| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2017/0048/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/27 |
| Огноо | 2018-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/27
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ч
улсын яллагч Э.Н
шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч С.Г
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын А, Б овогт Игийн Б нарт холбогдох эрүүгийн 201708000022 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Бын А /РД:ЗБ80050712/, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1980 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 8 тоотод оршин суух, урьд 1998 онд Дундговь аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, 2004 онд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, 2005 онд Булган аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил хорих ялаар, 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн гэх,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б овогт Игийн Б /РД:ТЕ79122579/, Дархан хотод 1979 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж АОС 57/1 дүгээр байрны 01 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 15 дугаар байрны 19 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.А нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн И.Бы жолоодон явж байсан Toyota prius маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.З, жолооч И.Б нарын бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Ж, Б.М, Д.О нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн И.Бы тээврийн хэрэгсэлд 7 070 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан зам тэврийн осол гаргасан,
Яллагдагч И.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Төмөр замын 16 дугаар зөрлөгт байрлах Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозамын 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Toyota prius маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн Б.Аын жолоодон явж байсан Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч О.Зн бие махбодид хүнд гэмтэл, зорчигч Д.Ж, Б.М, Д.О жолооч Б.А нарын бие махбодид хөнгөн гэмтэл, иргэн Б.Аын тээврийн хэрэгсэлд 1 760 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.А нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн өмчлөлийн Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд зогсоохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” мөн дүрмийн 11.1-т заасан ”Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэснийг тус тус зөрчин И.Бы жолоодон явж байсан Toyota prius маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас О.З, И.Б нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Ж, Б.М, Д.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, И.Бы тээврийн хэрэгсэлд 7 070 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч И.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цагийн үед Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн өмчлөлийн Toyota prius маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, 495/178 дугаартай километрийн шонгийн орчимд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж Б.Аын Hyundai porter маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас О.Зн эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Ж, Б.М, Д.О, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Аын тээврийн хэрэгсэлд 1 760 000 төгрөгийг хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 13-нд дүү хагалгаанд орно гэхээр нь Улаанбаатар хотоос гарсан. Гэтэл гэнэт машин тоггүй болоод унтарсан. Тэгээд машинаа өөрийнх нь инерцээр замын хажуу руу гаргаад машинаас буух гэтэл урдаас Приүс маркийн хурц гэрэлтэй машин зөрсөн. Дахиад хаалгаа нээгээд буух гэтэл хойноос машин мөргөсөн. Машинаас бууж чадаагүй болохоор анхааруулах тэмдэг тавьж амьжаагүй. Тухайн үед гадаа харанхуй байсан. Замаа тал чөлөөлсөн байсан. Машины тал нь зам дээр, тал нь шороон дээр байсан. Миний жолоодож явсан Портер маркийн авто машиныг хүнээс худалдаж аваад явж байсан юм. Хохирогч Зундуйд 668 148 төгрөг төлөхөөс 340 000 төгрөг төлсөн, Мядагмаад 105 000 төгрөг төлөхөөс 100 000 төгрөг төлсөн байгаа. Бусад хохирлын мөнгийг ноолуурын мөнгө болон хувиараа ажил хийж олсон мөнгөөрөө төлж барагдуулна. Хавар болж байгаа учраас сангийн ажил хийлгэх санал орж ирсэн. Бы хохирлын мөнгийг 10 сарын дотор төлж дуусгах бодолтой байна. Зундуй, Мядагмаа нарт мөнгө төлсөн баримт, хохирлыг 10 сарын дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт зэргийг шүүхэд өгсөн. Хийсэн хэрэгтэй харамсаж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 13-аас 14-ийг шилжих шөнө Улаанбаатар хотоос 4 хүн аваад Замын-Үүд сум руу явсан. Болор цайны газар ирээд найз руугаа залгаад хаана явж байна гэхэд 150 дээр явж байна гэсэн. Тухайн үед гялбаанд ортол зам дээр цагаан Портер машин зогсож байсан. Би хажуу тал руугаа дараад аз байвал гарна, гарахгүй бол мөргөнө гэсэн бодолтой байсан. Портер машин гэрэлгүй, анхааруулах тэмдэг, цацруулагч тавиагүй байсан. Би машиныг мөргөөд хот руу харж зогссон байсан. Миний машинд сууж явсан зорчигч нарын 3 хүн нь гайгүй, нэг залуугийн хамраас цус гараад байна гэхээр нь болгоомжтой байгаарай, битгий хурц хөдөлгөөн хийгээрэй гэж хэлсэн. Портер машинаас хоёр хүн бууж ирсэн. Би Аыг ардаа ядаж юм тавихгүй дээ гэж хэлэхэд тавих юм байхгүй пиздаа минь гэсэн. Би 2 цаг гаруй хугацаанд машины хүрдэндээ хавчигдаж машиндаа хөдлөх боломжгүй байсан. Тэгээд эмнэлэг рүү хүргэгдсэн. Таксинд явж өрхийн орлогоо залгуулдаг байсан. Эхнэр ажилгүй, хүүхдээ хараад гэртээ байдаг. Бид түрээсийн байранд амьдардаг. Хэрвээ Аын хэлснээр нэг дугуй хөвөө рүү гарсан байсан бол би чигээрээ яваад хажуугаар нь гарах байсан. Гялбаанд ороод гартал яг урт талд цагаан Портер машин зогсож байсан. Хохирогч нарын хохирол төлбөрийг хөл дээрээ босоод төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.3. Хохирогч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад 13 780 900 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг Ааас гаргуулах хүсэлтэй байна. Хохирлоо барагдуулбал гомдол санал байхгүй. Банкны зээл 3 788 082 төгрөг, байрны 1 сарын түрээс 450 000 төгрөг, машины хохирол 7 070 000 төгрөг, бусад нь эмчилгээний зардал байгаа. Түрээсийн байранд осолд орохоос өмнө нь амьдарч байсан. Одоо эмчилгээ хийлгэхгүй, эмчийн хяналтад байгаа. Хөл бяцралттай тул хэзээ төмрөө авахуулах нь тодорхойгүй байгаа. Багадаа нэг жил төмөртэйгээ явна. Эмчийн зүгээс хөлөндөө ачаалал өгч болохгүй, таягтай явж бай гэсэн. Хэзээ бүрэн эдгэрэхийг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэв.
1.4.Иргэний нэхэмжлэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би машинд учирсан эвдрэл, өөрийн эмчилгээний зардалд нийт 2 157 400 төгрөг нэхэмжилж байна. Одооноос эхлээд чих дүлийрээд, нуруу бөөрний гуравдугаар үе рүү өвчин орсон байна гэсэн. Сая эмчилгээ хийлгэсэн баримтаа авч ирэх гэтэл эмч нар нь амарсан байсан. Ажил хийж хохирогч нарын хохирлыг төлье гэж бодоод өвчин намдаах эм уугаад явж байна. Эмч эргээд эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэ гэсэн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэв.
1.5. Хохирогч О.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Дорноговь аймаг орохоор Приус-20 маркийн таксинд суусан. Надаас гадна 3 эмэгтэй байсан. Жолооч ах 100 орчим км/цагийн хурдтай явж байсан. Замдаа Болор цайны газарт зогсоод бие засаад хөдөлсөн. Би жолоочийн арын суудал дээр унтаад явсан. Тэгээд нэг сэрэхэд толгой өвдөөд нүүр нил цус болсон байсан. Хамт явсан эгч нар аваар болсон, одоо эмнэлэг ирж байгаа гайгүй юу гэж байсан. Эмнэлэг дээр ирээд зам дээр зогсож байсан Портер машины араас мөргөсөн гэж мэдсэн. 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлгийн машинаар Улаанбаатар хотод ГССҮТ-д гавал тархины тасагт ирж эмчлүүлсэн. Толгойн гавлын яс цуурсан, тархинд цус харвалт, зүүн мөрний далны яс цуурсан, зөөлөн эд гэмтсэн байсан. Эмч гам сайн барь гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн. Одоо ч эмчилгээ хийлгэж байгаа. Би үндэсний бөх, чөлөөт бөхөөр барилддаг. Хичээл сургуульдаа явж чадахгүй, бэлтгэлээ хийж чадахгүй байгаа. Цагаан сар өнгөрөөгөөд хөх хот явж нарийн шинжилгээ хийлгэх гэж байгаа. Эмчилгээнд гарсан зардлыг бүрэн барагдуулах юм бол гомдол санал гээд байх зүйлгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45-48 хуудас/
1.6. Иргэний нэхэмжлэгч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой дүү Жгийн хамт Замын-Үүд явахаар Замын-Үүд Улаанбаатар хоёрын хооронд таксинд явдаг Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай автомашинд суугаад Замын-Үүд чиглэлд явсан. Дүү бид хоёроос гадна 1 хүүхэн, 1 залуу жолоочоос гадна сууж явсан. Би урд талын суудалд суугаад явж байсан. Замдаа Болор цайны газар дээр зогсоод хөдөлсөн. Тэгээд би унтаад өгсөн байна лээ нойрон дунд нэг хүчтэй юм толгой руу цохиод авах шиг болсон цочоод эргээд дүү Ж руу харсан хамраас нь цус гарч байсан. Хажууд нь сууж явсан танихгүй залуу орилоод байсан. Тухайн үед юу болсон талаар ойлгоогүй. Жолооч ах толгой чинь эргээд байгаа юм уу буцаад суу миний дүү гэж хэлж байсан. Тэгээд сууж байгаад толгой гайгүй болохоор нь буугаад харсан чинь миний сууж явсан машин юм мөргөсөн байсан. Мөн нэг Портер машин замаас гарсан зогсож байсан. Толгой хавагнасан, нүүр гар шалбарсан байсан. Эмчилгээ хийлгэсэн 500 000 орчим мянган төгрөг болсон баримт нь байгаа. Замын-Үүд явахдаа таксинд 40 000 төгрөг өгсөн. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн энэ бүгдийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 57-58 хуудас/
1.7. Иргэний нэхэмжлэгч Д.Ж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Замын-Үүд орохоор эгч Оюун-Эрдэнийн хамт явсан. Бид хоёроос гадна 1 залуу, 1 хүүхэн сууж явсан. Замдаа Болор цайны газар зогсоод бие засаад хөдөлсөн. Жолооч ахад хурдан явж болохгүй шүү дотор муухайраад байна гэхэд ах нь хурдан яваагүй 60 км цагийн хурдтай явж байна гэсэн. Би Болор цайны газраас хөдлөөд унтаад өгсөн. Нэг мэдсэн машинаас буусан, хамраас цус гоожсон байсан. Миний хажууд сууж явсан залуу ёолоод байсан. Сүүлд гайгүй болоод миний сууж явсан машин юм мөргөсөн гэдгийг мэдсэн. Уруул язарч, эрүү шалбарсан, мөн дээд 2 үүдэн шүд хөдөлсөн унах гэж байгаа. Эмчилгээ хийлгэсэн баримт гаргаж өгнө. Нэмж хэлэхэд Замын-Үүд явахдаа 40 000 төгрөг өгсөн түүнийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 60-61 хуудас/
1.8. Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Сансарын колонк дээрээс Приус 20 маркийн машин ирж авсан. Тэр машинд надаас гадна 2 эмэгтэй, 1 залуу суусан. Би жолоочийн эсрэг талын хойд суудалд сууж явсан. Замдаа Болор цайны газар зогсоод бие засаад хөдөлсөн. Би машинд суугаад унтаад өгсөн. Нэг мэдсэн хүмүүс орилоод тас гэсэн чимээ гарсан ба хойд талын суудалд сууж явсан залуу муухай орилсон. Тэгээд сэрсэн чинь машин урд талаараа юм мөргөсөн жолооч жолоондоо хавчуулагдаад огт хөдөлж чадахгүй байсан. Би машинаас буугаад хартал цагаан өнгийн Портер машин зам руугаа харсан зогсож байсан. Машинд сууж явсан залуугийн толгойноос цус гарсан байсан. Миний хажууд сууж явсан эмэгтэйн хамраас цус гарсан байсан. Осол юунаас болоод гарсныг мэдэхгүй. Би унтаж явсан болохоор хурдыг нь мэдэхгүй байна. Би суухдаа чи хурдан явахгүй биз дээ гэсэн чинь 100-аас дээш гаргахгүй гэсэн. Ер нь намбалаг явдаг залуу байна лээ. Замын зардалд 40 000 төгрөг, буцаж ирсэн замын зардал 15 000 төгрөг, бариачид 5 хоног бариулсан 50 000 төгрөг нийт 105 000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 63-65 хуудас/
1.9. Гэрч Т.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд Алпард маркийн 0808 ДАХ улсын дугаартай автомашинаар хүн тээвэр хийж явсан. Би цагийг нь нарийн сайн мэдэхгүй, шөнө дунд болсон байсан. Миний санаж байгаагаар 16 дугаар зөрлөгийн хойд талд буюу Улаанбаатар талд цагаан өнгийн Портер машинтай таарсан. Надтай нэг машин зөрж өнгөрөөд цагаан өнгийн зүйл харагдахаар нь тоормосоо гишгээд зогссон. Портер машин миний явж байсан эгнээг голлоод зогсож байсан. Би тухайн машин руу ойртоод очсон чинь тэр машины баруун гар талын хаалганаас нэг эмэгтэй бууж ирээд масло байна уу гэж асуухаар нь би уурлаад эвдэрсэн юм бол замаасаа гарга, ардаа тэмдэг тавихгүй гэрлээ асаахад яадаг юм бэ гээд ууралсан чинь тэр машины жолооч машинаа асаагаад засмал замын баруун гар талын шороон хөвөө рүү гаргасан. Ард нь ямар нэгэн гэрэл, цацруулагч байгаагүй. Намайг Айраг сум өнгөрч явахад манай нэг жолооч араас утсаар яриад танай Дарханы бор Приустэй Б цагаан өнгийн Портер маркийн машины араас мөргөсөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр машины араас мөргөх шахаад зогссон шүү дээ гэж хэлж байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор тэр эмэгтэйг сайн хараагүй. Жолооч нь машинаасаа бууж ирээгүй. Портер машины дугаарыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67 хуудас/
1.10. Гэрч Д.Л мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-Үүд сум орохоор 4 зорчигчтой явсан. Би төмөр замын 16 дугаар зөрлөг өнгөрөөд явж байхад зам дээр цагаан өнгийн жижиг ачааны машин ертөнцийн зүгээр урагшаа харсан засмал зам дээр замаа чөлөөлөөгүй зорчих хэсэг дээр зогсож байсан. Тухайн үед би мөргөх шахаад хажуу талаар нь гараад явсан. Тухайн машин ардаа ослын зогсолтын тэмдэг болон ямар нэгэн эд зүйл тавиагүй байсан. Ардаа цацруулагч хүртэл байхгүй байсан. Миний араас явж байсан Бд хэлэх гэсэн боловч утас нь холбогдоогүй. Чойр луу дөхөж явсан чинь Ганбаа ах араас залгаад чиний хэлээд байсан Портерийн араас Дарханы Б мөргөсөн байна. Б өөрөө машиндаа хавчуулагдсан байна. Зорчигч нар нь гайгүй юм шиг байна гэж над руу утсаар хэлсэн. Яг засмал замын хатуу хучилттай хэсэг дээр зогссон байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 68 хуудас/
1.11. Гэрч Б.П мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой харанхуй болсон байхад Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг орохоор нөхөр Аын хамт Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн жижиг ачааны машинаар гарсан. Тэгээд замдаа Болор цайны газарт зогсоод хоол идээд хөдөлөөд 16 дугаар зөрлөг орох гэж байхад А Мөнбат руу утсаар яриад масло аваад өөдөөс гар гээд хэлээдэх маслын улаан гэрэл анивчаад байна гэж хэлсэн. Би Мөнхбатын утас руу залгаад Аын чихэн дээр утсаа бариад яриулсан. Тэгээд 16 дугаар зөрлөг өнгөрөөд явж байгаад гэнэт машин унтраад өгсөн. А машинаа өөрөөр нь өнхөрүүлээд баруун гар талын шороон хөвөөн дээр гаргаад зогсоосон. Тэгээд машиныхаа аваарыг асаах гэсэн машин ямар ч тог, цахилгаангүй болсон байсан. Урд талаас хурц гэрэлтэй машин зөрөөд өнгөрсөн ба буухын завдалгүй араас машин ирээд мөргөсөн. Манай машин замынхаа баруун тал руу буугаад буцаж хойшоо хараад зогссон. Тухайн үед би шокын байдалд орсон юу болоод байгааг ойлгохоо больсон. Машинаас хамгаалах бүсээ тайлаад буусан чинь аваар болсон байсан. Зам дээр нэлээн олон машин ирээд зогссон байсан. Манай машины араас суудлын авто машин мөргөсөн байсан. Хүмүүс жолооч нь хавчуулагдсан байна, үхлээ шүү дээ, хурдан гаргаж аваачээ, хөлдлөө гээд байгаа сонсогдсон. Нилээн байж байгаад эмнэлгийн машин ирээд тэнд аваарт орсон хүмүүс болон А бид хоёрыг аваад явсан. А машинаа бариад явж байсан. Би хажууд нь суугаад явж байсан. Бид хоёроос өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69-70 хуудас/
1.12. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 14-ний 01 цаг 13 минутанд А над руу утсаар яриад Улаанбаатар хотоос гараад явж байсан чинь машин маслогүй болоод 16 дугаар зөрлөгийн урд талд зогсож байна. Масло дөхүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед би аваараа татсан юм уу гэсэн чинь аккумлятор суусан машин цахилгаангүй болсон гэж хэлсэн. 16 дугаар зөрлөг рүү дөхөж явсан чинь машинууд цувраад зогссон аваарын гэрлээ асаасан байгаа харагдсан. Наанаас нь яваад очсон чинь Аын Портер машин засмал замаасаа гараад зүүн хойшоо харсан байдалтай, мөн Приус-20 маркийн машин засмал зам дээрээ хойшоо харсан байдалтай хамар хэсгээрээ юм мөргөсөн байсан. Приус-20 маркийн машины жолооч жолооны хүрдэндээ хавчуулагдсан байсан. Онцгой байдлын алба хаагч нар ирж жолоочийг машинаас гаргасан. А эхнэртэйгээ машиныхаа кабинд сууж байсан. Приус-20 маркийн машины жолоочийн найзууд бололтой хэдэн залуучууд А руу дайраад байсан. А мөн бэртсэн байдалтай ёолоод байсан. Тухайн үед аваар гарсан газар мөрийг нь харахад Аын машин зүүн гар талын дугуй нь засмал замынхаа ирмэг хэсэг дээр, баруун гар талын дугуй шороон хөвөөн дээр байсан болов уу гэж харагдахаар мөр үлдсэн байсан. А чамтай яриад удаагүй машинаасаа буух гэж байхад урдаас машин хажуугаар зөрөөд гарсан араас машин ирээд мөргөсөн гэж хэлсэн. Ослын зогсолтын тэмдгээ тавих гээд буух завдалгүй ирээд мөргөчихлөө гэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 71 хуудас/
1.13. Гэрч Ц.Р мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Портер автомашины араас Приус 20 маркийн автомашин мөргөж зам тээврийн осол гаргасан дуудлаганд бүрэлдхүүний хамт очиж үзлэг хийсэн. Портер машин мөргөгдөөд замынхаа баруун гар тал руу гарсан байсан. Араас мөргөсөн Приус 20 маркийн автомашин зам дээрээ явж байсан чиглэлийнхээ эсрэг чиглэлд хамар нь харсан байдалтай байсан. Тухайн хоёр машины зам дээр үлдсэн эд анги, тоормосны мөр зэргээр анх мөргөлдсөн цэгийг тогтоож хэргийн газрын үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 72 хуудас/
1.14. Шинжээч Г.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 1569 дугаартай дүгнэлтийг гаргасан. Портер машинд аккумлятор холбоод гэрлийн төв товчлуурыг эргүүлэхэд ажиллахгүй байсан. Эргэх чиг заадаг товчлуурыг хөдөлгөхөд урд хойд, баруун дохионы гэрлүүд асаж байсан. Энэ байдлаас үзэхэд оврын болон их гэрэл, аваарын гэрлүүдийг цахилгааны системд гэмтэлтэй байгаа учраас ажиллахгүй байгаа гэсэн үг юм. Уг автомашины зүүн хойд гэрлээс бусад гэрэл нь гадна харагдах байдлаараа бүрэн бүтэн учраас асахгүй байгаа шалтгаан нь ашиглалтын явцад үүссэн гэмтлүүд юм. Цахилгаан системийн гэмтэл гэдэг нь бүрэн задаргаа хийсэн нөхцөлд тодорхойлох боломжтой. Уг цахилгааны гэмтэл нь хөдөлгүүр унтарснаас болоод гэрэл унтрах үндэслэл болохгүй. Яагаад гэхээр мотор, гэрлүүд тус тусдаа ажиллах механизм, системүүд юм. Хүч, энерцийг тогтоох боломжгүй. Учир нь Монголд хүч, энерцийг тогтоох багаж байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 73-74 хуудас/
1.15. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1682 дугаартай дүгнэлтэнд: О.Зн биед дух ясны баруун хэсгээс доош баруун ухархайн дээд хана, суурь ясны бага далавч, зүүн их далавчийг хамарсан шугаман хугарал, баруун зүүн тал гаймровын хөндийн урд болон арын хана, баруун зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн ханын нийлмэл хугарал, баруун тал бөмблөгийн духны хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархи доргилт, баруун зулай духанд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.13-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.З гэжээ. /1-р х.х-ийн 93 хуудас/
1.16. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1683 дугаартай дүгнэлтэнд: И.Бы биед баруун дунд чөмөгний зөрөөтэй ил хугарал баруун богтос ясны дээд 1/3, баруун шилбэ, тахилзуур ясны дээд 1/3 хэсгийн далд зөрөөтэй хугарал, дух баруун гуянд шарх, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.З гэжээ. /1-р х.х-ийн 96 хуудас/
1.17. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1686 дугаартай дүгнэлтэнд: Д.Жгийн биед тархи доргилт, уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.З гэжээ. /1-р х.х-ийн 99 хуудас/
1.18. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1679 дугаартай дүгнэлтэнд: Б.Мгийн биед дархи доргилт, зүүн бугалга, зүүн шилбэ, баруун шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.Э гэжээ. /1-р х.х-ийн 102 хуудас/
1.19. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1685 дугаартай дүгнэлтэнд: Д.Оюун-Эрдэний биед дархи доргилт, хамрын нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч М.З гэжээ. /1-р х.х-ийн 105 хуудас/
1.20. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэнд: Б.Аын биед цээжний баруун талн 7-р хавирганы зөрөөгүй цуурал, зүүн бөөрний байрлал орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Ж гэжээ. /1-р х.х-ийн 108 хуудас/
1.21. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б.Аын гэх цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ж.Жа гэжээ. /1-р х.х-ийн 112 хуудас/
1.22. Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн И.Бы гэх цусанд спиртийн алкоголь илэрсэнгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ж.Жа гэжээ. /1-р х.х-ийн 114 хуудас/
1.23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ¹1569 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины урд бамбай салсан. Бүхээгний урд буланд газраас дээш 70-106 см зайд байрлах хэсэгт 36Х20 см хэмжээтэй гэмтэлтэй. Гэмтэлтэй хэсэгт будгийн ажилбар хийгдсэн байх тул удсан байх үндэслэлтэй. Ачааны тэвшний арын хашлаганы зүүн булан хэсэгт 31Х36 см хэмжээтэй гэмтэлтэй, зүүн хойд гэрлийн 40Х15см хэмжээтэй суурь урагш чиглэлд гулзайж, гэрлийн гэр бүрхүүл, чийдэнгийн шил хагарсан зэрэг эвдрэл гэмтэл нь хойноос урагш чиглэлд хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй. Будаг халцарсан хэсгээр зэврэлтгүй, тоос шороо мэт зүйлээр бохирлогдоогүй зэрэг шинж тэмдэгт үндэслэн дээрх гэмтэл үүсээд удаагүй байх үндэслэлтэй. Бүхээгний зүүн талын доод буланд 48-76 см зайд байрлах хэсэгт 26Х28см хэмжээтэй хонхойж, дагуу чигт дээр доор байрлалд 2 зурагдсан мөр үүссэн, зурагдсан мөр булан хэсгээр хонхойж нугарсан, доод зурагдсан мөрөнд босоо чиглэлд хар өнгийн зурагдсан мөр үүссэн зэрэг шинж тэмдгээс үндэслэн хойноос урагш болон зүүн талаас босоо чиглэлд 2-с дээш удаа хатуу ирмэгтэй зүйлтэй болон хар өнгийн гадаргуутай хатуу зүйлтэй тус тус харилцан үйлчлэхэд үүссэн байх үндэслэлтэй. Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины оврын болон их гэрэл, ослын дохионы гэрлүүд асахгүй ажиллахгүй байна. Эргэх чиг заадаг дохионы гэрлийг ажиллуулахад урд болон баруун хойд дохионы гэрлүүд асаж байна. Зүүн хойд гэрлийн чийдэнгийн шил хагарч спираль утаснууд тасарсан тул ажиллагааг тодорхойлох боломжгүй. Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины жолооны дээд аппаратны гол хугарсан эвдрэлтэй. Урд дугуйнууд залагдахгүй. Зүүн хойд дугуйн тоормосны тэлэгч битүүмжлэл алдаж ажиллахгүй. Энэ гэмтэл нь ашиглалтын явцад үүснэ. Бусад дугуйн тоормосны тэлэгч хавчигчууд ажиллаж байна. Автомашин явахгүй, зориулалтын багажгүй тул тоормосны хүчний үзүүлэлтийг тодорхойлох боломжгүй.
Дүгнэлт гаргасан: Автотехникийн шинжилгээний лаборторийн эрхэлэгч цагдаагийн дэслэгч Г.Ц гэжээ. /1-р х.х-ийн 129-131 хуудас/
1.24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн ¹1721 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд Тоёота Приус 20 маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд бамбай хугарсан, баруун урд талын гэрэл байхгүй, баруун урд талын амартизатор гулзайсан, урд салхины шил хагарсан, баруун урд талын далаа, баруун урд талын хаалга шахагдаж хэлбэр дүрсээ алдсан, баруун урд талын хаалганы цонхны шил хагарсан, жолооны хүрд шахагдаж гулзайж салсан, урд салон хагарсан, жолооны хүчлүүр тоормосны шингэн хадгалах сав хагарч битүүмж алдагдсан зэрэг их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна. Тоёота Приус маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрд шахагдаж, гулзайж салсан, тоормосны хүчлүүр шахагдаж, тоормосны шингэн хадгалах сав хагарч битүүмж алдагдсан тул жолооны болон тоормосны механизмын ажиллагааг шалгах боломжгүй байна. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.
Дүгнэлт гаргсан: Автотехникийн лабораторын шинжээч, цагдаагийн дэслэгч С.М гэжээ. /1-р х.х-ийн 140-148 хуудас/
1.25. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ¹151 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хюндай Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А нь МУ-н ЗХД-ийн 6.3 дахь заалт “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.”, мөн дүрмийн 11.1 дэх заалт “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний захруу аль болох шахаж зогсоно.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Приус маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Б нь МУ-н ЗХД-ийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Аын зогсолт нь зайлшгүй зогсолт биш зорчих хэсгийг бүрэн чөлөөлөх боломжтой байсан. Приус 20 маркийн суудлын автомашин дотроо 5 зорчигчтой /том хүнтэй/ тоормослож 19, 20 метр яваад зам тээврийн осол гаргасан тул хурдыг тодорхойлох боломжгүй юм.
Дүгнэлт гаргасан: цагдаагийн хошууч Б.Го, цагдаагийн ахмад Б.Н, цагдаагийн хошууч Д.А гэжээ. /1-р х.х-ийн 168-169 хуудас/
1.26. Замын цагдаагийн албаны 2017 оны 04 сарын 28-ны өдөр гаргасан ¹166 дугаартай дүгнэлтэнд: Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Б.А нь МУ-н ЗХД-ийн 6.3-т заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна.” Мөн дүрмийн 11.1 лэх заалт “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний захруу аль болох шахаж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Приус маркийн 17-04 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Б нь МУ-н ЗХД-ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Портер маркийн 26-91 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Б.Аын зогсолт нь зайлшгүй зогсолт биш хавтаст хэрэгт авагдсан схем зураг, фото зураг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас харахад замаа бүрэн чөлөөлөх боломжтой байна. Приус 20 маркийн автомашин дотроо 5 зорчигчтой тоормослож 19,20 метр яваад юм мөргөөгүй бүрэн зогсолт хийсэн гэж хийсвэрээр бодож хурдыг тодорхойлбол: /барьцалтын коэффициентыг асфальтан хуурай гэж үзээд 0.7-р тоормосны идэвхжилтийн коэффициентыг суудлын автомашинд 1.2-р тус тус сонгож авлаа. 53.3 км/цаг
Дүгнэлт гаргасан: Б.Б, Д.Б, Н.Ш, Ш.А, Б.Б гэжээ. /1-р х.х-ийн 172-174 хуудас/
1.27. Шинжилгээнд зориулан цус авах тогтоол, шинжилгээнд зориулан цус авсан тэмдэглэл /1-р х.х-ийн 18-21 хуудас/
1.28. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р х.х-ийн 22-23, 37-40 хуудас/
1.29. Хэрэг, учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 24-28 хуудас/
1.30. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 29-31 хуудас/
1.31. Хэрэг, учралын газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х-ийн 32-36 хуудас/
1.32. Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 41-44 хуудас/
1.33. “Үнэлгээ консалтинг” ХХК-ний авто машины техникийн үнэлгээний тайлан, “Арвижих-Эстимейт” ХХК-ний авто машины техникийн үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 150-154, 157-160 хуудас/
1.34. Өвчний түүхийн хуулбар /1-р х.х-ийн 219-238 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Учир нь: уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 14-нд өдөр үйлдэгдсэн ба шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн авч үзвэл мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасантай дүйцэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч И.Б, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч Б.П мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б.А нь зан байдлын хувьд хүмүүстэй эвсэг харицаатай. Хар бор ажилд сайн. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэхгүй. Машин техник барихдаа сайн. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар машинаа жолоодож явдаг” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69-70 хуудас/
2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р х.х-ийн 187-205 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч нарыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч Б.А нь урьд нь ял шийтгүүлж байсан боловч оногдуулсан хорих ялыг биеэр эдэлсэн, одоо үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэнийг харгалзан үзэх үндэслэлтэй байна.
Хохирогч И.Б, О.З нарт учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах ба бусад иргэний нэхэмжлэгч, авто машинд учирсан хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бус гэм хорын хохиролд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч И.Бы хувьд хохирогч О.Зн эрүүл мэндэд учирсан гэм хорыг, шүүгдэгч Б.Аын хувьд хохирогч О.З, И.Б нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол гэж үзнэ.
Үүнээс үзэхэд шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хохирлыг хэрхэн, яаж төлөхөө илэрхийлж мэдүүлснийг үндэслэн хохирлыг төлж барагдуулах боломжтой гэж үзлээ.
Гэхдээ иргэний нэхэмжлэгч, авто машинд учирсан гэм хорын хохирлыг энэ шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэлээ.
Хохирлыг тооцоо:
1. Хохирогч И.Б нь шүүх хуралдаанд хохиролд нийт 13 780 900 төгрөг нэхэмжилсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн нэхэмжлэлээс 9 497 500 төгрөгийн хангаж, 4 283 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 7 070 400 төгрөг, кассын орлогын ордер 1 500 000 төгрөг, зарлагын баримт 196 000 төгрөг, 231 600 төгрөг, шатахууны зардал 160 000 төгрөг, бэлэн мөнгөний зарлагын баримт 92 000 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримт 50 000 төгрөг, кассын орлогын ордер 247 500 төгрөг, нийт 9 547 500 /1-р х.х-ийн 150-154 хуудас, 2-р х.х-ийн 4-7, 14-15 хуудас/ байна.
Үүнээс шүүгдэгч Б.Ааас иргэний нэхэмжлэгч Б.Мядагмаагийн нийт хохирол болох 100 000 төгрөг төлж барагдуулсан тул шүүгдэгч И.Бы хариуцан төлөх 50 000 төгрөгийг нь хасаж 9 497 500 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулан хохирогч И.Бд олгож, хохирогч И.Бы нэхэмжлэлээс байрны 1 сарын түрээсийн төлбөр 450 000 төгрөг, Хаан банкны зээлийн үлдэгдэл 3 784 000 төгрөг, баримтгүй 49 400 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: хохирогч И.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан сарын 450 000 төгрөгөөр орон сууц түрээслэн амьдарч байсан болох нь түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гэм хорын хохирол учирснаас болж орон сууц түрээслээгүй байна.
Мөн Хаан банкнаас 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 7 500 000 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээл авсан болох нь барьцаат зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна. Уг зээлээр автомашин худалдан авсан ба уг автомашинд шүүгдэгч Б.Ааас учруулсан хохирлыг Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 7 070 400 төгрөг гэж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ааас банкны зээлийг гаргуулах үндэслэлгүй. Харин уг автомашинд учруулсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй болно.
2. Хохирогч Б.А нь шүүх хуралдаанд хохиролд нийт 2 157 400 төгрөг нэхэмжилсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үндэслэн нэхэмжлэлээс 2 157 400 төгрөгийн хангах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
- Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 1 760 000 төгрөг, бэлэн мөнгөний орлогын баримт 52 000 төгрөг, 345 400 төгрөгийн Улаанбаатар-Чойрын чиглэлд зорчсон нийтийн тээврийн хэрэгслийн тасалбар, энмчилгээний зардлын баримт, нийт 2 157 400 төгрөг болно. /1-р х.х-ийн 157-158 хуудас, 2-р х.х-ийн 99-101 хуудас/
3. Хохирогч О.З нь хохиролд нийт 668 148 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Б.А нь 340 000 төгрөгийг хохирлыг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны АТМ-ын баримтаар тогтоогдож байх тул үлдэлдэл 328 148 төгрөгийг шүүгдэгч И.Баас гаргуулан хохирогч О.Зд олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.
4. Иргэний нэхэмжлэгч Б.Мгаас нэхэмжилсэн 100 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.А нь төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны АТМ-ын баримтаар тогтоогдож байна.
5. Иргэний нэхэмжлэгч Д.О нь хохиролд нийт 502 205 төгрөг нэхэмжилсэн байна. 2 дугаар хавтаст хэргийн 21-25 авагдсан хохирлын баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 251 102 төгрөгийг,
Иргэний нэхэмжлэгч Д.Ж нь хохиролд нийт 710 000 төгрөг нэхэмжилсэн байна. 2 дугаар хавтаст хэргийн 16-20 авагдсан хохирлын баримтуудаар нийт 522 790 төгрөг нотлогдож байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 281 395 төгрөгийг тус тус гаргуулав.
Мөн шүүгдэгч И.Бы автомашинд иргэний нэхэмжлэгч Д.Оюун-Эрдэнэ, Д.Жаргалмаа нар нь 40 000 төгрөгөөр зорчиж явсан болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулж дээрх хохирлын тооцонд оруулан шийдвэрлэсэн болно.
Харин иргэний нэхэмжлэгч Д.Жгийн нэхэмжлэлээс 147 210 төгрөгийн нотлох баримт байхгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А, И.Б нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч Б.Мядагмаад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.А нь хохирогч О.Зд 340 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурлаа.
Энэ хэрэгт бичгийн баримтаар хугаадан ирсэн шүүгдэгч Б.Аын 1069072 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид, шүүгдэгч И.Бы 223082 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Игийн Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч И.Бы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А, И.Б нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, И.Б нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, И.Б нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Б.А, И.Б нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч Б.Мд төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.А нь хохирогч О.Зд 340 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 9 497 500 /есөн сая дөрвөн зуун ерэн долоо мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч И.Бд, 251 102 /хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун хоёр/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Од, 281 395 /хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун ерэн тав/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Жд,
- шүүгдэгч И.Баас 2 157 400 /хоёр сая нэг зуун тавин долоо мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Ад, 328 148 /гурван зуун хорин найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн 2-7 тоотод оршин суух О.Зд, 251 102 /хоёр зуун тавин нэгэн мянга нэг зуун хоёр/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 19-640 тоотод оршин суух Д.Од, 281 395 /хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун ерэн тав/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 6-80 тоотод оршин суух Д.Жд тус тус олгож,
- хохирогч И.Бы нэхэмжлэлээс 4 283 400 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Жаргалмаагийн нэхэмжлэлээс 147 210 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Зг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Энэ хэрэгт бичгийн баримтаар хугаадан ирсэн шүүгдэгч Б.Аын 1069072 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт-425 дугаар хорих ангид, шүүгдэгч И.Бы 223082 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, И.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.