Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2015/0341/З |
Дугаар | 656 |
Огноо | 2016-09-13 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 656
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төвшинзаяа, нэхэмжлэгч А.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******, Д.Н******* нарыг оролцуулан иргэн А.Э*******ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д зааснаар тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Тайж овогтой А*******ийн Э*******. /РД:*******/
Хаяг: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 хэсэг, Төмөр зам гудамж, ******* тоот.
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс.
Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 57.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “А.Э******* би Улаанбаатар төмөр замын Барилгын 1 ангийн даргын 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б-180 тоот тушаалаар 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс Барилга угсралтын нэгдсэн хэсэгт 4 дүгээр зэргийн шаварчин, будагчнаар тасралтгүй 25 жил 9 сар ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын Барилга Үйлдвэрлэлийн Нэгдлийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар тушаалаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр 45 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан.
Улмаар тэтгэвэр тогтоолгох талаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан боловч миний ажилласан хугацааг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 11-д хамаарч байна. Иймд та 50 насанд хүрээд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох юм гэсэн шийдвэр өгсөн.
Харин хөдөлмөрийн яаманд миний гаргасан өргөдлийн дагуу “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д заасан “Барилгын шаварчин будагчин” ажил мэргэжилд А.Э******* таны Улаанбаатар төмөр замын Барилгын үйлдвэрлэлийн нэгдэлд барилгын шаварчин будагчнаар ажилласан хугацааг оруулан тооцох үндэслэлтэй байна” гэсэн хариу өгсөн.
Иймд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийн хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д зааснаар тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Э******* нь 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2015 оны |4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар төмөр замын Барилга угсралтын нэгдсэн хэсэгт шаварчин, будагчнаар тасралтгүй 25 жил, 9 сар ажилласан байх ба хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан, өндөр насны тэтгэврийн эрх үүссэн гэсэн үндэслэлээр тус нэгдлийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний 57 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
А.Э*******ийн 1989-2015 онуудад Улаанбаатар төмөр замын барилга угсралтын нэгдсэн анги, мөн Улаанбаатар төмөр замын Барилга орон сууц нийгэм хангамжийн аж ахуйн замын трест, Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд “шаварчин, будагчин”-аар ажилласан ажил, мэргэжил нь “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв. "хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 11-ийн “ ... барилгын болон бетон, төмөр хийцийн нийгэм ахуйн барилгын үйлдвэрлэлийн ... шаварчин, будагчин” гэсэнд хамаарна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалын 4 дэх заалтын “Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ажил мэргэжлийн нэр ажил олгогчийн буруугаас энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаас гарч буй гомдол маргааныг “Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл”-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудад үүрэг болгосугай.” гэсний дагуу А.Э*******ийн өргөдлийг нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот албан бичгээр А.Э*******ийн ажил, мэргэжил хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарна гэсэн агуулгатай хариу өгчээ.
Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19/847 тоот албан бичгээр иргэн А.Э*******ийн ажилласан ажил, мэргэжил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарна гэсэн хариуг өгсөн байна.
А.Э*******ийн ажил, мэргэжлийн хортой, хүнд нөхцөлд ажилласан шүүх тогтоохгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа гэсэн 13 дугаар бүлгийн 135.2.6 “хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 10 хорооны иргэн А.Э*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч А.Э******* Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д зааснаар тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэн А.Э*******ийн хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхгүй татгалзсан нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.Э******* Улаанбаатар төмөр замын Барилгын 1 дүгээр ангид барилгын 4 дүгээр зэргийн шавар, будагчнаар тасралтгүй 25 жил 09 сар ажиллаж УБТЗ-ын Барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 57 дугаар тушаалаар хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд тодорхой хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан бол тэтгэврийг хөнгөлттэй нөхцөлөөр тогтоолгох эрхтэй байна.
Хуулийн дээрх заалтыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д дурдсан ажил мэргэжлүүдийг хамруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд нэхэмжлэгч А.Э*******ийн шимтгэл төлсөн хугацаа уг жагсаалтын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д заасан нөхцөлд хамруулах боломжтой гэж хөдөлмөрийн харилцаа....хөдөлмөрийн нөхцөлийн асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжилт, зохицуулалтыг хангаж ажиллах чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газар үзсэн байна.
Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт шинжилгээний төвийн даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/3894 дугаар “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн тухай” албан бичгээр Нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт хүргүүлсэн зөвлөмжийг баримтлан тогтоож байгаа гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь А.Э*******ийн Улаанбаатар төмөр замын Барилга угсралтын нэгдсэн хэсэгт шаварчин, будагчнаар ажилласан нь хөдөлмөрийн ямар нөхцөлд хамаарах талаар дүгнэлт гаргуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/6147 дугаар албан бичгийн хариуд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/1492 дугаар албан бичгээр Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамрагдах ажил мэргэжлийн талаар дүгнэлт гаргах эрх зүйн үндэслэл нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 505 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт”-д орсон байна гэжээ.
Даатгуулагч А.Э******* хортой нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тэтгэврийг хөндөлттэй нөхцөлөөр тогтоолгох эрхтэй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч нарт зориулж боловсруулсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон асуулт-хариулт”-ын 7-дахь хэсгийн хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан эмэгтэй 45 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсний дагуу хариуцагч маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох гэсэн хүсэлтийг хэрэгжүүлэхгүй татгалзсан хариуцагчийн үйлдэл нь даатгуулагч А.Э*******ийн тэтгэвэр авах үндсэн эрхэд халдаж, тэтгэвэр олголтыг зөвхөн хуульд заасан үндэслэлээр тогтоохгүй байх зарчмыг алдагдуулан хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосноор нэхэмжлэгчийн амьдрах нөхцөл, баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон нэхэмжлэгчийн тэтгэвэр авах эрхийг баталгаажуулан хангах, тэтгэвэр сонгон авах эрхээр нь хангах, олгохтой холбогдсон харилцаанд төрийн зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэврийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулах, үйлчилгээг сайжруулах;” үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтын “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэнтэй нийцээгүй байна.
Монгол Улсын Их хурлаас 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид сонголт хийх даатгуулагчийн эрх үүссэн бөгөөд энэ талаарх мэдээлэл өгөх, тэтгэврийн нөхцөлийн талаар сонголт хийх боломжоор хангах нь хариуцагчийн үүрэгт хамааралтай болно.
Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан илүү таатай нөхцөлтэй тэтгэврийг...сонгон авах эрхтэй гэсний дагуу 2015 оны 04 дүгээр сард харъяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд нийгмийн хамгааллын эрх зүйн тогтолцоо нь тэтгэвэр авагч иргэнд илүү таатай нөхцөлийг буюу эрх зүйн “эерэг” үр дагаврыг үүсгэж, даатгуулагчийн эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлж байдаг.
Төрөөс тэтгэврийн даатгалын тогтолцоог үе шаттай шинэчилж ирснээр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тэтгэврийн хуулийн хөнгөлттэй нөхцөлүүдийг тодорхой хугацаанд хэвээр хадгалах, тэтгэвэр авагчдын амьжиргааны төвшинг ээлж дараатай баталгаажуулах бодлого тусгадаг гэсэн хууль тогтоогчийн үзэл баримтлалыг мөрдөх нь хариуцагч Нийгмийн даатгалын байгууллагын үүрэг юм.
Иймд нэхэмжлэгч А.Э*******ийн тэтгэврийн хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хуульд зааснаар хэрэгжүүлэхгүй татгалзсан хариуцагчийн үйлдлийг эс зөвшөөрч хуульд заасан үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үеэсээ эрхээ хамгаалуулах эрхтэй бөгөөд энэ талаарх түүний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын “Хөдөлмөрийн хортой нөхцөл” гэсэн 2 дугаар хэсгийн 6-д зааснаар тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР