| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 197/2025/01051/И |
| Дугаар | 197/ШШ2025/05655 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 197/ШШ2025/05655
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 197/ШШ2025/05655 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага 2.760.989 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С
Хариуцагч Ш.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани, "Г" ХХК, "Ш" ХХК, Ш.Х нар хоорондоо 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр "Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гурван талт гэрээ" байгуулж, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хан богд резиденс хорооллын дүгээр байрны тоот, 55.14 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг Ш.Хд шилжүүлэн өгсөн. Орон сууцыг ашиглалтад ороход Ш.Х гэрээгээр тохиролцсон 82.000.000 төгрөгийн төлбөрөөс 80.700.000 төгрөгийг төлж, 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч манай компанийн зүгээс түүний хүсэлтийг харгалзан үлдэгдэл 1.300.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр " э" байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн.
Мөн орон сууцыг Ш.Хд шилжүүлэн өгөхдөө түүний хүсэлтээр мэргэжлийн байгууллагаар орон сууцны талбайд хэмжилт хийлгэхэд орон сууцны талбайн хэмжээ гэрээнд тохиролцсоноос 0.54 метр квадратаар илүү байсан бөгөөд тухайн илүү талбайн зөрүү үнэ 810.989 төгрөгийг 1.501.832 төгрөгөөр тооцохоор болсон. Ингээд орон сууцны талбайн зөрүү 810.989 төгрөгийг шаардахад хариуцагч үлдэгдэл төлбөрийн хамт төлнө гэсэн хариуг өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул гэрээний үүргийн биелэлтэд 1.300.000 төгрөг, алданги 650.000 төгрөг, зөрүү үнэ 810.989 төгрөг нийт 2.760.989 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ш.Х шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
Нэхэмжлэгч Ш ХХК нэхэмжлэлийн шаардлага 2.760.989 төгрөгийнхөө 1.760.989 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Ш.Х хүлээн зөвшөөрч байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК, хариуцагч Ш.Хд холбогдуулан 1.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Ш.Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.200 төгрөгийг улсын орлгод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.000.000 төгрөгийг хариуцагч Ш.Х төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 29.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА