Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00799

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00799

 

С.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/00655 дугаар шийдвэртэй

С.Ггийн нэхэмжлэлтэй хариуцагч Н сургуульд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Ц.Халиун, С.Оюунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсад 22 жил ажилласнаас Н сургуульд 7 дахь жилдээ чин шударгаар ажиллаж, хөдөлмөрлөн өнөөг хүрсэн. МУБИС-д бага ангийн багш мэргэжлээр хөрвөн суралцаж, бага ангийн багшаар ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үндэслэлгүйгээр ажлын цаг дууссан хойно ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарласан байдгаас үзвэл С.Г ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/75 тоот тушаалд заасан Н сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.5 дахь заалт нь дотроо 7 заалттай байх бөгөөд уг тушаалд бүх заалтыг зөрчсөн мэтээр тусгасан нь бүхэлдээ алдаатай шийдвэр гарсан. Мөн дотоод журмын 11.11-т зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1, 131.1.2-т заасны дагуу сануулах, цалин бууруулах зэрэг шат дараалсан арга хэмжээ авахаар заасан атал шууд ажлаас чөлөөлсөн, цаашлаад С.Г үнэхээр алдаа гаргасан бол дотоод журмын 11.12-т зааснаар 11.11 дэх заалтыг давтан зөрчсөн тохиолдолд уг заалтыг хэрэгжүүлсний дараа 11.12 дахь заалтыг үндэслэн чөлөөлөх байсан болов уу хэмээн ойлгож байгаа. Иймд сургуулийн дотоод журмын дээрх заалтууд, мөн эдгээр заалтууд нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд огт тусгагдаагүй тул С.Гг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Хариуцагчаас ирүүлсэн баримтуудад дараах тайлбаруудыг хийхийг хүсэж байна. Нэхэмжлэгч нь сургуулийн захирлын ажлаас халах тушаалд заасан дотоод журмыг зөрчсөн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн хамт олонтойгоо үзэл бодол нэгдэн үйл ажиллагаанд оролцож байсан болно. Мөн тушаалд С.Гг багшийн ёс зүйн дүрмийг зөрчин хөдөлмөрийн сахилга бат алдан, бусдын нэр төрд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргасан тул хэмээн буруутгасан байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн нөхцөл байдалд хамт олныхоо үзэл санаад нэгдэж, Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн 85 хувийг хамарсан үйл ажиллагаанд оролцсоных нь төлөө ёс зүйн алдаа гаргасан хэмээн нэхэмжлэгчийг онцолж ажлаас чөлөөлсөн нь адил үйлдэлд ялгаатай хандсан буруу шийдвэр хэмээн үзэж байна. Түүнээс гадна багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлыг зохих эрх бүхий байгууллага шийдвэрлээгүй байхад энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг багш гаргасан, түүнийг нь ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл шалгаж тогтоосон байх шаардлагатай атал ийнхүү шийдвэрлээгүй байхад багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Захирал Д.М нь хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөөгүйн төлөө өвчин тахал дэгдсэн хүнд хэцүү цагт энгийн багш С.Гг онцлон, ажлаас чөлөөлсөнд үнэхээр гомдолтой байна. Нэхэмжлэгч цалингаас өөр ямар ч орлогогүй өрх толгойлсон эмэгтэй, цалингийн зээлтэй. Мөн хариуцагчийн нотлох баримтад байгаа БШУЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтэд С.Гг ажилдаа тэнцэхгүй тул ажлаас чөлөөл гэсэн дүгнэлт байхгүй, хэрэв уг дүгнэлтэд үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж үзвэл дүгнэлтээр илрүүлсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болох хуулийн хугацаа өнгөрсөн байгааг харгалзан үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 218 900 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ггийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Г нь захирал Д.Мыг томилогдон очсон өдрөөс эхлэн сайдын тушаалыг эсэргүүцэн түүндээ сургуулийн хамт олныг хууль зөрчсөн гэмт хэрэг, хэв журмын зөрчил агуулсан үйлдэлд уриалан дуудаж, өдөр бүр жагсаал цуглаан зохион байгуулж, сургуульд нэвтрэх боломжгүй болгон удирдлага, хамт олны хэвийн ажиллах өрчин нөхцөлийг алдагдуулсан үйлдлийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг байнга гаргаж байсан нь баримтаар нотлогдоно. БШУЯ-ны сайд Л.Цгийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/14 тоот тушаалаар Д.М нь НЕБ-ын Н сургуулийн захирлаар томилогдсон. Мөн БШУЯ-ны сайдын тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/24 тоот тушаалаар дахин баталгаажуулж жинхэлсэн. Н сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаал нь үндэслэл бүхий бөгөөд нотлох баримтын хүрээнд гарсан гэдгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нотолсон. Түүний энэхүү үйлдлээс болж 130 орчим сурагчид, багш нарын сурч боловсрох эрх, сургуулийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, удаан хугацаанд хохирч байна. Нэхэмжлэгчийн зүгээс үзүүлж байсан дарамт шахалт, сүрдүүлэг нь Н сургуулийн захирлын хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж, сүүлдээ түүний үйлдэл гэмт хэрэг, хэв журмын зөрчлийг агуулж байгаа болохыг С.Гд олон удаа хэлж сануулж, учирлаж гуйж байсан боловч тэрээр огт хүлээж аваагүй. С.Ггийн хүсэл зоригийн хүрээнд явагдсан эсэргүүцэл, маргаан тасралтгүй үргэлжилсээр нэг сар гаруй хугацаа болсон тул БШУЯ-аас ажлын хэсэг манай сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан. БШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтээр Д.М нь захирлын эрх, үүргийг цаашид хэрэгжүүлэх эрхтэй этгээд мөн гэж тогтоосон. С.Г нь хөдөлмөрийн гэрээнд заагаагүй, өөрийн дураар аашлах явдал, үйлдлийг үргэлжлүүлсээр байсан. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоно. БШЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Бын Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний тухай гэсэн албан тоот 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2/2336 тоот шаардлага сургуульд ирсэн. Энэ тухай С.Г мөн Б.Батболд гэсэн хоёр багшид мэдэгдэж ... хууль зөрчсөн ажиллагаагаа зогсоох...-ыг хүсэхэд бүр дургүйцэж, тэр өдрөөс эхлээд тэг зогсолт гэсэн хуульд заагдаагүй сонин нэр томьёо хэрэглэн Н сургуулийн хичээлийн үйл ажиллагааг бүхэлд нь 4 хоногийн турш зогсоож, тухайн сургуульд ажиллагсад, сурагчдыг хохироосон. Энэ үйл явдлын дараа яамнаас шалгалтын баг ирж хяналт, шалгалтын ажиллагааг явуулсан. Энэ нь Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/679 тоот ажлын хэсгийн Н сургуулийн хүүхэд, багш нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол багш С.Ггийн эсэргүүцлийн хохирч байгаа нь үнэн байна ... гэсэн утга бүхий дүгнэлтээр нотлогдоно. С.Ггийн явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэж хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг яаралтай бүрдүүлэх шаардлага сурагчдын эцэг эхээс, ажиллах орчныг бий болгохыг шаардсан шаардлага багш нараас удаа дараа ирж байсан боловч нэхэмжлэгч өөрийн тавьж буй болзлоосоо татгалзалгүй үргэлжлүүлсээр байсан. С.Ггийн эсэргүүцэл нэртэй зөрчил нь Н сургуулийн захирлыг Д.Маар хийлгэхгүй гэсэн өөрийнх нь хувь хүний үзэл санаад тулгуурласан явцуу хүсэл сонирхол байсан. Түүний гаргасан үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтууд, хөдөлмөрийн гэрээний 4.5 дахь заалтуудад заасан ноцтой зөрчил мөн, тэрээр багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь бодит үйлдлээр нь нотлогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Гг Н сургууль ТБАГУТҮГ-ын бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н сургууль ТБАГУТҮГ-аас 5 465 760 төгрөгийг гаргуулж С.Гд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар С.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Н сургууль ТБАГУТҮГ-ын удирдлагад үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 402 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч талын удаа дараагийн буруутай үйл ажиллагааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нотлогдож байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь хариуцагчийг зөвтгөсөн үйлдэл юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлагыг бий болгоно. Шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хангах болсон маргааны зүйл болсон 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/75 тоот тушаал нь ямар хууль зөрсөн болох, хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, татгалзлын үндэслэл нотлогдохгүй байгаа талаар хууль зүйн тайлбар хийх үүрэгтэй төдийгүй нэхэмжлэлийн үндэслэл ямар баримтаар хангагдаж байгаа талаар нэг ч дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчийн тушаал зөв болох талаар дурдаж байснаа нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсгийг зөрчсөн. Шүүх нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, дутуу төлүүлсэн шалтгаанаа тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт тайлбарлаж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэсэн хэсгүүдийг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд нэхэмжлэлээр шийдвэрлэх маргааныг хамааруулж нэхэмжлэгч талын тэмдэгтийн хураамжийн дутуу төлөлтийг засах гэж оролдсон байна. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 136 800 төгрөгийн тэмдэгтийн хураамжид төлөх нь зүйтэй байсан. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчин хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаарч үзээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журмыг мөрдүүлж түүнийг баримталсан хуульд нийцсэн байгааг шүүх хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн. Мөн хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэж тусгайлан заасан заалтууд хангагдсан байгааг шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг хангасан гэдгийг няцаасан хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, шүүхээс хариуцагчийн буруутай үйлдлийг хэрхэн үнэлж байгааг заагаагүй. Нэхэмжлэгч тал ...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын А/243-р тушаалын 2 дугаар хавсралт болохЁс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам-ыг баримтлан нэхэмжлэгчийг ёс зүйн зөвлөлийн хурлаар оруулж түүний зөрчилд дүгнэлт гаргуулаагүй энэ нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/75 тоот тушаалыг хүчингүй болгоход хангалттай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргадаг. Нэхэмжлэгч талын энэхүү үндэслэл Хөдөлмөрийн тухай хууль болон С.Гтай байгуулсан гэрээ, түүний дагаж мөрдөх үүрэгтэй Хөдөлмөрийн дотоод журам-д заагдаагүй харилцаа байгааг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн энэхүү үндэслэлийн талаар шүүгчээс зөвтгөсөн үнэлэлт, дүгнэлт байхгүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/00655 тоот шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд өгсөн дүгнэлтийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Н сургууль ТБАГУТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч буюу Н сургуулийн захирал 2020 оны 11 дүгээр сарын 03-ны Б/75 дугаар тушаалаар С.Гг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж, багшийн ёс зүйн дүрмийг зөрчин хөдөлмөрийн сахилга бат алдан, бусдын нэр төрд халдсан ёс зүйгүй үйлдэл гаргасан гэсэн үндэслэл заасан байна. /хх.3/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ёс зүйн зөрчил гаргасан, хүүхдийн эрх ашгийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчил гаргаж Хөдөлмөрийн дотоод журмын 8.4, 8.6, 8.8, 11.5, 11.11, 11.12 дахь заалтуудыг зөрчсөн үйл баримт тогтоогджээ.

Н сургууль дээр ажилласан ажлын хэсгийн тайлан дүгнэлт, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, улсын байцаагчийн албан шаардлага, МУБШУС-ын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Сургуулийн үйл ажиллагааны зохицуулалтын тухай А/92 тушаал, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг мөрөөр авах арга хэмжээний тухай 2/2336 тоот тушаал, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шаардлага хүргүүлэх тухай 6/2335 тоот, Н сургуулийн багш нарын 2020 оны 10 дугаар сарын 21, 2020 оны 11 дүгээр сарын 22, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн багш нарын хичээллэх үеийн ирцийн бүртгэл, хичээл орж байгаа нөхцөл байдал зэрэг бичгийн баримтууд зэрэг нотлох баримтууд авагдсан байна. /хх.22-79/

Анхан шатны шүүх С.Ггийн гаргасан ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээр тогтоосон үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн Б/75 тоот тушаалыг шүүх ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Хөдөлмөрийн гэрээг ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд ажил олгогч Н сургууль нэхэмжлэгч С.Гг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зөрчил гаргасан тохиолдолд түүнийг ажлаас халах эрхтэй.

Ажил олгогч Н сургууль, С.Г нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5-д талууд захиргааны санаачилгаар халах ноцтой зөрчлийн талаар тохирсон, гэрээний 4.5.1-т сургуулийн дотоод журам болон багшийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, 4.5.8-д Суралцагчдын дунд сөрөг үндэслэлгүй мэдээлэл түгээж сурагч, сурагч сэтгэл зүйг үймүүлэх, хамтран ажиллагчдын нэр төрийг гутаах, багш сурагч хооронд үл ойлголцол үүсгэх зэрэг заалтуудыг тусгасан байна. /хх.6/

Мөн Нийслэлийн Ерөнхий боловсролын 116-р сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 11.5-д ...сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ёс зүйн зөрчил гаргасан, хүүхдийн эрх зөрчсөн нь тогтоогдсон багш ажиллагчдын хөдөлмөрийн гэрээг шууд цуцална... гэж заажээ. /хх.70-79/

Гэтэл дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг багш гаргасан эсэхийг багшийн ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ёс зүйн зөвлөл шалгаж тогтоосон байхыг шаардах бөгөөд ийнхүү эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй тохиолдолд багшийг ёс зүйн дүрэм зөрчсөн гэж шууд үзэх боломжгүй, энэ асуудлыг шүүх одоо хянан шалгаж тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин ажил олгогч ажилтанд хуульд заасан арга хэмжээг авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хугацааг баримтлах ёстой.

Нэхэмжлэгч С.Г нь Н сургууль дээр 2020 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд сахилгын зөрчил гаргасан байхад ажил олгогч Н сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны Б/75 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 136 800 төгрөг төлөх байсан гэсэн байгааг хүлээн авах боломжгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан. Мөн нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлээ шуудангаар илгээсэн гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй, шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэсэн дүгнэлт хийж иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2021/00655 дугаар шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 402 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

  ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ц.ИЧИНХОРЛОО