| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2024/0079/З |
| Дугаар | 110/ШШ2025/0020 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 110/ШШ2025/0020
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Б,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Т.З нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн С.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Маргаан бүхий захиргааны актаар С.Ж Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1000 м2 газрыг 2020 онд эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байна.
3. Уг шийдвэрийн талаар нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдсэнээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.
3.1. Би Өлгий сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/273 дугаар захирамжаар тус сумын 10 дугаар багаас 1000 м2 газрыг таримал ойн зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшихээр болсон. Засаг даргын захирамж гарсны дараа сумын газрын даамал газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Би газар эзэмших эрхийн гэрчилгээ авсны дараа тухайн газрыг тойруулж торон хашаа татаж тохижуулж, мод тарих бэлтгэл ажлыг хангасан.
3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлыг хуульчилсан бөгөөд миний хувьд дээрх зүйл хэсэгт заасан зөрчлийн аль нэгийг гаргаагүй. Ийм байхад урьдчилан мэдэгдэхгүйгээр, сонсох ажиллагаа явуулахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
4.1. Өлгий сумын Засаг даргаас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээг хүчингүй болгосон. Тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй нь хоёр үндсэн шалтгаантай гэж үзэж байна.
4.1.1. 2020-2022 онуудад дэлхий даяр болон улс орны хэмжээнд “Ковид-19 цар” тахлын улмаас урт, богино хугацааны хөл хориог удаа дараа тогтоож, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон, улсын хил хаасан учраас холбогдох бараа материал оруулах боломжгүй болсон. Үүнтэй холбоотой Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль баталсан. Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилсэн. Тухайн үед улсын хэмжээнд 2 жилийн хугацаанд цар тахлын өвчтэй байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Тэгэхээр 2 жилийн хугацаанд дээрх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд тухайн үеийн “Ковид-19” цар тахлын 2 жилийн хугацааг хамааруулан ойлгохоор Улсын Дээд шүүхээс хуулийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор гаргасан тогтоолууд байгаа.
4.1.2. С.Ж нь айлын ганц хүүхэд бөгөөд түүний эцэг Т.С 2019 оноос харвалт өгөөд зүүн талын гар, хөл нь мэдээгүй болж, хэвтрийн дэглэм сахиж, хүний асрамжид орсон. 2023 онд энэ хүнийг босгох гэж байгаад тэр хүн унаад зүүн талын сүүжний яс нь хугараад, Улаанбаатар хотод удаа дараа очиж эмчилгээ хийлгэж байсан. 2019 оноос Т.С нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож, хүний асрамжид байсан ба 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Эдгээр нөхцөл байдалтай холбоотой багийн Засаг дарга, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд эдгээр нь хувь хүний өөрийн хүсэл зоригоос үл хамаарсан, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
4.2. Өлгий сумын Засаг дарга ажлын хэсгийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр А/60 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг нь 2024 оны 5 дугаар сард газар дээр очиж үзсэн. Тухайн үед С.Ж нь тухайн газарт цемент цутгаад газар ухаж, хүлэмж барих талаар холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлсэн байдаг. Мөн хөрш хоёр талын айл болох н.Е, н.Б нартай хамт худаг гаргасан, зарим материалуудыг гаргаж хашаа таталцсан, өөрийнхөө газрын урд талын хэсэг нь дутуу байсан. 4 улирлын чанартай хүлэмжийн зураг төслийг бэлдэж, бэлэн болгосон.
4.3. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмших захирамж гарснаас хойш Өлгий сумын удирдлагаас гэрээний биелэлтийг жил бүр дүгнээд, тухайн үед зохих ёсоор шаардлага тавьсан бол өнөөдөр маргаан гарахгүй байх байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед гэрээ дүгнэж байсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.
4.4. Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит байдлыг тогтоох, оролцогчийн эрхийг хангах зэрэг ажиллагаанууд хуулийн хүрээнд явагдах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан. Энэ дээр нөхцөл байдлыг тодруулсан үйл ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулаагүй байгаа гэж үзэхээр байна. Иймд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” талаар заасан зарчим нь хангагдаагүй, сонсох ажиллагаа явагдаагүй байна. Тухайн шийдвэр гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэв.
5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
5.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, С. Ж нь таримал ойн зориулалтаар эзэмшсэн байна. Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тайлбарласан.
Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан. Энэхүү байдлаар нэхэмжлэгч эзэмшлийн газрын гэрчилгээ нь хүчингүй болж, эрх ашиг нь хөндөгдөх талаар мэдмэгцээ 7 дугаар сарын 09-ний өдөр тайлбар ирүүлсэн. Тайлбарын дагуу газрыг хэвээр үлдээх боломжгүй байсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасны дагуу 7 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бий болсон нь тогтоогдсон. Хэрэв нэхэмжлэгч эзэмшиж авсан хугацаанаас эхлэн мод тарьж ургуулж ойжуулсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байсан гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Ажлын хэсэг 2024 оны 5 дугаар сараас эхлэн иргэдийн эзэмшлийн газруудаар нэг бүрчлэн явж, шалгаж үзсэн. Тухайн үед нэхэмжлэгч С.Ж нь тухайн газарт хашаа татаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдсон учраас түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна, 2008 оны Улсын Дээд шүүхийн 15 дугаар тогтоолд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” заасан. С.Ж тухайн газрыг 2020 онд эзэмшсэнээс хойш зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
7.1. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 4.14 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч өөрөө ирээд гэрээгээ дүгнүүлэх ёстой. Тухайн хугацаанд иргэн С.Женис гэрээгээ дүгнүүлсэн талаар баримтууд байхгүй байна. Иргэн өөрөө үүргээ биелүүлээд, гэрээ дүгнүүлэх хүсэлтээ гаргасан тохиолдолд бид гэрээг дүгнэж өгнө.
7.2. Манай аймагт “Ковид-19” цар тахлын үед блокийн үйлдвэр хэвээр ажиллаж байсан. Тухайн үед 7-30 хоногийн хугацаагаар хөл хорио тогтоож байсан, энэ үед Өлгий сумын дотор үйл ажиллагаанууд хэвээр явагдаж байсан тул нэхэмжлэгч газар эзэмшсэн хугацаанд хашаа татаад, газраа зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байсан.
7.3. Газар эзэмшигч нь өөрөө өвчтэй байгаагүй, эцэг нь өвчтэй байсныг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулж байгаа нь үндэслэлгүй байна. Харин газар эзэмшигч өөрөө тухайн хугацаанд өвчтэй болоод газар дээрээ очиж чадахгүй байвал өөр асуудал, эцэг нь өвчтэй байсны улмаас тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тухай хуулийн заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2006 онд гаргасан зөвлөмжийн 5 дахь заалтын холбогдох хэсэгт “газраа 2 жил дараалан ашиглаагүй “ гэдгийг гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээр барилга байгууламж, зам, талбай зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж, тооцоолж болох объект бий болоогүй байхыг ойлгох нь зүйтэй гэж тайлбарласан. Харин газар дээр хашаа барьсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино гэсэн байна. Ажлын хэсэг очиж үзлэг хийхэд ойжуулалтын зориулалтаар хийсэн зүйл, хүлэмж байгаагүй. Газар нь хоёр талдаа хоёр хүний хашаатай залгаа байсан. Үлдсэн хоёр талд фундамент татсан, өөр ямар нэгэн зүйл хийгээгүй байсан. Иймд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байснаас болж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Ж Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1000 м2 газрыг хүнсний ногоо тарих, таримал ойн зориулалтаар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2020 оны А/273 дугаартай захирамжийн холбогдох хэсэг болон 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ...... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг эрх бүхий этгээдийн дээрх шийдвэрээр 50 жилийн хугацаагаар эзэмшсэний дараа Өлгий сумын газрын даамлаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.
4. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох”-ыг шаардсан байх ба уг албан шаардлагын хавсралтын дэс дугаарын 48-д С.Ж газар эзэмшүүлсэн захирамжийн огноо, дугаар, газрын хэмжээ тусгагджээ.
5. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар С.Ж нь Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 1000 м2 газарт хашаа татаагүй, таримал ой, хүнсний ногоо тариагүй гэх нөхцөл байдлуудыг тогтоосон байх ба 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хийсэн ажлын хэсгийн дүнгийн хурлаас “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй, иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгож, ...ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 1000 м2 газарт шүүхээс үзлэг хийхэд газрыг хашаалаагүй, хашааны суурийг цементээр цутгасан, хүнсний ногоо, таримал ойн зориулалтаар мод тариагүй нь тус тус тогтоогдсон.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “2020-2022 онуудад “Ковид-19 цар” тахлын улмаас улсын хэмжээнд урт, богино хугацааны хөл хориог удаа дараа тогтоосон, Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл үйлчилсэн тул хүндэтгэн үзэх шалтгаанд тухайн үеийн “Ковид-19” цар тахлын 2 жилийн хугацаа хамаарна, С.Ж нь айлын ганц хүүхэд бөгөөд түүний эцэг Т.С 2019 оноос өвчний улмаас хэвтрийн дэглэм сахиж, хүний асрамжид орсон, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Эдгээр нөхцөл байдал нь хувь хүний өөрийн хүсэл зоригоос үл хамаарсан, гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн” гэх тайлбарыг гаргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт газар эзэмшигч өөрөө өвчтэй байсан тохиолдол хамаарна, “Ковид-19” цар тахлын үед Баян-Өлгий аймагт 7-30 хоногийн хугацаагаар хөл хорио тогтоосон, Өлгий сумын дотор иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвээр явагдсан, нэхэмжлэгч газар эзэмшсэн хугацаанд хашаа татаад, газраа зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой байсан” гэж тайлбарлан маргасан.
