| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2017/0049/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/26 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 119.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/26
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
улсын яллагч Э.Нэргүй,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г, түүний өмгөөлөгч Н.Ц,
иргэний хариуцагч Б.Д,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Г.Э
шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Өгийн Б, Б овогт Аийн Г нарт холбогдох 201708000052 тоот хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Өгийн Б /РД:ЕЮ74011821З/, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1974 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Аийн Г /РД:ЕТ87061909/, Дорноговь аймгийн Иххэт суманд 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай /хүүхдээ асрах чөлөөтэй байгаа/, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Ө.Б нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Э гулсууран дээрээс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,
Яллагдагч А.Г нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшаар ажиллаж байхдаа 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны /цэцэрлэгийн захирлын зөвшөөрөлгүйгээр ажлаа орхиж явсан/ улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Э гулсууран дээрээс унаж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ө.Б нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа өөрийн хариуцсан бага бүлгийн хүүхдүүдийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нэг цагийн хугацаанд цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тогтоом дээр тоглуулж байх хугацаандаа сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус бүлэгт хүмүүжигч 2 нас 8 сартай С.Эг гулсуур тоглоомоос унаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,
шүүгдэгч А.Г нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байхдаа өөрийн хариуцсан бага бүлгийн хүүхдүүдийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нэг цагийн хугацаанд цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тогтоом дээр тоглуулж байх хугацаандаа сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус бүлэгт хүмүүжигч 2 нас 8 сартай С.Эг гулсуур тоглоомоос унаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ө.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 15-ны өглөө хаврын урин дулаан цаг болсон байсан учраас туслах багштайгаа ярилцаад хүүхдүүдээ аваад гарсан. Гараад байж байтал Гын нөхөр нь олон удаа утасдаж хүрээд ир гээд дуудсан. Г нөхөр уурлаад байна хурдан яваад ирье гэж надаас асуухаар нь чи хурдан яваад ир би хүүхдүүдээ цэцгийн хүлэмжин дотор суулгаад байж байя гэж хэлсэн. Г багшийг буцаж ирэхэд би хүүхдүүдтэйгээ цэцгийн хүлэмжин дотор сууж байсан. Хүүхдүүдийн өдөр тутмын судалгааг гар утсаар баталгаажуулж авдаг. Миний утсаар Г багш зураг авч байхад Э гулсуураа тойроод гүйгээд байсан. Э зузаан хувцастай байсан. Нимгэн хувцастай хүүхдүүд нь гулсуур дээр гулгаж тоглож байгаа нь зураг дээр харагдаж байгаа. Орой Эгийн ээж 17 цаг 25 минут гэхэд хүүхдээ авах гээд ирсэн. Э тухайн үед үсээ хусуулсан байсан. Эгийн толгой хэсэгт шороо байна гэсэн зүйлийг би сонсоогүй. Би Эг хаана, яаж унасан талаар үнэхээр мэдэхгүй байна. Би өнөөдөр туслах багш Гт чөлөө өгсөндөө харамсаж гэмшиж байна. Хохирогчоос гарсан эмчилгээний зардлыг төлнө. Бид хоёр хамт байх хугацаандаа гулсууран дээр хүүхдүүдийг тоглуулсан. Дүүжин даажин гээд намхан 50 см өндөртэй тоглоом дээр хүүхдүүд хоёр хоёроороо тоглож байсан. 2 настай хүүхдийг багшийн дэмжлэгтэй гулсуур дээр тоглуулдаг. Э тухайн өдөр гулсуур дээр тоглоогүй. Г яваад 20 минут болоод ирсэн. Гыг ирэхээр нь эгч нь бие засаад ирье тэгээд хүүхдүүдээ оруулъя гэж хэлсэн. Би чөлөө өгөх эрхгүй, хүн чанар гэдэг зүйл татаад чөлөө өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Эгийн ээжээс багш хүний үүргийн дагуу уучлалт гуйсан гэв.
1.2. Шүүгдэгч А.Гын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манай нөхрийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний хариу ирсэн байна очиж авъя гэж хэлсэн. Хүүхдүүдээ тоглуулж байгаад эмнэлэг явахад Б багш хүүхдүүдтэйгээ цэцгийн хүлэмжинд сууж байсан ба ирэхэд мөн адил сууж байсан. Намайг байх хугацаанд бол Э юман дээрээс унасан зүйл болоогүй. Би ирээд бид хоёр хүүхдүүдээ анги руу нь оруулаад Б багш хүүхдүүдийн нүүр гарыг нь угаагаад би хувцасыг нь тайлсан. Тэгээд өдрийн хоолонд хүүхдүүдээ оруулаад унтуулсан. Би 16 цаг 30 минут гээд ажлаасаа буугаад гэртээ очоод хувцас угааж байхад О.Г над руу олон удаа залгасан байсан. Би угаалгын машины чимээнд сонсоогүй. Эргүүлээд О.Г рүү залгахад манай хүүхэд гулсуур дээр тоглож байгаад унасан юм шиг байна. Б багшийн дугаарыг өгөөч гэхээр нь би дугаарыг нь өгсөн. Маргааш өглөө нь хүүхдээ цэцэрлэгт өгөөд нөгөөдөр нь эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явсан. Тэгээд орой нь хүүхдээ эмэнэлэгт үзүүлээд над руу залгаад хүүхэд гэмтсэн байна бид хоёр одоо Чойроос хот руу явж байна гэж ярьсан. Тухайн өдөр би Б багшид тусалж ажиллах ёстой байсан. Эмнэлэг явах шаардлага гарсан байсан учраас багшаас 20 минут чөлөө аваад эмнэлэг ороод ирсэн. Хүүхдүүд намайг байхад гулсуур дээр тоглосон. Цэцэрлэгийн эрхлэгчээс чөлөө авах гэтэл байхгүй байсан. Тэгээд бүлгийн багшаас чөлөө авсан. Миний буруутай үйлдлээс болж хүүхдийн биед гэмтэл учирсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
1.3. Насанд хүрээгүй хохирогч С.Эгийн хууль ёсны төлөөлөгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 50 минутад хүүхдээ 3 дугаар цэцэрлэгийн Б багшид хүлээлгэж өгсөн. Тэгэхэд хүүхдийнхээ хувцасыг битгий тайлаарай өнөөдөр гадаа гарах өдөр гэсэн. Орой ажил тараад 17 цаг 30 минутын үед хүүхдээ авахаар анги руу нь ороход хүүхэд миний толгой шороо болсон гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийн үс нилээн ургасан байсан. Би гадаа тоглосон юм чинь шороо болсон байлгүй гэж бодоод багшид нь хэлсэн. Санаанд ороогүй хүүхдийнхээ толгойны шороог арилгаад хувцасыг нь өмсгөөд аваад гараад тоглоомны хажуугаар явж байхад манай хүүхэд гулсууран дээрээс унасан гэж зааж байсан. Тухайн үед хүчтэй гэмтэл авна гэж бодоогүй учраас гэр лүү нь аваад явсан. Орой хувцасыг нь тайлаад хоол өгөх гэтэл хүүхэд толгойгоо бариад уйлаад байхаар нь яасан гэж асуухад гулсуурнаас унасан гэж хэлсэн. Тэгээд хаана нь өвдөж байна гэхэд толгойны баруун дээд хэсгийг заахаар нь хүрч үзэхэд хүүхэд их зовиуртай байсан. Тиймээс хоёр багшийн утасны дугаарыг олж аваад хамгийн эхэнд Г багш руу ярьсан. Юунаас унасан юм гэж асуухад Б багшаас асууя гэж хэлээд надад дугаар нь мессэжээр ирүүлсэн. Тэгтэл Б багш над руу өөрөө залгаж ярьсан. Би хүүхэд гулсуурнаас унасан гэж хэлээд байна. Толгой нь жаахан хавдсан байна гэж хэлэхэд Б багш дүүжин даажин дээр тоглож байгаад унасан юм болов уу, өнөөдөр шөнө ажиглаад хоночих гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр ажиглаад хоносон. Өглөө сэрээд багш нарт нь хэлээд цэцэрлэгийн эрхлэгчид мэдэгдээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж Н эмчид үзүүлсэн. Рентгений зураг авахуулахгүйгээр түр ажиглаж байя гэж хэлсэн. Толгойны өвдөлттэй хэсэгт дарахад хүүхэд их уйлсан. Маргааш өглөө нь өвчин намдаах эмтэй нь цуг багшид нь хүлээлгэж өгсөн. Орой би 17 цаг 30 минутад авахад хүүхэд толгой өвдөөд байна гэж надад хэлсэн. Тухайн үед сумын их эмчид үзүүлээд толгойг нь тэмтрүүлэхэд хаван нилээн ихэссэн байна яаралтай явж үзүүл гэж хэлсэн. Тэгээд аймагт ирээд зургийг нь авахуулахад цууралттай байна рентген нь муу тул хот явах шаардлагатай гэсэн. Тэр орой Улаанбаатар хот яваад Эх нялхасын эмнэлэг дээр очиж үзүүлэхэд тархины цууралттай, цус хурсан байна, та хоёр яаралтай хэвт гэж хэлээд хэвтүүлсэн. Эх нялхасын эмнэлэгт 5 хоног хэвтээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлээд аймагт хэвтэж байгаад эмнэлгээс гараад гэртээ очсон. Эмнэлэгт хэвтэж байсан эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 3 069 607 төгрөг нэхэмжилж байгаа. Сүүлд гарсан зардал болон өмгөөлөгчийн хөлс, унааны зардлыг би нэхэмжлээгүй. Би гомдолтой байна. Буруутай хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой байх гэж бодож байна. Одоо бол сумын эмнэлгийн хяналтанд байгаа. 4 удаа эмнэлэгт хэвтсэн. Тархины цууралт, чамархайн арын хэсгийн хугаралтай учраас хүүхэд унаж татдаг өвчтэй болж магадгүй гэдгээс сэргийлээд эмнэлэгт хэвтэж байгаа гэв.
1.4. Иргэний хариуцагч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд хавтаст хэрэгтэй танилцсан байгаа. Хүүхэд цэцэрлэг дээр байхдаа энэ гэмтлийг авсан үед манай байгууллага хохирол төлбрийг хариуцах ёстой гэж бодож байна. Шүүхээс тогтоосон мөнгийг төлнө. Туслах багш, багш нар нь бие биедээ чөлөө өгөх эрхгүй байж нэг нэгэндээ чөлөө өгсөнийг хариуцлагагүй гэж үзэж байна. Энэ хоёр багшийг хариуцлагагүй хандаж дүрэм, журмаа дагаж мөрдөөгүй гэж ойлгож болно гэв.
1.5. Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай хүү Сэнгийн охин Эг цэцэрлэг дээрээ унаад бэртсэн талаар би тэр оройд нь сонссон. Би 2017 оны 03 дугаар сарын 20-ны үед Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ягаанцэцэгт энэ талаар өргөдөл өгөөд гарч явж байхад араас Б багш дуудаж уулзсан. Тухайн үед би ууртай явж байсан болохоор Б багштай муудалцсан. 2017 оны 04 дүгээр сарын 02-ны бүтэн сайн өдөр Б багш манай гэрт уйлчихсан орж ирээд дээрийн муудсан асуудалдаа уучлалт гуйгаад, би маргааш 1 дэх өдөр өргөдлөө өгөөд ажлаасаа гарчих уу яах уу, намайг хүүдээ хэлээд өг, надад ах дүү, хамаатан садангийн улс байхгүй, тэгэхдээ 500 000 төгрөг цуглуулж ирнэ, тэрийг өгье. Би ганц охинтой хүн тэрнийхээ төлөө л ингэж уйлаад явж байна гэсэн юм ярьсан. Тэгэхээр нь Эгийн асуудлын талаар би мэдэхгүй. Манай хүү С миний үгэнд орох ч үгүй. Чи явж аав, ээжтэй нь уулз гэсэн. Тэгээд Б багш манайхаас гараад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 112 хуудас/
1.6. Гэрч Н.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 15-ны өглөө ажлаасаа буугаад аавын хашаанд машин янзалсан. Орой эхнэр над руу залгаад Э толгой өвдөөд байна, гулсуур дээрээс унасан гэж байна гэхээр нь багш нартай нь ярьсан юм уу гэхэд утсыг нь хүнээс асууж байна гэсэн. Би орой 20 цагийн үед гэртээ харьсан. Тухайн үедээ хүүхдээ тийм ноцтой гэмтсэн гэж бодоогүй. 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой Э ерөнхийдөө хэвийн тоглож инээгээд зүгээр байсан. Хувцасыг нь тайлах үед баруун чихний ар хэсэгт эмзэглэлтэй, гар хүргэхгүй байсан. Маргааш өглөө нь Энхжингийн цэцэрлэг дээр нь очоод аймаг руу явж Эг үзүүллээ гэж багш болон эрхлэгчид нь хэлээд Ганпүрэв бид хоёр охиноо аваад явсан. Чойрт ирээд Наранбаатар эмчид үзүүлсэн. 17-ны өглөө би ажилтай байсан болохоор Эг ээж нь хүргэж өгсөн. 17 цаг өнгөрч байхад манай эхнэр О.Г над руу залгаад хүүхдийн толгойны зовиур нь улам томорсон байна Чойр авч явж үзүүлье гэсэн. Би эхнэр, хүүхдээ аваад Чойрын эмнэлэгт 18 цаг өнгөрч байхад ирээд 103-ын эмчид үзүүлж рентген зураг авдаг хүнийг нь дуудаж Эгийн тархины зургийг авахуулахад тархины цууралт байж магадгүй яаралтай Улаанбаатар явж үзүүл гэсэн. Эхнэр бид хоёр Эг аваад Улаанбаатар хотын ГССҮТ-д шөнийн 2-3 цагийн үед очоод жижүүр эмчид нь үзүүлэхэд өглөө 10 цагт ирж зургийг авахуул гэсэн. Өглөө ирж зургийг нь авахуулахад Эгийн тархи цуурсан, жаахан цус хурсан гэсэн ойлголтонд хүрсэн. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гараад явж байхад машин дотор Э унасан талаараа ярихаар нь би гар тусаараа 1 минут 24 секунтын бичлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 хуудас/
1.7. Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр Г миний шинжилгээний хариуг авах гэж ирж уулзаад явсан. Тэгэхэд нэг их удаагүй ажил руугаа буцсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114 хуудас/
1.8. Гэрч П.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тухайн үед Гын нөхөр Б манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Г эмнэлэг дээр ирээд нөхрийн шинжилгээний хариу гарсан уу гээд надтай уулзаж байсан. Дараа нь 11 цагийн үед байх намайг өрөөнөөсөө гарахад Г нөхөртэйгээ эмнэлгийн коридорт зогсож байсан. Би нөхөрт нь чи байнга л жирэмсэн эхнэрээ гүйлгэчих юм гэж хэлээд өнгөрсөн. Маргааш нь манай эмч О.Гийн хүүхэд урьд өдөр нь гэмтсэн гэж сонсоод Гын эмнэлэг дээгүүр яваад байсан өдөр байна даа гэж сайн санаж байна. Манай эмнэлгийн бүх коридорууд камертай бөгөөд бичлэг хийгдэж явдаг. Тухайн үед бичлэгийг нь хэсгийн төлөөлөгч З хуулж авсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 115 хуудас/
1.9. Гэрч Л.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай сумын 3 дугаар цэцэрлэг нь хоёр газар ажилладаг бөгөөд би 9 дүгээр байрны цэцэрлэгт багш ажилтай. Харин Б хойд цэцэрлэгт багш хийдэг. Би 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг жаахан өнгөрч байхад урд цэцэрлэгээс хойд цэцэрлэг рүү очиход Б багш гадаа цэцэрлэгийн хашаанд цэцгийн мандал дотор хүүхдүүдээ бүгдийг нь суулгачихсан өөрөө хажууд нь хараад байж байсан. Туслах багш Г эзгүй байсан. Хүүхдүүд нь тоглоогүй бүгд цэцгийн мандал тойроод сууж байсан. Намайг явсаны дараа болон өмнө нь тоглож байсан эсэх талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 хуудас/
1.10. Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 15-ны орой О.Г бид хоёр уурхайд ажилладаг Дтэй таараад цэцэрлэгээс хүүхдээ авах гээд очсон. Бид нарыг цэцэрлэг дээр очиход манай нөхөр Г-Од ирчихсэн хүү Аг хувцаслаж байсан. Э ер нь хөдөлгөөн удаантай хүүхэд байгаа юм. Харахад бол өвдчихсөн гэж харагдаагүй. Манай хүүхэд Ан өмдний шуумгийг нь гутлын түрийнд нь эвгүй хийчихсэн байхаар нь би янзлах санаатай хүүхдийнхээ буриад гутлыг тайлахад шороо асгарсан. Бид нар хоорондоо гутлыг нь шороотой нь өмсүүлчихсэн байна гэж ярьж байхад Э ээж /О.Г/-дээ миний толгой шороо болсон баба байна гэж хэлсэн. Тэгсэн О.Г Эгийн толгой хэсгийг нь гараараа илж байсан. Б багш хүүхдүүдийг гадаа тоглуулсан гэж хэлж байсан. Өглөө нь хүүхдээ хүргэж өгч байхад багш нь хүүхдүүдээ гадаа тоглуулна хувцастайгаа байж байг гэж хэлж байсан. Манай нөхөр Г-Од бид 2 хүүхдээ аваад түрүүлээд харьсан. Гэртээ байж байхад орой 19 цаг 30 минутаас хойш О.Г над руу мессэж бичээд Магнай, Г хоёрын утасны дугаар байна уу гэхээр нь би байхгүй гэсэн мессеж бичсэн. О.Гээс Ягаанаа даргын утас байна уу гэж мессеж ирэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод О.Г рүү залгасан. Тэгсэн О.Г Э цэцэрлэг дээрээ юмнаас унасан юм шиг байна толгойн ар хэсэгтээ хавдчихсан, зовиурлаад гар хүргэхгүй байна гэсэн. Чи хэзээ мэдсэн юм гэхэд хоол хийгээд нээх сайн анзаарсангүй сая л мэдлээ гэж байсан. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө би хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөд О.Гтэй үүдэнд зөрсөн. Би гэр цэцэрлэг рүү ороход Э хамгийн наад талд нь сууж байхаар нь харсан чинь толгойнынх нь хавдар харагдаж байсан. Би ажил дээр очоод О.Гт Эгийн толгой нь аягүй хавдчихсан байна лээ гэж хэлсэн чинь харин тиймээ эмч харж бай гэсэн гэж ярьж байсан. Намайг хүүхдээ орой авч байхад Б багш надад Эгийн аав нь пиздаанууд хүүхэд харж чадахгүй гэж загнаад байна, хүүхдээ цэцэрлэгээс бүрэн бүтэн авч явчихаад хариад юу ч болсон юм билээ гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр өдөр Эгийн толгой нь шороо болсон гэснийг би ч сонссон шүү дээ гэж хэлсэн чинь манай хүү А /2 настай/ Э дүүжий даажийгаас унасан, толгой нь ёо ёо болсон гэж Б багшийн хажууд хэлсэн. Манай хүүхэд хэл тааруу учир гулсуурыг дүүжий даажий гэдэг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 117-118 хуудас/
1.11. Гэрч Д.Г-Од мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 03 дугаар сарын 15-ны орой ажлаасаа буугаад цэцэрлэг орж хүү Асутайг аваад хувцаслаад байж байхад гаднаас манай эхнэр Ууганбат, хамт ажилладаг О.Г, уурхайд ажилладаг Д нар орж ирсэн. Би хүүхдээ хувцаслаад гарсан. Эгийн толгой шороо тоос болсон гэсэн ярианы талаар мэдэхгүй. Тэр орой нь манай эхнэр Ууганбат л надад Эгийн толгой нь эвгүй болчихсон байна гэнэ гэж байсан. Манай хүү Ааас Э яасан юм гэсэн чинь Э дүүжий даажий ёо ёо болсон гэж байсан. Манай хүү ярихдаа нээх сайн биш” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 119 хуудас/
1.12. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 15-ны орой би эмнэлэг дээр ээлжтэй байхад О.Г эмч 20 цагийн үед утсаар яриад Гын нөхрөөс нь утсыг нь аваад өгчих гэсэн. Тэгэхэд Гын нөхөр нь эмнэлэгт хэвтэж байсан. Би нөхрөөс нь дугаарыг нь олж О.Г эмчид өгсөн. Би дараа нь Эг цэцэрлэг дээрээ гулсуур дээрээс унаж гэмтсэн гэж сонссон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 121 хуудас/
1.13. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3 настай Эг ээж нь болох О.Г Нэгдсэн эмнэлэг дээр авч ирж амбулаториор үзүүлсэн. Эг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цэцэрлэг дээр тоглож байгаад гулсуураас унасан юм шиг байна гэж хэлсэн. Үзлэгийг хийхэд Эгийн баруун чамархайн ар, дагзны дээд хэсэгт бага зэрэг хавантай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй байсан. Ямар нэгэн зовиур илэрвэл эргэж үзүүлээрэй, тархи доргилтын шинж байгаа учир фезам эм уулгаад, хүйтэн жин тавиад түр харзная гэсэн. Үзсэн талаараа Эгийн картан дээр нь бичилт хийж өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 122 дугаар хуудас/
1.14. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Эгийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Унах болон цохих үйлчлэлийн алинд нь ч үүсэх боломжтой. Гулсуураас унахад үүсэх болмжтой. Баруун чихний ар талаар хавдана гэдэг нь гаднах гэмтэл юм. Түүний харалдаа чамархай ясны хугарал, хатуу бүрхүүл дээр үүссэн цусан хураа байгаа нь толгойн КТГ-ын зургаар тогтоогдсон байгаа. Иймээс баруун чихний ар талаар хавдсан буюу гадна гэмтэл үүссэн тэр цаг хугацаанд гавал тархины дотор гэмтэл цуг үүссэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2017 оны 03 дугаар сарын 15-нд Эгийн биед гавал тархины гэмтэл үүссэн байна. Энэ нь гавлын ясны хугарлаас гадна түүний харалдаа үүссэн хатуу бүрхүүл дээрх цусан хураа томорч тархийг хэр хурдан хугацаанд дарж буй цаг хугацаанаас хамаарна. Тогтоогдож байгаа гэмтлийн байдлаараа амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамруулж ойлгоно. Ер нь бол гавал тархины гэмтлүүд нь насанд хүрэгчдэд болон бага насны хүүхдэд илрэх клиник шинж тэмдгүүд адилхан байдаг. Үүний илрэх зовиур нь хатуу бүрхүүл дээрх цусан хураа хэр томорч тархийг ямар хэмжээгээр дарж байгаа цаг хугацаанаас хамаарна. Энэ хугацаанд хүнд ямар нэгэн зовиур илрэхгүй, эрхэлж тоглоод эрүүл хүн шиг явж байж болно. Үүнийг гавал тархины гэмтлийн саруул үе гэж нэрлэдэг. Энэ хугацаанд оношлоод эмчилгээ хийж чадвал ямар нэгэн хүндрэл үүсгэлгүйгээр амь насыг аварч болдог. Гэхдээ нойр хоолондоо дургүй болж огиж бөөлжих, толгой өвдөх шинжүүд их бага ямар нэгэн хэмжээгээр илрэнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 139 хуудас/
1.15. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтэнд: “С.Эгийн биед баруун чамархай ясны шугаман хугарал, харалдаа хатуу бүрхүүл дээрх цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Ж гэжээ /х.х-ийн 131 хуудас/
1.16. Шүүгдэгч нараас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүүхдүүдийг гадаа тоглуулахдаа авсан гэрэл зургууд /х.х-ийн 13-17 хуудас/
1.17. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай тушаал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /х.х-ийн 19-34 хуудас/
1.18. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн туслах багш А.Гын ажлын байрны тодорхойлолт, Цэцэрлэгийн туслах багшийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээний хуулбар /х.х-ийн 40-41, 42-44, 46-48 хуудас/
1.19. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Ө.Бн ажлын байрны тодорхойлолт, цэцэрлэгийн багшийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, башгийн хамтран ажллах гэрээ, хөдөлмөрийн гэрэний хуулбар /х.х-ийн 35-36, 37-39, 45, 49-51 хуудас/
1.20. Цэцэрлэгийн тоглоомын талбайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 65-68 хуудас/
1.21. Гар утсанд үзлэг хийж, бичлэгийг СИДИ-д хуулж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 69-72 хуудас/
1.22. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 73-74 хуудас/
1.23. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /х.х-ийн 75-76 хуудас/
1.24. С.Эгийн өвчний түүхийн хуулбар /х.х-ийн 133-138 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ө.Бг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Гыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь: уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 15-нд өдөр үйлдэгдсэн ба шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн авч үзвэл мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэсэнд хамаарч байна.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасан оногдуулах ял нь “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-аас дээш 6 сар хүртэл баривчлах”, харин /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ял нь “6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих” гэж тус тус заасан байна. Иймд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.Бн өмгөөлөгч Г.Э гэм буруугийн дүгнэлтэндээ: гэм буруугийн асуудал дээр маргаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч,
шүүгдэгч Ө.Б нь туслах багш А.Гт чөлөө өгч явуулсан нь л миний буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Б нь чөлөө өгсөнөөрөө бус Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байхдаа өөрийн хариуцсан бага бүлгийн хүүхдүүдийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нэг цагийн хугацаанд цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тоглоом дээр тоглуулж байх хугацаандаа сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус бүлэгт хүмүүжигч 2 нас 8 сартай С.Эг гулсуур тоглоомоос унаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцогдож байгаа болно.
Шүүгдэгч А.Гын өмгөөлөгч Б.Б гэм буруугийн дүгнэлтэндээ: гэм бурууг шууд хүлээн зөвшөөрөхөд эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч А.Г нь тухайн өдөр хүүхдийг хүлээн аваад 20 минут орхиж явснаа хүлээн зөвшөөрдөг боловч энэ 20 минутын хугацаанд С.Эд хүнд гэмтэл учирсан гэдгийг нотлосон зүйл байхгүй. Мөн С.Э хэзээ, яаж гэмтэл авсан болох нь тодорхойгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийг шинжгүй байна гэж үзээд шүүгдэгч А.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байна.
Учир нь: хэдийгээр С.Эг гулсууран тоглоом дээрээс туслах багш А.Гыг байх үед унаж гэмтэл авсан, байхгүй байх хугацаанд нь унаж гэмтэл авсан нь нотлогдохгүй байгаа боловч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн өглөө нэг цагийн хугацаанд цэцэрлэгийн хашаанд хүүхдийн тоглоом дээр тоглуулж байх хугацаандаа гулсууран тоглоом дээрээс унаж хүнд гэмтэл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийж, бичлэгийг хуулж авсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.
Мөн хүүхдүүдийн зугаалгын цаг буюу гадаа тоглох хугацаанд багш болон туслах багш нар нь хамт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй. Чөлөө авсан гэх боловч цэцэрлэгийн дотоод журамд заасны дагуу чөлөө авалгүйгээр ажлын байраа орхиж явсан болох нь цэцэрлэгийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хөдөлмөрийн гэрээний хуулбаруудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь С.Эг хэзээ, яаж гэмтэл авсныг мэдэхгүй гэж мэдүүлснээрээ хариуцлагаас чөлөөлөгдөх бус харин ч сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэл болно.
ХОЁР. Шүүгдэгч Ө.Б, А.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Эхнэр бид хоёр, 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Манай бага охин Б.Мишээл 1 нас 6 сартай цэцэрлэгт явдаг. Том хүү Б.Х 8 нас 5 сартай одоо 3 дугаар ангид сурдаг. Одоо эхнэр А.Г нь 7 сартай жирэмсэн бөгөөд ээлжийн амралтаа аваад ажлаа хийхгүй байгаа. Үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авна. Би өөрөө Шивээ-Овоо уурхайд гагнуурчин ажилтай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 114 дүгээр хуудас/
2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн181-182 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.
Өмгөөлөгч Г.Э, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар хүчингүй болсон тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-т зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь: тухайн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэдэгт хамаарч байна. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 51 = 12 240 000 торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирлын тооцоо:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г нь шүүх хуралдаанд хохиролд нийт 3 069 607 төгрөг нэхэмжилсэн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно гэж мэдүүлсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн нэхэмжлэлээс 2 107 052 төгрөгийн хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- Үзлэгийн 20 000 төгрөг, нойрны тархины цахилгаан бичлэг 60 000 төгрөг, КТГ-ийн 80 000 төгрөг, нийт 160 000 төгрөг /1-р х.х-ийн 89/
- Бараа материалын зарлагын баримт 39 600 төгрөг, 123 550 төгрөг, 54 945 төгрөг, нийт 218 095 төгрөг /1-р х.х-ийн 90-92/
- Нэхэмжлэл 226 150 төгрөг, зарлагын баримт 91 320 төгрөг, нийт 317 470 төгрөг /1-р х.х-ийн 93/
- Эм, тариа авсан баримтууд 34 000 төгрөг, 1 300 төгрөг, 40 000 төгрөг, нийт 75 300 төгрөг /1-р х.х-ийн 94/
- Эм тариа, хүнсний зүйл авсан баримтууд 7 705 төгрөг, 1 500 төгрөг, 3 480 төгрөг, 4 000 төгрөг, 5 200 төгрөг, 11 010 төгрөг, нийт 32 895 төгрөг /1-р х.х-ийн 95/
- Хүнсний зүйл авсан баримтууд 2 500 төгрөг, 4 500 төгрөг, 6 099 төгрөг, 2 676 төгрөг, 3 150 төгрөг, 3 200 төгрөг, нийт 22 125 төгрөг /1-р х.х-ийн 96/
- Хүнсний зүйл авсан баримтууд 6 850 төгрөг, 2 920 төгрөг, 5 400 төгрөг, 3 500 төгрөг, 6 600 төгрөг, 6 250 төгрөг, нийт 31 520 төгрөг /1-р х.х-ийн 97-98/
- Хүнсний зүйл авсан баримтууд 11 000 төгрөг, 17 955 төгрөг, 7 600 төгрөг, 1 150 төгрөг, 4 768 төгрөг, 29 800 төгрөг, 4 400 төгрөг, нийт 76 673 төгрөг /1-р х.х-ийн 109-110/
- шатахуун түлш, буудлын баримтууд 20 000 төгрөг, 30 000 төгрөг, 31 500 төгрөг, 8 000 төгрөг, 20 000 төгрөг, 31 000 төгрөг, 35 000 төгрөг, 35 000 төгрөг, 35 000 төгрөг, 75 000 төгрөг, 30 000 төгрөг, 50 000 төгрөг, 20 000 төгрөг, 17 300 төгрөг, нийт 437 800 төгрөг /1-р х.х-ийн 111/
- Хохирогч С.Эгийн эцэг Н.Сэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 735 174 төгрөг /1-р х.х-ийн 99/ болно.
Харин хэрэгт авагдсан банкуудын пост машинаар уншуулсан баримтууд нь юу авсан болох нь тодорхойгүй, мөн хохирогч О.О.Гийн ажилгүй байсан хугацааны цалинг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тооцох боломжгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал болох нийт 962 555 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Б, Ө.Г нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “бичлэг 2” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг, “201708000051, 2017” гэсэн ногоон өнгийн бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Өийн Бг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Аийн Гыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шүүгдэгч Ө.Бн багшийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 51 = 12 240 000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч А.Гын туслах багшийн албан тушаал эрхлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240 000 х 51 = 12 240 000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө.Б, А.Г нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “бичлэг 2” гэсэн хар өнгийн гар бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг, “201708000051, 2017” гэсэн ногоон өнгийн бичмэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг CD-ыг тус тус уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-т тус тус зааснаар иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгээс 2 107 052 /хоёр сая нэг зуун долоон мянга тавин хоёр/ төгрөгийг гаргуулан тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гт олгож, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардал болох нийт 962 555 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б, А.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.