Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00772

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00772

 

Б.Б, Д.А нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00556 дугаар шийдвэртэй

Б.Б, Д.А нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Гд холбогдох

17 928 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б, Д.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Б.Б, Д.А, Б.Мөнхжавхлан, Б.Мөнхбаясгалан дөрвөн хүний өмчлөлд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 47 дугаар байрны 21 тоотод байрлах 64.39 м.кв хэмжээтэй, 3 өрөө орон сууц байсан. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн охин Эын Этай 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, 1 жил 2 сарын хугацаатайгаар, сарын 500 000 төгрөгөөр тохирсон. Гэрээний хугацааг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 6 сараар сунгасан. Хариуцагч нь гэр бүлийн бүх гишүүдийн хамт тус орон сууцанд амьдарч байсан. 2018 онд нэхэмжлэгч Б.Б, Д.А нар ярилцаад тус байрыг 100 000 000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Энэ үед хариуцагч 90 000 000 төгрөгөөр банкнаас зээл авч тус орон сууцыг худалдан авах санал тавьж тохиролцсон. Банкнаас зээл авах шаардлагын дагуу 90 000 000 төгрөгийн 30 хувь болох 27 000 000 төгрөгөөс 18 000 000 төгрөгийг төлж, үлдэх 9 000 000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул бид банкны шаардлагыг хангахын тулд гэрээ байгуулах үед 18 000 000 төгрөгийг нь өгөөд дараа нь 9 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч болон нэхэмжлэгч Б.Б нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, банкнаас 63 000 000 төгрөгийн зээл авч орон сууцны төлбөрийг төлсөн. Энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т хариуцагч 2.3-т заасан төлбөр тооцоог бүрэн төлж дуусна" гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчид төлөх ёстой 9 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 9 000 000 төгрөг дээр 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ц.Г нар нь зээлийн гэрээ байгуулж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 1 жил 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 500 000 төгрөгийг төлж байхаар тохиролцсон. Зээлийн гэрээний 3.5-д заасны дагуу хариуцагч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Алданги 4 500 000 төгрөг. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээгээр төлөхөөр хүлээсэн 9 000 000 төгрөгийг хугацаанд нь төлсөн бол бид нар тус мөнгөөр хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааны ашиг олох эсхүл банканд хадгалуулж хүүгийн орлого олох ёстой байсан орлого гэж үзэж Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтад зааснаар 4 428 000 төгрөг, нийт 17 928 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Орон сууцыг худалдан авсан үеэс хариуцагч нар амьдарч ашиглаж байсан засварт зарцуулсан гэх төлбөр нэхэмжлэлд хамааралгүй, засвар хийсэн төлбөрийг тооцох талаар тохиролцоогүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр талууд үл хөдлөх эд хөрөнгийг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 27 000 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 63 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлж дуусгахаар хоёр тал харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талууд байрны урьдчилгаа 27 000 000 төгрөгийн 9 000 000 төгрөгийг дутуу төлсөн тул зээлийн гэрээг байгуулсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарладаг. Б.Б болон Д.А нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас авах гэрээний дагуу хариуцагчаас авах ёстой үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний төлөгдөөгүй зээл болох 9 000 000 төгрөг, бидний олох ёстой байсан орлого 4 428 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 17 928 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар иргэн Ц.Ггоос зээлийн гэрээний дагуу дээрх мөнгөн дүнгүүдийг шаардах эрхтэй байхын тулд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ буюу хэлцэл байгуулагдсан байх ёстой. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буйгаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байгуулсан зээлийн гэрээний дагуу 13 500 000 төгрөгийг нэхэмжлээд буй уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагч Ц.Г нь өөрт бэлэн байсан 18 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл 9 000 000 төгрөгийг төлөх үүргийг хойшлуулан тус үүрэг дээрээ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Нөхцөл байдлаас үзвэл зээлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөрийн зохих хэсгийн үүргийг хойшлуулах зорилготой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүй байсан. Нэхэмжлэлд банкнаас худалдан авах нийт үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгааг худалдагчдаа өгсөн байхыг шаардсан бөгөөд тухайн үед хариуцагчид 30 хувь болон 21 000 000 төгрөг бүхэлдээ байхгүй байсан. Тиймээс бид харилцан тохиролцож банкны шаардлагыг хангахын тулд гэрээ байгуулах үед 18 000 000 төгрөгийг нь өгөөд дараа 9 000 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсоны... хэмээн дурдсанаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн хэсэг дүнг эргэн төлөх үүргийг хойшлуулах хүсэл зорилготой хэлцэл болох нь илэрхий учир анхнаасаа талуудын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох учраас зээлийн гэрээний дагуу иргэн Ц.Ггоос зээлийн гэрээний үндсэн үүрэг гэх 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч нар иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу 9 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд банкинд хадгалуулж олох байсан орлого 4 428 000 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо шаардах эрхтэй байхын тулд хариуцагчийн гэм буруугийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх ёстой бөгөөд хэрвээ хохирол хор уршиг учирсан тогтоогдвол Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заалтыг баримтлан гэм хорын хохирлын хэмжээг тооцох хэрэгтэй болдог. Хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн зарим хэсэг болох 9 000 000 төгрөгийг 2 жилийн өмнө биелүүлэх хууль ёсны шаардлага тогтоогдохгүй болно. Учир нь талууд үнэ төлөх хугацааг хойшлуулан тогтоосон хэлцэл байгуулсан байдаг. Иймд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх гэм буруутай үйлдэл болон шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа тул хохирол шаардах эрхгүй болно. Нэхэмжлэгч хохирол шаардахдаа үндэслээд буй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тусгагдсан заалтаар хохирлыг шаардах боломжгүй юм. Нэхэмжлэгчидтэй анх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулж байх үед байранд шаарлагатай засан сайжруулалт хийх, засвар үйлчилгээний зардлыг гэрээний үнийн дүнгээс хасч тооцохоор тохиролцож байсан. Тус байрыг худалдаж авснаас хойш хариуцагч Ц.Г нь сангийн хоолой, хана, гэх мэтчилэн байрны бүхий л хэсэгт засвар хийж, 13 000 000 төгрөгийн засан сайжруулалт хийлгэсэн байдаг. Тухайлбал: Ханын цаас болон ерөнхий засвар хийлгэсэн ажилчдад ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг, шинэ хаалга худалдан авч солиулахад 530 000 төгрөг, ариун цэврийн өрөө болон гадна тагт засуулахад ажилчдын хөлсөнд 700 000 төгрөг, цонх солиулахад 350 000 төгрөгийн зардал гарсан байдаг. Засвар хийхэд зайлшгүй шаардлагатай эд зүйлсийг худалдан авахад 6 000 000 төгрөг зарцуулсан байна. Иймд хариуцагч талаас нэхэмжлэлийн үнийн дүнг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Батулга болон Д.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Ггоос үндсэн зээлийн үлдэгдэл 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, нийт 13 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.Ат олгож, нэхэмжлэлээс 4 428 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 590 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.Ггоос 225 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.А нарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч А.Кадирбек нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан эдийн болон эдийн бус хөрөнгийн хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд хандаж гаргасан эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг нь нэхэмжлэл болдог. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ ... үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчаас авах ёстой үлдэгдэл төлбөр буюу зээлийн гэрээний зээлийн хэмжээ болох 9 000 000 төгрөг, бидний олох ёстой байсан орлого болох 4 428 000 төгрөг, мөн зээлийн гэрээний дагуу төлөх 4 500 000 төгрөгийн алдангийн хамт нийт 17 928 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тодорхойлсон байхад анхан шатны шүүх 101/ШШ2021/00556 тоот шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Нэхэмжлэгч Б.Б, Д.А нар хариуцагч Ц.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, олох ёстой байсан орлого 4 428 000 төгрөг, нийт 17 928 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ гэж нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг өөрчлөн нэхэмжлэлийн үндэслэлийг нь тогтоосон үйлдэл нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь талуудын эрх тэгш мэтгэлцэх эрхийн үндсэн зарчмыг алдагдуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт нэхэмжлэгч талд үүрэг болгосон нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тогтоож, тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэж нотлох үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хууль ёсны болохыг батлах үүргийг хэргийн оролцогчид олгосон байтал анхан шатны шүүхээс тус зарчмыг алдагдуулж нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн өөрийн дураар тодорхойлж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон алдаа дутагдалтай үйлдэл гаргасан гэж үзнэ. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнээс үзвэл зээлдүүлэгч тал нь иргэн Д.А, зээлдэгч тал нь Ц.Г нарын хооронд гарын үсэг зуралцсан үйл баримт тогтоогддог. Энэхүү зээлийн гэрээнд нэхэмжлэгчид Б.Б, Д.А нар болон хариуцагч Ц.Г нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэх хүсэл зоригийг огт илэрхийлдэггүй нь зээлийн гэрээний стандарт нөхцөлөөс болон гэрээнд оролцсон талуудаас ажиглагддаг. Шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл хэмээн үзэхдээ зээлийн гэрээний оролцогч биш этгээд буюу хууль болон гэрээний дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, шаардах эрхгүй субъектийг шаардах эрхтэй байхаар үнэлж дүгнэсэн нь шүүх өөрийн үйл ажиллагаагаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах диспозитив зарчмыг зөрчсөн үйлдэл болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсанаар Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлынхаа үндэслэл, орон сууцанд засвар хийсэн зардлыг тооцоонд оруулан тооцох байсан, мөн зээлийн гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөрийн зохих хэсгийн үүргийг хойшлуулах зорилготой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тус хуулийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь алдаатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн үнэн бодит байдлыг тогтоох зарчим, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй алдаа дутагдалтай болсон байна. Иргэн Н.Г нь Б.Б болон Д.А нарын үл хөдлөх эд хөрөнгийг 90 000 000 төгрөгөөр худалдах саналын дуудлагыг хүлээн авч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч, тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч талд гэрээний гол нөхцөл болох 90 000 000 төгрөгийн үнийг бэлнээр шууд төлөх боломжгүй байсан тул банкнаас мөнгө зээлж үүргийн гүйцэтгэлээ хангахаар болсон байдаг бөгөөд банкны мөнгө зээлэх урьдчилсан шаардлага нь нийт үнийн дүнгийн 27 000 000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байхыг шаардсан байна. Ийнхүү Н.Г нь бэлэн байсан 18 000 000 төгрөгийг өгч үлдэгдэл 9 000 000 төгрөгийг төлөх үүргийг орон сууцанд хийх засварын үнээс хасуулж урьдчилгаа төлбөрийн үүргийг бүрэн төлж барагдуулсан гэж талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үүднээс тохиролцож гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Зээлийн гэрээг нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш он цаг хугацааны дарааллын хувьд хожуу байгуулсан нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлээр бүрэн орж баталгаатай худалдан авагч талд гараагүй байсан шалтгаант нөхцөл байдал болон орон сууцны засвар хийгдэж эхлээгүй учир хэдэн төгрөгийн засварын зардал гаргах нь бүрэн тогтоогдохгүй байсан тул худалдагч талын шахалтаар худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөрийн зохих хэсгийн үүргийг хойшлуулах зорилготойгоор тус гэрээг байгуулсан байдаг. Талуудад анхнаасаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүй байсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн хэсэг дүнг эргэн төлөх үүргийг хойшлуулах хүсэл зорилготой хийсэн хэлцэл болох нь илэрхий учир анхнаасаа талуудын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсэх боломжгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8 заасан хууль зөрчиж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний харилцаанд оролцогч зээлдүүлэгч нь Д.А, зээлдэгч Ц.Г нар байхад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал нь Б.Б болон Д.А, худалдан авагч тал Ц.Г байна. 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний стандарт болон гол нөхцөл, агуулгаас нь үзвэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийн үүргийн зохих ёсоор шилжүүлсэн гэх утга агуулгыг огт илэрхийлэхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид бодитойгоор мөнгө гардуулж өгсөн үйл баримт байхгүй гэдэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаанд гаргасан тайлбарт хариуцагчийн өмгөөлөгч: зээлийн гэрээнд шаардсан мөнгө шилжүүлсэн үү гэхэд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: өгсөн гэж тохиръё гэж тохиролцсон гэв гэж тусгагдсанаар тус тус тогтоогдож байна. Шүүх аливаа хэрэг маргааныг нотлох баримтын тусламжтайгаар хэргийн нөхцөл байдлыг тогтоож хэрэглэвэл зохих материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, зөвхөн хуулийг удирдлага болгон хэргийг шийдвэрлэх ёстой бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй баримтад хийсвэр дүгнэлт өгөхгүй байх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Б, Б.А нар нь хариуцагч Ц.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг, олох ёстой байсан орлого 4 428 000 төгрөг, нийт 17 928 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-4, 48-50/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, Д.А, хариуцагч Ц.Г нар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч Ц.Г Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 47-р байрны 21 тоот хаягт байрлах, 64,39 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх.14-18/

Гэрээний 2.1-т Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 90 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов, 2.2-т Төлбөр төлөх нөхцөл: Урьдчилгаа 30% буюу 27 000 000 төгрөгийг дансанд байршуулсан гэж тус тус заажээ. /хх.11/

Худалдан авагч буюу Ц.Г орон сууцны үнийн 90 000 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт худалдагч талд 18 000 000 төгрөгийг, 63 000 000 төгрөгийг банкнаас зээл авч төлсөн үйл баримтууд тогтоогдсон байна. /хх.12, 18-19/

Мөн Д.А, Ц.Г нар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 9 000 000 төгрөгийг, 1 жил 6 сарын хугацаатай зээлсэн, зээлдэгч гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцжээ. Зохигчдын хэн аль нь орон сууцны урьдчилгааны үлдэгдэл төлбөрийн 9 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй байна. /хх.12/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ...худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх 9 000 000 төгрөг, зээлийн гэрээний дагуу алдангид 4 500 000 төгрөг, олох байсан орлого 4 428 000 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байгаа боловч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, талууд өмнөх үүргийг өөр гэрээний үүргээр солихоор тохиролцсон гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан өмнөх үүргийг өөр үүргээр солих гэсэн заалт нь үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэсэн агуулгатай байдаг бөгөөд өмнөх үүргийг өөр үүргээр сольсон тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, анх тохиролцсон үүргийг гүйцэтгэх ёстой байсан харилцааг 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар шинэ үүрэг гүйцэтгэх болсноор дуусдаг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зээлийн гэрээний 3.5-д зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа өнгөрсөн өдөр бүр төлөх ёстой үнийн дүнгийн 0.5% тооцож алданги зээлдэгчид төлнө гэж заасны дагуу шүүх хариуцагч Ц.Ггоос зээлийн гэрээний үлдэгдэл 9 000 000 төгрөг, алданги 4 500 000 төгрөг нийт 13 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн ...Зээлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нийт төлбөрийн зохих хэсгийн үүргийг хойшлуулах зорилготой байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэн, ямарваа үр дагаврыг бий болгох зорилготой байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлогод нэхэмжилсэн 4 428 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2021/00556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлсөн 225 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО