд унаснаас өөр гэмтэл учраагүй. Би сайн мэдэхгүй байна. Өөр шүд мөн унах гээд хөдлөөд байгаа гэжээ. /хх-н 7-11/
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Буянтогтох гэдэг халзан толгойтой залуутай бид хоёр хоорондоо үл ойлголцсон асуудлаас болж маргалдсан. Буянтогтох гараараа миний баруун нүд рүү цохиж би газар унахдаа зүүн хойшоогоо унахдаа тохойгоо шалбалсан. Надад гомдол санал байхгүй гэжээ./хх-н 12-16/
Г.Б, Б.Д нараас мөрдөн шалгах ажиллгааны үед гэрчээр мэдүүлэг авсан мэдүүлгүүд /хх-н 17-22/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2789 тоот Дүгнэлтэд:
1.Г.Б биед 2 шүдний булгарал, уруулд өнгөц шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна гэжээ.
хх-ийн 25/
Шинжилгээ хийлгэх шинжээч томилох мөрдөгчийн тогтоол /хх-н 27/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2864 тоот Дүгнэлтэд:
1.Б.Д биед баруун доод зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. хх-ийн 28/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 26,29/
Г.Б Б.Д 1.500.000 төгрөг төлсөн баримт /хх-н 64/
Г.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 53/
Б.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах мөрдөгчийн тогтоол /хх-н 54/
Г.Б, Б.Д нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-52/
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 31/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 57-58/, БЗД-н 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 59/
Б.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 36/, зэрэг болно.
Г.Б нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд бүжиглэж байгаад хоорондоо шүргэлцсэнээс болж Г.Б нь Б.Д заамдаж авахад нь өөдөөс нь нэг удаа цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Б.Д нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний шөнө 03.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парис бааранд Г.Б заамдаад авахад нь өөдөөс нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актуудаар Г.Б биед 2 шүдний булгарал, уруулд өнгөц шарх бүхий гэмтэл хөнгөн хохирол учирсанг тогтоосон акт, Б.Д биед баруун доод зовхинд зулгаралт, цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсанг тогтоосон акт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.
Г.Б, Б.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нар нь харилцан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Г.Б, Б.Д нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол овогт Г Б, Боржигон овогт Б Д нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Б.Д нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь нэг сарын дотор, Б.Д нь хоёр сарын дотор торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Б, Б.Д нар нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5 Г.Б, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Б, Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Г.Б, Б.Д нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН