Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2025/0019

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза  даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А.Н ,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.С,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын Засаг дарга ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын  газрын маргааныг   хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

           

1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийн А.Н холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Маргаан бүхий захиргааны актаар А.Н  Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс  2000 м2   газрыг 2017 онд  эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр  хүчингүй болгосон байх ба уг шийдвэрийн талаар  нэхэмжлэгч А.Н нь  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдсэнээр Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3-т Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу  2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.

2.1. Би  Өлгий сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар захирамжаар Өлгий сумын 10 дугаар баг, Харасай гэх газраас 2 га газрыг таримал ойн зориулалтаар 29 жилийн хугацаатайгаар эзэмшсэн юм. Анх газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан үед тухайн газарт ямар нэгэн дэд бүтэц байхгүй, цахилгаан татагдаагүй, ямар нэгэн хөрсний ус гаргах боломжгүй, аймгийн төвөөс 7 км зайтай газар байсан. 2017 оны 10 дугаар сард шурга модоор хашаалж, хөрсний цэвэрлэгээ хийсэн боловч тухайн жилийн өвөл хашааны модон материалыг ойролцоо оршин суудаг малчид хулгайлж эвдэн сүйтгэсэн. Тухайн асуудлаас бол дараа жилд нь буюу 2018 онд газраа ашиглаж чадаагүй. 2019 онд бетон блокон хашаа татсан.  2021 онд 380В-ын цахилгаан татуулж, 2024 оны 6 дугаар сард 80 гаруй метрийн гүнээс  худаг гаргуулж, 2 га газрын харганыг цэвэрлүүлж, 2024 оны 8 дугаар сард улиас 200, бургас 1000, чацаргана 100, үхрийн нүд 120, хайлаас 1300, шар хуайс 280, нийтдээ 3000 гаруй мод тарьж ойжуулсан юм. Үүнээс гадна бууц буулгаж хөрсийг сайжруулсан, хар шороо буулгасан, тодорхой хэмжээгээр бордоожуулсан. Мөн усалгааг системжүүлэн ажиллаж байхад Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар надад эзэмшүүлсэн уг газрыг хүчингүй болгосон байна.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж, эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад хариуцагч байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Ойжуулалт хийгдсэн байхад зориулалтын дагуу ашиглаагүй гэж газрыг хүчингүй болгож байгаад гомдолтой байна гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

3.1. А.Н нь 2017 онд анх тухайн газрыг авахдаа цахилгааны шугам байгаагүй, том машинууд явах урсгал замтай давхацсан газар байсан, бид өөрсдийнхөө боломжоор  2017 оноос эхлэн тухайн газарт  торон хашаа татаад, мод тарьсан. Нэг жил гаруй хугацаа хашаан дотор тарьсан модыг ус зөөж авчраад усалсан. Ойр орчны хүмүүс торон хашааг эвдэж, сүйтгээд мал оруулдаг байсан тул газрын дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол мод тарьж болохгүй юм байна гэсэн ойлголт төрөөд 2019 оноос хойш блокоор хашаа татсан.

 Тухайн үед А.Н өвчтэй байсан. Дараа нь тэр хавийн айлуудтай хамтарч өндөр хүчдэлийн шугам татсан. Мөн “Ковид-19” цар тахлаас болж үйл ажиллагааг явуулж чадаагүй. 2024 онд  мэргэжлийн байгууллагын хүмүүстэй ярьж байгаад тэдгээрийн тавьсан шаардлагыг биелүүлж, өнөөдрийн байдлаар тухайн газарт 500-600 мод тариад явж байна. Бид өөрсдийн хөрөнгө, хөдөлмөрөөр их хэмжээний зардал гаргаж, хоёр удаа мод тарьсан, хашаа татсан, гүнийн худаг гаргасан зэрэг ажлуудыг хийсэн гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

4.1. Маргаан бүхий захирамжид үндэслэл болгосон хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн зохицуулалт юм. Тухайн газрыг шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нөхцөл байдлыг эрх бүхий этгээд шийдвэр гаргахаас өмнө нарийн шалгаж,  тогтоогоогүйгээс захирамж хууль ёсны буюу үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2018 оноос эхлэн их хэмжээний хөрөнгө гаргаж, тухайн газар дээр торон хашаа татаж, мод тарьсан. Үүний дараа худаг гаргахаар 100 гаруй метрийн гүнд өрөмдөхөд ус гараагүй тул зөөврийн аргаар усалгаа хийсэн,  тухайн үед хашааг нь  хулгайлснаас болж тарьсан моднууд сүйтгэгдсэн, ургаагүй. Мөн усалгааны систем байхгүй байсан тул хашаан дээр үргэлжлүүлэн ажиллагаа хийх боломжгүй болсон. Торон хашааг 2021 онд дахиж блок хашаа болгож татаж, 2024 онд сэргээн засварласан.

4.2. “Ковид-19”  цар тахлын өвчин гарсан. Үүний улмаас энэхүү хугацаанд халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль хэрэгжсэн, мөн цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон, цар тахлын улмаас газар эзэмшигчийн хууч архаг өвчин нь сэдэрч Улаанбаатар хотод удаа дараа очиж эмчилгээ хийлгэх болсон зэрэг нөхцөл байдлууд болсон.

4.3. Шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлаж өгч, хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбар авч, холбогдох нотлох баримтуудыг бэхжүүлээгүй байна гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагаа явуулсан гэж байгаа боловч нэхэмжлэгчийн нөхөр Ж.С ойжуулалтын зориулалтаар хийсэн ажилтай холбоотой тайлбар бичсэн. Үүнд, тухайн газарт 2 удаа хашаа татсан, мод тарьсан, зөөврийн аргаар усалгаа хийсэн зэрэг ажиллагаануудыг дурдсан. Сонсох ажиллагаа гэдэг нь эхлээд газар эзэмшигчийг тогтоож, тухайн ажиллагаанд оролцуулах ба хэрэв оролцож чадахгүй бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно. Оролцогчийн  эрх, үүргийг зааж өгөөд, нөхцөл байдалтай холбоотой шийдвэрийг нь танилцуулах ёстой. Ажлын хэсгээс 2024 оны 7 дугаар сард очиход Ж.С гэдэг хүнтэй уулзсан гээд байна. Тухайн үед “та нар яагаад зориулалтын дагуу газраа ашиглахгүй байгаа вэ” гэж хэлээд  газрын зургийг нь аваад  явсан, тодорхой тайлбарлаагүй, захиргааны байгууллага гаргах шийдвэрийн төслийг танилцуулах ёстой.

 Уг газарт  худаг гаргах боломжгүй, байгалийн усгүй, олон жил тухайн газар дээр машин яваад замтай болсон, эдгээр үндэслэлүүдээр ашиглах боломжгүй болсон. Цахилгаан шугам сүлжээгээр хангаж өгөөгүй учраас өөрсдийн хөрөнгөөр цахилгаан трансформатор байршуулсан. Тухайн газрыг ойжуулах боломжийг иргэн өөрөө бүрдүүлж байна.  Тухайн газар дээр 3 дахь удаагаа оролдож байгаад худаг гаргасан. Ойжуулах төлөвлөгөөний дагуу 2024 онд хийгдэх ажиллагаа хийгдээд,  тухайн газар дээр 600 гаруй мод тарьсан. Эдгээр нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

4.4. Мөн газар эзэмшигч нь жил бүрийн  газрын татварыг тасралтгүйгээр төлсөн.

4.5. Хариуцагч талаас сансрын зураг гээд хэвлэсэн баримт гаргаж өгснийг үзэхэд баримтаас он, сар өдөр нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Бид мод тарьсан зураг, хашаа байсантай холбоотой зураг, ус зөөгөөд явж байсан зургуудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн гэрч нар үүнийг нотолж байна.  Иймд эдгэр нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай байсан.

4.6. Түүнчлэн  хашаатай айлуудын газрыг хүчингүй болгоогүй гэж байна. Энэ асуудал дээр нэхэмжлэгчийг ялгаварлан гадуурхаж хандсан гэж үзэж байна. Мөн А.Н эмчилгээтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн, өвчин зовлонтой байсан нь тогтоогдож байна. А.Н зүгээс тухайн газрыг ойжуулах зорилгоор төлөвлөгөөтэй ажиллаж байгаа учраас төр засгийн зүгээс түүнийг дэмжих ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.

Иймд Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, А.Н нь  тухайн газраа ойжуулах зориулалтаар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тайлбарласан. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан. Энэхүү байдлаар нэхэмжлэгч эзэмшлийн газрын гэрчилгээ нь  хүчингүй болж, эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 7 дугаар сарын 09-ний өдөр тайлбар ирүүлсэн. Тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон. Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч нь 2023 оны 11 дүгээр сард албан шаардлага ирүүлсэн.

Албан шаардлагын агуулга нь ойжуулалтын зориулалтаар газар авсан иргэд газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай байсан. Тухайн үед өвлийн улирал байсан учраас 2024 оны 3 дугаар сард ажлын хэсэг байгуулсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүн 5 дугаар сараас эхлэн тухайн газруудад нэг бүрчлэн явж үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшсэн газарт хашааны гурван талын хана байсан, мод таригдаагүй, ямар нэгэн ойжуулах зорилгоор үйл ажиллагаа хийгдээгүй байсан гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

7.1. Бид шалгалт хийж очих үед тухайн газарт трансформатор байсан. Том  хашаа татсан байсан, гэхдээ бүрэн татсан хашаа биш. Мөн хашаа нь задгай, мод таригдаагүй, худаг гаргаагүй байсан. Тухайн газрын 2 тал нь блокоор барьсан хашаатай, нэг тал нь Цагдаагийн байгууллагын татсан хашаа байсан. Тэр хавийн бүх айлууд цахилгааны эрчим хүчээр хангагдсан байсан, цахилгааны шугамыг өөрсдөө хувиараа татсан уу, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр татаж өгсөн эсэхийг нарийвчлан судлаагүй. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүйг үндэслэл болгож, А.Н гаар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тухайн үед бид газартаа мод тарьсан эсэхийг л шалгасан. Нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сард мод тарьсныг бид мэдээгүй. Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой хавар, намар хоёр улиралд мод тарьдаг. Бид нар 7 дугаар сард  газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох тухай мэдэгдсэнээс хойш мод тарьсан байж магадгүй. Харин ажлын хэсэг шалгах үед ямар ч мод байхгүй байсан гэв.

 

                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар  Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-дхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн  нэхэмжлэгч А.Н Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2000 м2 газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2017 оны 132 дугаартай захирамжийн  холбогдох хэсэг болон 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг  тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 29 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын  газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай”  албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/  “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байна.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Өлгий сумын  Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60  дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан,  ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний  өдрүүдэд хяналтын  улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар А.Н  Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 2000 м2 газарт хашаа татагдаагүй, ойжуулалт хийгээгүй гэх нөхцөл байдлуудыг тогтоосон байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид  ойжуулах, таримал ойн зориулалтаар  эзэмшүүлсэн  2000 м2 газарт шүүхээс үзлэг хийхэд  уг газрыг хашаалсан, инженерийн хийцтэй худаг гаргасан, газрын зүүн, урд хэсэгт болон хашаа руу орох хаалганы урд хэсгийн хоёр талд тус тус улиас, бургас, хайлаас төрлийн нийт 572 мод тарьсан, газрын баруун талд цахилгаан дамжуулах трансформатор байршуулсан, газрын зарим хэсгийг хагалсан болох  нь тус тус тогтоогдсон ба нэхэмжлэгч талын тайлбар, гэрч Б.Б, Х.М, Ш.Д нарын мэдүүлэг, “А.Н 10 дугаар багт орших ойжуулах талбайн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл” баримт, уг газрын фото зураг болон бусад баримтуудаар нэхэмжлэгчийн “2017 оны 10 дугаар сараас  хойш газраа зориулалтын дагуу ашигласан” гэх тайлбар, маргаантай холбоотой дараах  үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

6.1. Нэхэмжлэгч анх 2017 онд тухайн  газраа хашаалж, газрын тодорхой хэсэгт мод тарьсан, иргэн Ш.Д манаачаар хөлсөөр ажиллуулсан, гэвч бусдын хууль бус  үйлдлийн нөлөөллөөр хашааны ихэнх хэсэг нурсан, алга болсон, тарьсан модыг сүйтгэсэн, ингэснээр 2019-2020 онд шинээр хашаа барьсан /газрын зүүн хэсгээс бусад талд/,  Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт хандсанаар тус байгууллагаас  2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эрчим хүчээр хангах техникийн нөхцөл (№20/98) олгосон, 2021 онд мэргэжлийн төсөвчин А.А тус ойжуулалтын талбайд холбох гадна цахилгаан хангамжийн  ажлын төсвийг хийлгэсэн, үүнд  41 761 469 төгрөгийн зардал гарахыг тодорхойлж, төсөв зохиосон, нэхэмжлэгч А.Н нь хөрш зэргэлдээ газар эзэмшдэг 5-6 иргэдтэй хамтарч гадна цахилгаан хангамжийн ажлыг хийлгэсэн, 2024 оны 7 дугаар сард инженерийн хийцтэй худаг  гаргасан, 2024 оны 08 сарын 07-ны өдөр  “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компани нь  бургас, улиас, хайлаас төрлийн  600 гаруй мод суулгаж, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгч, газрын зарим хэсгийг хагалж хаврын нэмэлт тариалалт хийхээр бэлдсэн байна.

7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  гэж тус тус заасан.

8. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай”  тогтоолын  1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..."  гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.

Мөн зүйл, хэсэгт заасан  "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй"  гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

9. Дээрх байдлаар нэхэмжлэгч А.Н нь  2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр  газар эзэмших гэрээ байгуулснаас хойш  ойжуулах зориулалтаар эзэмшсэн 2000 м2 газраа 2017 оны 10 сард хашаалсан, газрын тодорхой хэсэгт  мод тарьсан, дээрх хугацаанд бусдын хууль бус үйлдлийн улмаас хашааны ихэнх хэсэг нурсан, алга болсон, тарьсан мод нь ургаагүй, сүйтгэгдсэн,  улмаар 2019-2020 оны хооронд хашааг шинэчилж татсан, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт хандаж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус газрыг эрчим хүчээр хангах техникийн нөхцөл (№20/98) авсан, 2021 онд мэргэжлийн төсөвчин А.А  тус ойжуулалтын талбайд холбох гадна цахилгаан хангамжийн  ажлын төсвийг хийлгэсэн, 41 761 469 төгрөгийн төсөвтэй гадна цахилгаан хангамжийн ажлыг бусадтай хамтарч  хийлгэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

10. Дээрх нөхцөл байдлаас гадна нэхэмжлэгч өвчний улмаас байнгын эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байсан нь  нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн холбогдох нотлох баримтуудаар, 2017, 2018, 2019, 2020 онуудад өөр газарт буюу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт байршилтай “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь тус эмнэлгийн  2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Хэвтэн эмчлүүлсэн магадлагаа” зэрэг баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч тухайн газрыг зэмшсэнээс хойших хугацаанд  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан  гэж үзэхээр байна.

 

11. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд, нэхэмжлэгч  А.Н  нь газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жил болон түүнээс дараах хугацаанд мод тарьж байсан, ойжуулах зорилгод хамаарах дээрх төрлийн  тодорхой үйл ажиллагаа хийсэн байх тул гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглах зорилгоор  огт үйл ажиллагаа хийгээгүй гэж  үзэх  нь үндэслэлгүй, үүнээс гадна зориулалтын дагуу газраа  ашиглахад  газар эзэмшигчээс хамаарахгүй бусдын хууль бус үйлдэл саад болсон, газар эзэмшигч өөрөө өвчтэй байсан зэрэг хүндэтгэн  үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал  тогтоогдож  байх  тул  хариуцагчаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй байна гэж үзлээ.

 

12. Түүнчлэн нэхэмжлэгч А.Н нь маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө тус газарт инженерийн хийцтэй худаг гаргасан, “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж, 2024 оны 8-9 дүгээр сард  ойжуулах зорилгоор  572 ширхэг мод тарьсан, хаврын тариалалт хийх бэлтгэлийг хангасан нь  тус тус тогтоогдож байна.

13. Өлгий сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан ажлын хэсэг нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дүнгийн хурал хийсэн байх ба уг дүнгийн хурлаас  “...ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа  хашаа татаж,  худаг гаргасан  иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн  ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан байна.

Гэтэл нэхэмжлэгч А.Н нь маргаан бүхий газрыг эзэмшсэнээс хойш ойжуулах зорилгод хамаарах дээрх төрлийн  тодорхой үйл ажиллагаа хийсэн,  мөн тухайн газрын ашиглалтын нөхцөл байдлын  талаар захиргааны байгууллагад түүний нөхөр Ж.С тайлбараа гаргасан, улмаар “Б” ХХК-тай гэрээ байгуулж,  2024 оны 08-09 дүгээр сард  572 ширхэг мод тарьсан, хаврын  тариалалт хийх бэлтгэлийг хангасан, 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр инженерийн хийцтэй худаг гаргасан байхад хариуцагчаас   шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой үндэслэлүүдийг болон нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг  судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр түүний  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан  нь  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасантай нийцээгүй гэж дүгнэв.

14. Иймд  нэхэмжлэгч А.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх  нь үндэслэлгүй, мөн маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй  байх тул  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч А.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг  даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн А.Н холбогдох  хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                   М.РИЗА