8. Талуудын дээрх маргаанд шүүхээс дараах дүгнэлтийг хийв.
9. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
10. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
11. Улсын Их Хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн.
Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "хөл хорио" гэж тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэсэн арга хэмжээг;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална: 5.1.4. нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй: 12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх; 12.2.5. албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүж, гараа угаах, хүн хоорондын зай барих;” гэж тус тус заасан байна.
12. Нэхэмжлэгч газраа хүнсний ногоо тарих, таримал ойн зориулалтаар эзэмшсэн байх ба Коронавируст халдвар /Ковид/-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар иргэний газар эзэмшиж, ашиглах эрхийг хязгаарлаагүй, уг хуулийн үйлчлэлийн хугацаанд, мөн улсын хэмжээнд Ковид/-19/-ын цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хөл хорио тогтоосон үед нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах чадаагүй шалтгаантай байснаа нотлоогүй, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлгүй гэж үзлээ.
13. Нэхэмжлэгчийн эцэг Т.С нь 2019 оноос хойш өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан нь, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019-2023 оны шийдвэрүүдээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон нь, хамгийн сүүлд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл тогтоосон нь хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгчийн эцэг Т.С асран хамгаалагчаар нэхэмжлэгчийн эхийг эрх бүхий байгууллагаас тогтоож, тэтгэмж олгож байсан үйл баримт нь шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тодорхойлогдож байна.
Иймд эцэг нь өвчтэй байсан нь нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадаагүйд хүргэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.
14. Шүүхээс үзлэг хийсэн үеийн фото зургаас үзэхэд маргаан бүхий газар нь зүүн болон урд хэсгээрээ бусдын хашаалсан эзэмшил газартай хил залгаа байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “...газрын зүүн, урд хэсэгт татагдсан хашааг нэхэмжлэгч С.Ж нь хөрш С.Б, А.Е нартай хамтарч татсан, А.Е хашаан дахь худгийг мөн дундаа ашиглахаар нэхэмжлэгч С.Ж, А.Е нар хамтарч уг худгийг гаргасан буюу газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулсан.” гэж тайлбарлаж, “Иргэн С.Ж 4 улирлын хүлэмжийн зураг төсөл, Улаанбаатар хот, 2024 он” гэсэн бичиг баримт, иргэн А.Е “..С.Ж бид хоёрын дундах хашааг материалын хувааж төлж, хамтран барьсан, хашаа барих, худаг ухах, цахилгаан татах ажлуудыг хийж байсан” гэх агуулгатай, иргэн С.Б “...С.Ж бид хоёрын дундах хашааны материалыг хувааж төлж, хамтран барьж, дундаа ашиглахаар тохирсон нь үнэн.” гэх агуулгатай тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Дээрх нотлох баримтуудаар тодорхойлогдож буй үйл баримтуудыг шүүхээс үгүйсгээгүй боловч эдгээр үйл баримтаар нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй ба төрөөс иргэн С.Ж эзэмшүүлсэн газар нь хүнсний ногоо тарих, таримал ой бий болгох зориулалттай бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших гэрээг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулснаас хойш хугацаанд газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нь тогтоогдож байна.
15. Иймд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хариуцагчийн уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу гарсан, хуулийн 4.1.2-т заасан “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-т заасан “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” талаарх төрөөс газрын талаар баримтлах зарчимтай нийцсэн байх тул Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн С.Женист холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заасан. Нэхэмжлэгч талаас хариуцагч сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй, тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж маргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар “...тухайн үед бүх хүмүүст утсаар мэдэгдэж, тайлбарыг нь шаардсан.” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч С.Ж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж, нөхцөл байдлын талаар санал тайлбар гаргах боломж олгож ажилласан нь тогтоогдоогүй ба энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлтэй байна.
Гэвч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.Ж холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА